Товчхондоо, дэлхийд нэр хүндтэй 16 банк энэхүү сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс дээрх хоёр банк олон улсын хөрөнгийн зах зээлд "Эрдэнэс Тавантолгой"-н "нэрийн хуудас" болохоор шалгарсан гэсэн үг. Гэвч тухайн үед эл үйл явцыг хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд хэрхэн дүгнэж байсан гээч.
"Wall street journal''-ынхан "Монголын Засгийн газар Тавантолгойн хувьцааны 10 хувийг дийлэнх хэсэг нь ядуу амьдралтай 2.7 сая иргэндээ хүртээнэ. Тэгвэл олон улсын Хөрөнгийн биржүүдэд гаргах 30 хувийн хувьцааны нийт өртөг нь цаашид 10-12 тэрбум ам.долларт хүрч болзошгүй. Монголчууд Тавантолгойн хувьцааг хэрхэхээ энэ онд багтаан цэгцлэхийг зорьж байгаа. Шинжээчдийн үзэж буйгаар, хөрөнгийн зах зээл төдий л хөгжөөгүй энэ орны хувьд энэ нь хэтэрхий богино хугацаа. Тэгээд ч Монголын дэд бүтэц муу учир бүтээн байгуулалтын олон ажлыг хийх хэрэгтэй шүү дээ" хэмээн онцолж байв.
Түүгээр ч зогсохгүй тэд "АНУ-ын Үнэт цаас, арилжааны хорооноос "Голдман сакс" банкныхан 2008 онд санхүүгийн. хямралыг эхэлсэн. Тус банк моргейжийн чанаргүй зээлүүдэд баталгаа гаргаснаар Америкийн банк, санхүүгийн тогтолцоог дампууруулахад хүргэсэн" хэмээн мэдэгдсэн удаатай. Хэдийгээр Монголын тал тус банкийг "Дэлхийд нэр хүндтэй, баталгаатай, "Зөвлөнө гэдэг бол зөвхөн тэдний л хийж чаддаг ажил" хэмээж байсан ч өрнөдийн хэвлэлүүдэд "Банк, санхүүгийн олон хэрэгт холбогдсон "Голдман сакс" банк 3.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээх болоод байна" гэж мэдээлсээр байсан юм.
"Дойче банк"-ны хувьд ч ялгаагүй. Тус банкныхан "Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлээс хууль бусаар ашиг олсон" гэх асуудалд юуны учир холбогдсоноо тодорхой тайлбарлаагүй хэвээр. "Голдман сакс", "Дойче банк"-тай холбоотой таагүй мэдээллүүдийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийн онцолж байхад "Эрдэнэс Тавантолгой"-н ТУЗ-ийн зарим төлөөлөл "Энэ бол өрсөлдөгч банкуудынх нь хийж буй үйлдэл. Үнэлгээний хорооны шалгуурт тэнцсэн учраас дээрх хоёр банкийг сонгосон" хэмээх тайлбарыг хийж байсан.
Харин хөндлөнгийн ажиглагчид "Их том банк сонговол их л том хууртана. Зөвлөх компанийн эрхийг ямар ч банк авч болно. Гэхдээ монголчууд эрх ашгаа хамгаалж чадах эсэх нь л чухал. Ер нь том хамтрагчтай байх тусам эрх aшгaa хамгаалахад хүчин мөхөстдөг юм. "Эрдэнэс Тавантолгой"-нхонд ийм зүйл тохиолдох вий гэдэгт санаа зовж байна" гэж байлаа.
"Inside job". Ийм нэртэй баримтат кино өрнөдийн үзэгчдийн хүртээл болж, ид дуулиан тарьж байна. Энэхүү баримтат киног бүтээсэн уран бүтээлчид, бас олон улсын шинжээчид, улс төр, бизнесийн хүрээнийхэн 2008 онд нүүрлэсэн дэлхийн санхүүгийн хямралын гол буруутнаар "Голдман сакс"-ыг нэрлэжээ. Харин түүх хэрхэн эхэлж, "Эдийн засгийн алуурчин" хэмээгдэж буй тус банкныхан америкчуудын сэтгэл зүйгээр чухам яаж тоглосон талаар баримтат кинонд юу гэж өгүүлснийг тоймлон хүргэе.
АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейган 1980 онд банкуудыг либеральчилж эхлэв. Ингэснээр банкны эзэд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг дур зоргоороо зарцуулах боллоо. Харин жижиг банкууд либеральчлал хийх нэрийдлээр бие биенээ "идэж", тэр дундаас Америкийн таван том банк тодорсон түүхтэй. Тэдгээрийн нэг нь мөнөөх "Голдман сакс" юм. Тус банкны хувьд, олон харилцагчтай, нэр хүндтэй, туршлагатай гэх зэрэг олон тодотголтой болохын тулд үнэлгээний компанийн удирдлагуудыг эрхшээлдээ байлгахыг урьтал болгож байсан нь "Inside job"-ooc тодорхой харагдана.
Одоо ч мөн л тийм биз. Америкийн үнэлгээний нэгэн компанийн захирал энэ талаар "Хэрэв бид "Голдман сакс"-т ЗА хэмээх үнэлгээ өгөхгүй бол тэд бидэнд мөнгө өгөхгүй шүү дээ" хэмээн ярьжээ. Учир нь тус банкны гол өрсөлдөгчид нь "JP Morgan", "Bank of America" юм. Эдгээр банк чансаагаараа АНУ-д тэргүүлдэг бол "Голдман сакс" ихэвчлэн 3-7 дугаарт бичигддэг аж. Гэхдээ л банк, санхүүгийн зах зээлд за гэсэн үнэлгээ бүхий тус банкныханд харилцагчид, даатгалын компанийнхан итгэсэн.
Чухам ийм л учраас хүмүүс "Голдман сакс"-аар үйлчлүүлдэг байсан билээ. Банкныхан дэлхий дахинд санхүүгийн хямрал нүүрлэхийн өмнөхөн буюу 2008 оноос өмнө зээлийн түүх сайтай хүмүүст бага хүүтэй зээл олгож, зээлийн түүх муутай хэсэгт нь тэдэнд олгодгоос хоёр дахин өндөр хүүтэй зээл өгч байжээ. Зарим баримтанд өгүүлснээр, тухайн үед хоёр дахь ангилалд багтсан иргэдийн нийт зээлийн хэмжээ 60 тэрбум ам.доллар болсон байж. "Голдман сакс"-ынхан тэднийг өндөр хүүтэй зээлээ төлж чадахгүй гэдгийг мэдэж байсан ч хэн нэгэнд чанаргүй зээл олгосоор л байв. Төд удалгүй 2008 онтой золголоо.
Америкийн зургаан сая иргэн зээлээ төлж чадахгүйн улмаас орон сууцаа алдав. Эдийн засгийн энэхүү "халдварт өвчин" Хятадад ч халдварлаж, 10 сая хүн ажилгүй болжээ. Товчхондоо, "Голдман сакс"-ынхны эхлүүлсэн хямралын уршгийг ядуус л хамгийн ихээр амссан билээ. Гэвч америкчууд улс оронд нь хямрал нүүрлэхийг огтхон ч мэдээгүй гэж үү. "Inside job''-д өгүүлснээр тийм биш аж. Америкийн эдийн засагчид, судлаачид, бас олон улсын шинжээчид 2005 онд "Асар том "цунами" биднийг чиглэн айсуй. Харамсалтай нь үүнийг хүмүүс зогсоож дийлэхгүй нь" хэмээн санхүүгийн хямралын талаар анхааруулсаар байжээ.
Гэвч АНУ-ын Конгресс, төв банк, Сангийн яам ямар ч арга хэмжээ авсангүй. Харин "Голдман сакс"-ынхан ЗА гэсэн үнэлгээгээрээ халхавчлан AIG хэмээх даатгалын компанид зээлээ эргэн төлж чадахгүй нь ойлгомжтой болсон 4 иргэдийн орон сууцыг бүтээгдэхүүн болгон даатгуулсаар байлаа. Эцэст нь тус банкныхны үйлдвэрлэсэн "Хог"-ийг даатгаж байсан AIG дампуурч, "Голдман сакс" оршин тогтносон хэвээр үлдсэн юм. Учир нь тэд эл компанид бүтээгдэхүүнээ даатгуулсан хирнээ даатгалын өөр нэгэн компанид тэдгээрийг давхар даатгуулчихсан байжээ.
Ерөнхийлөгч асан Жорж Буш улс орноо хямралаас аврахын тулд 700 тэрбум ам.долларын зээлийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэж, 160 тэрбумыг нь AIG компанид хуваарилсан ч "Голдман сакс"-ынхан цаана нь "хувин"-аа тосон зогсоцгоож байлаа. Тэд "Энэхүү даатгалын компанид бид бүтээгдэхүүнээ хамгийн түрүүнд даатгуулсан учраас нөхөн төлбөр авах эрхтэй" хэмээн төрөөс олгосон мөнгөнөөс нь хувь хүртжээ.
Ингэсний буруу ч гэж юу байх вэ. Тэд бүтээгдэхүүнээ даатгуулсан нь үнэн. Хямралын үед нөхөн төлбөр авах эрхтэй байсан нь ч үнэн юм чинь. Дэлхийн санхүүгийн хямралын автор болсон "Голдман сакс"-ынхан уснаас ингэж л хуурай гарцгаасан түүхтэй. Ерөнхийлөгч асан Жорж Буш тус банкны ерөнхийлөгч Хэнк Полсоныг 2006 оны тавдугаар сард Сангийн сайдаар томилж байсан. Тэр үед хүмүүс "Тийм өндөр цалинтай хүн ийм бага цалинтай албанд яах гэж томилогддог байна аа" хэмээн гайхцгааж байсан ч ноён Хэнк Полсон хамгийн чухал суудалд заларсан нь, 2008 онд тодорхой болсон билээ.
Олон улсын банк, санхүүгийнхний дунд ийм нэгэн яриа бий. "Голдман сакс"-ын харилцагчид хэдийчинээ дампуурна, "Голдман сакс" төдийчинээ ашиг олдог" гэж. АНУ-ын Конгресс өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд "2008 оны санхүүгийн хямрал ба "Голдман сакс" хэмээх сэдвээр сонсгол хийсэн юм. Энэхүү сонсголыг удирдаж байсан сенатч Карл Левин тус банкны удирдлагуудад хандан "Та бүхний өөр хоорондоо илгээж байсан и-мэйл надад байна. Эдгээрийн заримд "Өө, чөтгөр ав гэж. Иргэдэд олгож буй энэхүү чанаргүй зээл бол хогноос дор эд шүү дээ.
Тийм биз" гэж бичжээ" хэмээхэд "Голдман сакс" банкны Орон сууцны зээл олгох газрын даргаар 2006-2008 онд ажиллаж байсан Даниэл Спаркс "Үгүй ээ, энэ бол зүгээр л тоглоом. Бид тоглоом, шоглоомоор ийм утгатай и-мэйл бичсэн" хэмээн хариулжээ. Хариуд нь ноён сенатч "Гэхдээ та нар тэрхүү чанаргүй зээлээ худалдчихсан юм байна шүү дээ" гэхэд Даниэл Спаркс "Тийм шүү" хэмээн инээмсэглэн хэлэв. Өрнөдийнхний бүтээсэн "Inside job" хэмээх баримтат кинонд энэ мэтчилэн олон баримтыг дэлгэжээ.
Тэр ч атугай Америкт хамгийн өндөр үнэтэйд тооцогддог эмсийн хүрээлэнгийн эзэн болох эмэгтэй "Манайхаар "Голдман сакс", "Морган стэнли" гэх мэт нэр хүндтэй олон байгууллагын захирлууд үйлчлүүлдэг. Тэд төлбөрөө ихэвчлэн хар картаар төлдөг" хэмээн ярьсан байх юм. Харин тус банкны удирдлагууд "Inside job''-ыг бүтээсэн уран бүтээлчдийн урилгыг хүлээн авч, ярилцлага өгөөгүй аж. Хамгийн гол нь тэд "Эрдэнэс Тавантолгой"-н IPO-r олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад найдвартай зөвлөгч байна гэдгээ монголчуудад амлаагүй билээ.
Учир нь "Голдман сакс"-ынхан сонгон шалгаруулалтад оролцсон 16 банкнаас шалгарч үлдсэн. "Дэлхийд нэр хүндтэй, IPO гаргах чиглэлээр ихээхэн туршлагатай" гэдэг үнэлэмжээр Монголын талынхны итгэлийг хүлээсэн банк. Түүнээс биш дэлхийн санхүүгийн хямралын автороор тодорч, Конгрессын гишүүдэд хүртэл "байцаагдаж" байсан гэдгийг нь монголчууд тэр бүр мэдэхгүй билээ.
Ямартай ч "Гблдман сакс"-ыг "Эрдэнэс Тавантолгой"-н IPO-г гаргахад зөвлөх банкаар шалгаруулсан нь аз, эз дагуулах эсэхийг эргэн харах хэрэгтэй болох нь. Эрхэм гишүүдийн хувьд, ирэх намар хэлэлцэх халуун сэдвүүдийн нэг нь яах аргагүй "Эрдэнэс Тавантолгой" ба зөвлөх банкууд байх биз.
No comments:
Post a Comment