2011/08/01

“Барьцаалагдсан” Баруун цанхи

Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Д.Энхтайван болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд өнгөрөгч долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд болон БНХАУ-ын “Chinalco”, Японы “Itochu”, “Mitsui”, БНСУ-ын “Koreas” компаниудтай гэрээ байгуулан, Тавантолгойн ордын нүүрсийг экспортлох гэрээнд гарын үсэг зурцгаалаа.

“Эрдэнэс Тавантолгой” компани “Chinalco”-той экспортын гэрээг байгуулснаар 250 сая ам.доллар буюу Оюутолгойн ордоос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авсантай тэнцэхүйц хэмжээний урьдчилгаа төлбөр авч, урьдчилгаа төлбөрөө төлж дуусах хүртэл хугацаанд олборлосон нүүрсээ тус компанийн охин компани  болох “Chalco” компанид худалдаалах үүргийг хүлээж байгаа юм байна. Харин “Chalco”-гийн хувьд манайхаас импортолсон нүүрснийхээ 70 хувийг өөрийн зах зээл дээр, үлдсэн 30 хувийг Япон болон БНСУ-ын зах зээлд нийлүүлэх үүрэг хүлээжээ. Монголын тал урьдчилгаа төлбөрөө төлж дууссанаас хойш таван жилийн хугацаанд олборлосон нүүрсээ “Chalco” компанид дэлхийн зах зээлийн үнээр худалдаалах гэнэ. Урьдчилгаа төлбөрт авсан 250 сая ам.долларыг төлж дуусах хугацаа 1-1,5 жил байна гэсэн тооцоог “Эрдэнэс Монгол” компанийнхан хийж байна.

Энэ бол Тавантолгойн ордын Зүүн цанхи буюу 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшилд олборлолт явуулж буй бүлэг орд. Харин Баруун цанхийн хувьд байдал маргаантай хэвээр байна.

Өнгөрөгч долдугаар сарын 2-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулж, одоо ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхээр хүлээгдэж байгаа Засгийн газрын ажлын хэсгээс боловсруулсан төсөл уг ордын хувь заяаг шийдэх юм. ҮАБЗ-ийн ажлын алба, шинжээчдийн зүгээс Засгийн газраас боловсруулсан уг төслийг өнгөрөгч оны аравдугаар сард ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмж, УИХ-ын 37 дугаар тогтоолыг билүүлээгүй, дутуу дулимаг хийгдсэн зүйл хэмээн дүгнэж, энэ хэвээр нь Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх боломжгүй тул Засгийн газраас нэмэлт материал гаргуулахаар ажиллаж байгаа гэсэн билээ.

Харин Засгийн газар, ажлын хэсгийг төлөөлж буй ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар сайдын хувьд өөр байр суурьтай байна. Тэд ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмж, УИХ-ын 37 дугаар тогтоол нь угаасаа дотроо зөрчилтэй, бүрхэг заалтууд байснаас Засгийн газар хэлэлцээрийг эдгээр баримт бичгүүдэд нийцүүлэхийн тулд хүнд бэрх замыг туулж, хугацаа алдсан гэдгийг хэлж байна. Тухайлбал, УИХ-ын 37 дугаар тогтоолд Тавантолгойн Баруун цанхийг хэсэгчлэн хуваах бус, бүхэлд нэг консерциумд ашиглуулахээр гэрээ хийхийг шаардсан бол ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжид “Монгол Улсын мөнхийн хоёр хөрш хийгээд гурав дахь хөршүүдийг ашиг сонирхлыг тэнцүү хангах байдлаар “геополитикийн ач холбогдол бүхий” гэрээ хийхийг сануулсан байдаг. Үүний ч улмаас Засгийн газар Тавантолгойд оролцогч компаниудыг цөөлөн Хятад, ОХУ, АНУ гэсэн гурван улсын консериумыг сонгож, Япон, Солонгосын хувьд дээрх сонгогдсон компаниудтай өөрсдөө тусдаа хэлэлцээр хийг хэмээн орхисон нь одоо ирж хэл ам татлаад байгаа.

Анзаарвал, Тавантолгойн ордын ашиглалт буюу Баруун цанхид оролцогч талуудын сонгон шалгаруулалт болон хөрөнгө оруулалтын гэрээн дээр Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүн санал зөрүүтэй байгаа бололтой. Тэд энэ хэвээр өөр өөрсдийн байр суурийг хамгаалан зөрчилдсөөр байвал уг асуудал мөддөө шийдэгдэхгүй. Түүний оронд ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг дор суугаад өнгөрсөн хугацаанд буруу ташаа ойлголцож ирсэн зарим зүйл дээрээ яриа хэлэлцүүлэг өрнүүлэх нь илүү үр ашигтай байх нь тодорхой. Гэвч сүүлийн нэг сарын дотор нэг дор суухаа болиод байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурвын завсар чөлөөгүй зөрөлдөн орон нутагт ажиллаж байгаа байдал ч бас л дургүйд хүчгүй гэдэг болоод байгаа юм биш үү?

No comments:

Post a Comment