2011/08/06

Нүүрсний алсыг харсан бодлого үгүйлэгдэж байна

Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлаас Тавантолгой тойрсон нэгэн үйл явдал анхаарал татаж байна. Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт давхидаг Тавантолгойн нүүрсийг худалдан авах эрхийг урд хөршийнхөн авлаа. 

Тавантолгойн Цанхийн зүүн хэсэг 795 сая тн нүүрсний нөөцтэй. 75 хувь нь коксжих нүүрс. Энэ хэсгийг "Эрдэнэс МГЛ"-ийн охин компани, төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани 100 хувь ашиглах юм. Эндээс нүүрс авч байх гэрээг манай тал, Хятадын талтай үзэглээд байна. Уг үйл ажиллагаанд манай талаас Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Д.Энхтайван, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, дэд дарга О.Эрдэнэбулган, "Эрдэнэс МГЛ" ХХК болон түүний охин компани "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагууд оролцсон бол, БНХАУ-ын талаас Chalco", "Shal steel" компанийн удирдлагууд оролцсон. 

Тавантолгойн ордын зүүн Цанхийн нүүрсийг хэн олборлох нь одоогоор тодорхойгүй байгаа. Тэрчлэн нүүрс авч байх тохиролцоог БНСУ-ын "Kores", Японы "Itochu", "Mitsui" корпорациудтай хийсэн юм. Хятадын компани 70 хувийг нь, БНСУ-ын "Kores", Японы "Itochu", "Mitsui" корпорациуд үлдсэн 30 хувийг нь авна гэсэн ойлголт албаныхны тайлбараас төрж байна. Гэхдээ энэ 30 хувийг Солонгос, Японы талд худалдаалах эрхийг "Chalco''-д олгожээ. Энэ гэрээг байгуулсныхаа төлөө манай тал 250 сая ам.долларын урьдчилгааг "Chalco" компаниас авах аж. 

Монгол улс 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрөө төлж дууссаны дараа л юмныхаа эзэн болох юм байна. Тодруулж хэлбэл нүүрсээ борлуулах эрхийг зах зээлийн утгаар нь олж авах нь. Манай улсад нүүрсээ үнэ хүргэх, нүүрсний импортоос их ашиг олох том боломж харагдаж байгаа. Австралиас бусад импортлогчдын импортлох нүүрсний хэмжээ багасах дүр зурагтай байгаа нь монголчуудын хувьд том унац болно гэж төсөөлөх хүн олон байна. 

Асар ашигтай энэ ирээдүйгээс Монгол улс нэг зүйлийг олж харах хэрэгтэй. Бидэнд нүүрсний алсыг харсан бодлого хэрэгтэй. Тэгж байж дэлхийн зах зээлийн найр тавьж буй орон зайд хүчтэй оролцогч байж чадна. Тавантолгойн Цанхийн зүүн хэсэг тойрсон үйл явдал энэ мэтээр үргэлжилж байхад Тавантолгойн Цанхийн баруун хэсэг ч Монголын төдийгүй дэлхийн анхаарлыг татсаар байна. Энэ хэсгийг хэн ашиглах нь тодорхой болсон. 

БНХАУ, ОХУ-Монгол, АНУ гэсэн дөрвөн улс энэ хэсгийг хамтран ашиглана. Засгийн газар ийм хуваарилалт хийж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барихаар болоод буй. Гэхдээ чуулган завсарлахаас өмнө өргөн барьж чадсангүй. Өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын гэрээ яаж хийгдсэн нь, бүрэн боловсруулагдсан эсэх нь ч тодорхойгүй байгаа. УИХ хэлэлцээгүй гэхээр эцсийн шийдвэр гараагүй гэсэн үг. Яг ийм үед Япон улсын Ерөнхий сайд Тавантолгойн төсөлд оролцох хүсэлтээ дахин илэрхийлээд буй. 

Эндээс харахад Тавантолгой дэлхийн анхаарлыг татсан хэвээр байна. Дахин хэлэхэд Тавантолгойн ашиглалтын асуудал хүчтэй яригдаж байгаа энэ үед нүүрсний зах зээлийн ирээдүйг харсан цогц бодлого үгүйлэгдэж байна.

No comments:

Post a Comment