2011/08/17

“CHALCO”-ГИЙН ЧАНСААГ СОНЖЪЁ


Хятадууд Монголын баялагт хайртай юм. Ухаад ухаад барагдашгүй энэ их баялгийн хөрш зэргэлдээ суугаа нь геополитикийн хувьд давуу талтай болохоор аргагүй биз. Тиймээс ч гар сунгахын зайд байгаа томоохон төслүүдэд оролцохоор улангасч байна. “Chinalco” гэдэг нэрийг монголчууд андахгүй болж байна, одоо. Ашигт малтмалын томоохон ордуудад эзэн суух санаатай БНХАУ-ын төрийн өмчийн энэ компани Оюутолгойд оролцох сонирхлоо илэрхийлж байсан бол “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг 2400 км замаар уйгагүй тээвэрлэн, боловсруулах үйлдвэртээ хүргэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд халаасаа түнтийлгэн байгаа. “Chinalco” түүгээр зогссонгүй, Монголын нүүрсний салбарт гар дүрэв. Гэхдээ энэ удаа өөрөө биш, түүний “охин” нь.
7.5 тэрбум тоннын сайн чанарын нүүрсний нөөцтэй хэмээн дэлхийд гайхагддаг Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг экспортлох гэрээг энэ сард үзэглэж, нүүрс ачсан анхны цуваа өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайтын боомтыг чиглэн хөдөлсөн билээ. Үндэсний компанийн олборлосон нүүрсийг БНХАУ-ын “Chalco”, “Jinan Iron & Steel”, Японы “Itochu”, “Mitsui”, БНСУ-ын KORES компанид борлуулахаар болсон билээ. Монголын нүүрсийг худалдаж авах сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарлаагүй ч “хар алт”-ны төлөө дэлхийд нэр хүндтэй олон компани өрсөлдсөн гэдгийг ТӨХ-ны дарга Д.Сугар тайлбарлаж байв. Харин тэдний дундаас “Chalco” урьдчилгаа төлбөр, төлбөрийн нөхцөл, туршлага гээд олон талаар онцгойрсон юм байх.
Одоо “Chalco” гэж хэн болохыг сонирхъё. “Chalco” компанийн зах зээлийн үнэлгээг сонжъё гэвэл Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээнээс 2600 кодоор хайгаарай. Өчигдрийн арилжаагаар хувьцааных нь ханш 3.061 хувиар хямдарч, нэгж нь 5.7 хонконг долларын үнэтэй болсон байлаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд нэгж хувьцаа ных нь үнэ 8.16 хонконг долларт хүрсэн нь хам гийн өндөр ханш нь байв. Харин долдугаар сараас хойш хувьцааны ханш нь ямагт уруудсаар иржээ.
Тавантолгойн нүүрсийг ашиглах анхны эзэн Нью-Йоркийн хөрөнгийн биржид ACH нэрээр бас бүртгэлтэй. 2001 оны есдүгээр сарын 10-нд “Chinalco”, “Guangxi Investment”, “Guizhou Provincial Materials Development and Investment” корпораци хувь нийлүүлж “Chalco” (Aluminum corporation of China limited) компанийг байгуулсан аж. Байгуулагдсанаасаа гурван сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 11, 12-нд НьюЙорк, Хонконгийн хөрөнгийн биржид нэгэн зэрэг бүртгүүлж, бүтээн байгуулалтынхаа хөрөнгийг эндээс босгосон аж. Түүнчлэн Шанхайн биржид хувьцаагаа арилждаг. Харин “Chinalco” тус компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг.
“China Cinda Asset Management Corporation”, “China Orient Asset Management Corporation”, “China Development Bank”, “China Construction Bank” зэрэг нэр хүнд бүхий компани мөн хувьцааг нь эзэмшдэг. 11.049 тэрбум юанийн нийт хөрөнгөтэй бөгөөд 10 салбар, судалгааны нэг институт, 12 охин компанитай. Өмнөд хөршийн “Chalco” компани хөнгөнцагааны үйлдвэрлэлээр дэлхийд ноёрхогч ОХУ-ын “РусАл”-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг гэнэ. Харин дотооддоо энэ салбартаа монополь гэдгийг та дараах үзүүлэлтээр нь төвөггүй мэдэж болно. Жилд дунджаар 10 сая тонн хөнгөнцагааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Хөнгөн цагаанаар зогсохгүй газрын ховор элемент, зэс, өнгөт металлын эрэлд гарч, бизнесийн хү- рээгээ тэлж эхэлснээ өнгөрсөн жилээс зар ласан байна. 2008 оны байдлаар тэд 11.2 тэрбум ам.долларын хөнгөнцагааны бүтээгдэхүүн борлуулжээ. “Chalco” группийн орлого өнгөрсөн онд 120.99 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оноос 72.19 хувиар дээшилсэн үзүүлэлт аж. Харин 10.13 сая тонн хөнгөнцагаан үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 30.3 хувиар өссөн дүн болохыг тус компани санхүүгийн тайландаа дурджээ.
Сүүлийн үеийн мэдээнээс дурдвал бүртгэлтэй гурван биржид хувьцааных нь ханш тогтмол уруудаж буйн дээр “Chalco” компанийн энэ оны нэгдүгээр улирлын ашиг 47 хувиар буурсан мэдээлэл байна. БНХАУ-ын хөнгөнцагааны хамгийн том үйлдвэрлэгчийн эрчим хүч, үйл ажиллагааны зардал өсөн, олон улсын зах зээлд түүхий эдийн ханш огцом дээшилсэн нь тус компанийн нэгдүгээр улирлын ашиг буурахад хүргэсэн хэмээн тайлбарлажээ. Өнгөрсөн оны эхний улиралд 627.25 сая юанийн ашигтай ажиллаж байсан тус компанийн ашиг энэ онд 333.17 саяд хүрчээ. Уг нь “BNP Paribas”-ын шинжээчид тус компанийн орлогыг буурлаа гэхэд 425 сая юань дээр тогтоно хэмээн таамаглаж байсан юм. Гэхдээ “Standard & Poor’s” агентлаг тус компанийн зээлжих зэрэглэлийг BBB+ хэмээн тодорхойлжээ.

No comments:

Post a Comment