2011/08/08
Засгийн газар Өмнөд Солонгос болон Японы талд гомдчихсон бололтой
Тавантолгойн ордын баруун Цанхийн хэсэгт ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт өдгөө дэлхий нийтийн анхааралд байгаа. Гэхдээ ажил хэрэгч уур амьсгалаар бус харин эргэлзэж тээнэгэлзсэн, эрхэлж гомдсон, эцэстээ тунирхаж унирхсан маягаар өрнөж байна.
Бүхэл бүтэн тусгаар улсын Засгийн газар өнөөдөр Өмнөд Солонгос хийгээд Японы Засгийн газрын шахалтад орчихлоо. Орох нүхийг тэд бус харин манай Засгийн газар өөрсдөө ухсанд шалтгаан нь оршиж буй. Учир нь өдгөө “Тавантолгойн баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт яагаад дээрх хоёр орны төлөөлөл шалгарсангүй вэ. Сонгон шалгаруулалтад анхнаасаа бүртгэгдээгүй Монголын тал гэгчийг хэн төлөөлж байгаа юм бэ” гэсэн товч тодорхой асуултад манай тал эцсийн хариу өгч чадахгүй байгаа юм.
Арга ядахдаа Японы Засгийн газар манай улсын Засгийн газарт хандаж ноот бичиг илгээж. Тэд ноот бичгээрээ дамжуулж юун түрүүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Японд хийсэн айлчлалыг сануулсан. Ингэхдээ “Уг айлчлалын үеэр хийсэн дээд хэмжээний уулзалтаар хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн зарчим өөд шат ахиулахад чиглэсэн харилцан ашигтай бие биенээ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх, мөн Монгол Улсын ашигт малтмалын салбарын бүтээн байгуулалтад Японы хөрөнгө оруулагчдын оролцоог идэвхитэй дэмжих байр суурь өөрчлөгдөхгүй байх болно гэдгийг Монголын тал онцлон тэмдэглэсэн билээ” хэмээж.
Цаашлаад тендерийн талаарх ойлгомжгүй мэдээллийг тодруулахыг хүсээд “Японы хөрөнгө оруулагчид Тавантолгойн тендерийн шалгаруулалтад багтаагүй байх аваас өнөөг хүртэл явуулж ирсэн хоёр орны хоорондын яриа хэлэлцээрийн үр дүнтэй нийцэхгүй болох тул Япон улсын хувьд туйлын их харамсаж буйгаа илэрхийлэхээс өөр аргагүйд хүрэх юм” гэжээ.
Тус улсаас манай улсад суугаа Элчин сайд ч тэр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад айлчлах үеэрээ хэлсэн үгэндээ “Монгол Улс гайхамшигтай их, шавхагдашгүй газар доорх баялагтай. Япон бол дэлхийд тэргүүлэх техник, технологийн ололттой орон. Энэ хоёрыг нийлүүлбэл Монгол Улсын уул уурхайн салбар дахь хөгжил улам дээшлэх болно” гэж тодотгож байсан. Юуны өмнө үүнийг хэлье” гээд “Гараанаас гарсан морь барианд оролгүй алга болчихлоо.
Миний хувьд Тавантолгойн олон улсын тендер эргэлзээтэй явсан гэж бодож байна. Япон улс дундаас нь алга болчихлоо шүү дээ. Орос, Солонгос, Япон гэсэн консорциумаар улс орнууд нийлээд явж байсан. Хоёрдугаар сарын байдлаар Монголоос ямар ч консорциум Тавантолгойн төсөлд орно гэж яриагүй байсан. Гэтэл гэнэт л сая ороод ирлээ. Хаанаас гараад ирсэн юм, хэзээ яагаад орсныг би ойлгохгүй байгаа.
Бас зургаан консорциумаас гурав болгож сонгож авсан. Гурав болгохдоо ямар шалгуураар, яаж сонгосон нь тодорхойгүй байгаа. Энэ бол мэдээж Монгол Улсын Засгийн газрын бие даан шийдвэрлэх асуудал гэдгийг ойлгож байна. Би оролцох ёсгүйгээ ч мэдэж байна. Гэхдээ миний зүгээс харахад ойлгомжгүй байгаа зүйл зөндөө байна” хэмээх үгээрээ Засгийн газрынхаа байр суурийг тодотгож байгаа.
Өмнөд Солонгосын талын тухайд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтын дүн гарахтай зэрэгцэн олон улсын хэвлэл, мэдээллийн агентлагт байр сууриа илэрхийлсэн. Тэрхүү байр суурь нь “Ойлгомжгүй асуудал олон байна. Тендерийн дүн эргэлзээтэй гарсан тул олон улсын түвшинд дахин тендер зарлахыг хүсч байна” гэсэн Эрчим хүчнийх нь сайдын үгээр баталгаажиж байв.
Тэгэхээр Өмнөд Солонгос хийгээд Японы талын байр суурь адилхаж гэсэн үг. Гагцхүү шалгаруулалтаар ялагчийн эрх авсан Хятад, Орос, Америкийн тал хараахан тууз хайчлах гэж яарахгүй байгаа нь ойлгомжтой. Уг нь Монголын тал асуудлыг бөөрөнхийлж, ойлгомжгүй болгож байлаа гэхэд Хятад, Оросын тал “Бид тендерт хамтдаа оролцсон Япон, Өмнөд Солонгосын тал хамтдаа хэвээрээ байгаа” гээд мэдэгдчихсэн бол асуудал нэг тийшээгээ эргэх байсан.
Гэвч тэх тэгж мэдэгдэхээс татгалзаж буйгаас харахад эцсийн дүн зөвхөн нэг талдаа эргэсэн буюу Орос, Хятад улсын хөрөнгө оруулагчид бие дааж ялалт байгуулсан байх магадлалтай юм.
Энэ дунд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын ярилцлага асуудлыг улам бүр хурцатгаж өгсөн гэхэд болно. Тэрбээр уг шалгаруулалтын талаар нөгөө л нэг бөөрөнхий үгээ хэлээд “Ний нуугүй хэлэхэд Өмнөд Солонгос, Японы компани бидний итгэл найдвар, урмыг хугалсан тал бий. Албан ёсны уулзалтууд дээр тэд “Монголын тал асар их нөөц баялагтай. Япон өндөр технологитой. Ингээд нийлээд явбал үр дүнд хүрнэ” гэж ярьдаг.
Өмнөд Солонгосын тал ч ялгаагүй тэгдэг. Гэтэл уриад саналыг нь авахаар энэ хоёр талаас бид өндөр технологи хүлээгээд бүтэлтэй юм болоогүй. Уг нь гангийн үйлдвэр, нүүрс шингэрүүлэх технологи өгөөч гэж хүссэн юм. Гэтэл энэ талаар тодорхой санал хэлээгүй. Зүгээр л нүүрс худалдаж авах санал л илэрхийлээд байгаа. Үүнд ажлын хэсэг сэтгэл дундуур байсан нь үнэн” хэмээж.
Хэдийгээр тэрбээр энэ ярилцлагаараа “Өмнөд Солонгос, Японы талыг хасаагүй” гэж мэдэгдсэн дээрх үгнээс нь харахад шууд үзүүлээгүй нь тодорхой байгаа юм. Нэг ёсны Монголын Засгийн газарт дээрх хоёр улсад гомдох шалтгаан гарсан бололтой. Тэгээд л тендерийн дүнг бөөрөнхийлж, Өмнөд Солонгос, Япон гэсэн хоёр улсыг дээрх асуудлыг өндөр дээд хэмжээнд тавих хүртэл байр суурь баримталж байж болох юм.
Одоогийн байдлаар Японы Засгийн газар манайд ноот бичиг ирүүлээд байгаа бол энэ сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Монголд айлчилна. Тэдний сонирхол нь адилхан Тавантолгой. Харин манай Засгийн газар аль, алинд нь эргэлзээтэй тайлбараа өгсөөр байж мэдэх юм. Гомдлоо барагдуулахаас нааш шүү дээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment