2011/08/08
Тавантолгойгоос ашиг олж, нефтийн салбарт алдагдал хүлээж эхэллээ
ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ ТЭЭСЭН АНХНЫ ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ
"Эрдэнэс Тавантолгой" компани Хятадын "Chalco" компанитай таван жилийн гэрээ байгуулж, нүүрс экспортлох болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хоёр тал нэлээн шуурхай ажиллаж, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт анхны тээвэрлэлтээ хийлээ. Ёслолын ажиллагаанд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, "Эрдэнэс МГЛ" болон "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш болон тус компанийн ТУЗ-ийн гишүүд, хамтран ажиллаж байгаа банк болон компанийн төлөөлөл оролцсон байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгойн орд газар, Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон 100 тонн нүүрсийг хүнд даацын 40 машинд тээвэрлэн хөдөлсөн байна. Одоогийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" компани 60 мянган тонн нүүрс экспортод гаргахад бэлдсэн аж. Мөн 2.4 сая тонн нүүрс олборлоход бэлэн болгож, хөрсийг нь хуулжээ. Энэ жил 1.3 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байна.
Харин ирэх жил 2.4 сая тонн цааш нэмсээр 2013 онд жилд 13-15 сая тонн нүүрс экспортлох юм. Зүүн Цанхиас жилд 15 сая тонн нүүрс олборлоно гэж тооцвол 110 жил ашиглах нөөцтэй аж. Уурхайн эхний санхүүжилтийг ''Голомт" болон "Худалдаа хөгжлийн банк" зээл олгон гаргасан байна.
Тавантолгойн хувьд дэд бүтэц хийгээд тээвэрлэлтийн асуудал хамгийн чухал байгаа. Цагаан мод боомт хүртэл 240 орчим км. Үүнийг хүнд даацын тэргээр туулан эргээд ирэх буюу нэг рейс хийхэд гурван хоног. Мөн Цагаан модын боомт ачаалал ихтэй болохоор машин гарах гэж дор хаяж 8-10 цаг хүлээн зогсдог. Дээр нь говийн хөрс хүнд даацын машинуудад талхлагдан амьд амьтан амьдрах аргагүй болсон.
Иймээс "Эрдэнэс Тавантолгой"-н хувьд эхний ээлжинд 3,6 км сайжруулсан шороо зам тавьсан
байна. "Энержи ресурс" компанийн тавьж буюу зам ашиглалтад орчих юм бол "Эрдэнэс Тавантолгой"-ынхон мөн энэ замаар тээвэрлэлтээ явуулах аж. Уг энэ сард ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ЭДИЙН ЗАСГИЙГ ДОРГИОВ
Өнгөрсөн долоо хоногт бүх төрлийн шатахууны үнэ литр тутамд 90 төгрөгөөр өссөн нь эдийн засагт хамгийн хүчтэй доргилт өгсөн үйл явдал байлаа. Салбарын сайд, агентлагийн дарга нар нь шатахууны нөөц хангалттай байгаа тухай тайлбарлаж, иргэд их хэмжээгээр түлш нөөцөлсөн учир үнийг нь хөөрөгдөх хандлага гарсан ч зохицуулалт хийсэн тухай наадмын өмнөөс л ярьж сэнхрүүлсэн. Тийм болоод ч тэр үү, иргэд шатахууны үнэ хэсэгтээ өсөхгүй болов уу хэмээн тайван байх хооронд, мөн салбарын удирдлагуудыг нь мэдээгүй байхад импортлогчид бензинийхээ үнийг өсгөж орхив.
Эндээс шалтгаалан иргэдийн дунд инфляци өсөх вий гэсэн хүлээлт үүсч эхэллээ. Энэ талаар төв банкнаас ч хүртэл сануулж, хэрэв ирэх сард (энэ cap) инфляцийг өсгөх шалтгаан бий болох юм бол бодлогын хүүг нэмэх асуудлыг хэлэлцэнэ хэмээж байсан.
Шатахуун үнэ өссөн шалтгаан нь нөөцтэй холбоогүй аж. Харин ОХУ-аас долоодугаар сарын нефть бүтээгдэхүүнийхээ хилийн үнийг нэмсэн тул ийн өсгөх шалтгаан болсон тухай тайлбарлаж байна. Тодруулбал, шатахууны ханш тонн тутамд 100 ам.доллараар нэмэгдэж орж иржээ. Хэдийгээр төрөөс энэ чиглэлд татварын хөнгөлөлт үзүүлж байгаа ч үнэ өсгөхгүй байх шалтгаан болж чадахгүй хэмээн нефть импортлогчид үзэж байна.
Одоогоор шатахууны 21 хоногийн нөөц байгаа юм. Цаашид гэрээ ёсоор ОХУ-аас cap бүр 40 мянган тонн нефть бүтээгдэхүүн авахаас гадна Хятадаас 10, Сингапур зэрэг улсаас тодорхой тооны түлш авах гэнэ. Өөрөөр хэлбэл, нөөцийн хувьд санаа зовох нь харьцангуй бага бололтой. Харин үнийн асуудал бэрхшээл тарьж эхлэх нь ээ. Төрөөс одоогоор ямар зохицуулалт хийх нь тодорхойгүй байна.
КОМПАНИУДЫГ ЭРЭМБЭЛЖ БАЙНА
Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөл хуралдаж эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч томоохон 18 компанийн энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааг хэлэлцэн дүгнэж рейтинг тогтоосон байна. ЭХЗГ нь эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж тэдгээрийн рейтингийг гаргажээ.
Ингэхдээ ашиг, алдагдал, цахилгаан, дулааны эрчим хүчний өр, авлагыг бууруулсан байдал, борлуулалтын орлого цуглуулалтын хувь, техник эдийн засгийн үзүүлэлтүүд, эрчим хүчний
хангамжийн найдвартай байдал, хэрэглэгчдээс гаргасан санал, гомдол зэргийг харгалзжээ. Рейтингийг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК тэргүүлсэн бол "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК удаалжээ.
ТОП-20 ИНДЕКС ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны арилжаа таван удаа явуулж, 54 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 524,9 сая төгрөгөөр арилжлаа. Топ-20 индекс 21218,73 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 535,3 нэгжээр буюу 2,46 хувиар буурсан. Индексийн сагсад багтах "АПУ" (8.9 хувь), "Адуунчулуун" (5 хувь), "Шарын Гол" (1,5хувь), "Багануур" (0,75 хувь) зэрэг компанийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 17,4 тэрбум төгрөгөөр буюу 0,8 хувь буурч, хоёр их наяд 155.8 төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд "Баянтээг" (28.9 хувь), "Дархан Нэхий" (15 хувь), "Эрдэнэт Зандан" (15 хувь) ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд "Сөдөт" (36.9 хувь), "Алмааз" (15 хувь), "Дөрвөн-Уул" (13,6 хувь) зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 54 үнэт цаас арилжигдсанаас 22 үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, 17 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Too ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд "Хай Би Ойл" (893.6 мянган ширхэг), ''Ремикон" (196 мянган ширхэг), ''Гермес центр" (119,9 мянган ширхэг) компанийн үнэт цаас орж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment