2011/08/09

Аж ахуй нэгж Тавантолгойгоос хувьцаа хүртэхгүй


Аж ахуй нэгж Тавантолгойгоос хувьцаа хүртэхгүй
Тавантолгой ордыг эргэлтэд оруулж, Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэх талаар Засгийн газар мэдээлсэн. Мөн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжид арилжаалах талаар УИХ-ын тогтоол гарсан билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Б.Батбаяр нар иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлж, харин аж ахуйн нэгжид хувьцаа олгохгүй байх талаар хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Улмаар УИХ-ын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн ‘’Тавантолгойн нүүрсний орд’’-ыг ашиглах зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй. Энэ талаар хуулийн төсөл санаачлагч Я.Батсууриас зарим зүйлийг тодруулсан юм. 

-Үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олгохгүй байх талаар та нөхдийн санаачлан боловсруулсан хууль олон хүний дургүйг хүргэж байна? 

-УИХ-аар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэлэлцэх шатанд улсын хэмжээнд 30 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан бол өнөөдөр 53 мянгад хүрлээ. Эдгээр аж ахуйн нэгжийн тал нь ашиггүй ажилласан гэдэг тайлантай. Энэ мэтчилэн үндэсний аж ахуйн нэгжүүдийг бүртгэж, тооцоог нь гаргахад хүндрэлтэй боллоо. Үлдсэн 50 хувь нь бас л асуудалтай. Нэг хүний нэр дээр 20-30 компани бүртгэлтэй байна. 

Мөн 27 мянган аж ахуйн нэгжийн тал нь 10 сая төгрөг хүрэхгүй эргэлтийн хөрөнгөтэй. Засгийн газраас өгч байгаа мэдээллийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа 2700 аж ахуйн нэгж л бий гэсэн. Бусад нь ямар нэгэн байдлаар татвар төлдөггүй, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүд байгаа юм. 

-Гэхдээ тодорхой шалгуур үзүүлэлт тавьж байгаа гэсэн. Жишээ нь, 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө үйл ажиллагаа явуулж байсан. Татвараа хугацаанд нь төлдөг гэх байдлаар? 
-“Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь арилжаалсан тохиолдолд зөвхөн 2700 эзний гарт 100 мянга гаруй хувьцаа төвлөрөх болно. Ингэснээр компанийн эзэн 100 мянга гаруй хувьцаа эзэмшдэг, компанийн ажилтан 536 ширхэг хувьцаа эзэмших шударга бус хуваарилалт хийгдэх юм. Нөгөө талаас Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай болох эрсдэлтэй. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын хөрсөн доорх баялаг ард түмний өмч. Тиймээс газрын баялгийг нийт иргэддээ шударга хуваарилах гэдэг агуулгаар нь авч үзвэл иргэн бүртээ дээрх хувьцааг ижил хэмжээгээр хуваарилах нь илүү шударга алхам болно. 

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болох нь гэсэн болгоомжлолоос болж ийм хуулийн төсөл боловсруулсан гэж үү? 
-Монгол Улсын хамгийн хүндрэлтэй асуудал бол уул уурхайгаас хэт хамааралтай болсон явдал. Засгийн газар уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэх гээд чадахгүй байна. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа хөрөнгө, мөнгөтэй хүмүүс зөвхөн уул уурхай руу л онилж байх жишээтэй. Бусад салбарт хөрөнгө оруулалт дэмжигддэггүй. Ийм тохиолдолд уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүдээ мөнгийг нь Тавантолгойн хувьцаа болгож худалдаж авна гэдэг бол эдийн засгаа уул уурхайгаас улам их хамааралтай болгож байгаагийн шинж. 

Нөгөө талаар 2010 оны зургадугаар сарын 30- наас хойш байгуулагдсан хэдий ч олон зуун ажлын байр бий болгож, улсын төсөвт их хэмжээний татвар төлж, улсын эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүд Тавантолгойн хувьцааг худалдан авч чадахгүй ялгаварлагдана. 

-Гэхдээ аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгч байгаа. Тэдэнд иргэдтэй адил үнэгүй өгөөгүй гэдэг байдлаар асуудалд хандах болов уу? 
-Тийм ээ. Ер нь уул уурхай мөнхийн ашиг өгдөг улс орны тулгуур төв салбар биш ээ. Зөвхөн түр зуурын өндөр хэмжээний ашиг орлогыг манайд өгч байна. Гэтэл баялгийн нөөц нэг л өдөр дуусдаг. Тэр баялаг, материалыг орлуулах бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны ололтоор нэвтрүүлж болдог. Олон эрсдэл дагуулдаг учраас уул уурхайг хэтэрхий шүтэж, эдийн засгийн гол салбараа болгож болохгүй. 

-Улмаар аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр хувьцаагаа арилжиж байж “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа явагдана гэж байгаа шүү дээ? 
-Тавантолгойн үлдсэн 30 хувь бий. 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр зарж, борлуулж, мөнгө босгоно. Энэ хөрөнгөөр Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэнэ. Тэр 30 хувиас хангалттай мөнгө босно гэж найдаж байгаа. 

-Иргэн бүрт 536 биш 1072 ширхэг хувьцаа олгоно гэсэн тооцоо гаргасан байсан байх аа? 
-Хувьцааг нийт иргэддээ тэгш хувааж, иргэн бүрт Тавантолгойн 1072 ширхгийг үнэ төлбөргүй олгох асуудлыг энэхүү тогтоолоор шийдвэрлэж байгаа юм.

No comments:

Post a Comment