Төрийн ордонд өчигдөр “Таван толгойн нүүрсний ордыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ? cэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ хэлэлцүүлгийг зохион явуулах хүсэлтийг иргэний нийгмийн байгууллага, судлаачдын зүгээс удаа дараа тавьсны улмаас зохион явуулах болсон гэдгийг хэлэлцүүлгийг зохион байгуулагчид онцолсон юм.
Хэлэлцүүлэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын бага хэмжээний танилцуулгаар эхэллээ. Тэрээр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсгийн хийж буй ажлын үр дүнг танилцуулсан юм. Тэрээр “Бид хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх саналыг энэ төсөлд анхнаас нь тусгасан. Уурхайг олон хэсэгт хувааж эхэлснээр өртөг зардал багатай явуулах зорилт хэрэгжих боломжгүй болж эхэлсэн. Оролцож буй компаниудад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг хөгжүүлэх чиглэлээр анхааран ажиллах болсон. Бид хамгийн гол нь нэмүү өртөг бий болгох чиглэлд анхаарлаа хандуулсан. Хэрэв энэ шаардлагыг нь биелүүлэхгүй компаниудыг оролцуулахгүй байх байр суурь баримталж байгаа. Мөн нүүрсийг боловсруулж орлого олох нь нэг номерын зорилт байсан. Мэдээж нүүрсийг боловсруулахдаа хамгийн өндөр үнэд хүргэж зарах зорилготой. Манай нүүрс дэлхийн зах зээлд гарахдаа ОХУ, БНХАУ ийн нутгаар дамжихаас өөр аргагүй. Ийм учраас нэг чиглэлээр гарсан замтай байх нь хараат байдалд орох аюултай. Тавантолгойгоос хоёр янзын нүүрс гарч байгаа нь коксжих болон эрчим хүчний нүүрс. Олборлолт ихсэхээр эрчим хүчний нүүрсийг борлуулах асуудалд хүндрэл үүсэж болшгүй. Нэг бол овоолох, нөгөө бол зарж тэрбум тэрбумын ашиг болох. Ашигт малтмалын тухай хуулиар бид цогц байдлаар бүрэн хэмжээгээр ашиглах ёстой” гэв.
Ажлын хэсгийнхэн нэмүү өртөг шингээхийг хичээж энэ талаар санал тавьж байсны нэг нь гангийн үйлдвэр байгуулах тухай аж. Үүнтэй холбоотойгоор гадныханд гангаар хийсэн хийц эдлэлийг монголоос авах амлалт өгөөч гэх санал авсан аж. Гэвч тэд энэ хүсэлтэд шууд “үгүй” гэж хариулсан. Тэд өрсөлдөгч шинээр бий болохоос болгоомжилсон бололтой.
Хэлэлцүүлгийн үеэр Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар нараас “энэ гэрээ хаалттай явсан гэж үзэж байгаа болон гэрээний техник эдийн засгийн үндэслэл нь Монголын ард түмнээр хэлэлцэгдээгүй” гэх зэргээр шүүмжлэв.
Олон нийтэд бүгдийг дэлгээгүй гэх шүүмжлэлд Ч.Хүрэлбаатар “Дэлхийн хаана ч гэрээ хэлцлийг хийхдээ бүх нөхцөл, байр сууриа ил гаргадаггүй. Гэрээний арга тактик ч гэж зүйл бий. Ийм учраас энэ асуудлыг хаалттай хийгээгүй. Гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө ингээд хэлэлцээд байгаа нь нээлттэй л байгааг харуулж байгаа биз дээ” гэв. Тавантолгойн Баруунцанхийн асуудлаар одоо ч хэлэлцээр явагдсаар байгаа бөгөөд оролцогч улс бүр өөрийн хүсэл сонирхлыг давамгайлсан байдалтай байлгахыг хүсэж байгаагаас тохиролцоонд хүрч чадахгүй байгаа аж. БНХАУ -ын хувьд ийм шаардлага тавих гол хөшүүрэг нь нүүрсийг өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэхээс гадна эрчим хүчний нүүрсний нөөцийг бид л авах боломжтой гэж байгаа аж. Оросуудын “хөзөр” нь төмөр замын сүлжээтэй холбогдож байгаа бөгөөд түлш нийлүүлэгч гол орон гэдэг нь ч голлон оролцох шалтгаан болно гэж үзэж буй гэнэ. Гуравдагч хөрш гэгдэх Америкийн "Пибоди" нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэрээ мөн л давамгайлах зүйл болгон ашиглахыг хүсэж байгаа аж. Хэлэлцүүлэгт оролцогчдоос Баруун цанхи, Зүүн цанхи гэж хоёр хуваах нь буруу, гадны хөрөнгө оруулагчийг оруулахын оронд дотоодын хөрөнгө оруулагчдад боломж олгох зэрэг асуудлыг олонтаа тавьж, техник эдийн засгийн үндэслэл зэрэг олон тооцоо судалгааг ултай суурьтай хийж, мэргэшсэн хүмүүсийн санал үгийг сонсож шийдвэртээ тусгахыг дахин дахин анхааруулсаар байв. Хэлэлцүүлэг ийнхүү өндөрлөсөн ч асуудал нээлттэй хэвээр үлдлээ. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд орсон нэмэлтийн дагуу энэ асуудлаар байнгын хороогоор хэлэлцүүлэг явуулах боломж бий.
No comments:
Post a Comment