2011/08/19

Ерөнхий сайд асан Д.Содном: Монголчууд Тавантолгойгоо олборлож чадна гэдгийг бид хамгийн сайн мэдэж байна


Ерөнхий сайд асан Д.Содном: Монголчууд Тавантолгойгоо олборлож чадна гэдгийг бид хамгийн сайн мэдэж байна
Ерөнхий сайд асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Содном, гавьяат эдийн засагч Г.Пүрэвбаатар, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг нар бухимдуу явна. Нэгэн цагт төр, улсынхаа жолоог атгалцаж, санхүү, тооцооны алтан хүрдийг эргүүлж явсан энэ эрхмүүд Тавантолгойг ашиглахад боловсруулсан Засгийн газрын гэрээг “Цэцэрлэгийн хүүхдийн тоглоом”, “Монголоо худалдсан авлига” хэмээн буруутган үзэж буй. Тавантолгойг ашиглах гэрээний хэлэлцүүлэг өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж, гэрээг боловсруулсан Засгийн газрыг хэлэлцүүлэгт оролцогчид нь баахан баалав. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар: Яриа хэлэлцээ ил тод байх шаардлагагүй

-Аль ч улсад гэрээ хийхдээ бүх мэдээллээ сонин, телевизээр ил зарлаад байдаггүй. Тэгээд ч энэ гэрээг хаалттай хийгээгүй. УИХ-д хэлэлцүүлэхээсээ өмнө нээлттэй ярьж байна. Мэдээлэл хангалттай хүрээгүйгээс хүмүүсийн ойлголт буруу байх шиг байна. 

Б.Энэбиш: Урьдчилгаа төлбөрт нүүрсээ 70 ам.доллараар өгнө 

-Тавантолгойн нүүрсийг урд хөршид 70 ам.доллараар худалдахаар болсон. Энэ бол 2011 оны төлөвлөгөө. Хятадаас авсан 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг дуустал энэ үнийг мөрдөх юм. Миний мэдэж байгаагаар, энэ бол өнгөн хөрсний хамгийн чанар муутай нүүрс. 

Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг: Засгийн газар маш хариуцлагагүй ажиллалаа 

-УИХ Тавантолгойг 30 жил түрээслэ гэж үүрэгдээгүй. Гэтэл Хятадын компанид 30 жилээр түрээсэлчихсэн байна. Ч.Хүрэлбаатар сайд хүүхэд хуурч байгаа мэт зүйл ярьж байна. Монголын компаниуд Тавантолгойг олборлож чадна. Гадаадын томоохон оператор компани орох ёстой гэж Ч.Хүрэлбаатар хэллээ. Тэгвэл үгүй гэж хэлье. Засгийн газар маш хариуцлагагүй ажиллалаа. 

Ерөнхий сайд асан Д.Содном: Монголчууд өөрсдөө чадна гэдгийг засгийн газар хамгийн сайн мэдэж байгаа 

-Гадаадын компанийг оруулсан нь зөв, буруу эсэх нь манай эдийн засаг болоод аюулгүй байдалд ихээхэн нөлөөлнө. Тавантолгойг гадаадын биш Үндэсний хөрөнгө оруулагчдад хариуцуулж өгөх ёстой. Бид гадаадаас зээл аваад өөрсдөө энэ төслийг хэрэгжүүлж чадна гэдгийг Засгийн газар хамгийн сайн мэдэж байгаа. 

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар: Орос, Хятад, АНУ бүгд 51 хувь эзэмшихийг хүсч байна 

-Хятадууд “Танай эрчим хүчний нүүрсийг бид л худалдаж авна” гээд 51 хувиа өг гэсэн. Оросууд шатахуун, төмөр замд байнга оролцдог гээд бас 51 хувь шаардаж байна. “Пийбодий” ч бас тэгсэн. Тэгэхээр 153 хувь болчихлоо. Бид энэ бүхний тэнцвэрийг олох ёстой. Амаргүй яриа болж байна, үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. 

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар: Эрдэмтдийн дүгнэлтгүйгээр улстөрчид гэрээ хийх ёсгүй 


-Тавантолгойн гэрээ хаалттай, далд болсон. Өнгөрсөн сарын 5-нд энэ гэрээг Үйлдвэрчний эвлэлтэй зөвлөлдөх ёстой байсан. Гэтэл тэгсэнгүй. Ийм гэрээ хийхэд зөвлөсөн хөндлөнгийн шинжээчдээ ил тод болгож өгөөч. Ийм гэрээ хийсэн тэдэнтэй хариуцлага тооцмоор байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан: Монголчууд чадах л байсан 


-Засгийн газар Хятадаас 250 сая ам.долларын урьдчилгаа авч хувь хишгийн мөнгө тараах хэрэггүй байсан. Монгол компаниуд нийлээд мөнгө босгож чадахаар байсан шүү дээ.

No comments:

Post a Comment