Зүүн Цанхиас олборлосон нүүрсний эхний цуваа саяхан Хятадыг зорилоо. Монголчууд нүүрсээ ачаад, гадагш борлуулаад байлгүй нүүрсээ гүнзгий боловсруулах нь чухал болж байна. Зүүн Цанхи дээр УИХ-аас гадаадын оператор компани шалгаруулахыг зөвшөөрсөн ч олон шалтгаанаар ажил сунжирсан тул төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд ярилцаад өөрийн хүчээр хөрсөө хуулж, олборлолтоо явуулахаар болсон ажээ. Ингээд өнгөрсөн жилээс хөрс хуулалтаа хийсээр өнөөдөр нүүрс олборлож экспортод гаргаж эхэллээ.
Зүүн Цанхиас энэ жилдээ нэг сая тонн нүүрс экспортод гаргах бөгөөд ирэх жилээс үүнийгээ дөрвөн сая тоннд хүргэж цаашдаа нэмэгдүүлэх аж. Орж ирэх мөнгөө нүүрс угаах үйлдвэр, усны нөөц хайгуул судалгааны ажилд заруулахаар төлөвлөсөн байна
Гэхдээ УИХ-ын зөвшөөрөл нэгэнт гарсан учраас цаашид гадаадын оператор компанийг нэмж оруулж болох гэнэ.Ингэснээр олборлох нүүрсний хэмжээ нэмэгдэж, чанар сайжирна. Тавантолгой ордын үнэт цаасыг дэлхийн зах зээл дээр борлуулахад гадаадын том том оператор орж ажиллах нь сайн гэж үзэж байгаагаа ТӨХ илэрхийлсэн.
Бид нүүрсээ ямар нэг зуучлах компанигүйгээр Хятадын гангийн үйлдвэрүүдэд шууд нийлүүлж байгаа нь нэг чухал ололттой тал юм байна. Харин стратегийн төлөвлөгөөний хамгийн гол зүйл нь Япон, Солонгосын зах зээлд Хятадын “Чалко” компани манай нүүрсийг нийлүүлэх гэрээ байгуулсан явдал гэнэ.
Борлуулалтын гэрээг үүнээс илүү хийх боломж бидэнд байсан ч нөхцөл байдал ийм байдалд хүргэсэн бололтой. Учир нь 250 сая ам.доллартой тэнцэх урьдчилгааг “Чалко”-гоос авч байгаа. Болохоор 250 сая ам.доллараа төлж барагдуулах хүртлээ нүүрсээ “Чалко” компанид 100 хувь өгч тус компани манай нүүрсний 20-30 хувийг Япон, Солонгост хүргэхээр болжээ. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” дөрөв дэх давхаргын буюу хамгийн чанар муутай нүүрсээ эхэлж борлуулж байгаа бөгөөд нүүрсний чанар доошлох тусмаа сайжрах аж. Одоогоор нэг тонныг 70 доллараар борлуулж байгаа нь муугүй үнэ гэнэ.
Чалкод өрөө төлж дуусаад нүүрсээ индексжүүлсэн үнээр борлуулах боломжтой болох юм байна. Ингээд гэрээний хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” өөрөө мэдэж борлуулах хувь нь нэмэгдэж харин “Чалко”-гийнх багасна гэсэн үг. Ингээд ойролцоогоор таван жилийн дараа Монголын Засгийн газар өөрийнхөө нөөцийг өөрөө мэдэж борлуулдаг хэмжээнд очих тооцоотой ажиллаж байгаа юм байна.
No comments:
Post a Comment