2011/08/22

Тавантолгойн шинэ зам ирэх сард ашиглалтад орно

Тавантолгойн шинэ зам ирэх сард ашиглалтад орно
Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 245 км замыг “Энержи Ресурс” компани ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах төлөвтэй байна.

Замын хатуу хучилтын ажил дуусахад 10 гаруйхан км зай үлдсэнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөл өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн юм. 

Гэхдээ энэхүү замыг уг хэсгийн шороон замаар нүүрс тээвэрлэдэг хүнд даацын машины жолооч нар хоёр машин зөрөхөд хэтэрхий нарийхан зам болсон гэж шүүмжилж буй юм. 

“Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компанийн мэргэжилтнүүд ч үүнтэй саналж нийлж буй. Харин замын чанарын хувьд тэд Монголд байхгүй сайн зам болно гэдэгт итгэлтэй байна. 

Тавантолгойн замаар нүүрс тээвэрлэж буй 100 тонны даацтай машины ачаа нь 2.4 метрийн өргөнтэй бөгөөд машины өөрийн жин нь 20 орчим тонн байдаг ажээ. Жолооч нарын хувьд Тавантолгойн шороон замаар 30-40 км/цаг хурдтай явдаг ч дугуй нь маш түргэн элэгддэг байна. Энэ нь замыг нарийн хайргаар бус, том том чулуутай хайргаар хийснээс шалтгаалдаг гэж жолооч нар тайлбарлаж буй юм.

Дээрх бэрхшээлүүдийг шийдвэрлэхүйц сайн зам одоо тавигдаж буй ч тухайн чиглэлд нэмэлт зам шаардлагатай гэдэг нь компаниудын нүүрсний экспортын төлөвөөс тодорхой харагдаж байгаа аж. Шинэ замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой бол ойрын 3-4 жилд Тавантолгойн зөвхөн Зүүн Цанхиас гэхэд жилдээ 15 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй. 

Тиймээс “Энержи Ресурс” компанийн барьж буй замтай зэрэгцүүлэн “Тавантолгой” ХК 12 метрийн өргөнтэй зам тавихаар төлөвлөж буй ажээ. Гэхдээ уг ажил одоо маршрут чиглэлээ гаргах шатандаа явж буй учраас жижиг Тавантолгой ХК-ийн шинэ зам хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна. 

“Энержи Ресурс”-ын зам ашиглалтад орсноор Тавантолгойн шороон замаар нүүрс тээвэрлэдэг авто машинуудын талаас илүү хувь нь хатуу хучилттай замаар явах боломжтой болох юм. Тоосжилт, аваар осол, машины эвдрэл, зардал аль аль нь багасч эхэлнэ. Тавантолгойн дэд бүтэц зөвхөн шороон зам байсан цаг үеийг бид удахгүй үдэх гэж байна. 

No comments:

Post a Comment