Тавантолгойн ордыг ашиглах стратегийн хамтрагчийг сонгон шалгаруулах ажиллагаа будилаантаж, холбогдох албаныхан хэлсэн үгнээсээ эргэж буцан, “пааник”-т орсоор. Одоогоор Засгийн газар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “амыг харж, харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрыг саналаа оруулж ирэхийг нь хүлээн “чилж” буй мэтээр холбогдох албаны хүмүүсийн ам зөрөөд байгаа. Гэвч ийн будилах тусам “Энержи Ресурс”-т ашигтай юмсанж. Яагаад гээч. Орос, Монголын хамтарсан консорциум 36 хувийг эзэмшинэ гэж яриад эхэллээ. Үнэндээ ТӨХ-ны дарга ч Монголын консорциум гэгчийг хэн, хэзээ төрүүлчихсэнийг нь мэдэхгүй яваа. Өөрөөр хэлбэл будлианы эздийн зохиомлоор бий болгосон, Оросын талын дарамтаас эмээгээд амлачихсандаа л бантсан хэрэг. Энэ хэний эрх ашиг вэ.
Монголд Төрийн тэргүүн, Засгийн газраас ч дээгүүр жаалдаг нэг л компани бий. Тэр бол “Энержи Ресурс”. Манай улсын хамгийн өнгөтэй өөдтэй, өндөр ашигтай салбарыг сорчлон, шим шүүсийг нь сорсныхоо дараа шаар шавхрууг нь бусдаасаа харамлаж харамсан байж өгдөг ийм л зарчмаар өнгөрсөн 20 жилд бизнесээ эрхэлж ирсэн. Мэдээж ийм байр сууринд байхын тулд “өөрийн” том улстөрчтэй байх хэрэгтэй. Тэр нь Ерөнхий сайд асан С.Баяр юм.
УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөхөн, тухайн үеийн Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр Тавантолгойн ордыг бизнесийнхнээс булаан авч, иргэдэд өгч буй дүр үзүүлэн жүжиглэн сонгогчдоос үнэмлэхүй өндөр үнэлгээ авч байлаа. Хөөрхий гэнэн ард түмэн үндэсний компани “Энержи Ресурс”-ыг сэм өмөөрч байв. Харин эдүгээ “Энержи Ресурс” уг ордын хамгийн их нөөцтэй Ухаа худагийг эзэлсэн. Тэр ч байтугай хувийн төмөр замаа тавихын тулд үндэсний эрх ашгаас урваж байсан ч түүх энэ компаниад бий.
Одоогоос хоёр жилийн өмнө, 2009 оны арваннэгдүгээр сарын эхээр “Энержи Ресурс” компани Германы хөрөнгө оруулалтаар Ухаа худагаас Гашуун сухайт руу төмөр зам тавих болсноо зарласан. Тэр үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг асуудлыг хэлэлцээд “Монгол Улсын эдийн засгийн эрх ашигт нийцэхгүй” гэсэн шийдвэр гаргасан байдаг.
Нийцэхгүй гэсэн шалтгаан нь тун энгийн. Тухайн үед БНХАУ-ын Тээврийн сайд Люу Зижунь Монголын хилийн найман боомт руу нарийн царигтай төмөр зам тавьж эхэлснээ мэдэгдчихээд байхад “Энержи Ресурс” өөдөөс нь угтуулан хувийн төмөр замаа тавих гээд байсан хэрэг. Хамгийн гол нь “Энержи Ресурс” хүссэн замаа тавибал манайх Хятадыг түүхий нүүрсээр хангах шантаажид орчихоод байв. Үүнээс болж өргөн, нарийн царигийн асуудлаар бүтэн жилийн турш маргаж, Ж.Оджаргал, Х.Баттулга нарын дунд С.Баяр “алцаганаж” байсан нь саяхан билээ. Мэдээж үүний цаана Орос, Хятадын харилцаа, үндэсний эрх ашгийн маш том асуудал нуугдаж байв. Ингэж л “Энержи Ресурс” гэдэг нэгэн компанийн эрх ашиг монголчуудын нийтлэг эрх ашгийн дээр завилан суусаар ирсэн билээ.
Одоо Баруун Цанхийг эзлэхээр Монголын консорциум гэгч албан бус нэр томьёог бий болгон будлиан хутгасаар байна. Үүний цаана мөнөөх л С.Баяр буй. Тэрбээр оросуудтай сүжрэн “Энержи Ресурс”-ыг далдаас түлхүүрдэн Тавантолгойн ордын хамтрагчийг сонгох “симфони”-ийг сэм удирдаж сууна. Улс төрд С.Баяр, бизнест “MCS”, ард нь оросууд байхад яагаад ялахгүй гэж хэмээн тэр тооцоолсон. Тэр ч байтугай яг энэ багаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх наймаагаа тохирчихоод байгаа нь ч тодорхой болсон билээ. Энэ ч яахав маргаашийн явдал.
Харин өнөөдрийн хувьд Тавантолгойн ордын хамтрагчийн тухай асуудал хамгийн ихээр анхаарал татаж байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нар уралдан ирж байгаа нь дэлхийн улс орнууд ямар хэмжээний ашгийн төлөө Монголыг сонирхоод буйг харуулж байгаа хэрэг. Саяхан эдийн засгийн өсөлтөөр Монгол Улс дэлхийд гуравдугаарт жагсах болжээ гэсэн таатай мэдээлэл дуулдлаа. Дэлхийг ноёрхогч хэмээн цээжээ дэлддэг өмнөд хөршийг хүртэл ардаа орхисон гээд бод доо. Япон, Энэтхэг хүртэл жам ёсоор зайгаа тавьж өгсөн. Үнэндээ нэрийг нь ч бараг мэддэггүй Мьянмар тэргүүлж, Монгол гуравдугаарт жагсана гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ.
Энэ бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдсэнийх юм. Нөгөөтэйгүүр экспортын хэмжээ ч эрс өсч буй. Тухайлбал манай улс сүүлийн дөрвөн сарын байдлаар нийт 15 сая тонн нүүрс олборлосноос 9.4 сая тонныг нь экспортолж, 900 сая ам.долларын орлого оржээ. Харин өнгөрсөн онд ердөө 7.8 сая тонныг л экспортолж 300 сая ам.долларыг олсон байдаг.
Ийм л учраас “Энержи Ресурс” үндэсний эрх ашиг хийгээд, төрийн эрх барих дээд байгууллагуудаас ч дээгүүр жаалж, санасан бүхэндээ хүрч, сарвайсан бүхнээ аваад сурчихжээ. Одоо хангалттай шүү дээ. Үндэсний эрх ашгаа бодъё л доо. Улс төрд С.Баяр, эдийн засагт “Энержи Ресурс” эрхэлж болоо юм биш үү. Өмнө нь өөрийн болгосноо улс орны сайн сайхны төлөө зориулж, бодитой ажил болгож ашгаа өгөөд, дараагийнх руу нь өнгөлзвөл ямар вэ. Тус компанийг эрхлүүлж, нийслэлийн хамгийн сайн байрлалтай газруудын нэгийг өгөөд, “Шангри-Ла”-гийн салбарыг сүндэрлүүлчихнэ гээд хүлээсэн. Хаана байна, тэр “Шангри-Ла”? Хэдэн жилийн дараа Ухаа худагийн нүүрс хаачсаныг мэдэхгүйд хүрч, MCS-ийн хувийн төмөр замаар өндөр үнээр зорчиж, шулуулснаар монголчуудын эрх ашиг Ж.Оджаргалын халаасанд багтдаг парадокс үргэлжлэх вий.
No comments:
Post a Comment