2011/08/05

Тавантолгойн нүүрс замдаа гарлаа. Шинэ хөгжлийн сураг хаана байна?

Тавантолгойн нүүрс замдаа гарлаа. Шинэ хөгжлийн сураг хаана байна?
-Ард түмэнд олгох арван хувийг зүүн, баруун Цанхийн хаанаас олгохоо тогтоосонгүй-

Тавантолгойн үүц задарч, өчигдрөөс өмнөд хөрш рүү нүүрс экспортолж эхэллээ. Гол хөзрийг атгасан том тоглогчдын нэрс тодорхой болоод удаагүй ч тэд шуурхай алхам хийж байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байгаа үед Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс ашиг хүртэх гэсэн хүлээлт гадаадын хөрөнгө оруулагчдад төдийгүй монголчуудад ч бий. Тавантолгойн нүүрс замдаа гарснаар энэ боломж нээгдэж байгаа юм.

Өнөөдөр коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 220-250 ам.долларын ханштай байна. Тэгвэл Тавантолгойн орд 6.4 тэрбум тоннын нөөцтэй, коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд тэргүүлдэг. Баруун Цанхийн ордод хөрөнгө оруулагчдыг сонгох шалгаруулалтад Хятадын Шиньхуа Энержи 40 хувь, АНУ-ын Пибоди 24 хувь, “Оросын төмөр зам” Монгол-Оросын хамтарсан консорциум 36 хувийг тус, тус эзэмшихээр шалгарсан бол монголчуудад 250 сая ам.доллар өгснийхөө хариуд Хятадын “Chalco” компани нүүрс борлуулах эрх аваад байгаа билээ.

ТАВАНТОЛГОЙГ ЗАРЖ ЭХЭЛСЭН Л БОЛ ДНБ ӨСЧ, ИРГЭДИЙН АМЬЖИРГАА ДЭЭШЛЭХ ЁСТОЙ


Одоогоор Тавантолгойн хөрс хуулалтын ажил жигдэрч, 50 мянган тонн коксжих нүүрсийг ачуулахад бэлэн болгож уурхайн аман дээр гаргасан мэдээ бий. Энэ оныг дуустал нэг сая тонныг ачуулахаар төлөвлөжээ. Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орчихвол манай улсын эдийн засгийн өсөлт дээшилж, нэг хүнд ногдох ДНБ нэмэгдэхийн зэрэгцээ ард түмний амьдрал сайжирна гэсэн хүлээлт нийгэмд үүсээд удаж байна.

Хоёр нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч, хамтарсан Засгийн газар байгуулсан нэгдсэн бодлогодоо ч энэ талаар тодорхой тусгасан. Тэгвэл өнөөдөр Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орж, нүүрс ачсан машинууд өмнөд хөршийг зорин гараанаас аль эрт хөдлөөд байна. Энэ өдрөөс эхлэн манай улсын ДНБ өсч, ард түмний амьжиргаа сайжрах ёстой. Гэтэл Засгийн газар, УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, салбарын яамны аль нь ч байр, сууриа илэрхийлсэнгүй.

Тавантолгойн асуудлаар Засгийн газраас гаргасан бодлогод иргэд, аж ахуй нэгжид арван хувийг олгоно гэж заасан. Гэтэл хувь олгоно гэж зааснаас бус Тавантолгойн яг аль хэсгээс, тухайлбал, баруун эсвэл зүүн Цанхиас иргэд, аж ахуй нэгжид хувь олгоно гэж тодорхой заасан юм алга. Компани, аж ахуйн нэгжүүдийн хувьд мөн тодорхойгүй байгаа юм. Ямар компанийг оруулах, шалгуур, болзол юу байх, арван хувийг хэрхэн тараах нь ойлгомжгүй байна.

ТАВАНТОЛГОЙ ЮУ, ОРОСТОЛГОЙ ЮУ?


Ойлгомжгүй, тодорхойгүйгээр дүүрэн олон асуултад хариу авах гэтэл Засгийн газар хуралдахгүй, УИХ-ын чуулган завсарлачихсан, Тавантолгойн төсөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд очсон ч юм шиг, үгүй ч юм шиг асуудал бүрхэг байгаа юм. Тавантолгойн зүүн Цанхийн сонгон шалгаруулалтад “Баян ходоод” болж үлдсэн Япон, Солонгосын тал тендер шалгаруулалтын дүнд эргэлзэж байгаагаа илэрхийлж, дахин хүсэлт тавьснаас өөр Тавантолгой юу болов, одоо яах гэж байна, монголчуудад ашгаа хэзээ өгөх вэ хэмээн дуугарч буй хүн алга.

Тэр бүү хэл, Тавантолгой Монголынх уу, Хятадынх уу гэж эргэлзмээр нөхцөл байдал үүсчээ. Хэвлэлээр гарч буй мэдээллээр бол баруун Цанхийн сонгон шалгаруулалтаас “гээгдсэн” Японы “Иточү”, “Мицуй” компанийн хамтарсан консорциумд манайхан “Оросоос асуу” гэсэн хариу өгсөн сураг дуулдаж байгаа юм. Тавантолгойгоо Оростолгой болгочихоогүй юм бол энэ асуултад манай Засгийн газар хариулах ёстой баймаар.

БАРУУН ЦАНХИЙН ХЭДЭН ХУВИЙГ МОНГОЛЧУУД ЭЗЭМШИХ ВЭ?


Хөрөнгө оруулагчдын зарим нь Тавантолгойн тендерт эргэлзэж байгаа бол үнэндээ гол тоглогчдын эзэмших хувь яалт ч үгүй анхаарал татаж байна. Тухайлбал, Монгол- Оросын хамтарсан “Оросын төмөр зам” консорциум баруун Цанхийн ордын 36 хувийг эзэмшигчээр тодроод байна. 36 хувийг эзэмшинэ гэхээр Орос 18, Монгол 18 хувийг тус, тус эзэмших юм байна хэмээн манайхан автоматаар ойлгоод байдаг. Бодит байдалд Орос ах нартаа найр тавьж 26 хувийг өгөөд 10 хувьтай хоцрох уу, үнэхээр найрсаг хамтын харилцааг хүндэтгэж 36 хувиа тэгш хувааж авах уу гэдэг тодорхойгүй байна.

No comments:

Post a Comment