2011/08/17

Ч.Сосормаа: Тавантолгойн ордыг тойрсон нэгдсэн мэдээллийг иргэдэд өгнө

 Тавантолгойн ордыг тойрсон үйл явдалд олон нийт анхаарлаа хандуулж байна. Засгийн газар уг ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Ээлжит бус чуулган хийвэл хэлэлцэх нэг гол асуудал нь энэ. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас Монгол Улсын иргэн бүр 536 ширхэг хувьцаа эзэмших нь тодорхой болсон.
Гэвч олон нийтэд үүнээс цаашхи мэдээлэл дутмаг байна. Тиймээс иргэд Ерөнхийлөгчийн Тамгын газарт уг асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах хүсэлтийг удаа дараа тавьсан аж. Үүний дагуу Иргэний танхимд энэ сарын 18- нд эрдэмтэн судлаачид, иргэд оролцсон томоохон хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаагаас тодрууллаа.
-Тавантолгойн ордыг тойрсон мэдээлэл иргэдэд тодорхой биш байгаа. Энэ талаар цаг үеийн тодорхой мэдээллийг хэлэлцүүлгийн үеэр өгч чадах уу?
-Энэ бол стратегийн ач холбогдолтой том орд. Үүнийг үр ашигтай ашиглах нь бидний, цаашдаа үр хүүхдийн маань ирээд үй, улс орны хувь заяатай холбоотой. Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, хөрөнгө оруулагчдыг хэрхэн татсан, тендерийг яаж шалгаруулах вэ, иргэдэд өгөх хувьцааны асуудал юу болж байна гэх мэт олон асуултад иргэд хариулт авахыг хүсэж байна. Нөгөө талаар эрдэмтдэд энэ талаар олон санал, тооцоо бий.
Иргэдэд ч Тавантолгойг хэрхэн үр ашигтай ашиглах талаар хэлэх санал зөндөө байгаа. Тиймээс хэлэлцүүлгээр юуны өмнө олон нийтийг нэгдсэн мэдээллээр хангана. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар уг ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний, “Эрдэнэс MГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш олборлолт, төлөвлөлтийн өнөөгийн нөхцөлийн талаар мэдээлэл хийнэ.
-Иргэдийн шаардлагаар ийм хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа гэсэн байх аа?
-Төрийн шийдвэр гаргах, бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор л Иргэний танхимыг байгуулсан. Тиймээс иргэдийн хүсэлт, тодруулбал шаардлагаар бид Тавантолгойн ордыг хэрхэн үр ашигтай ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг өнгөрсөн зургадугаар сард УИХ баталсан. Мөн Дэгийн тухай хуульд нээлттэй сонсгол хийх заалт ч оруулсан. Иргэдийн оролцоог хангах эрх зүйн таатай орчин аль аль төвшиндөө бүрдэж эхэлж байна. Энэ утгаар Тавантолгой тойрсон асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх гэж байгаа юм.
Хэлэлцүүлэг зөвхөн Иргэний танхимын биш, дараа нь илүү өргөн хүрээ хамарч үргэлжлэх байх. Уг ордыг ашиглахтай холбоотойгоор УИХ-аас 39 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн. Үүнд ордыг хуваах тухай байхгүй. Тавантолгойн ордыг баруун, зүүн гэсэн хоёр хэсэгт хуваачихсан. Иргэдэд олгох 536 хувьцааг нэгдсэн ордоос хуваарилах уу, аль нэг хэсгээс үү, гаднын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлж байгаа хэсгийн гэрээнд хувьцааны талаар тусгасан уу гэх мэтээр хүмүүс сонирхож байна.
-Хэдэн хүн хэлэлцүүлэгт оролцох боломжтой вэ?
-Хэлэлцүүлэг болох талаар бид хэвлэлээр болон цахим хуудсаараа зарлана. Иргэний танхим 70-90 хүний багтаамжтай учраас оролцох хүний тоо хязгаартай. Гэхдээ саналаа цахим хаягаар болон бичгээр ирүүлэх боломжтой.

No comments:

Post a Comment