''Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсэгт ажиллах оператор компаниудын нэрс тодорхой болсон" гэсэн мэдээллийг Ройтерс агентлаг өнгөрсөн баасан гарагт цацлаа. Шалгаруулалтад Австралийн ''Макмахон лимитед", Германы "ВВМ Оперта", Энэтхэгийн "Меско Стил" компаниуд тунан үлдээд байснаас тендерийн комисс Австрали, Германы компанийг сонгожээ.
Ялагч компаниуд олборлолтын ажлаа энэ ондоо багтаагаад эхлүүлчих зорилго тавьж байгаа гэж бичсэн байна. Гадаадын мэдээллийн агентлагууд энэ мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс авсан гэсэн тайлбартайгаар дэлхий нийтэд цацсан. Харин тэрбээр дотооддоо энэ мэдээллийг нууцалж байгаа бололтой, албан ёсоор мэдээлэл өгөөгүй хэвээрээ л байна.
Сүүлийн үед эрх баригчдын найруулах "хор"-ны тун ихэдсэнийх үү, манайхан эх орныхоо баялгийн хувь заяа хэрхэн шийдэгдэж байгааг гадаадын хэвлэл мэдээллийн агентлагуудаас л олж мэддэг боллоо. Ийм байдал өмнө нь ч болж байсан.
Баруун Цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажлын хэсэг Засгийн газарт шийдвэрээ танилцуулахаас хэд хоногийн өмнө "Ройтерс" агентлаг шийдвэрийг урьдчилан харсан юм шиг бичсэн. Солонгос, Японы компаниуд гомдол гаргасны дараа "Эрдэнэс МГЛ "-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш "Ройтерс"-ын сэтгүүлчид ''Тавантолгойн тендер эцэслэн шийдэгдээгүй" гэж ярьсан.
Гэтэл дотоодын хэвлэлд ганц үг "ганхийгээгүй". Энэ ажил ямар шатандаа яваа нь ард түмний сонирхлыг хамгийн их татаж байгаа ч хариуцсан хүмүүс нь одоо болтол "ус балгасан" юм шиг байсаар. Зүүн Цанхийн оператор компаниудын тендерийн талаар ч албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ "Ройтерс"-ын мэдээллийг үгүйсгэхгүй байгаа болохоор нь "үнэн юм байна" гэж ойлгоод, шалгарсан компаниудын танилцуулгыг хүргэе.
Ууттануудын нутгийн ууган компаниудын нэг "Макмахон лимитед"
Тендерт шалгарсан Макмахон Лимитедийн толгой компани болох уул уурхайн олборлолт, ашиглалт, барилга угсралтын чиглэлээр дагнан ажилладаг "Макмахон холдингс лимитед" нь 1963 онд Брайан МакМахоны санаачилгаар "Макмахон констракшн" нэрээр үүсгэн байгуулагджээ. Үүсгэн байгуулагдсанаасаа хойших эхний хэдэн жилдээ барилга угсралтын ажил хийдэг байсан гэдэг нь нэрнээс нь харагдаж байгаа биз ээ.
Эхний жилдээ нэг сая австрали долларын угсралтын ажил гүйцэтгэж 38.5 мянган ам.долларын ашиг олсон гэсэн тайлан гаргаж өгч байж. Харин хоёр дахь жилээсээ хийх ажил, түүнийгээ дагаад ашиг орлогын хэмжээ огцом нэмэгдэж, улмаар Австралид ид хүчээ авч байсан уул уурхайн салбарт хүч үзэх зорилго тавьж эхэлсэн байна.
Шинэ салбарт эхний амжилтаа 1967 онд гаргаж, Tennant Creek Noble Nob Gold Mines уурхайд олборлолт хийх гэрээ байгуулж байжээ. Энэ үеэс хойш маш олон салбарт орж амжилттай ажилласаар холдинг болохоос өөр аргагүй болсон байна. Жишээлбэл, "Макмахон констракшн" 1970 онд Дарвин голд далан байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн бол 1978 оноос төмөр зам барих ажил руу орж, "Макмахон рэйлвэй"Таркоола-Элис Спрингсийг холбожээ.
"Макмахон холдингс лимитед" нь бараг байгуулагдсанаасаа хойш буюу сүүлийн 40 гаруй жилийн турш Австралийн хөрөнгийн биржийн Топ-200 тоглогчийн нэгд тооцогдсоор ирсэн байна. 48 жилийн түүхэндээ дэд бүтцийн салбарт олон бүтээн байгуулалт хийж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсаар байгаа бөгөөд өдгөө Австралиас гадна Шинэ Зеланд, Зүүн өмнөд Ази, Африкт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпораци болж өргөжжээ.
Зөвхөн Перт Сидней, Брисбен, Дарвин, Аделаид, Куала Лумпур, Хонконг, Лагост байрлах оффисуудад нь гэхэд л 3500 гаруй хүн ажилладаг. "Лейтон Ази" компанитай хамтран хэрэгжүүлж байгаа Гуанжу-Шенжен-Хонконгийг холбосон хонгилын нэг хэсгийг барих ажлыг 115 сая ам.доллар, Нигерийн Эвекоро цементийн түүхий эд олборлох уурхайд 6,5 гүйцэтгэгч хийх эрхийг "Лафарж" компанитай 105 сая ам.долларын өртөгтэйгөөр байгуулаад ажиллаж байгаа юм байна.
Ер нь тус компани Нигери, Малайз, Индонез, Шинэ Зеланд зэрэг улсад зургаан ч төсөл дээр ажиллаж байгаа ч алт болон цементийн уурхайд л гүйцэтгэгч хийж байгаа болохоос нүүрсний уурхайд ажилласан түүхгүй юм байна.
Хөгшин тивийн залуу компани "ВВМ Oперта"
Тавантолгойн нүүрсийг ухах хоёр компанийн нэгээр Германы "ВВМ Oперта" тодроод байгаа. Уул уурхайн гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн дунд энэ нэр 1990-ээд оны үеэс дуулдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл харьцангуй богино түүхтэй компани. Гэхдээ ажил хийх газраа чадварлаг, цомхон баг бүрдүүлж үр ашигтай ажилладаг компани болох нь харагдаж байна.
Ялангуяа техник, тоног төхөөрөмжийн хувьд үнэхээр дээд зэрэглэлийнх байдаг гэж байна. Герман, Босни улсад үйл ажиллагаа явуулдаг ВВМ групп нь өдгөө гадаад харилцаагаа өргөжүүлэн, үйл ажиллагааныхаа хүрээг тэлж байгаа, өөрөөр хэлбэл ид цэцэглэн хөгжиж байгаа компани бололтой.
Танилцуулгаас харахад манай ''Тавантолгой төсөл" дээрх хоёр компанийн хувьд үнэхээр хамгийн том ажил нь гэдэг нь харагдаж байна.
Жилд 15 сая тонн нүүрс олборлоно гэж тооцоход 115 жил ашиглах том уурхайд оператор компаниуд хэд ч солигдож болно. Тиймээс техник технологи сайтай компанийг сонгосон нь зөв алхам болсон гэж харагдаж байна. Монголын уул уурхайг дөнгөж ажил сурч байгаа залуу хүн гэж үзвэл ажил зааж өгөх, өөрөөр хэлбэл, технологио дамжуулах компаниуд л хэрэгтэй.
Ажлын хэсгийн гаргасан шийдвэрээс яваандаа Монголын компаниуд Тавантолгойд орж ирэх хөрс бүрдэж эхэллээ гэж ойлгогдож байна. Гэхдээ эцсийн шийд яг гарсан эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа гэж дээр хэлсэн. "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлага албан ёсоор мэдээлэл хийхгүй байна. Дэлхийн хэмжээний төсөл хэрэгжүүлж байгаа гээд "Ройтерс" гэх мэт томчуудтай л харилцана" гэж бодоогүй байлтай.
No comments:
Post a Comment