2011/08/11

Эрдэс баялгийн Үндэсний нийгэмлэгийн тэргүүн Х.Владимир: Тавантолгойг хоёр хуваах нь ашиггүй

Эрдэс баялгийн Үндэсний нийгэмлэгийн тэргүүн Х.Владимир: Тавантолгойг хоёр хуваах нь ашиггүй
Эрдэс баялгийн Үндэсний нийгэмлэгийн тэргүүн, доктор Х.Владимиртай ярилцлаа.

-Танай нийгэмлэгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд санал хүргүүлсэн гэсэн. Хариу ирүүлсэн үү?
-Засгийн газар Тавантолгойн ордыг эзэмших гадаадын хөрөнгө оруулагч нарын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд, ажлын хэсгээс гадаадын корпорациудад оногдуулсан хувь хэмжээг дэмжиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан уул уурхайн мэргэжлийн эрдэмтэн судлаач, инженерүүд нэгдэж санал дүгнэлтээ хүргүүлсэн юм. Одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.

-Санал, дүгнэлтээ хэзээ хүргүүлсэн юм бэ?

-Долоодугаар сарын 18-нд өгсөн.

-Уул уурхайн мэргэжлийн эрдэмтэн, судлаач, инженерүүдийн зүгээс ямар санал, дүгнэлт гаргасан бэ?

-Засгийн газар Тавантолгойн ордын геологийн нөөцийг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил хязгаараар хоёр хэсэг талбайд хувааж, нэгдэх хэсгийн талбайг 1024 сая тн коксжих болон эрчим хүчний нөөцтэй \үүнээс 65 хувь коксжих нүүрстэй\ гэж тооцон, энэ талбайд гадаадын оператор компани шалгаруулж "Эрдэнэс Тавантолгой" компани ашиглахаар шийдвэрлэсэн.

Харин хоёр дахь хэсгийн талбайд 2224 сая тонн коксжих болон эрчим хүчний нөөцтэй \үүнээс 58 хувь коксжих нүүрс\ гэж тооцон, энэ талбайн нөөцийг ашиглахаар, гадаадын хөрөнгө оруулагчийн дунд сонгон шалгаруулалт явуулж Хятадын "Шинхуа энержи" 40, Америкийн "Пибоди" 24, ОХУ, Монголын хамтарсан консорциум 36 хувийг эзэмших болсныг гадаад, дотоодын мэдээллийн агентлагууд албан ёсоор зарлаад байна.

Тавантолгойн ордод 1978-1981 онуудад хийсэн нарийвчилсан хайгуулын дүнд тогтоогдсон үйлдвэрийн ашигтай коксжих болон эрчим хүчний нүүрсний балансын нөөц 1226.8 сая тонн, балансын бус нөөц 3847.2 сая тонн юм. Үүнээс A, В, С1 зэргээр 728.6 сая тонн коксжих нүүрс, 498 сая тонн эрчим хүчний нүүрсний балансын нөөцийг, С2, Р1 зэргээр 766,3 сая тонн коксжих, 3080 сая тонн эрчим хүчний нүүрсний балансын бус \таамагласан баялаг\ нөөцийг тухайн үеийн БНМАУ болон ЗХУ-ын хамтарсан ашигт малтмалын нөөцийн комисс баталсан байдаг. Тухайн үед тогтоогдсон болон балансын бус нөөцийн коксжих болон эрчим хүчний нүүрсний харьцаанаас үзэхэд 30 хувь нь коксжих, 70 хувь нь эрчим хүчний нүүрс бий.

Гэтэл Засгийн газрын ажлын хэсэг Тавантолгойн ордын нөөцийг хоёр хэсэгт хуваасан. Нэг дэх хэсгийн буюу талбай 1-д 65 хувь коксжих буюу 782 сая тонн коксжих нүүрс, хоёр дахь хэсэг Талбай 2-т 58 хувь коксжих нүүрс буюу 1290 сая тонн коксжих нүүрс, нийт 2072 сая тонн коксжих нүүрстэй гэж тооцсон нь хоёр талбайд батлагдсан нийт 1495 сая тоннын нөөцөөс 577 сая тонн коксжих нүүрс илүү тооцсон. Мөн нийт батлагдсан 3579 сая тонн балансын болон балансын бус эрчим хүчний нүүрсний нөөцөөс 2286 сая тонн эрчим хүчний нүүрсийг дутуу тооцоод байна.

Засгийн газрын ажлын хэсэг Тавантолгойн ордын нөөцийг хоёр хэсэг талбайд хуваасан нь ямар ч нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаагүй, таамаглал төдий болсон тул эдийн засгийн үр ашиггүй юм.

-Эдийн засгийн үр ашиггүй гэсэн саналыг ямар үндэслэлээр гаргаж байгааг тодруулахгүй юу?

-Өөрөөр хэлбэл, тухайн талбайн уул геологийн нөхцөл, хөрс хуулалтын коэффициентын оновчтой итгэлцүүрийг тооцож загварчлаагүй, уурхайн хүчин чадлыг оновчтой тодорхойлсонгүй. Ордын нөөцийн үнэлгээг орчин үеийн аргачлалаар хийгээгүй, коксжих нүүрснээс гарах дайвар бүтээгдэхүүнийг иж бүрэн ашиглах хувилбарыг дутуу үнэлсэн байна. Хоёр талбай дахь коксжих болон эрчим хүчний батлагдсан нөөцийн тоо хэмжээ, харьцаа зөрүүтэй байгаа нь балансын болон балансын бус нөөцийг шилжүүлж тооцсон аргачлал үндэслэл муутай байгаа юм.

Засгийн газраас боловсруулсан Цанхийн хэсгийн талбайг хоёр хэсэгт хувааж ашиглах хувилбар нь уул геологийн болон уурхайн ашиглалтын технологийн зураг төсөл, судалгаа, шинжилгээ хийгдээгүй учраас уурхай байгуулан үр ашигтай ашиглах боломжгүй гэж үзэн тус ордын Талбай 2-ийн нөөцийг гадаадын хөрөнгө оруулагчид тодорхой хувь оногдуулан эзэмшүүлэх нь үндэслэлгүй гэж бид үзсэн.

-Тавантолгойн нөөцийг тодорхойлсон ямар судалгаанууд байдаг вэ?
-1991 онд ЗХУ-ын Гипрошахт институт, 1999 онд Канадын Норвест корпораци Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн болон Ухаахудагийн хэсгийн геологийн нөөцийг найман хэсэгт хуваасан загварчлалыг гаргаж, ашиглалтын нөөцийг тодорхойлсон. Уурхайн оновчтой хүчин чадлыг жилд 15 сая тонн коксжих нүүрс, 4.5 сая тонн эрчим хүчний нүүрс олборлож баяжуулахаар ТЭЗҮ боловсруулсан. Ил уурхайн хөрс хуулалтын оновчтой коэффициентыг 3.98 т\мЗ тооцож, ашиглалтын эхний 30 жилд Цанхийн I талбайн 370 сая тонн коксжих, 118 сая тонн эрчим хүчний нүүрс, Ухаахудагийн 5 талбайн 92 сая тонн коксжих, 22 сая тонн эрчим хүчний нүүрсний нөөцийг ашиглахаар тооцсон байна.

Эдгээрээс 8.6 сая тонн сайн чанарын, металлургийн коксийн баяжмал, 5000 ккал шилжүүлснээр 10.1 сая тонн бага хүхэртэй сайн чанарын эрчим хүчний болон угаасан коксжих нүүрсний дайвар бүтээгдэхүүн гарна. Түүгээр 2560 мвт суурилсан чадалтай дулааны цахилгаан станцын жилийн хэрэгцээг хангаж жилд 15 тн квт цаг эрчим хүч үйлдвэрлэж экспортлох хэмжээний нөөц юм. Гэтэл Тавантолгой ордын Цанхийн хэсгийн 15 сая тн коксийн, 4.5 сая тн эрчим хүчний нүүрснээс жилд ундрах арвин их нөөц баялгийн үнэ цэнийг \коксийн баяжмал 2.6 миллард доллар, эрчим хүч 1.5 милларддолларын бодит орлогыг\ Засгийн газрын ажлын хэсэг олж харсангүй.

Тавантолгойн ордын бүх нөөц улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоогдсон 100 хувь төрийн эзэмшилд тооцогддог. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаардаг.

Тавантолгой ордын Цанхийн I талбайн дотор Тавантолгой ХК 169 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, жилд хоёр сая гаруй тонн коксжих нүүрс сорьцлон олборлож, түүхийгээр Хятад улсад экспортод гаргаж, 2010 оны байдлаар 10 сая тонн коксжих нүүрс гаргасан. Энэ компанийн 51 хувь орон нутгийн төрийн өмчийн эзэмшилд, 49 хувь нь Монголын хөрөнгийн бирж дээр байршиж, нэгж хувьцааны үнэ 700-800 мянган төгрөгт арилжаалагдаж байна. Мөн энэ талбайд Дайцүки компани 101 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, коксжих нүүрс түүхийгээр экспортлох үйл ажиллагаа явуулдаг. Ухаахудагт Энержи ресурс ХХК 2962 га талбайд 252 сая тонн коксжих нүүрс, 149 сая тонн эрчим хүчний нүүрсний A, В, С1, зэрэгээр батлагдсан балансын нөөцтэй, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, 2009 онд 1.8 сая тонн, 2010 онд 3.8 сая тонн коксжих нүүрс сорьцлон олборлож Хятад улсад түүхийгээр экспортолдог.

Тухайлбал, 2011 онд 5 сая тонныг угааж, 2 сая тонныг түү-хийгээр экспортлохоор төлөвлөсөн байна. Тэд ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.6 заалтын дагуу Засгийн газартай улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоогдсон стратегийн ордын нөөц эзэмшлийн гэрээ хийж, хувьцааны арван хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, нээлттэй хувьцааг компани байгуулан, олон нийтэд хөрөнгө орлогын мэдүүлгээ нээлттэй тайлагнаж байх ёстой. Монголын ард түмний өмч ямарч хяналтгүй ашиглагдаж байна гэж уул уурхайн салбарын мэргэжилтнүүд дүгнэж байгаа.

-Тавантолгойг хуваах нь ашиггүй гэж уул уурхайн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Ямар зохицуулалт хийвэл үр дүнд хүрэх бол?
-УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн ордын нийт нөөцийг 100 хувь төрийн эзэмшилд шилжүүлсэн. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Тавантолгойн ордын батлагдсан нөөцийг олон улсад мөрдөгдөж буй стандартын дагуу үнэлгээ хийж, нэгж хувьцааны бодит үнэ цэнийг тогтоох ёстой.

Мөн нийт хувьцааны 50 хүртэл хувийг Монголын хөрөнгийн бирж дээр гаргаж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй худалдаалах нь зах зээлийн шударга өрсөлдөөний хуульд нийцнэ. Геополитикийн асуудлаар дулдуйдан Тавантолгойн Цанхийн коксжих, эрчим хүчний нүүрсний балансын болон балансын бус дөрвөн тэрбум шахам нөөцийг сонгон шалгаруулалт нэртэй хэлэлцээд гадаадын компаниудад хувь оногдуулж байгаа нь дэндүү болчимгүй үйлдэл. Засгийн газрын ажлын хэсэг Компанийн тухай хууль, зах зээлийн шудрага өрсөлдөөний хууль, гадаадын хөрөнгө оруулалтын болон бусад хуулиудыг бүдүүлгээр зөрчиж, улс орны язгуур эрх ашгийг умартсан шийдвэр гаргаад байна.

Тавантолгойн ордын нөөцөд түшиглэсэн дэд бүтэц, эрчим хүчний иж бүрэн цогцолбор барьж байгуулах, кокс химийн орчин үеийн дэвшилтэт технологийг оруулж ирж боловсруулалт хийх нь хойч үед үр өгөөжөө өгөх, тэдэнд техник технологийн дэвшлийг эзэмшүүлэх ач холбогдолтой юм. Бид нүүрсийг олборлож, угааж, шатааж чадна. Гагцхүү байгаль экологид ээлтэй орчин үеийн кокс химийн аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулах шаардлагатай байна. Тавантолгойн төслийг улс орон даяар хэлэлцүүлж шийдвэрлэх шаардлагатай.

No comments:

Post a Comment