2011/08/12

Хэлэлцээр амаргүй нөхцөлд болж байгаа


Байнгын анхаарлын гол цэг болж байгаа Тавантолгойн эргэн тойрон дахь асуудлаар “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиштэй ярилцлаа. 


-Юуны өмнө төрийн өм­чийн “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ экспортод гаргаж эхэл­­сэнд баяр хүргэх нь зүй­тэй байх. Баруун Цан­хиас монголчууд өөрсдөө олбор­ло­сон нүүрсээ экспортолж эхэл­­сэн нь яалт ч үгүй том ажлын эхлэл. Ийм богинохон хугацаанд олборлолтоо хийж экс­­портод гаргасан нь бас чамгүй амжилт гэж мэр­гэж­лийнхэн хэлж байсан, өнгөр­сөн долоо хоногт Таван­толгойд болсон ёслолын үеэр...?


-Баярлалаа. Тавантолгой стра­тегийн чухал орд учраас ашиг­лах үзэл баримтлалыг өн­дөр төвшинд авч үзэж, өнгөрсөн оны долдугаар сард УИХ-ын 39 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Энэ дагуу тогтоол гарангуут уул уурхайн ажлаа эхэлж, наймдугаар сарын 27-нд анхныхаа хөрс хуулалтыг эхэлсэн. Ач холбогдолтой үйл явдал гэж дүгнэж байгаатай санал нэг байна. Компанийн хувьд үйл ажиллагааных нь эхлэлийн үр дүн. Тавантолгойн ажлын үр дүнг хүлээж байгаа бүх монголчуудын хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь­цааг эзэмшигч гэдэг утгаараа бас маш их ач холбогдолтой. Арав хорь биш, 50, 60 магадгүй 100 жил зогсолтгүй нүүрс олбор­лон экспортлох их аж­лын эхлэл. Тавантолгойн орд газарт олборлолт хийж байгаа хувийн компаниудын улсын төсөвт оруулж байгаа орлого одоо бараг Эрдэнэтийн уурхайн орлогоос даваад байна. Үүн дээр том Тавантолгойн олборлолт нэмэгдэж, тасралтгүй олборлолт хийж, экспортод гаргана гэдэг тэр хэмжээгээр зөвхөн компанийн орлого ашиг төдийгүй, улсын төсөв, Хүний хөгжлийн  санд оруулах орлого ч нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн ч нийгмийн ч талаасаа компанийн үйл ажиллагааны эхлэл тавигдаж байна гэдэг утгаараа ч том үйл явдал. Бас нэг ач холбогдол нь “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гарган, хөрөнгө оруулалт босгоход бас нэг томоохон үзүүлэлт болох юм. Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахад нүүрсээ олборлож эхэлсэн, экспортод гаргасан түүхэн замналтай байх ёстой. Өөрөөр хэлбэл, олон улсын хөрөнгийн зах зээлд гарахад бас нэг томоохон үзүүлэлт болох юм.

-Жилд 15 сая тонн нүүрс олборлоно гэж тооцоолбол 110 жил ашиглах нөөцтэй гэж та танилцуулж байсан. Зөвхөн Зүүн Цанхиас тийм үү?

-Манай нөөцийн зөвлөх Канадын “Норес” компанийн бидэнд саяхан өгсөн тайлан­гаар бол Зүүн Цанхийн уур­хайн нөөцийг жилд 15 сая тон­ноор олборлоно гэж тооц­вол ойролцоогоор 115 жил ашиг­лахаар байна. Гэхдээ хүчин чад­лаа илүү нэмэгдүүлнэ биз ээ гэсэн. Жилдээ 15 сая тонн гэдэг олон улсад ч нэлээд том уурхайд тооцогдох боловч дэд бүтэц, зам харилцаагаа хөгжүүлж, сайж­руулахад олборлолтыг үүнээс ч илүү нэмэгдүүлэх боломж­той гэсэн. Мэдээж энэ бол бидэнд тааламжтай байлгүй яах вэ.

-Баруун Цанхийн нөөцийг нэмбэл бас чамгүй тоо гарах нь ээ?


-Зүүн, Баруун Цанхи нөөцийн хувьд ойролцоо. Ингээд бодохоор Баруун, Зүүн Цанхи, бусад хувийн компаниудын олборлолт гээд Тавантолгойгоос олон арван жилээр бид хар алт олборлох боломжтой гэдэг нь харагдаж байна л даа.
      
-Зүүн Цанхид олборлолт хийх оператор компанийг хараахан танилцуулаагүй байгаа. Гэхдээ гурван компани тунаж үлдээд байснаас “Макмахон лимитед”,  “Би Би Эм Оперта” компаниуд хамтран ажиллахаар болж байгаа юм байна гэж ойлгогдсон, тийм үү?


-Саяхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдсан. Зүүн Цанхийн оператор шалгаруулах тендерт оролцсон Австрали болон Канадын “Макмахон лимитед”,  “Би Би Эм Оперта” компаниуд хамтран нэгдэж ажиллах боломжтой юм гэсэн хүсэлт гаргасныг ТУЗ дэмжиж, эдгээр компаниудтай үйл ажиллагаагаа эхлүүлэх хэлэлцээр хийе гэж үзсэн. Үндсэндээ бол шийдвэр гарсан гэж үзэж болно.

-Хэзээ албан ёсоор зарлах вэ?

-Нарийн ширийн асуудлуудаа тохиролцоод шийднэ. Энэ ондоо багтаад үйл ажиллагаандаа орох байх аа. “Эрдэнэс МГЛ” компани уул уурхайн ажлаа эхлүүлээд, “Эрдэнэс Тавантолгой” компанид шилжүүлсэн. Оператор компанийг тодруултал бэлтгэл ажлыг хангах зорилготой байгаад үндсэндээ оператор компанийг шалгаруулах ажил хойшлогдсоор цаг алдахгүйн тулд ажилласаар экспортоо эхлүүлэхээс өөр аргагүй болсон.  Гэхдээ олборлолт жил ирэх тусам өсөн нэмэгдэх учраас олон улсын нэр хүндтэй оператор компанийг УИХ-ын тогтоолын дагуу шалгаруулах нь асар их ач холбогдолтой.

-Тавантолгойд болсон экспортод бүтээгдэхүүнээ гаргах ёслолын үеэр бэлтгэл ажил хангах үүрэгтэй байсан улсууд маань олборлолтоо хийгээд экспортод гаргачихлаа гэж олзуурхаж байсан .Танай уурхайнхан ч бид өөрсдөө олборлолтоо дангаараа хийсэн ч чадна гэсэн итгэлтэй байсан?


-Дээр хэлсэн оператор компани шалгаруулах ёстой гэж. Олон улсын санхүүгийн зах зээлд хувьцаагаа гаргах хөрөнгө оруулахад олборлогч компанийн нэр хүнд, дадлага туршлага их чухал нөлөөтэй. Тэр үүднээсээ оператор компани ажиллах нь эхний жилүүддээ их чухал. Яг одоогийн төвшинд бид өөрсдөө олборлолтоо хийж чадаж байна. Уурхайн үйл ажиллагаа, цараа томрох тусам тусам уул уурхайд нэр хүнд бүхийн том компани ажиллуулах шаардлага гарч ирнэ. Гэхдээ тэднээр бүх ажиллагаагаа хийлгэнэ гэсэн үг биш. Ажилчид нь монголчууд байна гэх мэт бүх зарчим хэвээрээ. Гэрээний дагуу хийх ажлаа тэд хийнэ, бид хяналтаа тавина. Гэрээний хугацаа дууссаны дараа бол монголчууд бид өөрсдөө хийх боломжтой.

-Экспортоо бол “Chalco”-той хийсэн гэрээнийхээ дагуу Эрдэнэс Тавантолгой өөрсдөө хийгээд л явна биз дээ?

-Оператор бол экспорт, борлуулалтад хамаагүй. Ерөөсөө л уул уурхайн өндөр технологиор, байгаль орчинд ээлтэй дэвшилттэй технологиор нүүрсийг борлуулж, ачихад бэлэн болгоно. Түүнийхээ төлөө хөлсөө авна.

-“Chalco” буюу “Chanelco”-той хийсэн гэрээг урьдчилгаа төлбөр авсныхаа хувьд тодорхой нөхцөл хүлээж байгаа. Гэхдээ урьдчилгаа төлбөр аваагүй байсан бол үүнээс ч илүү сайн гэрээ хийх байсан гэсэн шүүмж сонсогдож байна л даа?

-Мэдээж бид нэлээд олон газрын саналыг авч харьцуулж үзсэн. Тухай бүрд нь Засгийн газарт танилцуулж байсан. Засгийн газраас ч гэрээ хийх тодорхой удирдамж зөвлөмжийг өгч байсан.Тэр болгон саналаас  “Chalco”-гийнх илүү байсан. Хэлэлцээр бол амар байгаагүй. Олон сар хэлэлцээр хийсэн. Бид үнийг бол харьцангуй боломжийн гэж үзэж байгаа. Дөрөвдүгээр давхаргын түүхий нүүрсийг нэг тонныг нь 70 ам.доллар, эхний нэг жилд. Түүнээс хойш бид зах зээлийн үнээр улирал тутам тооцоод явна, Тийм болохоор үүнээс их үнэ хүрэх ёстой, одоо бага гэх зүйл байхгүй, бид зах зээлийн үнийг авч чадсан. Энэ жилдээ нэг сая тонн нүүрс нийлүүлнэ. Ирэх жил 3-3,5 сая орчим тонн нийлүүлээд урьдчилгаа төлбөрт авсан 250 сая ам.доллар төлчихнө. Урьдчилгаа төлбөрөө төлж дуустал нүүрсийг 100 хувь “Chalco” худалдаж авна. Гэхдээ энэ нь зөвхөн Хятадад нийлүүлж байгаа хэрэг биш юм. Нийт нүүрсний 30 хувийг Хятадын хоёр гангийн үйлдвэрт, 30 хувийг “Chalco” Хятадын далайн боомтоор дамжуулан Япон, Өмнөд Солонгос гэх мэт гуравдагч зах зээлд, үлдэж байгаа 40 хувийг өөрийн зах зээл дээр боруулах. 250 сая ам.долларын урьдчилгааныхаа төлөө таван жил нүүрс худалдан авах эрх авч байгаа. Гэхдээ 100 хувь биш, нийт бүтээгдэхүүний 80 хувийг Хятад болон Өмнөд Солонгос, Япон гэсэн энэ зарчмаараа,  Үлдэж байгаа 20 хувийг бид өөрсдөө зарж борлуулна. Мөн энэ гэрээгээр уг 20 хувийг Хятадын боомтоор дамжуулж зарахад туслалцаа үзүүлэхээ амлаад байгаа. Зах зээлийн үнэтэй урьдчилгаа төлбөртэй, тодорхой нөхцөлтэй гэрээг бид байгуулж чадсан . Урьдчилгаа төлбөр авснаар компани маань уул уурхайн үйл ажиллагаа явуулах эхний хөрөнгө оруулалтыг гаргаж авч чадсанаас гадна УИХ, Засгийн газрын өгсөн үүргийн дагуу Хүний хөгжлийн сангийн буюу иргэн бүрт олгож байгаа 21 мянган төгрөгийг олгоход үүргээ гүйцэтгэж, хувь нэмрээ оруулсан.

-Урьдчилгаа төлбөр тодорхой хэмжээний хүүтэй биз дээ?
-Жилийн гурван хувийн хүү бол их хэмжээний мөнгийг урьдчилж өгч байгаагийн хувьд боломжийн хэмжээнд тохиролцож чадсан хүү гэж үзэж байгаа. Төр засгийн хэмжээний уулзалтуудаар хийсэн уламжлалт харилцаатай улсуудынхаа зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх манай улсын албан ёсны байр суурьт нийцэж байгаа гэж үзэж байгаа. Манайх хүлээх үүрэг бол ерөөсөө нүүрсээ төлөвлөсөн ёсоор нийлүүлэх. Манай зүгээс тээвэрлэлтийн талаасаа ч тасалдалгүйгээр нүүрсээ нийлүүлэх ёстой. Үүнд бас төрийн өмчит компанийн хувьд төрөөс дэмжлэг хүсэхээс өөр аргагүй нөхцөл байдал бий. Хилийн боомтын асуудал нэлээд хүнд байгаа. Манайхыг оролцуулаад гурван компани нүүрс экспортолж байна. Бүтээгдэхүүний хэмжээ байнга өсөн нэмэгдэж буй, цаашид ч нэмэгдэнэ. Гэтэл хилийн боомтын дамжин өнгөрүүлэх чадвар муу байна. Үүнийг яаралтай анхаарч хүчин чадварыг нь сайжруулах хэрэгтэй байна. Нүүрс гаргаж байгаа компаниудын хувьд энэ бол маш их тулгамдаж байгаа асуудал.

-Хилийн боомт дээр 100, 200 машин цувраад зогсчихдог. Жолооч нар нь дор хаяж арав гаруй цаг бүр хэдэн өдрөөр ч хүлээн зогсдог гэдэг юм билээ?


-Тийм. Ийм хэвээр байж болохгүй байна. Хилээр ямар ч саадгүй, зохих бичиг баримтаа бүрдүүлээд гардаг байхгүй бол нийлүүлэлтэд саад бэрхшээл учирж байна.

-Ухаахудагт олборлолт хийж байгаа “Энержи ресурс”-ийнхэн яг уурхайн орчимдоо гүний гаалийн цэг байгуулж байгаа гэж сонссон. Хил, гаалийн бүрдүүлэлтээ хийгээд шууд хилээр саадгүй гарах, ачааллыг багасгах, давхар зардал гаргахгүй байх ач холбогдолтой юм гэж ойлгосон?


-Бид бас ийм зорилготой байгаа. Уурхай дээрээ бүх бүрдүүлэлтээ хийгээд бүтээгдэхүүнээ жинлээд хил дээр гацах саатах зүйлгүй, Цагаан хад дээр дахиж нүүрсээ буулгаад, ачих шаардлагагүй, цаг хугацаа, ажиллагаа, зардал их хэмнэнэ. Одоо бол Цагаан хадны ил агуулахад нүүрсээ буулгаад бүрдүүлэлт хийж байгаа шүү дээ. Төмөр зам баригдтал авто замын тээвэрлэлтийг тасралтгүй шуурхай байлгах шаардлагатай байна л даа.

-Төмөр зам гэж том асуудал бий. Олон гарцтай байх гэдэг стратеги бол нэгэнт тодорхой болсон. Гэхдээ одоо ажил хаанаа яваа юм бэ? Танайх Гашуун сухайт руу тавих болон Сайншандаар дайруулах замаар хоёулангаар нь тээвэрлэлтээ явуулах уу?

-Төмөр замын хувьд компанийн мэдлээс давсан засгийн бодлогын хувьд авч үзэх асуудал. Компанийн хувьд нүүрсний хэмжээ нэмэгдэх тусам авто замаар тээвэрлэж барахгүй болно. Тийм учраас төмөр зам асар чухал асуудал. Олон улсын зах зээлд Тавантолгойн хувьцааг гаргахад ч энэ их чухал асуудал болно. Тавантолгойн ордоос хааш хаашаагаа нүүрсээ тээвэрлэх боломжтой байх ёстой. Хоёр чиглэлийн төмөр замыг хоёуланг нь яаравчлах шаардлагатай. Сая, сая тонн нүүрс экспортлох ажил маань үндсэндээ эхэлчихээд байдаг. Үнээнээсээ сүү авах гээд үнээний дэлэн чинэрчихээд байхад савгүй байж болохгүйтэй л адилхан.

-Тээвэрлэлт, тэр тусмаа төмөр зам чухал, олон гарцтай байх ёстой гэдэг дээр Засгийн газрын төвшинд ч хууль тогтоогчдын хувьд санал нэгдсэн байгаа. Гэхдээ одоо юун дээрээ гацаад байгаа юм бэ? Ямар ажил хийж эхлэх ёстой, хэн хөрөнгө нь гаргах юм бэ? 


-Эхлэх л дутаж байна.  Баруун Цанхийн хэлэлцээрийн гол сэдэв болж байгаа. Төмөр замын ажил бол олон зуун сая долларын хөрөнгө оруулалт шаардах учраас хөрөнгө оруулагчидтай хамтарч таарна.

-Тавантолгойн бас нэг анхаарал татсан Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах асуудал. Гурван оролцогч тунаж үлдсэн гэх боловч албан ёсны мэдээлэл гараагүй, ойлгомжгүй хэвээрээ, Япон, Өмнөд Солонгос манайхыг яагаад хасчихав гэсэн тунирхлын үг шидсэн гээд дуулиан дэгдээд байгаа?


- Би бол зөвхөн компанийн төлөөлөгч шүү дээ. Миний хувьд хамаарал багатай асуудал. Гэхдээ би ганцхан тайлбар хэлье. Миний ойлгож мэдэж байгаагаар бол Баруун Цанхийн хэлэлцээр дуусаагүй байгаа. Хэвлэл мэдээллээр мэдээлэл гарч эхэлсэн үед ч эцсийн тохироо хэлэлцээр хийгдээгүй л байсан. Одоо ч хэлэлцээр дуусаагүй л байгаа.

-Засгийн газрын хуралдаанд гурван оролцогч тунаж үлдлээ гэсэн мэдээлэл танилцуулснаас  үүдээд л Япон, Өмнөд Солонгосыг орхичихсон байна гэх мэт дуулиан дэгдсэн. Гэхдээ асуудлыг эцэслэн шийдээгүй, зөвхөн явцыг танилцуулсан гэж албаны хүмүүс ярьж байгаа. Олон нийтийн хувьд стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан. Гэвч зарим нэг материал дутуу, ойлголт тодорхойгүйгээс Засгийн газрыг дахиж асуудлаа боловсруулж оруулж ир гэсэн үүрэг хүлээгдэж байгаа л гэсэн ойлголт төрөөд байгаа. Та энэ талаар юу хэлэх вэ?


-Баруун Цанхийн хэлэлцээрт Засгийн газрын төвшинд ажлын хэсэг ажиллаж, Засгийн газрын гишүүн ахалж байгаа. Би бол зөвхөн компанийн төлөөлөл. Манай компани зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа.

-Зүгээр таны хувийн бодлоор стратегийн хамтрагчийг тодруулах энэ бүх үйл ажиллагаа хэзээ шулуун зам дээрээ гарч ирэх бол гэж бодож байна вэ?


-Баруун Цанхи дээр 5-10 гол түлхүүр асуудлаа асуудлаа тохиролцож чадвал нэг их удаад байхгүй гэж бодож байна. Бүгд Засгийн газраасаа дэмжлэгтэй, дэлхийн том компаниуд оролцож байгаа болохоор бидний дотоодын маргаанаас даваад илүү геополитекийн бодлого, их гүрнүүдтэй харилцах харилцааны асуудал болж хувирах гээд байна шүү дээ. Бидний хоорондоо маргах нэг хэрэг. Цар хүрээний хувьд өргөн асуудал учраас хэлэлцээр амаргүй явагдаж байгаа. Дээр хэлсэн гол гэсэн асуудлуудаа тохиролцох юм бол удаад байх шалтгаан гарахгүй байх.

-Гол гэсэн асуудлууд нь яг юу, юу байх вэ?


-Консорциумын оролцогчид нь хэн хэн байх вэ, ямар хувь хэмжээтэй байх, гол буюу операторыг нь хэн хийх, төмөр замд хэн яаж оролцож, ямар хувь хэмжээ эзэмших, Монголын талд өгөх урьдчилгаа мөнгөний хэмжээ хэд байх, лиценз эзэмшигч буюу “Эрдэнэс Тавантолгой” компанийн оролцоо ямар байх, өөрөө оролцвол хэчнээн хувийг эзэмшиж оролцох, лиценз эзэмшигчид лизенцтэй талбайд орж ажиллаж байгаагийн хувьд төлөх төлбөр ямар байх вэ, нийт уурхайд оруулах хөрөнгө оруулалт, уурхайтай холбоотой бусад төслүүдэд оруулах хөрөнгө оруулалт хэд байх вэ гэх мэт түлхүүр асуудлуудаа ойлголчих юм бол бусад асуудлуудаа гэрээний төслийн төвшинд олон удаа санал солилцсон байгаа.

-Монголчууд өөрсдөө дөрөвдөгч этгээд болон оролцох боломжтой гэсэн санаа Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэлсэн байсан?


-Ямар ч оролцогч ингэж оролцоно гэж гарын үсэг зурсан асуудал байхгүй л байгаа л даа, миний ойлгож байгаагаар.  Би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн лиценз эзэмшигчийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” өөрөө оролцоно гэж бодож байгаа.

No comments:

Post a Comment