Иргэний танхимд олон хүн цуглажээ. Олон нийтийн анхаарлын төвд байгаа чухал асуудал учир энэ талаар саналаа хэлэхийг хүссэн хүн цөөнгүй байсан бололтой. Тавантолгойн орд 100 хувь төрийн мэдэлд байна. Уг ордын нийт талбай 68 мянган га. Таван хэсэг орд байдгийг уншигчид мэдэх биз. Эдгээрээс Цанхийн ордыг хамгийн их судалж, нөөцийг тогтоосон, шууд ашиглахад боломжтой юм байна. Бусад хэсэгт нэмэлт хайгуул, судалгаа хийх хэрэгтэй гэнэ. “Орос” аргачлалаар уг орд нийт 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Төрийг төлөөлөх учиртай “Эрдэнэс МГЛ” компанийн эзэмшилд нийт талбайн 95 хувь нь байдаг. Дээрх нөөцийн 93 хувийг төрийн компани мэднэ гэсэн үг. Олон улсын аргачлалаар тооцохоор нөөц 7.5 тэрбум тонн болж өсөж буй юм билээ. Сайтар судалсан гээд байгаа Цанхийн ордыг баруун, зүүн гэж хуваасан. Зүүн хэсэгт “Эрдэнэс МГЛ” олборлолтоо эхэлчихсэн. Өнгөрсөн оны наймдугаар сараас уурхайн амыг нээж, ТЭЗҮ, нөөцөө Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан юм. Жилд 15 сая тонн нүүрс олборлох боломжтой. Ингэж тооцвол 100 гаруй жил ашиглах нөөц тэнд бий. Тодруулбал, зүүн Цанхид нэг тэрбум, баруунд нь 1.2 тэрбум тонн нүүрсний нөөц байгаа аж.
Энэ сард анх удаа тэндээс нүүрс экспортолсон. Одоогоор 300.000 тонн нүүрсийг зөөвөрлөж, борлуулахад бэлэн болгож олборлоод буй юм байна. Ерөнхийдөө зүүн Цанхи 2015 оноос дээр дурдсан жилд 15 сая тонн олборлох хэмжээнд хүрэх юм байна. Энэ оны хувьд 1.3 сая тонн нүүрс олборлохоор тооцжээ. Жил ирэх бүр уг хэмжээ өссөөр 2015 онтой золгоно. Усжуулах систем, нүүрс угаах, баяжуулах үйлдвэр барих бэлтгэл ажил, судалгааг эхэлжээ. Мөн 300 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөж буй юм байна. “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш одоогийн нөхцөл байдлын талаар ийм мэдээлэл өгөв. Цанхийн баруун хэсэгт гаднын хөрөнгө оруулагчидтай хамтрах учиртай. Энэ хэсэгт хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулж буй юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар энэ талаар танилцуулсан. Гэрээг боловсруулах, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийхдээ УИХ-аас чиглэл болгож өгсөн 39, 40 дүгээр тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэх, Тавантолгойгоос гарах бүх нүүрсийг борлуулах, нэг ёсондоо хаягдалгүй байх, байгальд хоргүй, дэлхийн стандартад нийцсэн технологи ашиглах, нөхөн сэргээх гэх мэт шаардлага тавьжээ. Австрали, АНУ, БНХАУ, Япон, БНСУ гэх мэт орон орны томоохон 15 компани, консерциум оролцсоноос эхний шатанд зургаа нь үлдээд буй юм. Эдгээрээс гурвыг нь шалгаруулах аж. Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Ажлын хэсэг хэлэлцээ хийж байгаа. Нөгөө талаар нүүрсийг тээвэрлэхийн тулд ОХУ-ын талд манайд өрсөлдөх тариф санал болгох, БНХАУ-д дотоодын тээвэртэй ижил үнэтэй байх гэсэн шаардлага тавьжээ. Мөн ОХУ-д төмөр замын 1949 оны гэрээг өөрчлөх шаардлага тавьсан байна. Энэ хэсэгт төр ТӨХ-гоор дамжуулан оролцох юм.
Гэрээ 15 бүлэг, 85 зүйлтэй, хөрөнгө оруулалтын болон хамтын ажиллагааны гэсэн хоёр хэсэгтэй. Хугацаа нь 30 жил. Манай тал нийт үр ашгийн 64 хувийг хүртэх тооцоо хийжээ. Нүүрс олборлох, тээвэрлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэд бүтцээ шийдэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх гэх мэтээр бүх асуудлыг хөндөж, зохицуулсан гэж тэр дүгнэв. Гэвч эрдэмтэд, оролцсон төлөөлөл эсрэг байр суурьтай байлаа. Тэд Тавантолгойн гэрээг “бөөрөнхий, хам хум” болсон хэмээн үзэж буй аж. “Тавантолгойн ордыг 100 хувь дотоодын аж ахуйн нэгжүүд ашиглах ёстой. Зүүн Цанхийг бид өөрсдөө ашиглаж чадаж байна. Яагаад заавал гаднынхныг оруулах ёстой юм. Хөрөнгөгүй гээд байгаа бол ашигтай төсөлд зээл өгөх олон улсын байгууллага олон. Зээл аваад ажиллах юм бол гаднын хөрөнгө оруулагч авснаас хожим үлдэх өгөөж нь илүү байна” гэж байлаа. Эл зорилгоор үндэсний компаниуд хамтарч “Монгол 999” нэгдлийг байгуулсан билээ.
С.Ганбаатар (Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч):-Гэрээ боловсруулах үйл явц хаалттай болсон. Бид гурван талт хэлэлцээ хийх зарчмаа баримтлаач гэж найман удаа хандсан. Мэргэжлийн эрдэмтдийн саналгүйгээр ТЭЗҮ-г гаргах ёсгүй. Яагаад гэрээг олон нийтэд ил болгосонгүй вэ?
Ч.Хүрэлбаатар: -Гэрээг ямар нөхцөлөөр хэрхэн хийдгийг бид мэднэ. Хаана ч хэлэлцээ хийх явцыг хэвлэлээр зарладаггүй. Харин ч УИХаар хэлэлцэхээс өмнө олон нийтэд танилцуулж байна. Буруу зүйл байвал үүнээс өмнө засна.
Н.Сүхбаатар (“Хариуцлагатай уул уурхай” төрийн бус байгууллага): -Уг ордын хувьцааны 10 хувийг иргэдэд, 10 хувийг дотоодын аж ахуйн нэгжид эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл аж ахуйн нэгжүүдэд олгох 10 хувийг болиулах санал Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гаргасан гэж сонссон, үнэн үү?
Ч.Хүрэлбаатар: -Манай улсад 53 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй. Үүний тал хувь нь л үйл ажиллагаа явуулдаг. Мөн тал хувийн данс хоосон. Энэ мэтээр үлдсэн 9800 аж ахуйн нэгж бий. Үүний ард 2800 хүн л байгаа гэсэн мэдээлэл байна. Тиймээс Тавантолгойн ордын 10 хувийг 2800 хүнд тарааснаас иргэдийн 10 хувь дээр нэмсэн нь зөв гэж үзээд УИХ-ын хэсэг гишүүн хуулийн төсөл боловсруулан өргөн барьчихаад байгаа. Засгийн газрын зүгээс ийм санал гаргаагүй.
Г.Пүрэвбаатар (Монгол Улсын гавьяат эдийн засагч): -Баруун Цанхид монголчууд өөрсдөө хөрөнгө оруулж, ашгаа хүртэх ёстой. Цанхийн зүүн хэсгээс 10 хувийг нь иргэдэд олгоно гэвэл нэг хүнд 38 кг нүүрс ногдоно гэсэн үг. Хагас шуудай нүүрс. Нэг ёсондоо 536 хувьцаа нь хагас шуудай нүүрстэй тэнцэж байхад ногдол ашиг гэж юу авах юм. Нохойноос гинж нь гэгч л болж байна. Ашигт малтмалын хуулийг өөрчилж, Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогыг шинэчлэх, “Тавантолгой” гэдэг компани байгуулж, хөндлөнгийн этгээдээр нөөцийн судалгаа хийлгэх хэрэгтэй. Олон жил ашиглах орд учир яаралгүйгээр тооцоо, судалгаагаа сайн хийх учиртай.
Д.Содном (Ерөнхий сайд асан): -Тавантолгойг үндэсний хөрөнгө оруулагчдад хариуцуулах хэрэгтэй. Монголд мэргэжилтэн хангалттай бий. Бүр шаардлагатай ажлын байранд гаднаас хүн урьж болно. Цахилгаан станц, кокс химийн үйлдвэр барих гэх мэт өндөр технологи шаардагдах зүйл дээр л гаднынхныг оролцуулж болох юм.
Алтангэрэл (ҮАБЗ-ийн шинжээч): -УИХ-ын 39, 40 дүгээр тогтоол, ҮАБЗийн зөвлөмжөөс тусгасан гэх юм алга. Хариуцлагагүй гэрээ байна. Дэд бүтцийн асуудлыг тусгасан гэж Хүрэлбаатар сайд хэлж байгаа ч хэдхэн км замаас өөр зүйл ороогүй байна. Энэ мэтээр санал хэлсэн олонх хүн “Үндэсний аж ахуйн нэгж Тавантолгойд ажиллах ёстой” гэсэн байр суурьтай байлаа. Нэг ёсондоо Тавантолгойг харийнхантай хуваахгүй байвал л манай улсад илүү үр ашигтай гэж үзэж байгаа бололтой.
No comments:
Post a Comment