Өнөөдөр 100 тн-ын даацтай 40 машин Хятад улсыг зорьсноор удтал яригдсан "Эрдэнэс МГЛ"-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой" нүүрсний экспортоо албан ёсоор эхлүүллээ.
Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК БНХАУ-ын “Чайналко”-ийн охин компани болох "Чалко" компанитай экспортын гэрээ байгуулсан ёсоор болж буй үйл явдал юм.
Гэрээ ёсоор манай улсад 250 сая ам.долларын урьдчилгаа төлсөн тус компани Хятад, Япон, Солонгосын хэрэглэгчдэд Монголын нүүрсийг таван жилийн хугацаанд хүргэх юм. Харин эхний ээлжийн тээвэрлэлтээр 250 мянган тонн нүүрсийг тээвэрлэхээр тохиролцоо хийжээ. Түүнчлэн гэрээнд олборлосон нүүрсний 70 хувийг нь Хятадын компани авч, үлдсэн 30 хувийг нь Япон, Өмнөд Солонгосын компаниудад худалдах бөгөөд энэ үүргийг "Chalco" гүйцэтгэхээр тусгажээ. Харин гэрээний дагуу урьдчилгаа болж ирж буй 250 сая ам.доллар нь Хүний хөгжил санд орох юм. Ингээд 250 сая ам.долларыг 1-1,5 жил дотор барагдуулж дуусгах бөгөөд гэрээ дууссаны дараа буюу таван жилийн дараа Монгол улс өөрийн нөхцөлөөр дуртай зах зээлдээ нүүрс экспортлох боломжтой болох юм.
Одоогоор Эрдэнэс Тавантолгой Зүүн Цанхад олборлолт явуулж эхлээд байгаа бөгөөд энэ ондоо багтаж нэг сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. Ирэх жил 4-5 сая тоннд хүргэнэ. Улмаар ойрын таван жилдээ энэ тоог 15 сая тоннд хүргэхээр төлөвлөөд буй.
Тавантолгой орд нь Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 100 км-т, Цогтцэций сумын төвөөс баруун урагш Улааннуурын хөндийд Ухаахудаг, Цанхийнзүүн, баруун, зүүн, Бортолгой гэсэн таван жижиг толгой хэлбэрээр байрласнаас Тавантолгой хэмээн нэрийдэх болжээ.
Нийт 80 мянган га газрыг хамардаг энэ орд долоон жижиг нүүрсний ордод хуваагддаг бөгөөд Монголын засгийн газрын эзэмшлийн Эрдэнэс Тавантолгой эзэмшдэг хэсэг нь ордын зүүн хэсгийн Цанхийн зүүн орд юм.
Энэ ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар795 сая тонн гэж баталсан. Нийт нүүрсний 70 гаруй хувь нь коксжих нүүрс гэж үздэг. Энэ зүүн хэсэгт эхний таван жил оператор компаниудтай үлдсэн хугацаанд Монгол Улс дангаар ажиллана.
Харин Цанхийн баруун хэсэг 1204 сая тонн нүүрсний нөөцтэйгээс 65 хувь нь коксжих нүүрс гэж үзэж байгаа юм. Баруун хэсгийг стратегийн хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглана.
No comments:
Post a Comment