2011/08/23

Таван толгой бараадсан жолооч нарын амьдралаас...


Таван толгой бараадсан жолооч нарын амьдралаас...
Нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог Тавантолгойн орчимд ажилладаг уурхайнуудаас нүүрс зөөдөг монгол, хятад нийлсэн 5200 хүнд оврын автомашины жолооч бий. 

Тэд 21 замаас 3-4 болсон салаа замуудаар пургисан их шороон дунд нүүрс зөөнө. Тэдний дунд компанид харьяалагддаг жолооч ч бий, хувиараа явдаг нь ч бий. 

“Дээгүүр” алаагүй баавгайн арьсаа хэрхэн хуваах үлгэр шиг том том зүйл яриад л байдаг. Гэтэл газар дээрээ наад захын асуудлаа шийдчихэж чадаагүй гэдгийг очоод харж болно.

Тэнд зам дагасан бодлого, байгаль орчны, хүний амьдралын наад захын асуудлуудыг шийдэх гээд ямар ч бодлого, зохицуулалт байхгүй. Хувиараа явдаг жолооч нар тэр их пургисан шороон дунд ажилласан ч хэн ч тэдний эрүүл мэндэд санаа зовохгүй. Хожим тэдний эрүүл мэндэд ямар эрсдэл үүсч болохыг таашгүй.  Хэдэн жолооч нарт ороод цайлчих хоолны газар ч, халуун усны газар ч, ер нь тэнд хүнд зориулагдсан юу ч байхгүй. Нэгэнт төрийн бодлого тэнд байхгүй тул орхигдсон хүүхдүүд шиг замбараагүйтэл хаа сайгүй. Хүний наймаа хүртэл байгаа талаар нутгийнхан ярьж байсан. Том машины жолооч нарын кабин хэсэж, тэдэнд биеэ үнэлдэг охид, бүсгүйчүүд цөөнгүй гэлээ.

Жолооч нар сард ойролцоогоор 10 сая төгрөг олдог гэнэ. Түүнээсээ татвар, машины засвар гэх мэт мөнгөө өгөөд өөрт нь ойролцоогоор 3-5 сая төгрөг очно. Хэрвээ эсмен жолоочтой бол олсон мөнгөө хуваана. Тиймээс аль болох ганцаараа явахыг эрмэлздэг юм билээ. Нэгэнт ганцаараа явж байгаа болохоор гэртээ харьтлаа машин дотроо амьдарчихна. Хамгийн багаар бодоход нэг сар, тэгээд гурав, дөрвөн сар гэртээ харихгүйгээр ажиллана.

Нэг том машиныг хувиараа ажиллах хүсэлтэй хүн 100 сая төгрөгөөр авдаг гэнэ. Монголоос лизингээр авдаг бол Хятадаас урьдчилгаа ойролцоогоор 20 хувийг өгөөд түрээсэлдэг гэлээ. 

Жолооч нар Тавантолгойгоос 200 гаруй км яваад Цагаан хад гэх газар нүүрсээ буулгана. Нүүрсээ буулгахын тулд хаалга онгойлгох, нүүрсний хучлагыг авах, буулгах гэх мэт ажил тус бүрт зохих хүмүүст нь хөлс өгч ажиллуулна. Харин хөлсөө голдуу юаниар гүйцэтгэнэ. “Энд Монгол мөнгө бол үнэгүй ш дээ. Монгол мөнгөөр тооцоо хийдэггүй” хэмээн жолооч С хэлсэн юм. Тэрээр “хучлага буулгасан хүүхдүүд 30 юань өгчих л гэдэг юм. Монгол мөнгөөр бол 6000 төгрөг. Гэхдээ хэзээ ч 6000-ыг өгчих гэж хэлдэггүй” гэлээ.

Зам дээр гарсан ослуудын гол буруутан нь жолооч нар байдаг хэмээн эрх мэдэлтнүүд энд мэдээлдэг. Учир нь тэднийг хурд хэтрүүлж явдаг гэдэг юм. Гэтэл жолооч нар бүгд ам нэгтэйгээр 30 км/цагаас хол хэтрэх хурдтай явдаггүй, тийм боломж ч байхгүй гэдгийг ярьж байлаа. Үнэхээр ч ачаатай машинууд хурдлаад байх боломжгүй харагдсан бөгөөд харин урд нь нэг л машин явахад зам харагдах аргагүй шороо босч байсан юм.

Хятад жолооч нартай өрсөлдөгч шахуу ажилладаг болохоор хоорондоо тун ч таарамжгүй. Хятад жолооч нар “Монголчууд хүн муутай” гэдэг бол Монгол жолооч нар “хятадууд биднээс илүү цалин авдаг, хүндрэл үүсгэдэг, дээрэлхдэг” гэх мэтээр муулна. Бид уурхайн хонхор гэх жолооч нарын амсхийдэг газарт очсон юм. Тэндээс нэгэн жолоочтой ийнхүү ярилцлаа.



-Та энд хэр удаан ажиллаж байна. Хамгийн сүүлд хэзээ эмнэлэгт үзүүлсэн бэ?

-Хүнд ш дээ. Байнгын тоос шороонд. Бид ч нэг орхигдсон хүмүүс шиг л байдаг юм. Би таван жил явж байна. Гэртээ очоод өвдөж зовбол л үзүүлнэ.  

-Хэдий хугацаанд ажиллаж байгаад харих уу?
-Уурхай хаагаад, эсвэл зам засвартай болвол л харина. Тэгэхгүй бол яваад л байна. Дор хаяж гурван сар явна даа. Тэгж байтал машин эвдрээд долоо хоног зогсохоор бол харьдаг юм. Тэгээд 200 гаруй км-т өдөр шөнөгүй давхина гэдэг чинь хэцүү. Би бол 20 км/цагаас хэтэрдэггүй. Давхивал дугуй хагарна. Нэг дугуй нь 500 мянган төгрөг юм чинь дугуйгаа хайрлана. 

-Хүмүүс хөгжөөд байгаа л гэж яриад байгаа. Харин таны хувьд?
-Хөгжихөө алд даа. Нүүрсийг нь ухаж, зөөж байгаа л болохоос өөр хөгжөөд байгаа юм юу байдаг юм. Хүмүүс өөрсдөө л санаачилгаараа засварын газар, дэлгүүр, гуанз нээгээд байгаа болохоос энд зохицуулалт хийсэн ажил нэг ч алга. Хятад руу л нүүрсээ зөөж байна, өөр юу ч алга.

-Хэрвээ энд ямар нэгэн зохицуулалт хийгээсэй гэвэл хамгийн түрүүнд юу байгаасай гэж та бодож байна?

-Ядаж л халуун усны газар нээчихээсэй билээ. Кабиндаа амьдардаг бид нарт тэгвэл ядахдаа хааяа усанд ордог газар хэрэгтэй л юм. Үнэндээ бол ороод суугаад аятайхан хоол идчих газар ч энд байдаггүй. Залуу хүмүүс үзэж харах юм юу ч байхгүй. Бид чинь бас Монгол улсын иргэд байна даа. Хүнд хэрэгтэй байдаг наад захын зүйлсийг л хүсч байна.

Тэрээр ийнхүү ярьсан юм. Нээрээ л илүү зүйл хүссэнгүй, энгийн хэрэгцээг л энэ хүмүүс хүсч байна. Хэсэг залуус “ярилцлага өгье” хэмээн дуудахад нь очиж тэдэнтэй уулзаж, ярилцсан юм. Дээрх жолоочтой мөн л адил зовлонтой тэднээс “залуу хүмүүс байна даа, физиологийнхоо хэрэгцээг яаж хангаж байна” гэхэд “бид нар хүн байхаа больсон байх оо. Одоо бодогдохоо ч больж” гээд инээлдсэн юм. 

Үнэхээр л дэлхийд данстай уурхайн орчимд ийнхүү Монгол иргэд хүний тооноос хасагдаж байгааг эрхэмүүдэд дуулгая. Том уурхайнууд ажиллаж, Монгол улсын төсөвт их мөнгө оруулж байж болох ч тэнд ХҮН ажиллаж байгааг санаж, бага ч болов бодлого зохицуулалт хийх цаг хэдийнээ болжээ. 

Дэлхийн хэмжээний орлого ашиг, нөөцтэй уурхайд хүний чинээнд ажиллаж, амьдрах бололцоог нь хангаач.

No comments:

Post a Comment