2011/08/08
Гурав дахь хөршийн тухай гунигтай мөрөөдөл
-Шинжээч бичиж байна-
Тавантолгой ордод ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийн шалгаруулалтын талаар хэн ч шинэ мэдээлэл өгөх зүрхгүй болсныг Та бид харж байна. ОХУ ба БНХАУ-ын нутгаар нүүрс тээвэрлэх гарц нээгдээгүй учраас Тавантолгой ордын тухай тодорхой мэдээлэл цацагдах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газрын Ажлын хэсэг өдийг хүртэл чадах бүхнээ хийсэн. Хойд ба Өмнөд хөршөөр дамжуулан нүүрс зөөх тээврийн үнэ, маршрут, боомтыг Ажлын хэсэг тохиролцож дийлэхгүй байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар зургадугаар сард хөршүүддээ стратегийн айлчлал хийгээд ч үр дүн гарсангүй. Товчхондоо, Тавантолгой ордын хэлэлцээрийг ОХУ ба БНХАУ барьж байна. Монголын Засгийн газрын Ажлын хэсэг хүнд нөхцөлд ажиллаж байгааг дахин тэмдэглэе.
Хөрш их гүрнүүдийн эдийн засаг, улс төрийн сонирхлыг давж, Монголын эрх ашгийг шингээсэн үр дүнтэй хэлэлцээр хийх үе шат бүрт бэрхшээл учрах болов. Бензингүй болох, эсвэл урд хилийн боомтуудаар дамжих тээврийн үнийг нэмэх, хаах магадлал өндөр хэвээр байна. Эрээн-Тянжиний хооронд ачаа тээврийн тарифийг нэмсэн Хятадын талын гэнэтийн шийдвэр нь сүүлийн жишээ. Тавантолгой ордын хэлэлцээрийг хийж буй Засгийн газрын Ажлын хэсэг, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын алба хооронд санал зөрөлдөөн байж болох хэдий ч эцсийн дүндээ Хятад ба Оросын сонирхлын өмнө нийт Монголчууд хүч мөхөсдөж буйг өнөөгийн үйл явц харуулна.
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ердөө ганц жилийн өмнө нэмэлт шинэчлэл орсон юм. Тэрхүү шинээр орсон цөөн өгүүлбэрт чухал агуулга бий. Эрхэм Монгол хүн Та анхааран уншина уу.
“Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэжээ.
Тавантолгой ордын хэлэлцээрт орж буй “Оросын төмөр замуудын нэгдэл” ба “Шинхуа” компани нь төрийн өмчит аж ахуйнууд. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гажуудах ойрхон болсныг хэлэлцээрийн явц харуулдаг. Хэлэлцээрийн ширээн дээр эдгээр компани нь зөвхөн тамга хөзөр тавих чадамжтай. Тавантолгойн нүүрс өөр хаачих билээ? Эсвэл Оросын төмөр замуудаар тээвэрлэгдэнэ. Үгүй бол Шинхуа компанийн төмөр замын сүлжээнд нэвтэрнэ. Бас нэг тохиолдолд Хятадын Төмөр замын газраас төрийн мэдлийнх нь төмөр замын хэсгийн сүлжээнд нэвтрэх зөвшөөрөл авна. Нүүрсээ онгоцоор Япон, Солонгос, Европ руу зөөнө гэх биш. Зайлшгүй хөршүүдээсээ төмөр замын транзит тээврийн үнэ авна. Дараа нь сүлжээнд нь нэвтрэх зөвшөөрөл хэрэгтэй. Бүтвэл боомтуудад нь хүрнэ. Боомт шийдэгдвэл шилжүүлэн ачих терминал гуйна. Ванинод хөлдүү нүүрсээ гэсгээх, Тянжиний өндөр ачаалал дунд учир жанцангаа олох хэрэгтэй. Хамгийн сүүлд, бараг хамгийн хялбар ажил нь нүүрсээ гаргах зах зээл, зарах үнэ гэх мэт болчихоод байна.
Эдгээр олон давааны зөвхөн эхний хэсэг дээр Тавантолгойн хэлэлцээр гацчихаад байгаа билээ. Транзит тээврийн тохиролцоонд хоёр хөршийн алинтай нь ч Монголын Засгийн газар хүрээгүй. Энэ үйл явц өнгөрсөн жил хүрээд зогссон тэр хэсэгтээ таг чиг хэвээрээ байгаа бөгөөд манай төрийн өндөрлөгүүд айлчилж очоод ч ахиц дэвшил гараагүй юм. Эрхэм уншигч хэрэв зэ санаж буй бол Оросын төмөр замаар дамжин өнгөрөх тохиолдолд тарифын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн ерөнхий амлалтаас өөр юу ч Та бид нэмж сонсоогүй. Өнгөрсөн жил болсон хэлэлцээр ба манай Сайдад Якунин даргаас илгээсэн ёсорхуу захианаас өөрийг бид шинээр олж сонсоогүй. Ямар ч байсан тэрхүү захидал ба тогтоолыг Танд дахин хүргэе.
Хүндэт Баттулга сайд аа,
ОАО РЖД нь Монгол улсаас Соловьевск – Ванино ба Владивосток станцуудаар төмөр замын хэрэгслээр дамжих ачааны тээвэрлэлтийн үнийг явуулах тухай Таны хүсэлтийг авч хэлэлцлээ.
ОХУ-ын төмөр зам, Монгол улсын төмөр замын байгууллагууд нь Ерөнхий транзит үнийн оролцогч нар бөгөөд Орос улсын төмөр зам Монгол улстай зөвшилцөх байдлаар транзит ачааны тээвэрлэх үнийн дүнгийн тооцоог Ерөнхий транзит ханшаар боддог ба ачааны зэрэглэл, вагоны ачилт ба бусад үзүүлэлтээс хамаарч нэмэлт коэффициентууд ашигладаг. Тухайн нэмэлт коэффициентуудыг ашиглах дүрэм нь Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн оролцогч улсуудын хооронд 2010 онд ачаа тээвэрлэх Төмөр замын үнийн бодлогод тусгагдсан.
1992 оны аравдугаар сарын 19-ний өдөр Москва хотноо батлагдсан Монгол улсаас ОХУ-аар дамжин далай руу гарах ба транзит тээвэрлэлт хийх талаарх ОХУ, Монгол улсын Засгийн газар хооронд байгуулсан тогтоолын дагуу ОАО РЖД нь Монголоос Оросын төмөр замаар, мөн Алс Дорнодын зогсоолуудаар дамжих транзит ачаа тээвэрлэлтийн таатай үнийн бодлогыг бүрдүүлж байна. 2010 оны гуравдугаар сарын 10-11-нд зохиогдсон РЖД ба Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн мэргэжилтнүүдийн оролцсон уулзалт дээр Монгол улсаас Оросын Алс Дорнод зүгийн зогсоолууд руу нүүрсний транзит тээвэрлэлт хийх боломжтой эсэх талаар яригдсан. Үүнтэй холбогдуулан Монгол улсаас Наушки ба Соловьевскийн гаалиар дамжин Алс Дорнодын боомтоор гуравдагч орнууд руу хүрэх нүүрс тээвэрлэлтийн бууруулах коэффициент 2010 онд 0.48 хэвээр үлдэхийг Танд мэдэгдэж байна. Тиймээс Соловьевск – Ванино ба Владивосток станцууд руу 68 тонн даацтай вагоноор (хагас вагон) 1 тонн чулуун нүүрс тээвэрлэх ханш 26.3 швейцар франк болно. Энэ нь Ерөнхий транзит ханшаас 65 хувиар бага байна (0.9 бууруулах коэффициент ба хоёрдугаар зэрэглэлийн ачааг 40 тонноос их даацтай ачихад хэрэглэх 0.8 коэффициентүүдийг тооцоод).
2010 онд олон улсын харилцаан дахь ачаа тээвэрлэх Тусгаар улсуудын холбооны нийгэмлэгийн оролцогч улсуудын Төмөр замын үнийн бодлогыг ОАО РЖД-ийн сайтын (www.rzd.ru ) ”Ачаа тээвэрлэгчдэд” буланд байрлуулсан болно.
Хүндэтгэсэн ОАО РЖД-ийн Ерөнхийлөгч В.И.Якунин
Монгол улсаас ОХУ руу дамжин экспортын ачааг тээвэрлэх тухай протокол.
Тус уулзалт нь Байкалийн олон улсын форумын үед болсон ба уулзалтад дараах хүмүүс оролцлоо.
• ОХУ Тээврийн сайдын орлогч А.Н.Недосеков
• Монгол улсын Зам тээвэр, барилга, хот төлөвлөлтийн Дэд сайд А.Гансүх
Уулзалтын явцад Талууд ОХУ-ын газар нутаг дахь төмөр замын тээвэрлэлтийн транзит үнийн бууруулах коэффициентийн талаарх асуудлуудыг авч хэлэлцэв.
• Талууд 2010 оны 2-р сарын 25-ны өдөр Владивосток хотод Орос- Монгол-ын Засгийн газар хоорондын комиссийн тээврийн Ажлын хэсгийн 7-р хурлаас гаргасан шийдвэрүүд ахицтай яваад таатай байгаагаа мэдэгдлээ
• Талууд 2010 оны 6-р сарын 24-ний өдөр Монгол улсын Их хурлаас баталсан “Төмөр замын тээврийн бодлого”, мөн “1520 мм-ийн орон зай”-н хөгжил, хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцгойлон тэмдэглэв.
• Талууд 2010 оны 4-р сарын 09-ний өдөр ОАО РЖД-ийн Ерөнхийлөгч В.И.Якуниний захидлаар батлагдсан, 2010 оны ТП СНГ 3.1.3.4.3.8. зүйлд заасан бууруулах коэффициентууд, бусад альтернатив чиглэлтэй харьцуулахад ОХУ-ын газар нутгаар төмөр замаар тээвэрлэх транзит бараанд Монголын хувьд өрсөлдөхүйц таатай нөхцөл бүрдүүлж байна гэж үзлээ
• Талууд одоогийн хэрэглэгдэж буй бууруулах коэффициентуудыг 25 жил ба түүнээс дээш хугацаатай Монгол улсаас Оросын төмөр замаар Наушки ба Соловьевск гаалиар дамжин Оросын боомт ба хилийн бүсээр гуравдагч орнууд руу хүрэх эрдсийн экспортын тээвэрлэлтэд ашиглагдах тал дээр цаашид хэлэлцэхээр тогтлоо.
• Монгол улс ойрын хугацаанд Наушки ба Соловьевск гаалиар дамжих төмөр замын тээвэрлэлтийн төлөв хэмжээний талаарх мэдээллийг өгнө
• Монгол улсаас ОХУ-аар дамжин экспортын ачааг тээвэрлэх Засгийн газар хоорондын Тогтоолын төслийг бэлдэх зорилгоор Ажлын хэсэг байгуулах
• Орос улс Монгол улсад шинэ төмөр замын бүтэц бий болгоход ОАО РЖД-ийн оролцоо чухал гэж тус тус үзсэн байна.
Дээрх баримт бичгүүдийн хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр улсын яам, агентлагуудын хооронд хэлэлцээр үргэлжилсэн. Харин үр дүн, ахиц хэлэлцээрт гараагүйг уншигчид мэднэ.
Өөрчлөгдсөн зүйл нь хойд чиглэлд барих төмөр замын ажилд хамтран оролцож, санхүүжилт гаргах тухай яригдаж байсан БНСУ-ын компаниудын нэгдэл, Японы дөрвөн том компанийн нэгдэлтэй Оросын Төмөр замуудын нэгдэл өөрөө хэлэлцэж тохирох шинэ нөхцөл үүссэн юм. Оросууд Япон, Солонгосын талтай өөрсдөө тохиролцох хувилбар нь эргээд хойд чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг эрсдэлд оруулж байна. Монгол улс шинэ чиглэлийн төмөр замтай болж чадах эсэхэд одоо эргэлзэх шалтгаан гарсан. Япон, БНСУ-ын тал “Шинэ төмөр зам” төсөлд оролцохгүй тохиолдолд санхүүжилтийг хаанаас гаргах вэ. Орос-Монголын компаниуд “Тавантолгой” төсөлд 18:18 харьцаагаар хувь эзэмшиж орно гэсэн шинэ томъёоллыг Засгийн газрын Ажлын хэсэг мэдээлсэн ба Монголчууд 18 хувьдаа тохирсон хөрөнгө оруулалт хийж чадахгүй бол Шинэ төмөр замын ажил хөдлөхгүй. Сибирь хүрэх шинэ төмөр замын ажил хийгдэхгүй байх нь Оросын талд ямар ч хохиролгүй. Тэд “Тавантолгой” төслийн 18 хувийн оролцоогоо баталгаажуулсан байх нь стратегийн хувьд эхний зорилт нь юм. Харин Монголчуудад эдийн засгийн хохиролтой. Төрийн бодлого хэрэгжихгүй байх уршигтай.
Түүнчлэн, 18 хувьдаа тохирсон урьдчилгаа төлбөр өгөхийг Монголын тал оросуудаас шаардана. “Тавантолгой” төсөлд оролцуулсны төлөө авах тэрхүү урьдчилгаа төлбөрийг ОХУ-ын ДУМ батлахгүй хэмээн гэдийх өндөр магадлалтай юм. “Улаанбаатар төмөр зам” нэгдлийн 50 хувийг эзэмшдэгийн хувьд оросууд манай угтуулан тавьсан нөхцөлүүдээс татгалзаж чадна. Харин Шинхуа группийг “Тавантолгой” төсөлд оролцуулбал Хятадын тал 40 хувийн оролцоонд тохирох урьдчилгаа мөнгийг Монголын Засгийн газарт өгнө. Тэрхүү 40 хувийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлаас баталгаажуулах нь сонин. Оросын ДУМ ба Хятадын Ардын Их хурал Тавантолгой ордын ашиглалтын ажилд ийнхүү хүссэн хүсээгүй оролцох юм. Учир нь Оросын “Төмөр замуудын нэгдэл”, “Шинхуа” хоёулаа төрийн мэдлийн компани. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дахь “...гадаадын төрийн өмчит компанийн оролцоог хязгаарлана...” гэсэн заалт ийнхүү зөрчигдөж байна. Түүнчлэн, гадаадын аль нэг улсын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын гуравны нэг хувиас хэтрэхгүй байх тухай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал Тавантолгой ордын хэлэлцээр дээр дахин алдагдаж байна. Шинхуа группийн оролцоо 40 хувь болж, урьдчилгаа төлбөр болон төслийн санхүүжилтэд мөн хэмжээний мөнгө өгнө гэвэл Хятад улсын манай эдийн засагт оруулсан хөрөнгө гуравны хоёроос дээш давна.
Шинхуа нь Тавантолгой ордын хэлэлцээрийн эхний шатанд Японы компанитай хамтран оролцсон. Гэвч хэлэлцээрийн төгсгөлд Япончууд том ширээнээс холдон, Шинхуатай дахин тохиролцох нөхцөл авсан билээ. Тавантолгой ордын коксжих нүүрсний төлөө Хятад нь Японы өрсөлдөгч юм. Хятад улсад хэрэгцээ нь байхад тэд манай нүүрсийг өөрийн нутгаар чөлөөтэй нэвтрүүлэн, Япон буюу өрсөлдөгчийнхөө зах зээлд оруулахыг хүсэхгүй. Тиймээс Тавантолгой ордын хэлэлцээрт өдгөө Орос ба Хятадын тал улс төр, эдийн засгийн сонирхлоор өөрсдийн нүүдлийг хийгээд байна. Үүнийг л хэлэлцээрийн эхний шатны “үр дүн” гэж нэрлэе дээ. Хөршүүдийн ашиг сонирхол нь манай улсын гурав дахь хөршийн бодлогыг бүдгэрүүлсэн юм. Коксжих нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах Монголчуудын мөрөөдөл “Тавантолгой” төсөл дээр баталгаажих бус, харин ч төвөгтэй нөхцөл үүсчээ.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дахь өөр нэг чухал заалт нь “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Экспортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэжээ. Монгол улс өөрийн далайн боомттой болъё гэсэн саналыг манай мэргэжилтнүүд гаргадаг. Тэгвэл дундаж хүчин чадалтай буюу жилд 7-8 сая тонн нүүрс буулгаж, ачих, агуулах бүхий цогц терминалыг шинээр байгуулах зардал нь 120-130 сая ам. доллар гэсэн тооцоо бий. Гол нь хөрөнгө нь байлаа ч ийм терминал байгуулах өөрийн чөлөөт бүстэй болох, түүндээ саадгүй хүрэх замтай болно гэдэг том даваа наана нь бий.
“Тавантолгой” төслийн ажлыг гацаах тусам Монгол улсын эдийн засагт хохиролтой болсоор байна. Өмнийн говийн дэд бүтцийн цогц шийдэл болсон Цахилгаан станцын бүтээн байгуулалт Тавантолгойн шалгаруулалтыг хүлээн гацаж байгаа. Хэрвээ 600 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц баригдахгүй бол “Оюутолгой” уурхайн хэвийн ажиллагаа хангагдахгүй. “Оюутолгой” уурхай Өвөрмонголоос эрчим хүчээ авахыг оролдож байгаа боловч Хятадын тал элдэв саад учруулсаар байгааг өнгөрсөн тавдугаар сард болсон Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс Монголчууд ойлгосон. Оюутолгой ирэх жилээс үйлдвэрлэлээ эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Гэвч эрчим хүчний найдвартай эх үүсвэргүй тус орд эдийн засагт өгөөжөө өгч эхлэх цагийг тодорхой хэлэхэд эрт.
Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагч буюу манай хоёр хөрш Монголын эдийн засгийн гол түлхүүрийг атгасан хэвээр байна. Хэлэлцээр хүнд нөхцөлд дахин үргэлжилнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment