2011/08/19
Тавантолгой “шалгалтад” бүдэрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эрдэмтэн, мэргэд, эдийн засагчид Иргэний танхимд цуглаж, Тавантолгойн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт эдийн засагчид, уул уурхайн салбарын судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Тавантолгойн асуудал Монголчуудын төдийгүй олон улсын анхаарлын төвд байгаа. Дэлхийд ашиглагдаагүй байгаа хар алтны хамгийн том нөөцийг Монгол Улс эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байна. Тодорхой ажлууд ч хийгдээд эхэлсэн.
Стратегийн хөрөнгө оруулагчид болон оператор компанийн шалгаруулалт өндөрлөх шатандаа оржээ. “Эрдэнэс Тавантолгой” компани албан ёсоор нүүрсээ экспортлоод эхэлсэн. Энэ мэтчилэн Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил үргэлжилж байна. Гэхдээ цаашид энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил дээр эрдэмтэн, судлаачдын саналыг сонсох шаардлагатай байгаа юм.
Тиймээс Иргэний танхимын хэлэлцүүлгээр Тавантолгойн асуудлыг тусгайлан авч үзлээ. Эдийн засагчид, судлаачид олон ирсэн ч тэдний үгийг сонсч, бодлого шийдвэрт тусгах ёстой Засгийн газрын гишүүд хэлэлцүүлэгт оролцсонгүй. Үүнийг ч оролцогчид шүүмжилж байсан юм. Юутай ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар болон “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш нар Тавантолгойн ашиглалт, гэрээ хэлцлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний борлуулалт эхэлсэн ч боомтын асуудал хүндрэлтэй байгааг албаны эх сурвалжууд дуулгалаа. Түүнчлэн Хятадын “Чалко” компанид экспортлох нүүрсний өртгийн тухайд “эхний ээлжийн сая тонн нүүрсийг экспортолсны дараа нүүрсний үнийг улирал тутамд хэлэлцэж, өөрчилнө” гэв.
Нөгөөтэйгүүр одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлож, экспортолж буй нүүрс чанарын хувьд харьцангуй муу учраас өөрийн экспортлох үнэ тийм ч хямдад тооцогдохгүй гэж албаны хүмүүс үзэж байна. Харин эдийн засагчид, судлаачид эсрэг санал бодолтой байгаагаа хэлж байлаа. “Бараг л захын үнээр нүүрсээ зарлаа, Налайхын нүүрснээс ч бараг хямд үнэ шүү дээ” гэж зарим оролцогч хэлсэн.
Түүнчлэн УИХ-ын 39 дүгээр тогтоолд ордыг ашиглахдаа ямар нэгэн байдлаар хуваахгүй байхыг даалгасан ч өнөөдөр Баруун, Зүүн Цанхи гээд хуваачихсан нь маш том алдаа болсон гэж олонх эдийн засагчид үзэж байлаа. Тавантолгойн ордын ашиглалт дээр Монголчууд өөрсдөө 100 хувь ажиллах чадвартай, туршлагатай байхад заавал гадаадынхныг царайчлах хэрэг байна уу гэдэг асуудлыг ч бас хөндөж байсан.
Ер нь бол Тавантолгойн асуудлаар анх удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сайшаалтай ч одоогоор хийгдэж байгаа ажлууд эдийн засагчдын санаанд нийцэхгүй байгаа нь хэлэлцүүлгийн үеэр ажиглагдаж байсан. Оролцогчдын асуултад “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш хариулт өгсөн юм.
“Ричмонгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Хурц:
-Та нар УИХ-ын 39 дүгээр тогтоолыг үнэхээр зөв ойлгож ажлаа хийж байгаа юу. Миний ойлгосноор бол энд “Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийг хууль, тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх гэж бичсэн байна. Бүтнээр нь шилжүүлнэ гэж байхад Цанхиа хоёр хуваачихаад стратегийн хөрөнгө оруулагч хэрэгтэй боллоо гээд байх юм. Энэ дотор чинь стратегийн хөрөнгө оруулагч гэж ганц ч үг алга байна шүү дээ. Зөвхөн оператор ав гэсэн байна. 39 дүгээр тогтоолын биелэлтийг хангахын тулд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд чинь энэ тогтоолынхоо үзэл санаанд яв цав нийцэж байгаа юм уу.
“Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш:
-Ямар ч байсан би хувьдаа УИХ-ын 39 дүгээр тогтоол яв цав хэрэгжиж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Хуваасан тухай ярья. УИХ -ын 39 дүгээр тогтоолд ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлээрэй гэсэн байгаа. Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компани нь “Эрдэнэс МГЛ” компанидаа бүтээгдэхүүн олборлоход бэлэн байгаа буюу Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байгаа. Үлдэж байгаа хэсгүүдийг би түрүүн ярьсан. Хоёр компанийн ТУЗ хэлэлцээд хэзээ ч шилжүүлж болно. Гэхдээ нэг л асуудал байгаа.
Өөрөөр хэлбэл, үлдэж байгаа хэсэг хэдий хэмжээний коксжих нүүрс байгааг бид судалж, мэдчихээд ирээдүйд магадгүй тодорхой хэмжээний үнэ өртөгтэйгөөр толгой компанид шилжүүлэх үү, одоо шилжүүлэх үү гэдэг асуудал. Бүгдийг нь шилжүүлэх тухайд бол ямар ч маргаан байхгүй.
“Монгол 999” үндэсний нэгдлийн ТУЗ-ийн дарга Б.Ариунболд:
-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниа УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу байгуулчихаад ажлаа эхлүүлж болохгүй байгаа юм уу. Үүнээс чинь болоод маш их үл ойлголцол, ойлгомжгүй байдал гарч байна шүү дээ.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Батбаатар:
-Сонин дээр нэг ийм зүйл гарсан байна. Эдийн засгийн тооцоо гэж байгаа юм. Энэ тооцооллоор бодохоор жилд 15 сая тонноор явахад 30 жилийн хугацаанд 450 сая тонн нүүрс олборлох юм байна. Үүний цэвэр ашиг нь таван тэрбум 492 сая ам.доллар. Үүнийг бид 14 тэрбум хувьцаандаа хуваагаад үзэхээр нэг хувьцаа маань 0.32 доллар болж байгаа юм. Иргэн бүрт олгох 536 ширхэг хувьцаагаар тооцвол 126 ам.доллар болж байна, 30 жилийн хугацаанд шүү. Ингээд нэг хүнд сард ногдох ашгийг тооцохоор ойролцоогоор 1.09 ам.доллар л болж байна. Тэгэхээр эдийн засгийн тооцоо үнэхээр ийм ашиггүй юм бол үүнийг заавал хувьцаа хэлбэрээр ард олонд олгох хэрэг байна уу. Энэ тооцооллыг Д.Зоригт сайд өөрөө хийсэн гэж байна шүү дээ.
“Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсан. Гадаадын болон дотоодын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалах бэлтгэл ажил хийгдэж байна. Тооцооны талаар ярьж байна. Уул уурхайгаас Монгол Улсад орж ирэх орлого компанийн цэвэр ашиг болон татвараас бүрдэнэ. Компанийн цэвэр ашгаас иргэд тодорхой хэмжээний ногдол ашиг авна. Харин татвараар улсын төсөвт мөнгө төвлөрүүлнэ. Татвар Оюутолгой, Тавантолгой аль алинд нь тооцогдоно. Улсын төсөвт орж ирэх мөнгөөр ч бас иргэдэд өгөх мөнгийг шийдвэрлэж болно. Тэгэхээр Монголын талд, Монгол хүнд ногдох ашиг бага байна гэсэн асуудал байхгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment