2011/08/11

Учиртай таван толгой + Ли Мен Бак

1 цаг 56 минутын өмнө

БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Бак энэ сарын 21-23-нд Монгол Улсад айлчлахаар болсон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг тус улсад  өнгөрсөн гуравдугаар сард айлчлал хийх үеэр манай оронд энэ ондоо багтаан заавал айлчлахаа мэдэгдээд байсан.

Ноён Ли Мен Бак Сөүл хотын дарга байхдаа манай оронд айлчилсан удаатай. Түүний энэ удаагийн айлчлал түүхийн их сонин үед таарч буйгаараа  онцлогтой. Түүхийн сонин үе гэдэг нь нөгөө олон ойг хэлээгүй. Харин Монголчуудын сүүлийн хэдэн жилийн амны уншлага болсон Тавантолгойн орд газрын нүүрс эргэлтэд оруулж эхэлсэн үетэй давхцаж байгаа нь олны анхаарлыг их татаж буй.

Анхаарал татсан айлчлал гэж хэлж буй нь хоёр орны эдийн засаг,  хамтын ажиллагааны статистикийг харсан хэн ч бай тэгж бодох нь лавтай.

Учир нь БНСУ Монголын хөрөнгө оруулагч орнуудын нэг. Тэгэхдээ бүр нэлээд дээгүүрт тооцогдох улс билээ. Өөрөөр хэлбэл Солонгос улс манай орны худалдааны дөрөв дэх том түнш бөгөөд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ гуравт орж байна.

Өнгөрсөн хавар Ерөнхий сайд тус улсад айлчлахдаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрыг ашиглах, түүнийг тойрсон дэд бүтцийн бүтээн байгуулалтад Солонгосын томоохон  хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Гэхдээ тендер нь тодорхой шалгуурт нийцсэн байх учиртайг онцолсон. Энэ хэлэлцээрийн цаад учир бол мэдээж Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тухай яриа байсныг Монголчууд андахгүй.

Харин өнөөдрийн нөхцөл байдлаас харвал Япон, Солонгос орнууд Тавантолгойн стратегийн түнш байх эсэх нь тодорхойгүй болоод байгаа. Ийм тодорхойгүй байдлыг төр засгийнхан үүсгээд байна.

Өөрөөр хэлбэл дээрх асуудлыг хариуцаж буй Төрийн өмчийн хорооны дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Сугар энэ талаар хэвлэлүүдээр учир нь олдохгүй зүйл ярьсаар байгаа. Тэрбээр MMJ сэтгүүлд ярьснаар “АНУ-ын “Пибоди”, Хятадын “Шинхуа”- Японы Мицуи” хоёрын нэгдэл болон “Оросын төмөр зам”,  Япон, Өмнөд Солонгосын компаниуд багтсан том Консорциум байгаа. Манай ажил зохион байгуулж байсан хүмүүс эдгээр  Консорциумд урилга өгөхдөө гол үүрэгтэй газрууд руу нь явуулчихсан юм билээ. Энэ тухайд өөр нарийн тодорхой зүйл бий эсэхийг би мэдэхгүй байна. Үүнтэй холбогдуулж Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид өөрсдийгөө хасагдсан  хэмээн ойлгохоор нөхцөл үүссэн” гэж ярьжээ.

Д.Сугар дарга  тийм орон гаран уу гэх ойлголт энэ ярианаас ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл ажилчид нь Япон, Солонгосын талыг уриагүйг яагаад энэ хүн мэдэхгүй байдаг билээ. Тухайн үед мэдээгүй ч дараагаар яагаад ийм явдал үүсчихээд байхад арга хэмжээ авч иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөөгүй вэ гэдэг сонин.

Д.Сугар дарга үргэлжлүүлэн ярихдаа “Би өөрийнхөө санал, бас таамаглаж байгаа зүйлээ үүнтэй холбож хэлье. Ерөнхий сайдын байр суурь ч минийхтэй төстэй байх болов уу. Япон, Өмнөд Солонгосын компаниудыг шалгаруулалтаас хасах үндэслэл байхгүй. Цаашид хамтран ажиллах шаардлагатай. Ний нуугүй хэлэхэд тэд  бидний итгэл найдварыг хугалсан тал бий. Албан ёсны түвшний уулзалтуудад энэ хоёр улсын хөрөнгө оруулагчид “Монголд  ашигт малтмалын асар их нөөц бий. Бид өндөр технологитой. Ингээд нийлбэл үр дүнд хүрнэ” гэж ярьдаг.  Гэвч тэднийг яг уриад санал авахаар Япон, Солонгосоос өндөр технологи хүлээгээд бүтэлтэй юм болоогүй” гэжээ. Тэгээд тэдэнтэй хамтран ажиллах гээд байгаа юу, үгүй юу гэдгийг энд ч бас бөөрөнхийлөөд орхижээ.  Түүний ярьсан байдлаас харвал “би өөрийнхөө санал таамаглал” гэх мэтээр ярьжээ. Үүнээс харвал Тавантолгойн хэлэлцээрт орж байгаа хүмүүс ямар ч нэгдсэн санаа, ойлголтгүй явж байгаа  бололтой.  Тавантолгойн асуудлыг ээдрээтэй, олон нийтэд бүрхэгдүүлээд буй нэг хүн бол яах аргагүй эрхэм Д.Сугар болоод байна. Харин бас нэг гайхал түрүүлж буй албан тушаалтан бол салбарын сайд Д.Зоригт.

Д.Зоригт сайдын албан тушаалын нэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд. Харж байгаагаар тэрбээр сайдын дайтай ажиллаж чадахгүй байгаа бололтой. Түүний Тавантолгойтой холбоотой “Өнөөдөр” сонин өгсөн ярилцлагаас л ийм бодол өөрийн эрхгүй төрлөө.  Япон, Солонгос хэмээх манай орны хувьд хоёр том донор орныг Тавантолгойн стратегийн түншлэлээс хасагдсан эсэх асуудлаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Япон, БНСУ-ын төлөөлөл энэ төсөлд орох ёстой гэж би бодож байгаа. "Эрдэнэс Тавантолгой" компани нүүрс борлуулах анхны гэрээндээ "Иточү", "Мицүи", КОРЕС компанид 30 хувийг нь борлуулах гэрээ хийсэн шүү дээ. Үүнтэй адил Тавантолгойн Цанхийн баруун хэсгийг олборлох гэрээ нь Япон, БНСУ-ын төлөөлөл зайлшгүй байх ёстой, эцсийн байдлаар тэгж л шийдэх байх” гэжээ. Тэрбээр бас л ямар ч ойлголтгүй. Яг л жирийн хэн нэгэнтэй адил мэдээлэлтэй байна гэж үү.

Дараагийн мэдэн будилсан хүн бол “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш.  Уг нь хөрөнгө оруулалтын асуудлыг хэнээс ч сайн мэдэж байх ёстой  хүн бол энэ. Гэвч тэрбээр хөрөнгө оруулагчдын тухай “Улстөрийн тойм сонин”-д ярихдаа “Баруун Цанхад олборлолт хийх консерциумыг сонгон шалгаруулах үйл явц одоо ч гэсэн үргэлжилж байна. Тиймээс Япон, Өмнөд Солонгосын компаниудыг хассан тохиолдол байхгүй байх. Сонгон шалгаруулалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг хариуцаж байгаа. Сонгон шалгаруулалт дуусахаар улам тодорхой болох байх. Надад энэ талаар тодорхой мэдээлэл алга” гэжээ. Б.Энэбиш дарга мэддэггүй юм байж. Бас түүний ярьснаар шалгаруулалтыг хариуцаж байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нь ч энэ талаар дорвитой мэдэж байгаа зүйлгүй мэт. Тэгвэл амарч байгаа Ерөнхий сайд бүх асуудлыг мэдээд байна уу. Эсвэл хэлэлцээрийн ширээний ард огт суухгүй байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уу?

Ямартай ч төрийн гурван өндөрлөг нүүр тулан уулздаг ажлын ширээ бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал билээ. Энэ зөвлөлийн тэргүүн нь Ерөнхийлөгч, хоёр гишүүн нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд. Сүүлийн үед Тавантолгойн стратегийн түншүүдийг сонгоход хүндрэл үүсч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа талаар хэвлэлүүд бичиж байгаа. Энэ ч өнөөх Япон, Солонгосын асуудалтай холбоотой нөгөөтэйгүүр Орос, Хятад, АНУ-ын эзэмших хувиудтай холбоотой гэж хоёр янзаар тайлбарлагдан бичиж байгаа билээ.

Одоогоор Тавантолгойн баруун цанхийн нүүрсний ордыг эргэлтэд оруулахад стратегийн хөрөнгө оруулагчаар Хятадын "Шинхуа" групп 40 хувь, АНУ-ын "Пибоди Энержи" 24 хувь, Орос, Монголын хамтарсан консорциум 36 хувийг хамтран эзэмших мэдээлэл олон улсад цацагдаад буй. Харин Монголчуудын өөрсдийн хүчээр ТЭЗҮ хийж ажлаа эхлүүлээд буй зүүн цанхийн нүүрсний ордод  БНХАУ-ын  "Чайналко", "Жинан айрон энд стил" болон "Мицүй", "Иточү", КОРЕС гэх Япон, БНСУ-ын компанитай давхар гэрээ байгуулсан. Энэ нь  цанхийн зүүн хэсгээс экспортолж буй нүүрсний 70 хувийг БНХАУ, 30 хувийг Япон, БНСУ-ын зах зээлд гаргана гэж тохирсон гэрээ ажээ.  Зүүн цанхийн асуудал  бол бид нүүрсээ шууд экспорт хийх буюу борлуулах гэрээ юм. Харин баруун цанхийн тухайд нүүрс боловсруулах болоод дэд бүтцийн хувьд арай өөр шийдэл бүхий хамтран олборлох гэрээний  ажил ийнхүү удаашраад байна.

Үнэндээ бүх ард түмний өмч байх ёстой газар доорх баялгийн эргэн тойрон, стратегийн хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын тухай мэдээлэл тун бүрхэг байсаар байгаа. Эрх мэдэлтнүүд энэ талаарх мэдээлэл нээлттэй байх ёстой гэж ярих ч хэвлэлээр бүгд мэдэн будилж ярих нь их сонин. Энэ байдал нь олон улсад ч эргэлзээтэй таамаглал дэвшүүлэхэд  хүрээд буй. Шалгаруулалтын  явц нууц байвч тендерийн  шалгаруулалт  эцсийн байдлаар хэзээ дуусах, одоо ажил аль шатандаа явж байгаа, Япон, Солонгосын асуудал яагаад ийм байдалд хүрэв гэгчид албан байдлаар хэн ч тайлбар өгөхгүй байгаа нь иргэдийн хардлага сэрдлэгийг төрүүлж чухам  “ямар учиртай Тавантолгой вэ” гэж гайхахад хүргээд байна.

Ажлаа мэддэггүй Д.Сугар, Б.Энэбиш, Д.Зоригт гурвын хэлж зүрхлэхгүй нууцлаад байгаа асуудлыг хэнээс ч илүү сайн мэдэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд гэх энэ таван “учиртай толгой” Тавантолгойн нүүрсний орд газрын учрыг хэзээ олох юм бол доо.

Удахгүй ирэх БНСУ-ын Ерөнхийлөгч  ч бас нэг учиртайгаар манай улсад айчилж байгаа нь ойлгомжтой. Түүний айлчлалын үеэр учрын зангилаа жаахан ч гэсэн тайлагдах  болов уу.

No comments:

Post a Comment