Хариуд нь Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас авахуулаад "Эрдэнэс MGL''-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар "Тайван байцгаа, эцсийн шийдвэр гараагүй байна" гэсэн ганцхан хариултыг давтан хэлсэн. Сонгон шалгаруулалтаас өөрсдийгөө хасагдсан болохыг хаанаас ч юм олж мэдсэн Япон, өмнөд Солонгосын тал Монголын гэх нэг консерциум гэнэт гараад ирсэнд гайхаж буйгаа энд бас илэрхийлж байгаа.
Эхний сонгон шалгаруулалтын үеэр нэр, ус нь байгаагүй хэр нь газрын хаанаас ч юм, Монголын компани гараад ирлээ гээд л шуугиж байна. Олон улсын жишгээр бол хэзээ ч ийм юмыг тендер гэдэггүй юм гэж гомдоллохоо ч мартсангүй. Үүнтэй зэрэгцээд нийгэмд ч янз бүрийн таамаг өрнөв. Нийтлэг нь гэвэл Засгийн газар, тэр дундаа энэ ажлыг гардан хариуцаж буй нөхдүүд хэнийг энэ завсар шургуулчихав гэж манайхны зарим нь гайхаж байв. Хэн бэ гэдэг бас нэг асуулт эндээс гарч ирлээ.
Хариулт хайх гэсэндээ ч юм уу, бас тендерээс хасагдсан гэх консерциумуудын талаар сураг ажиг тавих гэсэндээ ТӨХ-ны дарга Д.Сугарыг ойрын үед тайван байлгасангүй. Алхаа гишгээг нь хүртэл анаж, амралтын өдөр нутагтаа бууж мордсоныг нь ч зургийн хальснаа буулгаж, сайтаар цацав. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оросын талтай хамтарч консерциум болж оролцож байгаа Монголын тал бол "Эрдэнэс Тавантолгой" гэсэнгүй, Харин Монголын төрийг төлөөлж оролцох төлөөлөл нь Төрийн өмчийн хороо гэсэн сонин зүйлийг ярив.
Бас Монголын талын эзэмших 18 хувийг ч Төрийн өмчийн хороо эзэмшинэ гэжээ. Гэтэл өнөөг хүртэл Монголчууд бид Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендерт Монголын талыг "Эрдэнэс Тавантолгой" төрийн өмчит компани төлөөлж оролцоно л гэж ойлгож яваа билээ. Бас энэхүү стратегийн хөрөнгө оруулагчийн тендерээс хасагдсан гэж үзээд байгаа япончууд л гэхэд төрийн өмчит компани буюу "Эрдэнэс MGL''-ийн охин компани болох "Эрдэнэс Тавантолгой", эсвэл огт мэдэхгүй нэг компани замын дундаас ороод ирлээ гэсэн гаргалгаандаа хариу шаардаад байгаа билээ.
Ингээд зогсохгүй хууль ёсыг зөрчсөн, дэлхийд хаана ч байхгүй шударга бус үйлдэл гэж үүнийг онцолж буй. Харин Ч.Хүрэлбаатар даргын хэлснээр бол анхнаасаа энэ тендерийг зарлахдаа л Тавантолгойн төсөлд Монголын талыг төлөөлж төрийн өмчит компани оролцоно, түүнийг Төрийн өмчийн хороо төлөөлнө гэж тов тодорхой мэдэгдсэн гэнэ. Тэгээд ч олон улсын тендер зарлахаас өмнө Монголын тал оролцоно шүү гэж бүгдэд нь хэлсэн төдийгүй тендерийн явцад оролцогч талууд салж ,нийлэх асуудал нь нээлттэй гэдгийг ч талуудтай тохирчээ.
Гэтэл яагаад тэд ийн бужигналдах болов. Магадгүй, сонгон шалгаруулалтад "бүдэрсэн" талууд манай зүгээс тавьсан шалгуурыг анхнаасаа хангаагүй байсан учраас УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэхчлэн нааш, цааш хангалттай "гүйлгэсэн" Тавантолгойн тендерийн баримт бичиг замаасаа задарсан байж болох юм. Тийм болохоор тэдэнтэй холбоотой сайн, муу бүхэн захаасаа ингэж ил болсон байх. Өөрөөр хэлбэл хасагдсан гэж албан ёсоор хэлүүлэхээсээ өмнө Япон, Өмнөд Солонгосын оролцогчид одоо ингэж сандралдаж байхыг үгүйсгэх аргагүй.
Нэг талаар урьдчилсан шахалт ч гэх юм уу даа. Ямартай ч ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт өрсөлдсөн Япон, Өмнөд Солонгосын тал хасагдсан гэж хэлээгүй ч шаардлагад нийцэхгүй байгаа гэдгийг шууд хэлжээ. Тэрбээр "Солонгос, Японы талыг бид их өөдрөгөөр төсөөлж байсан. Магадгүй Монголд гангийн үйлдвэр барихтай холбоотой төрөл бүрийн санал өгөх болов уу гэж бодож байсан. Гэтэл тийм нэг ч санал бидэнд өгөөгүй. Харин ч тэд Монголд гангийн үйлдвэр барих шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж ирсэн. Япон, Солонгосын тал ийм л санал өгсөн. Өөрөөр хэлбэл, сайн санал ирүүлээгүй гэдгийг би хэлэх ёстой" гэсэн байна.
Эндээс дүгнэвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орсон ч тааруухан дүн авсан гэх уг асуудал, Засгийн газрын түвшинд бараг шийдэгдчихсэн юм шиг ойлгогдоод байгаа юм. Одоо шалгарсан байж болзошгүй БНХАУ-ын "Шиньхуа", АНУ-ын "Пибоди", ОХУ-ын Оросын төмөр замынхан ерөнхийдөө манай талаас тавьсан шалгуурт нийцэж байгаа гэдгийг ч тэр нуугаагүй байна. Хэрэв тийм биш бол Ч.Хүрэлбаатар дарга "Шиньхуа" Тавантолгойн коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсийг давхар борлуулах санал өгснийг, "Пибоди"-гийн технологи, бүтээмж нь манайд хэрэгтэй байгааг, оросууд тээвэрлэлтэд чухал нөлөөтэй гэж яг ийм эгзэгтэй үед яарч ярихгүй л байсан болов уу.
Тэр бол Монгол улсын хэн нэгэн иргэн юм уу, уг асуудлаас одоохондоо хол байгаа УИХ-ын сул гишүүн биш болохоор амнаас нь унасан үг бүр үнэтэй билээ. Тэгэхээр Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендерийн ялагчийн нэрийг одоохондоо албан ёсоор зарлаагүй боловч цаагуураа бол аль хэдийн тов тодорхой болчихсон байж гэх гээд байна л даа.
No comments:
Post a Comment