“Эрдэнэс Тавантолгой” компани долдугаар сарын 26-нд Тавантолгой орд газрын Цанхийн pүүн хэсгээс олборлох нүүрсний экспортын 5 жилийн хугацаатай гэрээг Хятадын төрийн өмчийн хөнгөн цагааны компани Chalco-той байгуулсан. Уг гэрээний үнэ цэнийг одоогоор нарийвчлан тайлбарласан шинжээч үгүй.
Гэрээний хүрээнд урьдчилгаа төлбөр болгон авсан 250 сая ам.доллар нь үнэндээ олборлолтын зардал бус зөвхөн Хүний хөгжлийн санд энэ жил төвлөрүүлэх ёстой 338.9 тэрбум төгрөгийг олоход чиглэсэн эрлийн үр дүн байв. Урьдчилгаа төлбөрийн талаар Эрдэнэс МГЛ компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр уг “өр”-ийг 1-1.5 жилийн хугацаанд төлж дуусгах тухай мэдэгдэх үеэрээ энэ хугацаанд нүүрсийг ямар үнээр, мөн хэдий хэмжээгээр гаргах тухай тодорхой мэдээлэл өгөөгүй юм.
Уг мэдээллээр ямар ч байсан эхний 1-1.5 жилд Цанхийн зүүн хэсгийн экспортоос Монгол улсад ямар нэг орлого төвлөрөхгүй нь тодорхой боллоо. Тодорхойгүй нь гэвэл, “Эрдэнэс Тавантолгой” Chalco-д нүүрсээ ямар үнээр тооцож, хэдэн тонныг худалдах нь ойлгомжгүй үлдсэн юм.
Иймд зарим нэг бүдүүлэг тооцоог өөрсдөө хийж үзэхээс аргагүй. Монголын нүүрсний экспортын өнөөгийн нэг гол суваг болсон Хятадын Сэхэ боомтод нэг тонн коксжих нүүрс 650 юанийн /100 ам.доллар/ үнэтэй байна. Иймээс Монголын экспортын нүүрсний дундаж үнэлгээ энэ жилийн хувьд өнгөрсөн онд 52 ам.доллар байсантай харьцуулахад бараг 100 хувиар өсөөд буй юм.
“Эрдэнэс Тавантолгой” энэ жил хамгийн багаар бодоход 250-300 мянган тонн, хэрэв зорилтоо биелүүлж чадвал 1 сая тонн нүүрс экспортолно. “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш ойрын 3-4 жилд Зүүн Цанхийн олборлолтыг 15 сая тоннд хүргэнэ гэсэн учир 2012 онд уг хэсгээс наад зах нь 1-2 сая тонн нүүрс экспортолж таарна. Бидний сонорт цухалзсан ганц нэг баримтад дулдуйдан гаргасан хамгийн бага дүнгээр бодоход тус компани “өр” барагдуулах 1-1.5 жилийн хугацаанд 2-3 сая тонн нүүрс Хятад руу экспортлох урьдчилсан тооцоо гарч байна.
Үүнээс “Эрдэнэс Тавантолгой”, Chalco –гийн хоорондын тохиролцоонд нүүрсний үнийг хэрхэн тусгасныг харьцангуйгаар таамаглаж болох бөгөөд Монголын талд уг Гэрээ ашиггүй байх магадлал тун өндөр буйг харж болно. Өөрөөр хэлбэл Зүүн Цанхийн нүүрс нь Сэхэ боомт дахь одоогийн дундаж үнэ 100 ам.доллараас бага үнэлгээтэйгээр эхний 1-1.5 жилд Хятадад нийлүүлэгдэх магадлал өндөр байна.
No comments:
Post a Comment