-“Тавантолгой” хувьцаат компанийн 45 жилийн ой удахгүй болох гэж байна. Компани хэзээ үүссэн талаар яриагаа эхэлье?
-1966 онд Тавантолгойн уурхай байгуулагдсанаас хойш 45 жил болж байна. Энэ хугацаанд зовлон жаргалын аль алийг нь туулж, Монгол улсын тэргүүний уурхайнуудын нэг болтлоо хөгжиж, ажиллаж байна. Социалист систем, шилжилтийн үе, одоогийн зах зээлийн системийг өөрийнхөө хөдөлмөрөөр давж, 45 жилийн ойтойгоо золголоо. Энэ нь манай компанид ажиллаж байсан үе үеийн уурхайчдын баяр юм.
-Тавантолгойн уурхай анх яаж нээгдэж байсан юм бэ? Одоо бол Монголын топ компаниудын нэг болж чадсан байна?
-1966 оноос хойш дандаа л их хэмжээний олборлолт явуулж, экспортолж байсан уу гэвэл үгүй. Үргэлж ийм том компани байсангүй. Тавантолгойн уурхайгаас сүүлийн 5 жилд л нүүрс экспортолж, ийм амжилттай ажиллаж байна. Урьд нь Өмнөговь аймаг болон бусад аймгийн хэрэгцээг хангах төдий л ажиллаж байсан. Сүүлийн 5 жилд тэргүүний татвар төлөгч болж, топ компаниудын нэг боллоо. 2010 он гэхэд 69.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол орон нутгийн төсвийн 60-70 хувийг Тавантолгойн уурхай авч явж байна. Тэр дундаа Цогтцэций сумын төсвийг 100 хувь бүрдүүлж байна.
-“Тавантолгой” ХК-ийн бусад компаниас ялгарах онцлог нь орон нутгийн өмчит компани. Энэ утгаараа орон нутгийн хөгжилд Тавантолгой компанийн оруулж байгаа хувь нэмэр их байгаа байх?
-Зах зээлд шилжин төрийн өмчит компаниуд хувьчлагдах үед Тавантолгойн уурхай ашиг орлогын хувьд хүндхэн байсан. Ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байсан үе бий. Ингээд УИХ-аас уурхайг орон нутгийн өмчид шилжүүлсэн. Орон нутгийн удирдлага ч чадахынхаа хэрээр уурхайгаа авч явж байна. Компанийн зүгээс өөрсдөө явж, зах зээлээ олж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадсаны хүчинд уурхайн үйл ажиллагаа жигдэрч, Монгол улсын тэргүүний уурхайн нэг болж чадлаа. Жишээлэхэд, Тавантолгойн уурхай Монгол Улсын экспортод гаргаж байгаа нүүрсний 50 орчим хувийг дангаараа эзэлж байна.
Манай компани орон нутгийн өмчтэй. Тавантолгой компани ашигтай ажиллаж байвал ашгаасаа нутгийн иргэддээ тэгш хуваарилах ёстой гэж үзээд сүүлийн хоёр жил дараалан 48000 иргэнд 50 мянган төгрөгийг Нутгийн хишиг гээд тараасан. Аймгийн хувьд хурдацтай хөгжиж, хүн амын сууршил эрс нэмэгдэж байна. Үүнийг дагаад цахилгаан, дулааны асуудлыг шийдэх хэрэгтэй болж, “Тавантолгой” компанийн зүгээс 5.4 тэрбум төгрөг гаргаж, ДЦС-ыг өргөтгөж байна. Мөн энэ 45 жилийн хугацаанд Өмнөговь аймгийг маш хямд нүүрсээр хангаж байгаа нь их том дэмжлэг юм. Нүүрсний үнэ нэмэгдэхэд цахилгаан дулааны үнэ нэмэгдэж, дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тэгвэл сүүлийн жилүүдэд манай аймагт үнэ харьцангуй тогтвортой байгаа нь Тавантолгойн уурхайтай холбоотой. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй олон зүйлээс Тавантолгойн уурхай, Тавантолгой хувьцаат компанийн Өмнөговь аймгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг харж болох байх.
“Тавантолгой” хувьцаат компаний хувьд үндсэн ажилтан нь 200-гаад хүн бий. Бүгд нутгийн иргэд. Тэр дундаа яг энэ тосгондоо үе дамжин амьдарч, уурхайдаа ажиллаж байгаа гэр бүл цөөнгүй бий.
-Өмнөговь аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал бол байгаль орчны бохирдол. “Тавантолгой” ХК-ийн зүгээс энэ талаар ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ?
-Бид жил бүр энэ чиглэлээр төлөвлөгөө гарган ажилладаг. Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх тал дээр анхаарч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нөгөө талаас энэ бүс нутагт хамгийн том олборлолт явуулж байгаа компанийн хувьд энэ тал дээр анхаарахгүй байх аргагүй. Эх дэлхийгээ хайрлах, хамгаалах, ногоон байгалийг хадгалах тал дээр бид тодорхой санал санаачилгуудыг гаргаж, төсөл хөтөлбөр боловсруулж байгаа. Уул уурхайн олборлолтоос гадна урагшаа чиглэлийн замын асуудал хамгийн том бэрхшээл болоод байна.
Дэд бүтцийн хөгжил сул болохоор бид замын асуудал дээр сүүлийн үед нэлээд анхаарч байгаа. Манайхаас нүүрс авч байгаа компаниуд болон бусад компаниудтай хамтарч зам барихаар тодорхой хөрөнгө гаргаж байна. Замын аюулгүй байдал дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн бид байгаль орчныг бохирдуулж байгаагийн нөхөн төлбөрт нэг тонн нүүрсэнд 1000 төгрөг өгдөг. Бүгдийг нь мундаг болгочихсон гэвэл худлаа. Гэхдээ байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах тал дээр “Тавантолгой” компани тэргүүлж ажиллаж байгаа гэж ойлгож байна.
-“Тавантолгой” ХК-ийн хувьцаа Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Хамгийн эрэлттэй, өндөр үнэлгээтэй хувьцаатай болж чадсан цөөхөн компанийн нэг?
-Хувьцаат компаниудын хувьд гол үнэлгээ нь хувьцааны ханш шүү дээ. Компани өөрөө чадваржиж, үйл ажиллагаа тогтвортой, ашиг орлого нь нэмэгдэж байгаа болохоор хүн болгон тэндээс хувьцаа авч, ногдол ашиг хүртэхийг бодож байгаа. Тиймээс ч хувьцааны эрэлт нэмэгдэж, ханш нь өсч байна. Хувьцааных нь үнэ 1.5 сая төгрөг болсон компани Монголын түүхэнд байхгүй. Ялангуяа өмч хувьчлалын үед хувьчлагдсан компаниудаас Хөрөнгийн бирж дээр хамгийн идэвхтэй байгаа компани нь манайх. Энэ бол манай компанийн үйл ажиллагааг манай хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид хэрхэн үнэлж байгааг харуулж байгаа хэрэг. Ер нь манай компани хамгийн нээлттэй байдаг компани шүү дээ.
-Төгсгөлд нь Та компанийнхаа ойд зориулаад үг хэлэхгүй юү?
-Юуны өмнө “Тавантолгой” хувьцаат компанийн 45 жилийн ойг тохиолдуулан уурхайн 45 жилийн түүхэнд ажиллаж байсан нийт уурхайчид, тэдний ар гэрийнхэн, одоо ажиллаж байгаа уурхайчдадаа, шижигнэсэн сайхан энэ залуустаа баярын мэнд хүргэе. Энэ компанийн амжилт бол манай хамт олны, үе үеийн маань уурхайчдын ажлын үр дүн юм шүү.
No comments:
Post a Comment