2011/08/03

Тавантолгойн асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

Тавантолгойн асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана
Батлагдсан нөөцөөрөө дэлхийн хэмжээнд ашиглагдаагүй байгаа коксжих нүүрсний хамгийн том орд болсон Тавантолгой үүцээ задлаад удаагүй байна. Одоогийн байдлаар батлагдсан нөөц нь 6.4 тэрбум тонн бөгөөд дэлхийд 800 сая тонноос дээш нөөцтэй бол том ордод ордог стандарттай. 

Тэгэхээр Монголчууд ёстой л долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй болсон байх. Харин Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсгийн Засгийн газарт танилцуулсан төсөл араасаа нэлээн олон шүүмжлэлийг дагуулж байна. Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос Монголын хамтарсан консерциум 36 хувь хамтран эзэмшихээр болсон. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон УИХ-аар хэлэлцэж батлах ёстой. 

Гэхдээ дээрх гэрээний төслийг Монголыг барьцаалсан улсуудын компаниудад өгөхийн тулд тендерт ялуулсан дүр үзүүлж байна гэж зарим эрдэмтэд үзэж байна. Тендерт ялаад байгаа хятадын компанийн хувьд Тяньжиний боомтоор Тавантолгойн нүүрсийг тээвэрлүүлэх барьцаанд орсон учраас өгөхөөс өөр аргагүй байдалд орсон. 

Харин хойд хөршийн ах нарын хувьд Тавантолгойдоо оруулахгүй бол шатахуунгүй гэж мэдээрэй гэж сануулсан. Дээр нь Оросын төмөр зам нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.Якунин алдагдалтай төмөр замд хөрөнгө оруулахгүй шүү гэж шантаажилсан учраас Орос Монголын консерциум гэсэн нэрээр Оросыг Тавантолгойд оруулж байгаа аж. ҮАБЗ дээр ч гэсэн энэхүү гэрээний төсөл нэлээн барцадтай байгаа бололтой. 

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан "Ний нуугүй хэлэхэд жилийн өмнө тохиролцчихсон хэдэн компаниудад найр тавиад өгчих гээд байгаад санаа зовниж байгаа. Нэрээ бодъё, удаан хүлээлгэчихсэн юм, урьд нь урилга явуулчихсан байсан зэрэг аравдугаар зэргийн ач холбогдолтой зүйл ярьсан албан тушаалтнууд цөөнгүй байна" хэмээн нэгэн хэвлэлд ярьжээ.

Харин завсарлага аваад буй УИХ-ын ээлжит бус чуулган Тавантолгойн асуудлаар хуралдаж магадгүй байгаа аж. УИХ дахь намын бүлгүүд хөдөө гадаа томилолт болон тойргоо эргэж яваа гишүүдээ энэ сарын 15-нд цуглар гэсэн чиглэлийг өгчээ. Тиймээс хэрэв Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжчих юм бол УИХ-ын чуулганаар шууд хэлэлцэж эхлэх нь.

Монголчууд Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээг хийж байсан туршлагатай. Гэхдээ Оюутолгой болон Тавантолгойн орд хоёр тус тусын өөр онцлогтой. Учир нь Оюутолгойг гадныхан нээж илрүүлсэн бөгөөд эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээг ч гэсэн хөрөнгө оруулагч талаас манайд тулгах зүйл байсан. Харин Тавантолгой бол 100 хувь Монголын төр, ард түмнийх.

Тэгэхээр тоглоомын дүрмийг Монголчууд гаргана гэсэн үг. Түүнээс гадна Тавантолгойн төсөл 200 орчим жилийн настай учраас энэ ордын гэрээг хэрхэн хийх нь Монголчууд өнөө маргаашдаа хоёр идэж хоосон хонох уу гэдгийг бус XXII зуунд манай улсын дүр төрх ямар байх вэ гэдэг нь хамаарах нь.

Ямартаа ч Тавантолгойн сонгон шалгаруулалтад дэлхийн тэргүүлэгч гурван гүрэн шалгарсан нь дэлхийн эдийн засгийн гол мэдээ болоод байна. Гэхдээ хүчирхэг гурван гүрнийг төлөөлж буй дээрх компаниудын аль нь ч Тавантолгой дээр хэрхэн хамтран ажиллах, яаж ашиглахаа олон нийтэд мэдээлээгүй байна. 

Мөн Тавантолгойн сонгон шалгаруулалт шударга бус болсон гэж зарим орнууд гомдоллож эхлээд буй. Япон улс л гэхэд хоёр ч удаа дипломат аргаар гомдлоо илэрхийлсэн бол Солонгос ч мөн адил сонгон шалгаруулалтыг дуугүй хүлээн зөвшөөрсөнгүй, Засгийн газарт гомдлоо ирүүлсэн. Гэхдээ тоглоомын дүрэм цаашид хэрхэн зохиогдохыг одоо Монгол Улсын ҮАБЗ, УИХ шийдэх л үлдлээ.

No comments:

Post a Comment