2011/08/01

Инфляцитай дахин нүүр тулах бололтой

Инфляцитай дахин нүүр тулах бололтой
ЦАНХИЙН ЗҮҮН ХЭСГИЙН НҮҮРСИЙГ БОРЛУУЛЖ ЭХЛЭВ

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлын нэг нь "Эрдэнэс Тавантолгой" БНХАУ-ын төрийн өмчит "Chinalco" корпорацийн охин компани "Chalco trading"-тэй гэрээ байгуулснаар Тавантолгойн нүүрсийг ирэх сараас ачуулахад бэлэн болсон явдал байв.

Тус компани манай улстай таван жилийн гэрээ байгуулж урьдчилгаа 250 сая ам.доллар өгч байгаа аж. Мөн гэрээ байгуулах үеэр Цанхийн баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендерээс хасагдсан БНСАУ-ын "Korea resources", Японы "Mitsui", "Itochu" компанитай харилцан ойлголцдын санамж бичигг гарын үсэг зурсан байна. Ингэснээр Тавантолгойн нүүрсийг "Chalco trading" компани зөвхөн Хятад руу гаргаад зогсохгүй Япон, Солонгосын дээрх хоёр компанид нийлүүлэх үүрэг хүлээж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, "Chalco trading" компани таван жилийн хугацаанд манай улсаас нүүрс авна, мөн Япон, Солонгосын зах зээл рүү давхар нийлүүлэх үүргийг гэрээгээр баталгаажуулсан гэсэн үг аж. Харин манай 250 сая ам.доллар урьдчилж авсныхаа төлөө тус компанид 1-1.5 жилийн хугацаанд нүүрсээ "үнэгүй" нийлүүлэх юм.

Нэг үгээр хэлбэл, урьдчилгаа төлбөрөө 1-1.5 жилийн хугацаанд барагдуулах хүртэл ийн ажиллах юм байна. Нийт ачуулсан нүүрсийн 70 хувь нь Хятадын зах зээл рүү, үлдсэн хувь нь Япон, Солонгосын зах зээл дээр дэлхийн жишиг үнээр борлуулагдах болно. Харин урьдчилгаа төлбөрөө төлж дууссаны дараа бид Хятадад зах зээлийн ханшаар нүүрсээ үргэлжлүүлэн нийлүүлэх юм байна. Нүүрсийг ирэх сараас ачуулах юм байна.

Энэ онд нэг сая орчим тонн нүүрс нийлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогийн байдлаар 50 мянган тонн нүүрс ачихад бэлэн болжээ. Хүний хөгжил сангийн мөнгийг санхүүжүүлэх үүргийг "Эрдэнэс Тавантолгой" компани хүлээсэн. Иймээс уг үүргээ гүйцэтгэхийн тулд 250 сая ам.доллар урьдчилж авахаас өөр аргагүй байсан хэмээн ТӨХ-ны дарга Д.Сугар, "Эрдэнэс МГЛ"-ын гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар тайлбарлажээ.

ЖИЖИГ БАНКУУД ДҮРМИЙН САНГАА ӨСГӨХИЙН ТУЛД НЭГДЭЖ БОЛЗОШГҮЙ

Манай улсад мөнгө орж ирэхийн хэрээр банкны салбарын үйлчилгээг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Иймээс Төв банкны ерөнхийлөгчийн тушаалаар 2013 оны нэгдүгээр улирлын сүүлчээс эхлэн арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөгт хүргэхээр болсон. Уг шаардлагыг биелүүлэхийн тулд зарим банкинд хоёр сонголт тулгарч байна.

Нэг нь хөрөнгө оруулагч хайх, нөгөөх нь ижил төстэй банктай нэгдэж хувь нийлүүлсэн хөрөнгөө 16 тэрбум төгрөгт хүргэх явдал юм. Өнөөгийн байдлаар найман банк төв банкнаас тогтоосон 16 тэрбумын босгыг давах шаардлагатай байгаа аж. Төв банкны тооцож буйгаар 16 тэрбумын босгыг хангахгүй байгаа арилжааны банкууд 2013 он гартал ашигтай ажиллаж чадвал хувь нийлүүлсэн хөрөнгөө бүрдүүлэх боломжтой хэмээж байна.

Банкны системийн хуримтлагдсан ашиг 223 тэрбум төгрөг байгаа нь нийт дүрмийн сан 275.2 тэрбум төгрөгтэй ойролцоо байгаа аж. Иймд дүрмийн санг нэмэгдүүлснээр банкууд үйл ажиллагааныхаа цэвэр ашгаар нөхөх бололцоотой хэмээн тооцож байна. Дашрамд дурьдахад, банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг хоёр дахин өсгөснөөр илүү далайцтай үйл ажиллагаа явуулах бололцоо нэмэгдэж, өсөн нэмэгдэж буй эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна харилцагч нарынхаа итгэлийг улам бүр хүлээх юм байна.

БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨХ ҮҮ

Төв банкнаас улсын автобус 400 төгрөгөөр үйлчилж эхлэх юм бол энэ сард бодлогын хүүг нэмэгдүүлэх асуудлыг захирлуудын зөвлөлөөр хэлэлцэж магадгүй хэмээж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн бүх автобус 400 төгрөгөөр үйлчлэх болов. Бодлогын хүүг нэмэгдүүлэх шалтгаан нь одоогийн байдлаар суурь инфляци 11 хувьтай байгаад оршиж буй юм.

Бензин шатахууны үнэ өсч, нийтийн тээврийн тасалбарын үнэ нэмэгдсэн нь инфляцийн түвшинг сүүлийн хоёр cap тасралтгүй нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Үүн дээр улсын автобусууд 400 төгрөгөөр үйлчлэх болсноор инфляцид нөлөөлөх зайлшгүй шалтгааныг бүрдүүлээд байна.

ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

Япон, Солонгосын тал Тавантолгойн тендер шударга бус явагдсан хэмээн гомдол гаргасан байна. Цанхийн баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендерт тус хоёр улсын компани хасагдсан юм.

Тэгвэл Япон, Солонгосын тал тус тендерт ялах, стратегийн хөрөнгө оруулагчийн шаардлагыг бүрэн хангах бололцоо байхад үндэслэлгүйгээр хассан хэмээн үзэж байгаа аж. Мөн гомдолд Монгол Улс эрдэс баялаг боловсруулах тал дээр Японоос уйгагүй туслалцаа хүсч, энэ хүрээнд өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчлах үеэр уг салбарт хоёр тал харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцсон тухай дурьдсан байна.

Иймээс Тавантолгойн тендерт Японы талыг оруулахгүй бол туйлын харамсалтай байх болно хэмээжээ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч, эрэлт нь улам бүр нэмэгдэж буй энэ үед талууд Тавантолгойн тендерт ялахыг ихээхэн эрмэлзэх болжээ.

No comments:

Post a Comment