УИХ-ын хаврын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Намрын чуулган эхлэх болоогүй байгаа. Гэхдээ намрын чуулганаас өмнө амжиж хэлэлцэх асуудал энэ УИХ-д цөөнгүй бий. Засгийн газар саяхны хуралдаанаараа сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа Тавантолгойн гэрээний асуудлыг түргэвчлэх талаар ярилцжээ. УИХ-ын гишүүдийн хувьд энэ сарын 15 гэхэд цугларах чиг аваад буй. Ээлжит бус чуулган зарлалаа гэхэд хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал бол Тавантолгой. Стратегийн хөрөнгө оруулагч нь ямар улсууд байх, хэд хэдэн хувийн оролцоотой ашиглах зэрэг асуудал ээлжит бус чуулганы шийдэх асуудлын нэг. Дараагийн анхаарал хандуулах асуудал бол Сонгуулийн хууль. Тогтолцооны асуудлаас болж үл ойлголцолд хүрээд байгаа МАН, АН энэ удаа ямар нэгэн тохиролцоонд хүрэх байх. Нийгмийн зарим хэсгийн хувьд гол хоёр нам тохиролцоонд хүрэхгүй яаж ийж цаг хожиж байгаад сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг салхинд хийсгэж мэднэ гэсэн болгоомжлол бий. Харин зарим хэсэг нь УИХ энэ удаа муу нэр зүүхгүйн тулд тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийнэ гэж үзэж буй. Энэ хоёр байр суурийн аль аль нь үндэслэлтэй. Тэгэхээр Сонгуулийн хуулийг үнэхээр өөрчилье гэсэн бодол УИХ-д байгаа бол ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж таарах байх.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал, Тавантолгойг тойрсон олон зүйлийг хэлэлцэх шаардлагатай. Ер нь ажил мундахгүй их байна” хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. Түүн шиг бодолтой гишүүд олон байгаа байх. Тэгэхээр энэ удаагийн ээлжит бус чуулган хоёр асуудлын ард гарч магадгүй нь.
No comments:
Post a Comment