2011/08/11

Тавантолгойн цахилгаан станц жилийн дараа ашиглалтад орно



-Д.Пүрэвбаяр: Тавантолгой дээр цахилгаан станцаа бариад, дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчний хангамжийн бодлогоо хэрэгжүүлж амжихаар байгаа-

Говийн бүсийг эрчим хүчээр хангах 600 Мвт-ийн хүчин чадал бүхий цахилгаан станцын  урьдчилсан ТЭЗҮ-ийг холбогдох газрууд боловсруулж дуусчээ. Энэ талаар  ЭБЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын газрын орлогч дарга Д.Пүрэвбаяраас тодрууллаа. 

Засгийн газар хугацаа алдахгүйн тулд  говийн бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан  станцын барилгын ажлыг нэн даруй эхлүүлэх  шийдвэр гаргаж,  ЭБЭХЯ  байршлын нь  зургаадугаар сард багтаан тодорхойлж гаргах үүрэг хүлээсэн.  2012 онд цахилгаан станцын бүтээн байгуулалт эхлэх үү.  ТЭЗҮ нь хийгдэж дууссан уу?


Оюутолгой, Тавантолгой гээд стратегийн 15 орд бий. Энэ бүгдийн цахилгаан хангамжийг шийдвэрлэх ажлыг манай яам бодлого, үйл ажиллагаандаа тусгасан. Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэж барих цахилгаан станц өмнийн говийн томоохон ордуудын эрчим хүчийг  шийдвэрлэнэ. Концессийн зүйлийн жагсаалтад 600 МВт-ийн  станцыг олон улсын шалгаруулалт хийж, тендер зарлаж, хэрэгжүүлнэ гэсэн хэлбэрээр туссан байгаа. 

Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой компаниуд манай яамны өгсөн чиглэлийн дагуу хамтарсан санамж бичиг зурж, энэ хүрээнд урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/  боловсруулсан. Тавантолгойг түшиглэж барих уу, Оюутолгойд барих уу гэсэн хувилбаруудыг тэр судалгаанд харьцуулж үзсэн байна лээ. Судалгааг гадаадын зөвлөх компани нь зургаадугаар сарын сүүлээр захиалагч компаниуддаа урьдчилсан байдлаар танилцуулсан гэсэн. Дэд бүтцийн томоохон асуудлуудыг шийдвэрлээгүй нөхцөлд цаг хугацаа хэмнэх үүднээс  цахилгаан станцын тал хэсгийг   Оюутолгой ордыг түшиглэж баръя  гэсэн  шийдэл гарсан байсан. Энэ тухайд ЭБЭХЯ болон Засгийн газрын зүгээс тодорхой шийдвэр гараагүй.   Яамны бодлого хэвээр байгаа. 

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос Засгийн газарт өргөн барьж буй тодорхой асуудлуудын нэгд  цахилгаан станц багтсан гэж би ойлгож байна.  Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал хараахан ороогүй.   

Тавантолгой ордыг түшиглэж барих цахилгаан станц яг хэзээ ашиглалтад орох вэ. Энэ талын  нарийвчилсан тооцоо бий юу?

Цахилгаан станц барих хугацааг аль болох наашлуулъя гэсэн шийдэл байгаа. Гэхдээ үүнд байршил сонголт нөлөөлж байна. Тавантолгойг түшиглэж баривал станц нэг жилийн дараа ашиглалтад орчихно гэсэн тооцоо гарсан. Оюутолгойн хувьд хөрөнгө оруулалтын гэрээнд эрчим хүчний хангамжтай холбоотой гурван заалт байдаг. Харин цахилгаан хангамжийг түр хугацаанд  шийдэхийн тухайд Хятадаас 220 КВт-ийн эрчим хүчний шугам татахаар төлөвлөсөн. Дөрвөн жилийн дараа энэ уурхайн үндсэн үйлдвэрлэл эхэлсэн тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан гурван заалтын аль нэгээр шийдвэрлэх юм билээ.  Гэхдээ Оюутолгой компани энэ тал дээр сүүлийн үед санаачлага гаргаж, заавал дөрвөн жил гэж хүлээлгүйгээр байнгын цахилгаан хангамж руугаа шилжие гэсэн байр суурьтай байна. 
   
Харин ЭБЭХЯ  Тавантолгой дээр цахилгаан станцаа бариад, дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчний хангамжийн бодлогоо хэрэгжүүлж амжихаар байгаа. Оюутолгой компани байнгын эрчим хүчний системд холбогдсон үед Тавантолгой дээр аль хэдийнэ цахилгаан станц баригдсан байх юм.   

600 Мвт гэдэг бол багагүй хүчин чадал. Стратегийн ач холбогдолтой цахилгаан станц Тавантолгойд баригдана гэж хэлж болох уу?


Үнэхээр стратегийн ач холбогдолтой, томоохон цахилгаан станц баригдана. Дээр нь бүс нутгийн эрчим хүчний хангамжийн гол эх үүсвэр болох учиртай. Ирээдүйдээ говийн бүсийн Тавантолгойн цахилгаан станцыг тулгуурлаад, тэндээсээ Оюутолгой ордод 220 Квт-ийн шугамаар, бүр цаашаа Хятадын хил рүү баригдаж байгаа эрчим хүчний системд холбогдоно. Мөн энэ зун Даланзадгад, Тавантолгойн хооронд 100 гаруй КВт-ийн шугам баригдаж эхэлж байна. Үүнийг цааш нь буюу “Чинхуа-МАК” руу 110 КВт-оор холбож болно. 

Улаанбаатар хотоос Мандалговь-Тавантолгойг холбосон 220 КВт-ийн шугам баригдаж байна. Энэ нь Цагаан суваргын уурхайг 220 КВт-оор хангасан, өөрөөр хэлэх юм бол говийн бүсийн эрчим хүчний үйл ажиллагаа, гол цөм нь  600 Мвт-ийн цахилгаан станц байх юм. Харин Засгийн газраас  ямар шийд гарахыг одоо би хэлж мэдэхгүй. Бодлогын хувьд аль хэдийнэ тодорхойлогдсон асуудал. 

No comments:

Post a Comment