2011/08/04

“Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ экспортолж эхэллээ

Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцаа тарааж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК БНХАУ-ын "Чалко" компанитай экспортын гэрээ байгуулсан билээ. Гэрээний дагуу тус компанид нийлүүлэх анхны тээвэрлэлтийг өнөөдөр эхлүүллээ. 13.30 цагийн үед тус бүр нь 100 тн-ын даацтай 40 машин Хятад улсыг зорьсон юм. Ойрын хугацаанд үүний үргэлжлэл болгож эхний ээлжинд 250 мянган тонн нүүрс олборлохоор бэлтгээд байгаа гэнэ. "Эрдэнэс Тавантолгой" экспортын гэрээ байгуулсны дагуу 250 сая ам.доллар урьдчилгаа болгон авсан бөгөөд төлбөрөө төлж дуусах хүртэл дээрх компанид давуу нөхцөлтэйгээр нүүрс нийлүүлэх юм.

Нүүрсний экспорт эхлүүлэх нээлтийн арга хэмжээнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн  Ж.Батзандан болон бусад албаны хүмүүс оролцлоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний жилдээ дөрөвдүгээр давхаргаас олборлолтоо явуулаад дараа, дараагийн жилээс ТЭЗҮ-д тусгасан “0” давхаргаас олборлохоор тооцоолж байгаа аж. Жилд 15 сая тонн коксжих нүүрс олборлоно гэж тооцвол 30 жилийн хугацаанд ойролцоогоор 410 сая тонн нүүрс гаргаж авна гэж албаныхан үзэж байгаа юм. 

No comments:

Post a Comment