2011/08/22
М.Дагваа: Бид дэлхийн том тоглогч болоход Тавантолгойн нүүрс 150-200 ам.доллар хүрнэ
Тавантолгойн ордыг ашиглахад боловсруулсан саналаа Засгийн газар өнгөрсөн пүрэв гарагт судлаач, эрдэмтдэд танилцуулсан юм. Энэ үеэр ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн багш М.Дагваатай ярилцлаа.
-Тавантолгойн хэлэлцүүлэг боллоо. Та энэ бүхнийг хэрхэн дүгнэсэн бэ?
-Би уул уурхайн инженер мэргэжилтэй. Би уул уурхайн компаниудад зөвлөгөө өгч ажилладаг. Өмнө нь Оюутолгойтой холбоотой энэ төрлийн яриа хэлэлцүүлгүүдийг нэлээд сонирхож явсан. Энэ удаад Монголчууд өөрсдөө хайгуул хийсэн ордынхоо талаар ярьж байна. Тиймээс энэ давуу талаа ашиглаж чадаж байна уу гэдгийг их анхаарч байна. Засгийн газрын хэлэлцүүлсэн төслийг харахад, Оюутолгой дээр гарч байсан хүндрэлтэй зүйлүүдээс хамаагүй дэвшилттэй яриа хэлэлцээ явж байна гэж ажиглаж байна.
-Гэвч Засгийн газрын боловсруулсан төслийг эрдэмтэд ихээхэн шүүмжилсэн шүү дээ. Судлаачдын яриад байгаагийн наад, цаадахыг юу гэж тайлбарлах вэ?
-Судлаачдыг харж байхад Монголчуудын хүслийг ярьсан. Харин Засгийн газар маш хүнд бартаатай хэлцлийн дунд Монголынхоо давуу талыг гаргах гэж ажиллаж байна. Мэдээж, ажлын хэсэг судлаачдын үгийг сонсч байгаа учраас ажилдаа тусгаж авах зэрэг нэлээд их чиг баримжаагаа боловсруулсан байх гэж найдаж байна. Судлаачид зарчмын өөрчлөлт хийхээр том саналууд хэлж байсан. Тэгсэн тохиолдолд тэр нь УИХ-ын шийдвэр болж гарч байж, ажлын хэсэг түүнийг нь баримтална шүү дээ. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг судлаачдын саналыг шууд тусгаж ажиллана гэдэг хүндрэлтэй.
-Судлаачид “Тавантолгойн гэрээнд зөвхөн улстөрчдийн санал багтсан байна” гэж шүүмжилсэн. Таныхаар энэ үнэн үү?
-Эрдэмтдийн санал бол мэдээж нэлээн том ТЭЗҮ- ээр дамжиж гарна. Гэтэл энэхүү ТЭЗҮ-ийг хийхэд хэдий хэмжээний хугацаа хэрэгтэй вэ, зарчмын хувьд тухайн цаг хугацааг нь хүлээж, ТЭЗҮ-ийг гарсан хойно гэрээ хийх ёстой юу зэрэг асуудал байна. Одооны барьж байгаа зарчим бол ТЭЗҮ-гүйгээр эхлээд зарчмаа тохироод, дараа нь техникийн асуудлыг Тавантолгой болон хөрөнгө оруулагчид даатгаж үлдээх гэсэн зарчим дээр л яваад байна.
-Таныхаар энэ нь зөв үү?
-Нүүрсний зах зээл нэлээд эрэлттэй байгаа энэ үед ажлаа эхлээд явж байя гэдэг талаасаа энэ хэлэлцээ үргэлжилж байхад болохгүй зүйлгүй. Мэдээж, маш олон зүйлээр тооцох ёстой. Миний харж байгаагаар, эхний ээлжинд гэрээгээ тохирч эхлүүлээд, хугацаатай үүрэг өгч, ТЭЗҮ-ээ танилцуулах хэрэгтэй байх. Өнөөдрийнх шиг зарчмын асуудал гарвал гэрээндээ тодотгол оруулж болно шүү дээ. Яагаад гэвэл манайх лицензээ нэгэнт эзэмшиж байгаа, ярьж хэлэлцэх давуу тал, эрх нь Монголын талд хэвээрээ шүү дээ.
-Хятадын компаниас авсан урьдчилгаандаа кокс нүүрсээ 70 ам.доллараар худалдахаар болсон нь их шүүмжлэл дагууллаа. Гэтэл дэлхийн зах зээл дээр нэг тонн кокс нүүрс 250 ам.доллар хүрлээ шүү дээ?
-Нүүрсийг хаана зарах вэ гэдэг нь их сонин шүү дээ. Хэлэлцүүлэг дээр нэг хүн “Гэр хороололд нэг тонн нүүрс 70-80 мянган төгрөгөөр ирж байна” гэсэн. Тэр бол маш жижгээр олборлоод, тээвэрлэсэн учраас үр ашиггүй тул үнэтэй ирээд байгаагийнх юм. Монголд гэр хороололд түлэх нүүрсний өртөг нарийндаа 20 мянган төгрөгт багтах боломжтой. Тэр бүхнийг коксжих нүүрстэй хольж ярьж байгаа нь зөв харьцуулалт биш гэж бодож байна. 70 ам.доллар гэдэг бол Монголын хилийн үнэ гэдгээрээ одоохондоо тогтчихоод байгаа юм.
Монголын нүүрсний экспорт жилийн дүнгээрээ өсвөл Монголчууд дэлхийн зах зээл болоод Хятадын том тоглогч болох юм. Тэр үед том тоглогч гэдэг утгаараа нүүрснийхээ үнийг өсгөөд байх боломжтой, тийм тоглолт ч болно. Үнэ тогтоох хөндлөнгийн байгууллагууд ч Монголын нүүрсний үнийг 100 ам.доллар дотор л хэлээд байгаа. Бид өнөөдөртөө коксжих нүүрсний зах зээл дээр жижигхэн тоглогч байгаагаас томоор тодорхойлж чадахгүй байх. Цаашдаа мэдээж, Монголоос экспортолдог коксжих нүүрсний хэмжээ 50- 60 сая тонноос давсан үед үнээ 150-200 ам.доллараар ярих боломжтой.
-Тавантолгойг хуваачихлаа хэмээн эдийн засагчид Засгийн газрыг ихээр буруутгалаа. Ер нь үүнээс өөр ямар хувилбар байж болох вэ. Ер хуваах нь үнэхээр зөв байсан гэдгийг юугаар батлах вэ?
-Тавантолгойг хоёр хуваасан нь одоогийн барьж байгаа удирдамждаа баригдаад байгаа юм. Зарчмын хувьд хуваах, үгүй эсэхэд нь их том ялгаа гаргаж чадна гэдэгт би гайхаж байна. Одоогийн хувилбар байж болно шүү дээ. Энэ бол гэрээ хэлэлцээрийн олон шаттай эрх ашгийг зохицуулах гэсэн шийдвэр. Бүр нь өмнө нь Тавантолгойг 3-4 хуваана гэсэн шүү дээ. Мэдээж, тэр нь илүү төвөгтэй. Миний харж байгаагаар, лицензээ хоёр хуваадгаараа хуваачихаад, дэд бүтцийг нь нэг байлгах шаардлагаа тавих нь зөв байх. Угаах нэг үйлдвэртэй байх зэргээр шаардлага тавиад ажиллавал боломжтой байх.
-Гадаадын хөрөнгө оруулагч байх шаардлагатай эсэхэд эрдэмтэд шүүмжлэлтэй хандсан. Ерөнхий сайд асан Д.Содном гуай ч Монголын компаниуд энэ бүтээн байгуулалт, олборлолтыг хийж чадна гэж үзэж байна?
-Миний бодол, итгэл үнэмшлээр бол Тавантолгой дэлхийн хэмжээний том орд. Тиймээс ч том сонирхлууд энэ ордод орчихсон. Гэтэл Монголчууд “Энэ бол цэвэр Монголын орд, Монголын эрх ашиг” гээд хараад явахад түрүүний саналууд яригдана. Бид энэ олон том эрх ашиг дунд өөрсдийгөө хамгаалаад 100 хувийн гэрээ хэлэлцээрүүдийг өөрсдөө хийж чадах уу гэвэл надад их бэрх санагдаж байна. Яагаад гэвэл, хэтэрхий том гүрнүүдийн ашиг сонирхол хэдийнэ орчихсон. Бид хэдий чинээ өөрсдийн талаас асуудлаа тавилаа ч нөгөө талаас нефть, төмөр замаараа дамжиж бидний эсрэг ажиллаж чадаж байгаа нөхцөлд гэрээ хэлэлцээрийн талаас 100 хувь бидний хүслээр шийдэгдэнэ гэдэг хэцүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment