2011/08/23

Өмнийн элсэн шуурга юу хэлнэ вэ?

Дэлхийд танигдаж, гадныхан шүлсээ “дуслуулж” буй Өмнөговь аймгийн Тавантолгойн ордыг хэн хүнгүй мэднэ. Томоохон хотынхоос ч цөөхөн хүн амтай биднийг байтугай хоёр, гурван үеэр маань тэжээж хүрэлцэхүйц хөрөнгө хойно аргагүй. Гэхдээ загасчны морь усгүй гэгчээр олборлосон нүүрсээ тээвэрлэх гэж байгал орчныг бусниулаад удлаа. Өмнөговийн Цогтцэций сумын түмэн иргэн буман зовлон тоочсоор бас бишгүй хугацаа өнгөрөв. Үр дүнд нь салбарын сайд тээвэрлэлтийн замыг хааж нэг үзээд, хэр их хэмжээний мөнгө алдаж буйг сонсоод буцааж нээв. Сайд ийм арга хэмжээ аваагүйсэн бол нутгийн иргэд энэ бүхний эсрэг жагсч, зам дээр тэгнээд хэвтэхээс энүүхэнд байж. Тиймээс л иргэдийг нь бодоод зам хаасан ч, ашгийг нь бодоод шийдвэрээ цуцлахаас өөр аргагүйд хүрсэн байх. Энэ хооронд юу болсныг хамтдаа харъя. 


Хаагуур нь явах вэ,  та минь ээ...

Цогтцэций сумын “Эрдэнэс МГЛ”, “Таван толгой”, “Энержи Ресурс” гэсэн зэргэлдээ орших гурван том уурхайгаас нүүрс ачсан хүнд даацын машин 245 км яваад Гашуунсухайтын боомтод хүрдэг. Нүүрс олборлож эхэлснээс хойш говийн эмзэг хөрсийг далхалсан 20 гаруй зам зурайжээ. Өөрөөр хэлбэл, тус сумаас Хятадыг зорих 20 гаруй нүүрсний машин зэрэгцээд явах боломжтой гэсэн үг. Говь л юм хойно, Өмнийн цэнхэр говь хэчнээн ч уудам юм. Харин одоо Өмнийн цэнхэр гэхээсээ илүүтэй, тоос, тоосжилт, түйрэнгийн говь болчихож. Зураасан зам зурайгаагүй газар гэж энд бараг л алга. Хаашаа л харна, тоос бужигнаж, түйрэн дэгдээстэй. Цогтцэций сум уурхайгаас 20 орчим км зайтай орших ч сумын иргэд  урин цагт цонх, хаалгаа онгойлгох аргагүй болтол шороо, тоос босдог аж. Өглөө малаа бэлчээхээр гарсан малчид хаашаа бэлчээх учраа ч олохоо байж. Хаашаа л харна зам. Хойшоо, урагшаа, зүүнтээ, баруунтай. Харин 100-120 тонн нүүрч ачсан машины дугуйнд талхлагдаагүй газар гэж үгүй. Ингээд малчид хаагуур малаа бэлчээж, хаашаа нүүхээ ч мэдэхээ байж. Уг нь бол бусад улс орны жишгийг харж байхд эхлээд дэд бүтцийн асуудлаа шийдчихээд уурхайн ажлаа эхэлдэг байх юм. Харин манайд яг эсрэгээрээ уурхайгаа ажиллуулж, экспортолсон нүүрсээрээ дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх юм гэнэ. 


Гиннесийн номд бичигдэхүйц амжилт...

...Жингийн цуваа явж л байдаг
Замын ноход хуцаж л суудаг...
 гэдэг үг Цогтцэций сумаар нүүрс тээвэрлэдэг жолооч нарын дунд “хит” болоод буй гэнэ. Монголчууд өнгөрсөн зуунд тэмээгээр түмэн газрын тэртээгээс торго, дурдан авчирдаг байсан ахуйд энэ үг гарсан биз. Гэсэн хэдий ч одоо хэр нь “мода”-ноос гарахгүй нь бололтой. Өмнийн нутгийн “хит парад”-д тэргүүлсээр явна. Орон нутгийн иргэд гомдол гаргах тоолондоо энэ үгийн утга, агуулга ямар гүн гүнзий болохыг мэдэрдэг гэнэ лээ. Бод л доо. Ердийн хөсөг тээвэрт хэрэглэж асан ахуйд 50-60 тэмээгээр жин тээвэрлэхэд мундаг баяны тоонд ордог байж. Тэгвэл энэ цагт, 40 гаруй компанийн 5200 машин Цогтцэций сумаас Хятад руу нүүрс тээвэрлэдэг тухай Засаг дарга Г.Цог-Өрнөх хэллээ. Нийслэлийн нийтийн том автобусны тоотой харьцуулбал тав дахин их хэмжээ. Нэг хүнд даацын машиныг дунджаар 20 метр урт гэж тооцвол 5200 машиныг цуваа болговол 104 километр зам хэрэгтэй болно. Ийм мундаг урт цуваагаар өөр аль ч улс “жин тээгээгүй” нь ойлгомжтой. Ер нь ч цаашид тэгж тээвэрлэх ч үгүй биз. Манайх шиг нүүрсийг машинаар тээвэрлэдэг улс байхгүй юм чинь. Удахгүй, ирэх есдүгээр сард энэ сумыг Гашуунсухайттай холбосон 245 километр урт, хатуу хучилттай замыг “Энержи Ресурс” компани ашиглалтанд оруулна. Түүгээр нь 100-120 тонн ачаатай мөнөөх машинууд зорчиж, шороон замын 30-40 км/цагийн хурдтай явдаг амжилтаа 60-70 болгож ахиулна. Барьсан замынх нь ачаалалт дийлэх аваас амжилтанд өөр садаа болох зүйлгүй.  

Дээр нь “Тавантолгой” ХК-ийн 12 метрийн өргөнтэй зам хажуугаар нь баригдахыг тооцох хэрэгтэй. Тэмдэглүүштэй амжилт шүү. Яг л чийдэн үйлдвэрлэгч нарыг үнэгүй гэрэл түгээж, шударга бус өрсөлдөж байна хэмээн лордуудад гомдол гаргаж, нөгөөдүүл нь бүх айлыг цонхгүй байшинтай байлгах шийдвэр гаргадаг шиг л бидний ирээдүйн төлөө, хүн бүхнийг ажилтай байлгахын төлөө тэр шүү дээ. 


Нөхцөл байдлын улмаас үүссэн илүү эрхтэн... 

Хүний сарвууны чигчий хурууны үүрэг улам бүр багасч, тэр хэрээр жижгэрсээр байгаа тухай хүн судлаачид хэлдэг. Хэрвээ дэлхий сөнөөд, хүн устчихгүй бол 3000 жилийн дараа бидэнд чигчий хуруу байхгүй болох юм гэсэн. Тэгвэл Өмнөговь аймгийн малыг судалсан доктор нэгэн хачирхалтай зүйлийг олж мэдэж. 
Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Цогтцэций сумын малд илүү “эрхтэн” ургасан аж. Имжний гэдсэнд үр, төлөө тээдэг уут байдаг шиг энэ сумын малын уушгин дотор “тусгай” уут үүсээд түүнд нь амьсгалаар дамжин орж ирсэн элс, шороо хадгалагддаг болсон гэнэ. Харин хүн амынх нь бие бялдарт хэрхэн өөрчлөлт гарсныг хэн нэгэн нь одоогоор судлаагүй байна. Цогтцэций сумын нэгэн иргэн идшэндээ хонь авчээ. Гэтэл уушгинаас эхлээд гэдэс дотор нь авах юмгүй болтлоо тас хар өнгөтэй болсон байсныг хуучилж суусан. Малын гэдэс дотор ийм болж байхад хүнийх яах нь ойлгомжтой. Сүүлийн үед тус суманд шинээр мэндэлсэн хүүхдүүд төрөлхийн астам, буюу уушгины архаг өвчтэй байгаа гэх эмгэнэлт мэдээг чихнийхээ хажуугаар өнгөрөөж боломгүй. Хэдийгээр эрдэнэс баялаг эрхэм байж болох ч иргэдийн маань амь нас, эрүүл мэнд түүнээс илүү үнэ цэнэтэй байх учиртайсан. 


Осол гарахгүй өдөр бараг үгүй

Эхэнд дурдсан олон замаар цааш нааш байнга машин явдгаас нүүрс тээвэрлэж буй жолооч нарт зам нь бүдэг бадаг харагддаг аж. Энэ шалтгаанаас үүдээд хоорондоо шүргэлцэх нь энүүхэнд. Осол гарахгүй өдөр бараг үгүй. Өнгөрсөн богинохон хугацаанд тэнд зургаан хүний амь үрэгдэв. Хамгийн сүүлд буюу энэ сарын 19-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багаас 10 км-т орших газарт нүүрс тээвэрлэдэг том оврын хоёр машин мөргөлдсөн осол гарч, нэг жолооч амь насаа алджээ. Яг энэ өдөр арай өөр газарт Хятад, Монголын нүүрс тээвэрлэж явсан том оврын хоёр машин мөргөлдөн хятад жолооч амиа алдсан гэх таагүй мэдээлэл байна. Энэ мэтээр машинаар “жин” тээх нь нутгийн иргэдэд төдийгүй жолооч нарын амь нас, эрүүл мэндэд ч заналхийлсээр... 


Эрх мэдлийн тулаан... 

Сүүлийн үед Өмнөговь аймгийн дугаартай номер машиндаа зүүх нь нэр төрийн хэрэг болсон гэлцэх. Бийлэгжүү нэгний бэл бэнчингээ харуулдаг бас нэг үзүүлэлт гэх үү дээ. Тэгвэл энэ хавраас эхлээд хоёр ч удаа хатуу хучилттай авто зам ашиглалтад оруултал нүүрс тээвэрлэхийг хориглосон. Харамсалтай нь тэр тоолонгоор гаргасан шийдвэрээ цуцлав. Энд маш их хэмжээний мөнгө яригдаж буй нь хэнд ч ойлгомжтой. 

Тиймээс ч замыг хаах шийдвэр гаргасан мэргэжлийн хяналтын байцаагч нарыг ажлаас нь түдгэлзүүлээд буй мэдээлэл бий. Байгаль орчныг нь сүйтгэж буй энэ явцыг зогсоох шийдвэр гаргасан хүмүүс яагаад ажлаасаа халагдахад хүрэв. Тэдэнд тийм эрх мэдэл байхгүй ч байж болох. Тэгвэл Цогтцэций сумын Засаг даргын замыг хааж, нүүрс тээвэрлүүлэхгүй байх тухай захирамж гаргасан байхад дур мэдэн нээсэн байцаагч нарын тухай асуудал яагаад “босч” ирэхгүй, бөх “унтав”. Зүй ёсоор бол Засаг даргын шийдвэрийг цуцлах эрхгүй байж том толгойлсон хүмүүст хариуцлага тооцох тухай ярих ёстой ч тэгсэнгүй. Мэдээж энэ үйлдэл хэн нэг байцаагчийн шийдвэр ч бус, төрийн томчуудын заавар, даалгавар байсан нь ойлгомжтой. Ийм л юм болоод байгаа юм даа. Тавантолгойг тойрсон үй олон асуултын ганцхан замыг тойрсон тавхан жишээ нь энэ. Өшөө цаашаа ухвал буман зовлон тоочиж, түмэн нэр дурдагдаж болохдог шүү.

No comments:

Post a Comment