"Иргэний танхим"-д өчигдөр Таван толгойн асуудлаар нээлттай хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлэгт Засгийн газрыи төлөөллөөс гадна уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, Үйлдвэрчний, эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, эдийн засагч н.Дашзэвэг нар ирсэн харагдав. Мөн уул уурхайн салбарын эрдэмтэд санал бодлоо солилцсон юм.
Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сонгон шалгаруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өргөн бариад байгаа билээ. Гэвч чухам монголчуудад ямар ашиг авчрах гэрээ болсон нь одоогоор тодорхойгүй байна. Харин энэ талаар ерөнхий танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцүүлгийн эхэнд хийсэн юм. Тэрээр Таван толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл, тус ордын төлөвлөлт ба олборлолт, өнөөгийн байдлын талаар танилцуулав. "Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал В.Энэбиш түүний танилцуулгыг дэлгэрүүлсэн юм. Таван толгойн ордын хөрөнгө оруулагчидтай гэрээ хийхдээ УИХ-ын хоёр тогтоол, ҮАБЗ-ийн удирдамжийг баримталж байгаа юм байна. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхээр Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сараас хойш нийт таван удаа хэлэлцээрт оржээ. Ингээд Таван толгойг БНХАУ-ын Шиньхуа групп, АНУ-ын Пибоди, Орос-Монголын хамтарсан консерциум хамтран эзэмшихээр болсон юм. Хөрөнгө оруулагч талууд гэрээний бүх нөхцөлөөр тохиролцож чадсан гэж байгаа. Тухайлбал, урагшаа болон зүүн тийшээ тавих төмөр замын асуудлаар манайд ашигтай хувилбар олжээ. Монгол Улс ОХУ-тай 1949 онд хийсэн Төмөр замын гэрээгээ шинэчлэхээр болсон байна.
Таван толгойд хөрөнгө оруулагч компаниудад Монголд нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэр байгуулах шаардлага тавьж байгаа юм байна. Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол Таван толгойн тендерт оруулахгүй гэнэ. Наад зах нь тухайн компаниуд Монголын талтай хамтран нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах санал тавьж байгаа аж. Үүнийг нь хөрөнгө оруулагч талынхан хүлээн зөвшөөрчээ. Түүнээс гадна коксын болоод гангийн үйлдвэр барих тухай гэрээнд тусгагдаж байгаа юм байна. Таван толгойгоос олборлох нүүрсээ дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдах нөхцөлийг хайж байгаа гэнэ. Энэ талаар тодорхой саналуудыг хөрөнгө оруулагч компаниуд манай талтай ярилцсан байна.
600 мегаваттын цахилгаан станц барихаар болсон байна. Хөрөнгө оруулагчид манай улсад 500 сая ам.долларыг буцалтгүй олгохоор болсон. Мөн 500 сая ам.долларын урьдчилгаа өгнө гэж байгаа. Түүнчлэн Монгол Улсад татвар хураамжаа төлөхөөс гадна борлуулалтынхаа орлогын таван хувьтай тэнцэх төлбөрийг "Эрдэнэс Таван толгой" компанид төлөхөөр болсон гээд чихэнд сонсголонтой мэдээллүүдийг тэд урсгав.
Таван толгойд хөрөнгө оруулагчдаас манай тал ашигт малтмалын нөөц ашигласны албан татварын урьдчилгаа авна. Төмөр зам болон авто зам тавихаас эхлээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулах дэд бүтцийн асуудлыг хөрөнгө оруулагчдаар шийдүүлнэ. Байгалийн нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийлгэнэ. Гадаад, дотоодын аль нь ч бай бүх компанийн уул уурхайн салбарт ажилласан туршлага, санхүүгийнх нь чадамжийг харгалзаж байгаа юм байна.
Ер нь Засгийн газрын зүгээс Таван толгойн орцыг дэлхийн дайны уурхай болгохын тулд хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад хамаг анхаарлаа хандуулсан гэнэ.
Тэгвэл Таван толгойн ордын оператор компаниудад уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай, олон улсад нэр хүндтэй байх шаардлага тавьсан. Тэдний ашиглаж байгаа техник нь технологийн өндөр түвшинд хүрсэн байх учиртай. Түүнчлэн Таван толгойд ажиллах монгол ажилчдад сургалт явуулах баазтай байх ёстой талаар танилцуулж байлаа.
Ингээд Таван толгойд хөрөнгө оруулагч компаниудыг консерциум болгон нэгтгэж байгаа. Энэхүү консерциумд Монгол Улсыг Төрийн өмчийн хороо төлөөлөх юм байна. Ийм мэдээлэл хийсэн Ч.Хүрэлбаатар сайд хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендерийн явцад гарсан зарим гомдол саналын талаар тайлбар хийв. Япон, БНСУ Таван толгойн хөрөнгө оруулалтын тендерт сэтгэл хангалуун бус гэдгээ сүүлийн үед илэрхийлээд байгаа.
Гэвч Таван толгой бол Монгол Улсын өмч учраас манай улсад хэн нь ашигтай санал гаргана, түүнийг сонгох зарчмаар явж байгааг онцолж байлаа. Ийн мэдээлсний дараа МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар "Таван толгойн гэрээ Монголд ашиггүй болох нь. Эдийн засгийн тооцоо судалгаа дутуу дулимаг байна. Ийм муу гэрээ хийж, Монголын баялгийг үрэн таран хийх гэж байгаа хүмүүсийг нийтэд зарлах хэрэгтэй" хэмээн шүүмжлэв.
Харин Таван толгойн ТУЗ-ын гишүүн Ж.Батзандан "Үнэндээ Таван толгойн гэрээ монголчуудад ашигтай болж байгаа эсэхийг хянах ТУЗ-ын гишүүд ажлаа хийхгүй байна. Надаас гадна хоёр гишүүн ТУЗ-д байгаа хэдий ч гэрээ муу болж байгаа талаар огтхон ч дуугарахгүй байна. Таван толгойн 51 хувийг монголчууд эзэмших ёстой. Ингэж байж бид Монголынхоо баялгийн эзэн байж чадна" хэмээсэн юм.
Тэгтэл Ерөнхий сайд асан Содном "Ашигт малтмалын тухай хуульд монголчууд өөрсдөө хайгуул хийсэн уурхайгаа ашиглах гэрээ байгуулахдаа ордын 51 хувийг эзэмшинэ гэж заасан байдаг. Үүнийг баримталж гэрээ байгуулах ёстой" гэдгийг хэлж байлаа. Хятадад 40 хувийг эзэмшүүлж байгааг бүгд шүүмжилж байлаа.
Ер нь хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх нь Таван толгойн гэрээ дутуу дулимаг, монголчуудад ашиггүй болно гэж хатуу шүүмжилж байсан юм. ҮАБЗ-ийн хөндлөнгийн шинжээчид ч энэ гэрээг монголд ашиггүй болно. Тиймээс дахин хэлэлцэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэнээ танилцуулав.
"Монгол-999" компани Таван толгойд дотоодын компаниудаа оролцуулахыг анхнаас хэлж ярьж, сануулсаар ирсэн ч үүнийг Засгийн газар авч хэлэлцсэнгүй. Таван толгойг ашиглах ажилд дотоодын компаниудаа оролцуулаагүй, зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад найр тавьснаараа Оюу толгойн гэрээ байгуулахдаа гаргасан алдаагаа давтана гэдгийг сануулж байлаа. Тиймээс энэхүү гэрээний төслийгУИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө сайтар ярилцаж, дахин боловсруулахыг хэлцгээж байв. Гэвч Ч.Хүрэлбаатар сайд энэ бүхэнд дорвитой хариулт өгөхгүй байлаа. "Таван толгойн гэрээг Монголд ашигтайгаар байгуулахын төлөө тууштай ажиллаж байгаа" гэсэн хариултаар ам таглаж суув. Үнэндээ тэрээр ихэнх асуултыг Төрийн өмчийн хорооны дарга Сугар, "Эрдэнэс МГЛ" компанийн захирал Б.Энэбиш рүү түлхэн бултаж байв. Харин асуултад хариулах үүрэг хүлээсэн дарга нар нь үгссэн мэт бөөрөнхийлж байлаа.
No comments:
Post a Comment