2011/08/18

Тавантолгойн хэлэлцээрийг үндэсний баг л үр дүнд хүргэнэ

Тавантолгойн хэлэлцээрийг үндэсний баг л үр дүнд хүргэнэ
-Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн дарга Ц.Элбэгдоржид хүргэх санал-

Манай сонины өмнөх дугааруудад “Монгол” дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэг Тавантолгойн ордоо хэрхэн үр өгөөжтэй ашиглах тал дээр өөрийн байр суурийг төр засгийн өндөрлөгүүдэд хүргэж, нийтлэл бичсэн.

Ялангуяа, Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн дарга Ц.Элбэгдоржийг эл асуудалд шийдвэрээ гаргахын өмнө эрдэмтэн, мэргэжилтнүүдтэйгээ зөвлөлдөө ч гэсэн хүсэлт тавьсан.

Тиймээс энэ саналыг холбогдох албаныхан хүлээн авч, өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д эл сэдвээр хэлэлцүүлэг хийхээр боллоо. Иймд тус салбарын эрдэмтэн, докторуудын байр суурийг хүргэж байна.

“Монгол” дээд сургуулийн захирал, Гавьяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэг

Тавантолгойн ордоо хэрхэн үр өгөөжтэй ашиглах вэ гэдэг талаар Монголчууд оюун ухаанаа дайчлах цаг мөч ирчихээд байна. Ард түмний зуун жил идэх хоолоо зургаан сайдын наймаагаар алдмааргүй байна.

“Нийгмийн толь” сонинд долоо хоногийн өмнө бичсэн нийтлэлдээ миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн дарга Ц.Элбэгдоржийг шийдвэрээ гаргахын өмнө эрдэмтэд мэргэжилтнүүдтэйгээ зөвлөлдөө ч гэсэн хүсэлт тавьсан. Энэ саналыг маань хүлээн авч, өнөөдөр Иргэний танхим дээр энэ сэдвээр хэлэлцүүлэг хийж байна. Иймд стратегийн ордоо Монголын төр засаг дэлхийн жишгийн дагуу ашиглаж магадгүй нь гэсэн итгэл надад төрж эхэлж байна.

Ямар ч байсан Засгийн газрын гаргасан алдаатай шийдвэрийг Ерөнхийл өгч, ҮАБЗ-ийн дарга Ц.Элбэгдорж засаж, зөв замд оруулах эсэхийг ойрын өдрүүд харуулах болно. Засгийн газар олон зүйлийн алдаа гаргалаа.

Тухайлбал,
1.
Бүтэн жил ямар үр дүнгүй гэрээ хэлэлцээ хамаг үнэтэй цагаа алдлаа.

2. УИХ-ын 39 дүгээр тогтоолыг ноцтой зөрчиж, өөрсдийн дураар ард түмэнд өгөөжгүй, магадгүй 10-аад сайд дарга нарт өндөр өгөөжтэй гэрээ хэлцэл хийлээ. Цанхийг хоёр хуваах ёсгүй байв. Ордоо түрээсээр өгөх бүр ёсгүй байв. Тэгсэн мөртлөө тусгай зөвшөөрөл 100 хувь төрийн мэдэлд байна гэсэн инээдэмтэй тайлбарыг Засгийн газар хийж байна. Орон гэрээ бусдад 30 жил түрээсэлчихээд траншейнд амьдрахтай адил байна. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компаний биш, харин гадаадын компаний хувьцааний үнийг л өсгөнө гэдэг нь түрүүчээсээ харагдаж байна.

3. Тавантолгойг ашиглах ямар ч үзэл баримтлал, бодлого, хөтөлбөргүй цээжний бангаар хэлцэл хийж үр дүнд хүрсэнгүй. Ядахдаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортойгоо уяж асуудлаа шийдүүлэх ёстой байлаа. Гэтэл Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо 5-6 үйлдвэрийн нэр хэлэхээс хэтрэх мэдлэг чадваргүй, улс орныхоо хөгжилд саад тушаа болж байна. Энэ хороо ордын хөрөнгө оруулалт, технологи, инновацийн сонгон шалгаруулалтад Монголын нөхцөл ийм байна гэсэн шалгуур тавиад сууж байх ёстой байсан. Нэг авиа ч алга. Ухаангүй ноёд, урагшгүй албатууд ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан гэрээ хийхгүй нь тодорхой байна.

4. Гадны компаниудыг хүчээр нэгдүүлж консорциумд оруулсан нь хэлэлцээр Монголын хувьд үр өгөөжгүй болох нэг том нөхцөл болов. Зүй нь орон тус бүрийн консорциумын дунд нөхцөл тавьж хооронд нь өрсөлдүүлж хөрөнгө оруулагчдийг шалгаруулах байв.

5. Хэлэлцээрийг Монголын улстөрчид, сайд, дарга нар гадны компаниудын удирдлагатай хийсэн нь бас өгөөжгүй хэлбэр болов. Нэг жилийн дараа суудлаа өгөх сайд нар намдаа болон хувьдаа мөнгө яаж босгох вэ гэдэг асуудлаа урдаа тавина уу гэхээс эх орноо бодно гэдэг нь байхгүй нь бараг бүх орд дээр харагдсан. Ер нь дэлхийн жишгээр эрдэмтэд, мэргэжилтний төлөөлөл оролцсон үндэсний баг хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр хийдэг байхаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулмаар байна. Юуг яаж асуухаа мэдэхгүй улстөрчид гэрээ хийнэ гэж байхгүй гэдэг нь “хоёр толгой” дээр харагдаж байна.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар төмөр замын тээврийн талаар Шенхуагийн удирдлагаас олигтой хариулт аваагүй мөртлөө дуугүй суун зөвшөөрч эх орныхоо эрх ашгийг хохироосон сураг дуулдана билээ. Оюутолгойн гэрээг хариуцлагагүй хийсэн тэр улс төрчид дахин хэлэлцээрт сууж буй нь бас л хариуцлагагүй явдал. Үр дүн горьдоод хэрэггүйг харуулж байна Тавантолгойн ордыг Засгийн газар хоорондын үндэсний (эрдэмтэд, компанийн төлөөлөлтэй) баг л хэлэлцэж байж үр дүнд хүрнэ. Эс тэгвээс гадныхан Монголын улстөрчдийг хуурч мэхлээд ч болсон, аманд юм зуулгаад ч болсон гэрээ хэлэлцээрийг өөртөө илүү ашигтай хийхээ бодно.

6. Тендерийн журмаа зөрчсөн. Анхнаасаа Монголын компанийг мартчихаад тендер дүгнэсэн. Сүүлд нь Монголын тал 18 хувийг эзэмшинэ гэсэн тайлбар хийж байна. Япон, Солонгос хоёрт оногдох хувийг одоо болтол Засгийн газар хэлж мэдэхгүй байна. Зүй нь Цанхиа хоёр хуваалгүй хувьцааны 29-49 хувиа зохих нөхцөл тавьж бүгдийг нь тусад нь уралдуулж үнэ хүргэн зарах байв. Тэд авсан хувиараа дараа нь консорциумд оролцоно.

7. Гадны хөрөнгө оруулагчдыг хоёр шаттай шалгаруулсан нь буруу байв. Үлдсэн таван нөхөр бид баттай орно гэж итгэсэн учир өрсөлдөх, илүү нөхцөл амлах сонирхолгүй болж байна. Тэгээд тэднийг хүчээр хоёр консорциумд чихэж оруулсан нь тэдэнд хувийн саналаараа хувиа нэмэгдүүлэх боломжгүй болгов.

8. Улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн стратегийн орд л юм бол түүнийг ашиглах хамтарсан компанийн 51 хувийг төр эзэмших хуультай. Гэтэл Монголын төр 18 хувьтай буюу хяналтын ч багцгүй, хориг тавих ч эрх мэдлийн багцгүй үлдэж буй нь ордоо бусдын ам, ажлаар 30 жил ашиглах болж ард түмэн хоосон шахуу үлдэж хохирох болж байна. Шенхуа компани Нарийн сухайтаас олборлосон нүүрснийхээ олон зуун сая төгрөгийн татварыг төлөхгүй шүүхдүүлж буй мэдээ сониноор гарч буйгаас санаж сэрмээр байна дарга нар аа.

9. Ерөнхий сайд С.Батболдын хамгийн том алдаа бол үндэсний эрдэмтдийнхээ үгийг бүтэн жил өнгөрч байхад ганц удаа сонсоогүй явдал юм. Ядахдаа ҮХШХ дээр сонсох ёстой шүү дээ. Зориуд ингэж, золигтох гээд байсан юм байна л даа. С.Баярыг дууриаж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн бүртэй ажиллаж, амлаж, айлгаж хүчээр энэ гэрээгээ батлуулна гэж эрдэж байх шиг байна. Харъя л даа. Ирэх сонгуулиуд “хоёр толгойгоо” ард түмэн МАН-ын хоёр даргаас нэхэж шаардсан сонгууль болно гэдэг нь тодорхой болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн дарга Ц.Элбэгдорж оо Та эрдэмтэд, ҮАБЗ-ийн шинжээчид, Засгийн газраас төлөөлөл оролцсон шинэ ажлын хэсэг байгуулж гадны 15 хөрөнгө оруулагчидтай Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны 29- 49 хувийг зохих нөхцөлтэй 1-2 сарын дотор үнэ хүргэж өгөх талаар дахин хэлэлцээр хийх үүргийг Засгийн газарт өгөх эсвэл ноцтой алдаатай гэрээ байгуулсан Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-д оруулах хоёрын нэгийг сонгоно уу гэж би мөхөс бичээч вээр зөвлөж байна.

No comments:

Post a Comment