
Хувьцаа тарааснаар монгол хүн бүр эзэн нь болж байгаа Тавантолгойн ордын Зүүн Цанхийн олборлолтыг монгол банкуудын дэмжлэгээр монгол инженер ажилчдын хүчээр олборлож, монгол жолооч нар тээвэрлэн байгаа гэдгээрээ тэд их бахархаж байгаа аж. Энд одоо 160 гаруй хүн ажиллаж байгаа. Хамгийн гол нь бүгдээрээ монголчууд, нэг ч гадаадын мэргэжилтэн, ажилтан байхгүй гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхайн газрын дарга Д.Энхбаяр онцолж байлаа. Уурхайд одоо хоёр эксковатор, долоон Сомасвол машин ажиллаж байгаа. Ер нь бол 10 сомасвол машинтай, цаашид техникийн хүчин чадлаа нэмэгдүүлэх засвар үйлчилгээ хийх гэх мэтийн их ажлууд хүлээж байгаа гэж Д.Энхбаяр танилцуулж байв. Тэд ерөнхийдөө хөрөнгө оруулалтыг нь шийдээд өгвөл бид, монголчууд дангаараа олборлолтыг хийх бүрэн боломжтой гэж өөдрөг сэтгэлээр өгүүлж байсан. Ийнхүү олборлолт, экспортоо эхэлсэн “Эрдэнэс Тавантолгой”-нхон ирэх жилд 2,4 сая тонн цааш нэмсээр 2013 онд жилд 13-15 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа. Тавантолгойн зөвхөн Зүүн Цанхийг нөөцийг жилд 15 сая тонн олборлоно гэж тооцоолбол 110 жил ашиглах боломжтой гэж “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш хэлэв. Гэхдээ хэрвээ дэд бүтэц, техник технологио сайжруулбал жилдээ 15 сая тонноос ч илүү экспортын бүтээгдэхүүн гаргах боломжтой гэнэ. Үүний төлөө л тэд чармайн ажиллаж байгаа байх. Тавантолгойн хувьд дэд бүтэц хийгээд тээвэрлэлтийн асуудал хамгийн чухал анхаарлын цэг болоод байгаа. Цагаан мод боомт хүртэл 240 орчим км. Үүнийг хүнд даацын тэргээр туулан эргээд ирэх буюу нэг рейс хийхэд гурван хоног. Басхүү Цагаанмодын боомтод ачаа тээсэн машинууд байнга цуварч байдаг ачаалал ихтэй болохоор машин гарах гэж дор хаяж 8-10 цаг хүлээн зогсдог. Зарим үед 100-200 машин дараалан өнжин хонон хүлээх ч хэрэг гардаг. Дээр нь говийн хөрс хүнд даацын машинуудад талхлагдан амьд амьтан бүү хэл ургамал “амьдрах” аргагүй, байгаль орчинд бол халтайн дээдээр халтай болоод байгаа талаар хүн болгон өгүүлдэг. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд эхний ээлжинд 3,6 км сайжруулсан шороо зам тавьсан. “Энержи ресурс” компанийн тавьж буюу зам ашиглалтад орчих юм бол “Эрдэнэс Тавантолгой”-нхон ч мөн энэ замаар тээвэрлэлтээ явуулна. Энэхүү замыг энэ наймдугаар сард ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хүнд даацын тэрэгний жолооч нар “Засмал зам есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орчих байх аа. Тэгвэл ч үгүй мөн сайхан аа. Ёстой диваажинд заларлаа л гэсэн үг” гэж шүүрс алдаж байсан. Гэхдээ дэлхийд томд тооцогдох Тавантолгойн ордын хувьд зөвхөн машинаар нүүрсээ тээвэрлэнэ гэдэг хүнд. Тиймээс төмөр замын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна гэж ноён Б.Энэбиш дахиад л сануулж байна. Одоогоор зөвхөн нэг бус хэд хэдэн чиглэлийн төмөр зам байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрээд байгаа юм. Өнөөдөр шороо манарууланхан нүүрсээ тээвэрлэж байгаа монголчууд маргааш засмал замаар жирийлгэж, нөгөөдөр төмөр замаар “хар алт”-аа дэлхийн зах зээлд хүргэх буй за гэсэн ерөөл талбия. Бүтээлийн зам урт, амжилт арвин байх болтугай.
No comments:
Post a Comment