2008-2009 оны хямрал үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг доргиож, түүнээс улбаалсан үр дагавар үүсгэж асан бол энэ удаагийнх Credit Crisis буюу эдийн засгийн бүхий л салаа мөчрийг хөндсөн өрийн давлагаа үүсгэлээ. 1998-1999 оны Азийн хямрал тус бүсийн хөрөнгийн захаас богино хугацааны хөрөнгө оруулалтууд гадагшилснаас үүдсэн билээ. Өмнөх хямралууд бүс нутагтаа халуун цэг үүсгэж байлаа. Өдгөөгийн өрийн хямрал харин дэлхийн хөгжингүй эдийн засгуудыг нэлэнхүйд нь хамрах нь тодорхой болжээ.
Энэ зууны эхний эдийн засгийн хямралын хамгийн оргил үед Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр явагдсан юм. Хөрөнгө оруулагч өөрөө санхүүгийн эх үүсвэр муутай, дэлхийн хөрөнгө оруулалтын сангуудаас мөнгө босгох амаргүй байсан. Зэсийн үнэ 3000 ам. доллар болтлоо унаж, Оюутолгой уурхайн үйл ажиллагаа эрсдэлтэй харагдаж байв. Хөрөнгө оруулагчид манай Засгийн газрын Ажлын хэсэгт хатуу нөхцөлүүд тулгаж байлаа. Өмнөх жил нь монголчуудын голж шүүмжилж байсан гэрээний хувилбарууд хямралын үед хэд дахин муудсан нөхцөлөөр дахин гарч ирсэн юм.
Оюутолгой ордын хэлэлцээр явагдаж байсантай ижил нөхцөл Тавантолгой ордын хэлэлцээрийн хоёр дахь шатанд үүсэх магадлалтай болжээ. Америкийн өр нь яг америк долларынхаа адил дэлхийг хэрсэн гүнзгий хамааралтай. Хятад улс Америкийн Засгийн газрын бондыг их хэмжээгээр худалдан авсан. Энэ хамаарал нь Хятадын эдийн засагт нөлөөлж, инфляц улам бүр өсч болзошгүй. Хятадад инфляц нэмэгдэнэ гэдэг нь дотоодын тогтворгүй байдлын эх сурвалж. Тавантолгой ордын нүүрсийг худалдан авах гол зах зээл дэх тогтворгүй байдал нь нүүрс тээвэрлэлтийн явцад бэрхшээл учруулах төдийгүй нүүрсний үнэд нөлөөлөх юм.
Монголын нүүрсний орд газруудын хувьцаа Америкийн биржийн хар пүрэв гаригтай зэрэгцэн навс унасан. Өдгөө уг үйл явцаас хойш арав гаруй хоног өнгөрөхөд Монголын орд газруудын үнэт цаас их хэмжээний уналттай хэвээрээ, хувьцаа эзэмшигчид паникаас гарч чадаагүй байна. Зах зээлийн шинжээчид ганцхан сарын өмнө хэлж байсан хувьцааны өндөр үнэлгээнийхээ талаар тайлбарлах үггүй болж, “Дэлхийн хямралын хүчин зүйлийг манайх судалгаандаа урьдчилан тооцох аргагүй” гэхээс өөрийг хэлсэнгүй.
Хямралыг дагаад газрын тосны үнэ унаж байгаа нь ОХУ-ын эдийн засагт ч сайнаар нөлөөлөхгүй. Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтад оролцож буй “Оросын төмөр замууд” нэгдэл нь төрийн өмчит компани. Томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахын тулд төсвөө батлуулдаг байгууллага. Тавантолгой ордоос Чойбалсан чиглэлд татах 1140 км төмөр замын бүтээн байгуулалтад зориулан 1.5 тэрбум ам. долларыг ДУМ-ээр батлуулахаар хоёр жилийн өмнө саналаа оруулж байсан боловч тэр нь дэмжигдээгүй юм.
Дэлхийн эдийн засаг муудах тусам Тавантолгой ордын хөрөнгө оруулагчид санхүүжилтдээ гар татах магадлал өснө. Ялангуяа Сайншандаас Чойбалсан хүрэх учиртай төмөр замын асар урт трасст хэн ч хөрөнгө оруулахгүй байх магадлалтай. Олон улсын шалгаруулалтын гол нөхцөл болж буй Тавантолгойгоос Цагаан суварга зэсийн ордын араар тойруулан татаж Сайншанд хүргэх ердөө 400 км төмөр замыг татсанаар хөрөнгө оруулагч дэд бүтцийн ажлаа хязгаарлаж болзошгүй. Энэ бүхний зэрэгцээ Цагаан суваргын стратегийн ордыг ашиглахаар МАК компани маш идэвхтэй ажиллаж байгаа боловч дэд бүтцийн асуудалд ямар нэг идэвх санаачлагагүй, хал балгүй чимээгүй хүлээхийг илүүд үзсэн хэвээрээ байна.
Одоогоор коксжих болон эрчим хүчний нүүрсний үнэд хэт их савлагаа үүсээгүй байгаа хэдий ч хямралын үр дагавар нь алтнаас бусад бүхий л ашигт малтмалын эрэлтэд муугаар нөлөөлөх уршигтай.
No comments:
Post a Comment