2011/08/09
"Их гүрнүүдийн ашиг сонирхлыг эн тэнцүүлэх нь Монголчуудын зорилго" гэжээ
Тавантолгойн ордыг тойрсон хөрөнгө оруулагчидтай холбоотой маргаан дуусахгүй байна. Одоогийн байдлаар 6.4 тэрбум тонн коксжсон нүүрсний нөөцтэй Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гуравдугаар шатны сонгон шалгаруултад оруулж, эцсийн дүнг гаргачихаад байгаа.
Хятадын "Шинхуа" групп 40 хувь, АНУ-ын "Пибоди Энержи" 24 хувь, Орос, Монголын хамтарсан консорциум 36 хувийг хамтран эзэмшихээр болсон билээ. Үүнтэй зэрэгцээд Япон, Өмнөд Солонгосын тал Тавантолгойн ажлаас "хойш суух"-ыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. Харин энэ тухай олон улсын
хэвлэлүүдэд юу гэж бичиж байгаа тухай сонирхуулъя.
"MONEYSHOW.COM" САЙТ: "ПИБОДИ ЭНЕРЖИ" СОНГОГДОХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН
Монголын Засгийн газар Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулах компаниудын нэрсийг зарласан. Гэвч дараа нь албаны төлөөлөгчид өмнө нь гаргасан мэдэгдлээ няцааж эхэлсэн нь Өмнөд Солонгосын консорциумын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсантай холбоотой. Монголын Засгийн газар АНУ-тай хамтрах сонирхолтой байгаа учраас "Пибоди Энержи" компани Тавантолгойн хөрөнгө оруулагчдын жагсаалтаас хасагдахгүй юм. Нийт 1.6 тэрбум хүн амтай Хятадын зах зээлд коксжсон нүүрсний үнэ сүүлийн хэдэн сарын турш хурдацтай өсч байгаа нь Монголын Тавантолгойн үнэ цэнийг улам бүр нэмж байна. Тиймээс "Пибоди Энержи" компани энэхүү ордод олборлолт хийх эрхээ алдаж болохгүй.
"РОЙТЕРС АГЕНТЛАГ: МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ДОНОР ОРНУУДЫНХАА ХҮСЭЛТИЙГ ХАРГАЛЗАХААС ӨӨР АРГАГҮЙ
Тавантолгойн ордыг ашиглалтад оруулах асуудал эхнээсээ хялбархан биш гэдэг нь харагдаж байсан. Монголын төр Тавантолгойн ордын тодорхой хэсгийг дийлэнх нь ядуу амьдралтай иргэддээ хуваарилаж өгөхөөр болсон билээ. Өнгөрсөн сард хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажил эцсийн шатандаа орсон. Ингэснээр нүүрсний экспортоор дэлхийд тэргүүлэгч Австралитай дүйцэхүйц томоохон хэмжээний түүхий эдийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхлэхэд тун ойрхон болсон юм.
Гэхдээ Монголчуудын санааг зовоож байгаа зүйл бол Хятад, Орос хэмээх хоёр хөрш гүрэн нь юм. Үүнтэй зэрэгцээд Япон, Өмнөд Солонгос зэрэг томоохон донор орнуудынхаа түншлэлийг алдахгүй байх сонирхол хүчтэй ажиглагдаж байна. Үүнээс болж Монголын Засгийн газрын төлөөлөгчид хэлсэн амнаасаа ухарч, хөрөнгө оруулагч талуудыг эцсийн байдлаар сонгоогүй гэдгийг онцлох болсон. Энэ тухай "Eurasia Capital"-ийн шинжээч Акмал Аминов "Монголын парламентын ээлжит чуулган ирэх сард хуралдана. Энэ үеэр Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд буй олон орны ашиг, сонирхлыг эн тэнцүүхэн гаргаж тавина гэдэг маш хэцүү" гэж дүгнэжээ. Гэхдээ Хятадын "Шинхуа", "АНУ-ын "Пибоди Энержи" болон Орос, Монголын хамтарсан консорциумууд Тавантолгойд
хөрөнгө оруулах нь нэгэнт тодорхой болсон.
"Frontier Securities''-ийн шинжээч Оскар Мендоза "Монголчуудын хийсэн сонголт нь тов тодорхой байна. Тэдэнд АНУ, ОХУ, Хятад аль, аль нь байна. Их гүрнүүдийг ашиг сонирхлыг эн тэнцүүхэн тавих гэдэг нь Монгол шиг жижиг орны хувьд түгээмэл гаргадаг стратеги. Ийм үед Япон, Өмнөд Солонгосын тухай ярих нь нэлээд эргэлзээтэй юм. Гэхдээ Тавантолгойд хөрөнгө оруулж чадсан компаниудыг маш азтай байна гэж хэлж болно" хэмээн тайлбарлажээ. Гэхдээ 1990-ээд онд ардчилсан хувьсгал гарснаас хойш Монгол Улсын хамгийн том донор орнууд нь Япон, Өмнөд Солонгос болсон. Геополитикийн тэнцвэрээ хадгалахын тулд чамгүй хүчин чармайлт гаргаж байгаа Монголчууд үүнийг ч бас мартахгүй гэдэг нь тодорхой. Ямартай ч хөрөнгө оруулалтыг тойрсон асуудал тодорхойгүй хэвээр байна.
"CHINA BRIEFING" СОНИН: УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛЭЭ ЭВДЭХГҮЙН ТУЛД ОРОСЫН ТАЛТАЙ ХАМТАРСАН
Монголын Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулагчдын нэгээр "Шинхуа" корпорацийг сонгосон явдал нь Хятадын эрчим хүчний зах зээлийн эрэлт өдөр ирэх бүр нэмэгдэж байгааг бодолцож үзсэнтэй холбоотой. Харин Оросын талтай хамтрах хүсэлтэй байгаа нь урт хугацааны түншлэлийн харилцаагаа эвдэхгүй байх сонирхлоос нь үүдэлтэй юм. Харин "Пибоди Энержи" компанийг сонгосон явдал нь АНУ Азийн геополитикийн бодлогын тэнцвэрийг хадгалж, Орос, Хятад хоёр гүрний сонирхлыг тэнцүүлж чаддагтай нь холбоотой билээ.
"Шинхуа" компанийн хувьд Монголын нүүрсний уурхайд хөрөнгө оруулах сонирхлоо нэлээд эртнээс илэрхийлж эхэлсэн. Мөн Өвөрмонголд 2009 оноос эхлэн Монголын хилийн боомтоор дайран өнгөрөх төмөрзамын барилгын ажлыг хийсэн юм. Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчаар сонгогдоод байгаа гурван компани хэрхэн хамтарч ажиллах нь тодорхойгүй байна. Ямартай ч хүйтэн дайны үед хоорондоо харилцаа муутай байсан гурван их гүрэн Монголын уул уурхайн салбарт хамтран хүч сорихоор болжээ.
"WALL STREET JOURNAL" СОНИН: МОНГОЛООС ХЯТАД РУУ ГАРГАХ ЭКСПОРТ НЭМЭГДСЭЭР БАЙГАА
Тавантолгойг тойрсон хөрөнгө оруулалтын асуудал дуусаагүй байна. Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдаа сонгон шалгаруулсан боловч энэ нь эцсийн дүгнэлт биш бололтой. Түүнчлэн Тавантолгойгоос олборлох нүүрсийг тээвэрлэх төмөр замын асуудлыг шийдэх нь чухалд тооцогдсон хэвээр байна. Учир нь Хятадын эрчим хүчний томоохон зах зээлтэй ойрхон байрлаж байгаа гэдэг утгаараа энэ нь Оросын талд нэлээд таагүй боломжийг бий болгож байгаа юм. Өнгөрсөн онд Монголоос экспортод гаргасан нүүрс тэргүүтэй түүхий эдийн 84 хувь нь Хятадын зах зээл рүү гарсан. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Цаашид энэ тоо улам бүр өсөх болно. Тиймээс Тавантолгойн хөрөнгө оруулагчид дунд Хятадын талын байр суурь эн тэргүүнд тавигдсан хэвээр байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment