2011/08/08

ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ ТАВАНТОЛГОЙН ЗУУН ЭХЭЛЛЭЭ




 Жолооч С.Энхтөвшин түүх бүтээлцэв. Тэр Тавантолгойн нүүрсийг экспортлох анхны цувааг ахалж, алтан соёмбоо оройдоо залсан 100 тоннын даацтай машинаараа Гашуунсухайтын боомтыг чиглэн хөдөллөө. Өчигдөр түүнтэй хамт хүнд даацын 40 машин Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс 4000 тонн нүүрс ачин, БНХАУ руу экспортлох тээврийг эхлүүлсэн нь нөөцөөрөө тэргүүлэх уг ордын нүүрс дэлхийн зах зээлд гаргах анхны алхам байлаа. Энэ алхам монгол хүн бүрт хамаатай гэдгийг онцлох хэрэгтэй. Яагаад гэж үү? Бид бүгд хувьцаа эзэмшигч. Таны эзэмшиж буй 536 ширхэг хувьцааны ханш хэрхэх нь дээрх цуваанаас хамааралтай юм.
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд болсон нүүрсний экспортын нээлтийн ажиллагаанд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Л.Энэбиш, ТУЗ-ийн дарга Д.Сугар болон ТУЗийн гишүүд, банкны зарим төлөөлөл хүрэлцэн ирэв. Мөн Японы “Иточү” компанийн дэд ерөнхийлөгч Йоичи Кобаяши болон “KОРЕС” компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн нь содон харагдаж байлаа.
Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс энэ онд 1.3 сая тонн нүүрс экспортлох тооцоо гаргасан бөгөөд өчигдөр биднийг очиход 60 мянган тонныг агуулахдаа хадгалж, 250 мянган тонныг бэлтгэсэн байв. “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Л.Энэбишийн хэлснээр экспортын хэмжээг 2015 онд 15 саяд хүргэнэ. Энэ үед Монгол Улс хэдийнэ цэвэр ашиг хүртэж эхэлсэн байх аж. Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг монголчууд өөрсдөө олборлож, үр шимийг нь хүртэж байгаа. Энэ нь монголчууд өөрсдөө хийж бүтээж, баялгийнхаа эзэн байх боломжтойг харуулсан түүхэн үйл явдал болж байна.
Энэ онд экспортлох 1.3 сая тонн нүүрсний тонн тутмыг нь 70 ам.доллараар тооцон, урд хөрш рүү гаргах аж. Дэлхийн зах зээл дэх үнэтэй харьцуулбал чамлахаар тоо хэдий ч ирэх оноос олон улсын жишгээр тооцон үнэлэх болно хэмээн Л.Энэбиш хэлсэн.
Сонирхуулахад, энэ жилдээ тонн нүүрснээс 11-13 ам.долларын ашиг олж байгаа, харин нүүрсний гуравдугаар давхарга руугаа шилжиж, экспортын хэмжээгээ нэмбэл дээрх тоо бүр ч илүү өснө. Энэ онд шавыг нь тавих Нүүрс угаах үйлдвэр ашиглалтад орвол хоёр дахин их ашиг олох боломж бүрдэх юм билээ. “Норвест” компанийн хийсэн судалгаагаар Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс жилд 15 сая тонн нүүрс экспортолбол 112 жил ашиглах боломжтой гэсэн.
Харин ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нүүрсээ түүхийгээр нь биш, угааж, коксжуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэх үүн гаргах байр суурьтай байгаагаа дуулгалаа. Түүнчлэн ирэх оны гуравдугаар сард багтаан хувьцааг нь олон улсын томоохон хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж байгаа тухайгаа энэ үеэр ярьж байв. Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн нүүрсний экспортын эхний алхам дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Учир нь тэдний сонирхож буй коксжуулах нүүрсний 7.5 тэрбум нөөц энд бий.

No comments:

Post a Comment