Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөдөө очиход уулзалтад нь оролцсон өвгөн бээр тухайн үед моданд ороод байсан кинондоо санаа зовоод “Халтар царайт Мигел Ангелтэй суух болов уу” гэж асууж байсан шиг өнөөдөр хүн болгон Тавантолгой юу болов гэж хараачилж байна. Эх орны хишиг болсон хувьцааг олгож, монголчууд бүгд баяжина гэж мөрөөдөж байгаа болохоор. “Эрдэнэс Тавантолгой” тээвэрлэлтийн гэрээгээ байгууллаа, нүүрсээ экскортолж эхэллээ гэсэн баярт мэдээ сонсогдовч мөсөн уулын зөвхөн оройн хэсэг цухуйна гэдэг шиг амин чухал “язгуур үндэс” нь ойлгомжгүй хэвээр байна. Геополитекийн хамгийн чухал асуудал гээд байгаа стратегийн хөрөнгө оруулагчийг сонгочихсон ч юм шиг сонгоогүй ч юм шиг манант мэдээлэл сар гаруй сунжирч байна. Жүжигчин Хүрлээгийн нэгэн хошин элэглэлд гардаг шиг “Ялагч компаниа сонгочихсон ч юм шиг, сонгоогүй ч юм шиг. Сонгогдсон компаниуд нь сонгогдоогүй ч юм шиг сонгоогүй ч юм шиг” хэрүүл маргаан дээрээ тулах гээд байдаг. Япон болон Өмнөд Солонгосын компаниудын гомдлыг та бүхэн санаж байгаа байх. Үүнд нь Төрийн өмчийн хорооны дарга нь “Манайхан урилгаа илгээхдээ гол толгойлогчийнх нь нэр дээр илгээчихсэн юм билээ” гэх маягийн будилуу тайлбар хэлээд сууж байх. Тэгсэн хэрнээ Япон, Солонгосын талынхан ер нь өөрсдөө бас болохгүй байсан юм аа гэсэн үг дайж байхыг бодоход зүгээр ч нэг будилсан хэрэг ч бас биш бололтой. “Япон, солонгосууд их пээдийгээд байгаа юм аа. Жаахан үнэд орж айлгаж, номхруулж авах юм хуна даа” гэж “занаж” байсан гэдгийг бараг батлаад ч байх шиг. Үүнийг ч бас давхар батлах шиг албан ёсны тайлбар хийхээс бултаж гүйгээд л байгаа шүү дээ манайхан. Гэвч яалт ч үгүй жамтай юм жамаараа гэгчээр Тавантолгой асуудлыг ойрын хугацаанд “зуурч барих”-аас өөр арга даанч байхгүй. Тийм болохоор энэ тунирхал, будилалтын будилаан удахгүй тайлагдана биз.
Гэтэл биднийг чин үнэнээр бол дарга нарыг ингэж будилж байх зуур цаагуур чинь “хүний хүүхдүүд” мөнгө босгоод байдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайтай хаяа залган оршдог Тавантолгойн ордын ердөө л дөрөвхөн хувийг эзэмшдэг “Энержи рессурс” хэмээх хувийн компанийнхан аль хэдийнэ нүүрс баяжуулах үйлдвэрээ байгуулчихсан. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгойнхон нүүрсээ 55-65 ам.доллараар борлуулна гэж байхад “хүний хүүхдүүд” угааж байжуулсан нүүрсээ нэг тонныг нь 150 ам.доллараар зарж борлуулж байна. Бүтэн нугалсан өндөр үнэ хүргэж чадаж байна гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” ч гэсэн хэзээ нэгэн цагт баяжуулах үйлдвэрээ барьж босгоод өдий хэмжээнд мөнгө олдог болох байх гэж найдацгаая. Борлуулалтын гэрээний онцгой эрх дууссаны дараа ... Монголчуудад яг үнэндээ бол эрх баригчдад мөнгө хэрэгтэй байсан учраас “Сalco”-гоос 250 сая ам.долларын урьдчилгаа авчихсан. Хэрэгтэй, шаардлагатай ч юу байх вэ дээ, гуйгаагүй байхад өгнө гэж амласан 21 мянган төгрөгөө тараах гэж ийн маргаашийн өөхөө -чоно”-нд тавьж өгөн байж урьдчилгаа авчихсан. Тэр нь одоо өлсгөлөн гэж эрх баригчид болоод улстөрчид нь бодоод байдаг иргэдийнх нь ходоодоор дамжаад хөрсөнд шингэх шатандаа явж байгаа. Харин ийн 21 мянган төгрөгний хярамцаг бэлтгэхийн тулд 5-6 жилийн турш Тавантолгойн нүүрсээ өөрсдөө толгой мэдэн зарж борлуулах эрхээ “Сalco” буюу БНХАУ-ын төрийн мэдлийн “Chanelco” компанид өгчихөөд байгаа билээ л, манай эрх баригчид... Баярын тухай бараан бодлууд гэдэг шиг Тавантолгойн тухай сайхан мэдээ сонсох бүрийд эрх баригчдын тэнэглэл баллуурдаж хаяаад, баллуурын “хар зураас” нь мартагдахгүй зовоогоод байх юм даа, яасан ч хэцүү юм бэ? Ямар ч гэсэн монголчуудын бүгдийнх нь хүсэл Тавантолгойн олборлолтыг зөв шийдэлтэйгээр түргэн эхлүүлээсэй гэсэн ганцхан цэгт зангилагдаж байгаа байх. Дээр дурдсанаар хувьцаагаа, бүр тэр тусмаа ахиу үр ашигтай хувьцаа авахыг хэн бүхэн хүсч байгаа болохоор. Мэдээж хэрэг хар бор хүнд хүчир ажлыг нь гардан хийж байгаа Засгийн газар болоод аман дээрээ ард түмэн гэж ярих дуртай хууль тогтоогчид ч бас ингэж л хүсч байгаа байх гэж найдацгаая. Харин Тавантолгойн асуудлыг одооных шигээ ингэж гацаасаар байх ахул үнэхээр тэд Тавантолгойг гацаах чин хүсэлтэй байж л гэж итгэхээс. Өөрөөр хэлбэл, чинхүү хүсэл тань байвал Тавантолгойн асуудлыг түргэвчлүүлээч ээ гэсэн гуйлтаа дахин талбия.
Эцэст нь чихэнд чимэгтэй байж болох ганц мэдээ дуулгахад Тавантолгойн монголчууд өөрсдөө олборлолтоо хийх хэсэгт операториар ажиллах компанийн нэрийг тун удахгүй зарлах бололтой. Анх
-Монголын “Жи Эм Эс Си” ХХК /Жамп компанийн групп/
-БНХАУ-ын Өвөрмонголын “Эрдос” хөрөнгө оруулалтын групп
-Өмнөд Солонгосын “Корес” консорциум /”Сalco”-гоор дамжуулан Зүүн Цанхийн нүүрсийг худалдан авах гэрээ хийгдсэн/
-БНХАУ-ын “Шанси Коул ” групп
-Монголын “Таван Толгой Транс” ХХК /Тавантолгойд одоо олборлолт хийж байгаа “жижиг” гэж нэршсэн орон нутаг болон хувийн хэвшлийн хамтарсан компани/
-Австралийн “Макмахон лимитэд”
-Монгол-Канадын хамтарсан “Кану” ХХК
-Германы “Би Би Эм Оперта” групп
-Авсралийн “Лейтон Ази” лимитэд /Одоо тус компани Ухаа худагийн уурхайд “Энержи ресурс” компанитай хамтран ажиллаж байгаа/
компаниуд тус тус саналаа ирүүлснээс гурван компани тунаж үлдэн “Макмахон лимитед”, “Би Би Эм Оперта” эцсийн саналаа ирүүлэн, хоорондоо яриа хэлэлцээр хийж байгаа. Тэд ерөнхийдөө хамтраж олборлогчоор ажиллахаар нэгдсэн саналд хүрээд байгаа учир тун удахгүй албан ёсоор зарлах байх гэж “Эрдэнэс МГЛ”-ийн захирал Б.Энэбиш хэлж байсан. Тийм учраас удахгүй Зүүн Цанхийн олборлолтыг австраличууд болон германчууд хамтран хийнэ гэдгийг зарлах бололтой.
No comments:
Post a Comment