2011/08/30

Тавантолгойн сургаар Оюутолгойн хуудуутай явдлууд бүдгэрсээр байна

Тавантолгойн сургаар Оюутолгойн хуудуутай явдлууд бүдгэрсээр байна
Тавантолгойн ордын үүц задарсны буянаар Оюутолгойн гэрээг гардан хийсэн гурван сайдын “амьдрал” одоо л нэг хэвийн болж байх шив.

Түүнээс ч нэгдэж нийлсэн хэсэг гишүүд нь чуулганы танхимд гэрээг шүүмжилж “бөөлөөд”, буурал докторууд нь техник эдийн засгийн үзүүлэлт нэхэж утас цохиод, харин иргэний хөдөлгөөнийхөн ордон гороолж гүйгээд ёстой л иргэний дайн дэгдэх нь үү гэмээр үйл явдал өрнөж байсан нь саяхан.

Харин аз болоход Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын дунд томоохон үл ойлголцол гарав. Учир нь зөвлөлөөс өгсөн санал, зөвлөмжийг Тавантолгойн баруун Цанхийг хариуцан ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахдаа ажлын хэсэг огтхон ч харгалзаж үзээгүй аж.

Гэхдээ тэр санал нь Ерөнхий сайд болоод УИХ-ын даргынх гэхээс илүүтэй Ерөнхийлөгчийн талаас гарсан байж. Гэтэл тухайн үед зөвлөж байсан Ерөнхийлөгчийн саналаас тусгах нь битгий хэл 36 хувьд нь эзэн суух ялалт байгуулаад байгаа Монгол, Оросын консерциум гэгч хаанаас гараад ирснийг ч нууцалж буй.

Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн зүгээс зөвлөхүүдээрээ дамжуулж, тодруулга хийх шаардлага тавихын зэрэгцээ Тавантолгойн тендерийг задлах нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ.

Утгачилбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч оны арван нэгдүгээр сард Япон улсад хийсэн айлчлалын үеэрээ дээд хэмжээний уулзалт хийхдээ хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн зарчим өөд шат ахиулахаар тохиролцсон.

Үүний хүрээнд хоёр тал ашигт малтмалын бүтээн байгуулалтад Японы хөрөнгө оруулагчдын оролцоог идэвхтэй дэмжих байр суурь өөрчлөгдөхгүй байхаар үзэглэсэн байж. Нэг үгээр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөлийнхөн ханцуй дороо үгсэж, Тавантолгойн ордын хувь заяаг хэрхэн шийдэх талаар Засгийн газарт чиг өгсөн нь эрх баригчдын дунд маргаан үүсэх шалтгаан болжээ.

Харин энэ зуур УИХ-аас үүрэгдсэн Оюутолгойн гэрээний засч, залруулах ёстой асуудлууд бүдгэрэх замдаа орсон дэг шүү. Жишээ нь гэхэд, Өмнөд бүсийн усны хэрэглээ 10 жилийн хугацаанд өдөрт 50 мянгаас 2020 он гэхэд 350 мянган шоо метр болтол нэмэгдэх тооцоог холбогдох газраас гаргажээ.

Харин Оюутолгойн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлд уурхайн нийт хэрэгцээг хангахын тулд усыг 3.800 л/секунд хэмжээгээр татахаар тооцсон байна. Гэтэл холбогдох яамнаас баталсан усны нөөц 870 л/секунд байх жишээтэй.

Хамгийн гол нь усгүй шахам говийн нөхцөлд Оюутолгойн ордыг 30-60 жил ашиглана гэж байдаг. Үнэн чанартаа ордын ашиглалтын хугацаа дуусахад өмнийн говийнхон ундны ч усгүй хоцрох магадлалтайг буурал эрдэмтэд учирлаж байгаа юм.

Харин мэргэжилтнүүд уурхайн усны хэрэгцээг хангахын тулд Хэрлэн, Орхон говь зэрэг төслийг хэрэгжүүлж, 540-740 км зайд нийт 4000 л/секунд усыг хоолойгоор татахаар төлөвлөөд байгаа аж.

Гэхдээ байгаль цаг уурын нөхцөл жилээс жилд хүндэрч буй энэ цаг үед мэргэжилтнүүдийн тооцоолж байгаа эл арга хэр бүтэлтэй байх нь тодорхойгүй. Тэгээд ч 30-60 жилийн дараах байгаль ээжийн аягийг хэн ч тааж мэдэхгүй нь л бодит үнэн. Ямартай ч Оюутолгойн ордыг түшиглэн босгох үйлдвэрүүдээ нээх цагт өмнийн говийнхон амны усгүй болж, нутаг орноосоо дайжих их хөдөлгөөн өрнөхийг үгүйсгэх аргагүй юм.

Харин хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Оюутолгойн орд дээр гол үүрэг гүйцэтгэж буй “Айвенхоу Майнз” компани “Рио Тинто”-гоос 529.5 сая канад доллар авч, тэдний эзэмших хувийг хоёроор өсгөн 48.5 хувь болгожээ.

Өөрөөр хэлбэл, “Айвенхоу Майнз”-ын нэгж хувьцааг өмнө хийсэн гэрээний дагуу 18.98 ам.доллараар тооцож авсан байна. Харин “Рио Тинто” энэ талаарх мэдэгдэлдээ “Өнөөдрийн бидний хийсэн алхам дэлхийд томоохонд тооцогдож буй Оюутолгойн алт, зэсийн ордын төсөлд манай оролцоог нэмэгдүүлж буйгаараа давуу талтай юм” гэжээ.

Тэгэхээр харийнхан манай эрх баригчдыг баялгаараа “наадамлаж”, хөнжилдөө жийлцэх зуур өөрийн талд ашигтайгаар хөрөнгө босгож сууна. Тэр ч бүү хэл “Рио Тинто”-гийнхон ирэх нэгдүгээр сарын 18-ныг хүртэл “Айвенхоу Майнз”-аас эзэмших хувиа 49 хувь болгон өсгөх эрхтэй аж. Сүүлийн арилжаагаар гэхэд л, “Айвенхоу Майнз”-ын нэгж хувьцааны үнэ 82 цент буюу дөрвөн хувиар буурч, 19.8 ам.доллар болжээ.

Харин “Рио Тинто”-гийн хувьцааны үнэ 0.07 хувиар өсч, 58.26 ам.долларт хүрсэн байна. Тэгэхээр энэ мэтчилэн гадны компаниуд манай газрын хэвлий дэх баялгаар хүйтэгнэж байхад салбарынхан ганц ч үг ганхийхгүй байгаа нь “хөшигний цаана” хэний хүч нуугдаж байна вэ.

Яахав, эрх зүйн хувьд байж болох л асуудал. Харин үндэсний эрх ашигт хэр нийцтэй юм бол... Харин салбарын сайдын тухайд, өнгөрөгч чуулганы үед хоёр ч удаа албан тушаалаасаа мултрах дөхөв. Гэхдээ мэдээж Д.Зоригт сайдыг огцруулбал, цаашлаад хамтарсан засгийн ирээдүй хөндөгдөх эрсдэлтэй болохоор улстөрчид эмээсэн биз.

Тэгэхээр Д.Зоригтыг биш хамтарсан засгийн ирээдүйг бодож, түүнийг суудалд нь үлдээх шив. Гэхдээ тэрбээр ардаа томоохон хамгаалалттай гэсэн шиг улам пээдийж, “яасан ч яадаг юм” гэх маягтай зүйл ярьж байсан нь Д.Зоригт сайд гэж хэн бэ гэдэг асуултад бага боловч хариуллаа.

Улс төрд орж ирээд хоёр жил бололгүй ийн “хамраа сөхөж” байгаа нь мэдээж олон хүнд таалагдсангүй. Тийм ч учраас захаасаа эсэргүүцлээ илэрхийлж, огцруулна энэ тэр гэсэн асуудалд удаа дараа орсон нь энэ юм.

Тэрбээр өнгөрөгч хугацаанд салбарын ажлаа бүтэлтэй сайн хийж чадсангүй. Гүйцэтгэсэн бүхий л ажил нь араасаа хэл ам дагуулж, олны анхааралд өртөх болов. Тэгэхээр түүнд бүхэл бүтэн улсын стратегийн ордын хувь заяаг зөв тийш нь залах боловсрол болоод ажлын туршлага байхгүй гэдэг нь өнгөрсөнд нотлогдох шив.

Тэгээд ч анх түүнийг улс төр гэх их айлд хөл тавьж байхад олон хүн итгэл хүлээлгэж, чадвартай, залуу боловсон хүчин хэмээн магтаж байлаа. Харин Д.Зоригт сайд тэдний итгэлийг даасангүй бүр алдчихлаа. Дараагийн удаад Д.Зоригт гэж хүнд ард түмэн итгэл хүлээлгэх болов уу.

2011/08/29

ТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭГ ЯАРАВЧИЛЪЯ


Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 15 сая гаруй тонн нүүрс олборлосноос 9.4 сая тонныг экспортолж, 900 гаруй сая ам.долларын орлого олжээ. Таатай мэдээлэл. Хэдхэн жилийн өмнө бүхэл бүтэн улсын төсөв энэ хэмжээнд эргэлддэг байлаа. Үүнийг Монгол Улсын иргэн бүрт хуваавал нэг хүнд 300 гаруй ам.доллар ногдож эхлэв. Харамсалтай нь үүнд ард түмний мэдлийн Тавантолгойн хувь оролцоо алга. Дийлэнхийг нь “Энержи ресурс”, “Чинхуа МАК” гээд хувийн хэвшлийнхэн бүрдүүлжээ. Үүнийг дундажлан тооцвол хувийн хэвшлийнхэн сард зуу гаруй сая ам. долларын борлуулалт хийсэн гэсэн үг. Харин улстөрчдийг Тавантолгойн тендер тойрон маргалдаж, гэрээ тойрон улстөржиж, найр наадам хэсэн алгуурлах хооронд ард түмэнд ногдох ёстой байсан энэ хэмжээний ашиг орлого цаг хугацаатай хамт урсан оджээ.
Тавантолгойн гэрээг яаравчилмаар байна. Тавантолгойг ашиглах үйл явц жилийн өмнөөс эхэлсэн. Хөрөнгө оруулагчийн тендерийг олон улсад зарлаж, Эрдэнэс МГЛ компани Цанхийн зүүн хэсгээс нүүрс олборлож, экспортод гаргаж эхэллээ. Гэвч улстөрчид өнөөдрийг хүртэл Тавантолгойн гэрээг УИХаар хэлэлцэж, батлахыг яаралгүй алгуурласаар байгаад ямар учир байна вэ. Ард түмэнд хүлээлт үүсээд байна. Хугацаа алдалгүй асуудлыг эцэслэн, хөрөнгө оруулалт, ашиг орлого олж эхлэхийг цаг хугацаа биднээс шаардаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл Тавантолгойг дараагийн сонгуулийн хөзөр болгох сонирхол улстөрчдөд нуугдаж буйгаас гаднынхан ба манайхан гэсэн талцал нэг тийм, бороо орох эсэх нь тодорхойгүй бүрхэг тэнгэр мэт бүүдийжээ. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд саяхан болж өнгөрсөн хэлэлцүүлгээр Тавантолгойгоос мон голчууд өөрсдөө нүүрсээ олборлох санал гарсан.
Гэтэл үнэндээ ийм бо ломж бидэнд бий бил үү. Хүрздээд, шуудайлаад хил давуулан худалдаж, хоёр сая 750 мянган иргэнээ Саудын Арабынхан шиг баян тансаг амьдруулна гэнэ. Мөрөөдөл биш үлгэр юм биш үү. Хүссэн ч, үл хүссэн ч Монголын нүүрс дэлхийд гарч байж ийм боломж бүрдэнэ. Харин мөнхийн хоёр хөрштэй бид Орос, Хятадыг даваад Япон, Солонгост нүүрсээ гаргаж чадах бил үү. Геополитикийн энэ онцгой байрлал өнөөдөр Монголын нүүрсийг хоёр хөршийн ашиг сонирхолтой уяж байна. Үүн дээр нэмэгдээд нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч Япон, Солонгос, уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн Америкийн гигантууд Тавантолгойд орж ирэхээр боллоо. Тэднийг дагаад дэлхийн хэмжээний шилдэг техник технологи, зах зээл бидэнд нээгдэх боломж бүрдээд байна.
Хоёр хөршийн сонирхол, Америк технологи, техник бас Япон Солонгосын зах зээл. Сайхан боломж. Хятадын тал Тавантолгойн нүүрсний 40 хувийг эзэлж буй хятад, манайх хоёроос өөр хэрэглэгч тоохгүй эрчим хүчний нүүрсийг худалдан авахаа илэрхийлэхийн сацуу өөрийн нутгаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрөв. Харин оросууд төмөр зам барихад гол ачааг үүрэхээ мэдэгдэж, Япон, Солонгос руу нүүрсээ экспортолоход Оросын боомтуудыг ашиглахыг санал болгосон бол АНУын “Пибоди” хамгийн аюулгүй шилдэг техник технологийг Монголд оруулахаа мэдэгджээ. Үүний хариуд Тавантолгойд тус тус 51 хувийг эзэмших хүсэлтээ илэрхийлж байгаа аж. Гурван талын хүсэлт нийлээд 153 хувь. Үүн дээр мон голчууд бид бас ямар оролцоотой байх вэ гээд нэлээд амаргүй нөхцөлд хүндхэн хэлэлцээрийг хийж буйгаа ТӨХ-ны дарга Д.Сугар хэлсэн байсан. Эдгээрээс геополитик болон эдийн засгийн ашгаа тооцоолоод “Шиньхуа”-д 40 орчим, “Пибоди”-д 24, Орос, Монголын хамтарсан консерциумд 36 хувь эзэмшүүлж болох юм гэсэн хувилбар яригдаж буй.
Тавантолгойн гэрээ энэ мэт олон хувилбартай, шавар намаг ихтэй давааг даван байж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд очоод таг болов. Тавантолгойн тендерт оролцож буй гаднын компаниудын ашиг сонирхлыг Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого, дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах стратегитайгаа уялдуулан монголчуудын үндэсний эрх ашгийн илэрхийллийг гол шугамаа болгон шийдэх учиртай. Элдэв өөнтөгч үзэл бодол, өөрийгөө ардын баатар болгох мөрөөдөл, намдаа оноо авчрах санаархлаас холхон шиг байлган, даруйхан шийдэхгүй бол “бухын доодохыг харсаар үнэг турж үхэв” гэгч болох нь ээ.

Толгойнуудаас болж төрд аюул нүүрлэжээ

Толгойнуудаас болж төрд аюул нүүрлэжээ
Монголын уул уурхайн нэр хүнд, цар хүрээ дэлхий дахинаа өсч байгаа. Эхнээсээ Оюутолгой, Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн.

Тухайлбал, Тавантолгойн цанхийн оператор компаниар БНХАУ, АНУ, ОХУ, Япон, Солонгосын нэгдэл тодорсон юм. Ингэснээр эл ордыг тойрсон олон улсын сонирхлыг тэнцүүлж чадсан гэж сайшаагдаж байгаа ч Францын www.france24.com/fr агентлагын энэ сарын 24-нд нийтлэгдсэн "Уул уурхай ба улс төрийн бодлого" нийтлэлд энэ талаар дурьджээ.

Олон компани өрсөлдөх нь тухайн улсын эрх баригчдыг талцуулдаг төдийгүй улс төрийн бодлогод сөргөөр нөлөөлдөг байна.

Тус агентлаг Тавантолгойн тухай "Уудам газар нутагт асар их баялагтай Монгол Улс олон улсын түвшинд нэр хүнд олсон ч сайнгүй байдалд орлоо. Тавантолгойн олборлолт явуулах компаниар нөлөө бүхий улсуудын нэгдэл тодорч, Монголын төрийн эв нэгдэл хагарах төлөвтэй боллоо. Япон Улс Улаанбаатарын хамгийн том хандивлагч гэдэг утгаараа Тавантолгойгоос ногдсон хувиа чамлаж байна. БНСУ-д Монгол Улсын 30 мянга гаруй иргэн ажиллаж, амьдардаг. Сөүл ч гэсэн ногдсон хувиа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Ли Мён Пакаар дамжуулан уламжилсан. Энэ нь улс төрийн амьдрал тогтворгүй байгаа Монгол Улсад нэрмээс болно" гэжээ.

Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос авсан хувиараа шалтаглан нэр бүхий улсууд манай улстөрчдийг шантаажилж эхлэх аж. Тэгэхээр зээл тусламжаа багасгах, улсад нь байгаа монгол иргэдийг хавчих зэргээр дарамталдаг байна.

Гадаадын тэр дундаа, Африкийн орнуудад ийм жишээ олон байдаг аж. Тухайлбал, Нигерийн Ичбаллах нефтийн ордыг ашиглах тендерт гадаадын таван улсын долоон компани өрсөлдөж, бүгдээрээ ялалт байгуулжээ. Энэ нь эхэндээ зөв шийдвэр хэмээн үнэлэгдэж байсан ч Нигерийн улс төрийн байдал тогтворгүй болов.

Эхлээд хариуцлагын тогтолцоо алдагдаж, улстөрчдийн сонирхол зөрөлдсөнөөр Уул уурхай, ашигт малтмалын сайд агсан Ноубисахар өнгөрсөн онд тус ордыг улсын мэдэлд авчээ. Гэвч сайд хоёр сарын дараа тодорхой бус шалтгаанаар нас барсан аж. Түүний үхлийн шалтгааныг барууныхан Ичбаллах ордын асуудалтай холбож тайлбарладаг.

Тэгэхээр ирэх онд сонгууль болно. Энэ үеэр ордуудыг авах, хувиа нэмэгдүүлэх гэсэн гадныхны сонирхол нэр дэвшигчид рүү чиглэгдэж болзошгүй. Шинэ Засгийн газар Тавантолгойн оператор компанид ногдсон хувь буруу байсан хэмээн өөрчлөхийг үгүйсгэхгүй. Ингэснээр www.france24.com/fr агентлагийн дүгнэлт биелэлээ олох аж.

2011/08/26

Тамшаалж болдоггүй Тавантолгой

Тамшаалж болдоггүй Тавантолгой
Тавантолгой хэмээгч газрын үүд нээгдэж, Монголчууд хоёр иддэг, хоосон хонохгүй болох нь хэмээн горьдсоор. 2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцаа ногдоно, удахгүй тараана гэх мэдэгдлийг Шадар сайд Н.Алтанхуяг бахархалтайгаар мэдэгдэж байснаас хойш хэдэн сар өнгөрөв.

УИХ-ын 39 дүгээр тогтоолд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн арван хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж заасан заалт хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй. 2011 оны хаврын чуулган өндөрлөхтэй зэрэгцэн УИХ-ын нэр бүхий гишүүд үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах арван хувийг мөн иргэдэд хувьцаа хэлбэрээр ногдуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа.

Үүнийг нь Засгийн газар аль хэдийнэ дэмжихээ илэрхийлчихсэн. Гэтэл өдгөө иргэн бүрт хувьцаа ногдуулах талаар дуугарах эрх дархтан нэг ч алга. Харин тамшаалж болдоггүй Тавантолгойг хэрхэн хаагуур нь яаж хувааж байгаагийн учрыг өөрсдөө ч олохоо больчихов бололтой.

Тавантолгойн ордыг ашиглах стратегийн хамтрагчийг сонгон шалгаруулах ажиллагааг ойлгоход бэрх болсон нь холбогдох албаны хүмүүс өөр өөр зүйл ярьж буйгаас болсон хэрэг. Өөрөөр хэлбэл, Тавантолгойг ашиглалтад оруулах гэсэн Засгийн газрын оролдлого тоо бодуулж, толгой эргүүлэхээс өөр ахиц үгүй байна.

Ямартай ч БНХАУ-ын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Монгол-Оросын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болсон юм байх. Үүний зэрэгцээ баруун, зүүн Цанхи гэж хоёр хуваах нь буруу, гадны хөрөнгө оруулагч хэрэггүй, компаниудад хувьцаа хуваарилах уу, иргэдэд өгөх үү гээд тодорхойгүй асуудлууд ар араасаа хөвөрсөөр байна.

Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргах учиртай. 2011 оны намрын чуулган эхэлмэгц УИХ-ын сонгуулийн хуулийнхаа ард гарах ажилтай эрхэм гишүүд зэрэгцүүлэн хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэг юу л бол.

2008 оны сонгуулийн амлалтаа биелүүлэх гэсэн АН-ын бүлгийн гишүүдэд МАН нь дэгээ тавьчихгүй бол Тавантолгойг ашиглалтад оруулах шийдвэрийг УИХ цаг алдалгүй гаргах шаардлага бас бий. Хэрүүл уруул, хэлцэл тэмцэл өрнөсөөр байтал он дамжих талтай байж болохоор. Тэр болтол Засгийн газарт үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “амыг” харахаас өөр гарц үлдээгүй бололтой.

Гэтэл хувийн нүүрс олборлогч компанийн ажил маш урагштай яваад байдаг. Төрийн өмчит компани нь хөрс хуулалтаа жилийн өмнө эхэлж, нүүрс олборлож эхэлсэн боловч дээрээ будлиантай, бүтэл муутай байгаад байдаг. Төрийн өмчит компани Тавантолгойн Зүүн цанхиас 2011 онд 1-2 сая тонн, 2012 онд 3-4 сая тонн, 2013 онд 6-7 сая тонн, 2014 онд 9-10 сая тонн, 2015 онд 15 сая тонн нүүрс олборлох гэсэн төлөвлөгөө цаасан дээр байсаар л.

Гэтэл нийт экспортын 39.1 хувийг нүүрс эзэлж байна гэж статисик нь мэдээлнэ. Нэгэн үе Монгол Улсыг тэжээж тэтгэж байсан зэсийн баяжмалын экспорт 24 хувь гэж нүүрсний дараа бичигдэх болжээ. Тавантолгойг тойрсон эргэлзээтэй, ойлгомжгүй байдал дуусгавар болж, Төрийн өмчит компанийн ажил удахгүй жигдэрч, хэдхэн сарын дараа өндөрлөх 2008-2012 оны чуулган хаагдахад байдал сайжирсан байна гэж найдах л үлдэж байх шиг.

2011/08/25

Ч.Хурц: Захын Монгол инженер Тавантолгойг аваад явчихаж чадна


Ч.Хурц: Захын Монгол инженер Тавантолгойг аваад явчихаж чадна
''Рич Монгол'' ХХК-ийн ТУЗ-ийн дарга, доктор Ч.Хурцтай ярилцлаа.

-Таванголгойн асуудлаар томоохон хэлэлцүүлэг өрнөлөө. Та хэлэлцүүлгийн үр дүн, ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Хэлэлцүүлэг хийгээд, санал сонсчихоод хүний хэлснийг бодит байдлаар нь авч чадахгүй байх шиг байна. Үүнээс болж алдаа дутагдлууд гарч байна. Сүүлийн үед геополитикийн асуудал дээр манай улс их алдаж эхэллээ. Энэ их муу зүйл байгаа юм. Геополитик гэдэг зүгээр л хэдэн хүн яриад байх асуудал биш. Дэлхийн хэмжээнд төрийнхөө бодлогыг гаргаж, хөрш орнуудтай харилцах, олон улсын харилцаатайгаа асуудлыг холбож үзэхээс өөр арга алга. Жишээлбэл, сая МИАТ-ийн нэмэлт нислэгийг Солонгосчууд хүлээж авахгүй ээ гээд мэдэгдчихэж байна. Энэ юунаас болж байна вэ гэхээр нөгөө л Тавантолгойн асуудал шүү дээ. Бодлогогүй үйл ажиллагааны үйлийн лай ингэж ирдэг байхгүй юу. 

Бид олон улсын төвшинд, НҮБ-ын хэмжээнд ч юм уу санал, тавиад эхлэхээр иймэрхүү асуудал заавал нөлөөлнө. Нөлөөлөхгүй байна гэж байдаггүй юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, анх Тавантолгойг эзэмшихэд саналаа өгсөн 15 компани байгаа шүү дээ. Зарим нь хоорондоо нийлчихсэн, зарим нь нийлээгүй байгаа. Тэр компаниудыг бид бүгдийг нь аваад, төр засгийн хэмжээнд маш сайн боловсруулсан удирдамжийн хэмжээнд саналаа тавих ёстой юм. 

Та нар тус бүрдээ нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хий, энэ хөрөнгө оруулалтыг эзэмшиж, ажиллуулах консорциумыг хамтын хүчээр байгуулъя, хамтарсан консорциумын үйл ажиллагааг хамтарч удирдъя, ийм ийм нөхцлийг оруулж ир гэх хэрэгтэй. Тэгээд орж ирэх хөрөнгөөр төмөр замаа ингэж барья, кокс, химийнхээ үйлдвэрийг ингэж барья гээд календарьчилсан график гаргаад, хуваах ёстой юм. Жишээ нь манай төмөр замыг барихад гурван тэрбум ам.доллар хэрэгтэй гэж байна. Гэтэл 15 компани тус бүрдээ нэг нэг сая ам.доллартай ирсэн бол тэр мөнгө амархан бүрдчихнэ биз дээ. Энэ мэтчилэнгээр шийдэж болохоор байсан.

-Тэгэхээр Таванголгойн ашиглалт, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц буруу явж байна гэж хэлэх гээд байна уу?

-Нэг сонин юм ярих юм. Одоохондоо ингээд хийчихье, дараа нь явцын дунд засч, янзлаад сайжруулаад, орлогоо олоод юмаа хийнэ гээд. Түүн шиг худлаа юм байхгүй. Энэ бол зүгээр ойр зуурын, өнөө маргаашаа бодсон хүний сэтгэлгээ болохоос биш нийгмээ томоор харсан хүний үг биш. Тэгэхээр төрийн бодлого гээч тийм өчүүхэн байж болохгүй гэж би бодож байгаа. Тийм учраас хамгийн түрүүнд Тавантолгойг эзэмшихтэй холбогдуулсан том эрдэмтэд судлаачдын баг хэрэгтэй юм болов уу. Сая эрдэмтдийн баг, бүтээн байгуулалтын баг энэ тэр гээд ярьж байна. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтын багийг Засгийн газрын дор хаяж Шадар сайдын хэмжээний эрх мэдэлтэй хүн удирдаж явуулах ёстой. 

Бүх яамдаас асуудаг, үүрэг өгдөг, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг тийм хүн энэ үйл ажиллагааг удирдах ёстой. Ийм байдлаар хийх боломж байна уу гэвэл байна. Ганцхан зохион байгуулах аргыг нь мэдэхгүй, эсвэл мэдсэн ч за яах юм гээд байна уу. Тэгэхээр энэ том бүтээн байгуулалтын ажилд ийм байдлаар хандаж, нурааж болохгүй. Ч.Содном гуай гадаадынхныг бишрэх хэрэггүй гэж байна. Тэглээ гээд хөрөнгө оруулалтаас зугтааж, хэтэрхий туйлширч болохгүй л дээ. Гэхдээ Ч.Содном гуай шиг төр улсаа олон жил удирдчихсан, сайн муу юмтайгаа хутгалдчихсан арга   туршлагатай хүмүүсээ түшиглээд тэр том багуудыг байгуулах ёстой юм болов уу. Тэр багтаа хувийн компаниуд, бусад хүчүүдийг төвлөрүүлэх замаар үлдсэн ажлуудыг хийх ёстой. 

Кластерийн систем гэж гарч ирсэн шүү дээ. Юу гэхээр эрдэмтэн, мэргэд, хүмүүс, хөрөнгө, техникийн боломжуудыг төвлөрүүлээд нэгдсэн үйл ажиллагаа руу хандуулдаг систем. Дэлхийн хөгжил ийшээ явж байгаа. Бид үүний хажуугаар мэдэхгүй царайлаад өнгөрч болохгүй. Өнөөдөр их дээд сургуулиудын эрдэмтэд, судлаачид бүгд тус тусдаа тэрүүхэндээ л ажиллаж байна шүү дээ. Тэгвэл бүгдээрээ ингэж тарамдаад байлгүйгээр бүгдээрээ хамтраад, хүчээ нэгтгээд улс орны хөгжилтэй холбоотой энэ ажлыг урагшлуулаасай гэж бодож байна. Тэгж чадвал Монгол Улсын хөгжлийн ирээдүй ойрхон харагдаж байна.

-Тавантолгойг хоёр хуваасныг хамгийн буруу алхам боллоо гэж хэлэх хүн олон байна. Та юу гэж бодож байна?

-Хамгийн буруу ажил. Шугам барьж байгаад хуваачихсан. Ийм тэнэг юм гэж байдаггүй юм. Социализм, захиргаадалтын үед ч ийм зүйл хийхгүй. Төрийн удирдах дээд байгууллагын хүн шугам барьж байгаад хоёр хуваагаад л баруун тал нь стратегийн хөрөнгө оруулагч, зүүн тал нь операторууд гэж болдоггүй юм. Тэгэхээр орд газрыг бүтнээр нь ашиглана. 30 жилийн хугацаанд жилдээ 15 сая тонноор бодоод 450 сая тонн нүүрс ашиглана гээд Зүүн Цанхи дээр ТЭЗҮ гарсан, ашигтай, аягүй сайн болсон гээд л байна. Тэгвэл цаана нь яах юм, үлдсэнийг нь. Тэр уурхай чинь 300 метрээс цаашаа ил аргаар олборлох боломжгүй болчихно л доо. Тэр үед яах юм. Үлдсэн нүүрсээ хаях юм уу. Монгол баян баян гээд 30, 50 жилийн дараа тийм нүүрсээ хаях эрх байхгүй шүү дээ. Тэрнийг ашиглах хөрөнгийн хуримтлалыг өнөөдөр нэг тонн нүүрс ашиглахдаа бодолцож байх ёстой. 

Энэ бүхнийг тооцсон ажил хиймээр байгаа юм. Тэгээд одоогийн энэ компаниуд чинь өөр өөрсдийнхөө өнөөдөр маргаашийнхаа юмыг бодоод байдаг юм уу, нэг тиймэрхүү тал ажиглагдаад байгаа. Цанхийн баруун хэсэгт тонн нүүрс ашиглахын тулд дөрвөн куб метр шороо хаяна. Зүүн хэсэгт нь тонн нүүрс ашиглахын тулд 5.93 метр шороо хаяна. Тэгэхээр их шороо хаясан нь үр ашиг багатай биз дээ. Үр ашиг багатайг нь Монголын ард түмэнд баахан хувьцааны тоо хэлээд өгчихсөн, 500, 1000 юу гэнэ вэ. Тэр тоондоо биш агуулгандаа байх ёстой.

-Зүүн Цанхийн нүүрсийг олборлоод, экспортолж эхэллээ. Гэхдээ хэтэрхий хямд үнээр урт хугацааны гэрээ хийлээ гэдэг шүүмжлэл өрнөж байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоо дөнгөж нүүрснийхээ дөрөвдүгээр давхарга руугаа орсон. Чанар муутай нүүрс гэж түрүүн Б.Энэбиш хэлнэ лээ, тэрэн шиг худлаа юм байхгүй. Дөрөвдүгээр давхарга гэдэг чинь жинхэнэ коксжих нүүрс нь. Тэр коксжих нүүрсний өгөршсөн хэсэг гэж байдаг. Тэрэн дээр нь сууж байгаа байхгүй юу. Өнөөдөр нэг сая, хоёр сая тонн гаргахад тэр өгөршсөн хэсгийг гаргана. Өгөршсөн хэсэг бол хэзээ ч коксжих нүүрс болохгүй. Тэгэхээр эхний үед нь хараагаад, загнаад байж болохгүй. Хийж байгааг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Үнэ нь бага байна гэж байгаа. Цаашдаа үнээ нэм, өнөөдөр үүгээрээ эхэл гэж зөвшөөрч болно. Энэ бол Засгийн газрын стратегийн бодлого биш, тактикийн асуудал. Тэгэхээр ийм тактикийн ажил хийж болно л доо. 

Гэхдээ том хэмжээгээрээ сэтгэж, хөдлөөд бага юмаараа дунд нь хэрэгтэй зүйлээ олж байх ёстой. Ихийг хийхийн тулд багыг ажиллуул гэдэг шүү дээ. Үнэ их бага гэдгийн тухайд бол их бол сайн л даа. Тэгээд авах хүн байхгүй байвал яах юм. Хэчнээн ч их нүүрс гаргаад хэрэггүй шүү дээ. Ер нь бол өнөөдөр Ухаа худаг, "Энержи ресурс", орон нутгийн Тавантолгой, "Эрдэнэс МГЛ'' гээд гурвуул гурвуулаа өрсөлдөх нь. Нэгдүгээрт үнийг буулгана, хоёрдугаарт технологийн алдаатай нүүрс гаргана. Нэг нь чанар муутай нүүрс гаргаад хямд зарж байхад нөгөө нь тэр үнэд нь цохигдож, чанартай нүүрсээ чанаргүй нүүрсний үнээр борлуулах нөхцөл хүртэл бүрддэг. Тийм учраас зах зээлийн өрсөлдөөний үед ийм хандлагаар хандаж болохгүй. Үүнийг зөв хийх ёстой.

-Ер нь гадны компанийг оруулах ямар шаардлагатай юм бэ, Монголчууд өөрсдөө бүх юмыг хийж чадна гэж үзэх хүмүүс бас байна?
-Ч.Содном гуай зөв ярьж байгаа байхгүй юу. Операторын хийх ажил хэрэггүй. Оператор компани гээд 10 гаруй хүн байна лээ. Ухаа худаг дээр, Австралийн компани тэгээд ажиллаж байна. Гэтэл тэр уулын ажлын төлөвлөлт, хөтлөлт бүгдийг нь монгол ажилчид хийж байгаа байхгүй юу. Оператор гээд байгаа компани зөвхөн ерөнхийд нь ажлуудыг хараад л тэр нь зөв, энэ нь ийм байна, тэгвэл зүгээр юм гээд, зөвлөгөө өгөх хэмжээнд л байна лээ. Тэгэхээр энэ нүүрсэн дээр бол оператор компани залаад байх хэрэггүй. Манай захын уурхайн инженер үүнийг аваад явчихна. 

Налайхад байсан ерөнхий инженер ч аваад явна. Шивээ-Овоогийн Басандорж гээд инженер байна. Багануурт ажиллаж байсан, одоо Шивээ-Овоод ажиллаж байна. Басандорж бол зүгээр инээж байгаад л энэ ажлыг хийчихнэ. Яаж авч явах вэ, хэдэн тонныг хаанаас авах вэ, уулын ажлын төлөвлөгөө гээд бүгдийг нь гаргаад хийчихэж чадна. Манай Эрдэнэтийн уул уурхайнх нь хүдэр дээр ажилладаг захын инженер Тавантолгойг чөлөөтэй аваад явчихна. Ийм нөхцөл бүрдчихээд байхад үгүйсгээд байдагт л манайхны хамгийн гол алдаа байна.

-Япон, Солонгосын талыг хассан нь буруу гэж олон эдийн засагчид хэлж байна, та юу гэж харж байгаа вэ?
-Мэдээж шүү дээ. Тэд өөрсдөө больё гэж хэлэх нөхцлийг тавьсан бол тэрний дараа юмаа ярих ёстой. Өөрсдөө оръё гээд байхад нь манай хэдэн инженерүүд ирж сууж байгаад тэднийг оруулахгүй ээ гэдэг бол тэнэгийн дээд л байхгүй юу. Тэгэхээр би түрүүн хэлсэн шүү дээ, МИАТ-ийн жишээн дээр. Улс хоорондын харилцаанд их эвгүй нөхцөл үүсгэж байгаа юм. Одоо Японы нөхөд бас ноот бичиг явуулсан гэсэн. Асуудлыг их л чанга тавьсан байх гэж би бодож байна. Би ямар Гадаад харилцааны яамны протокол хөтлөгч биш, яг таг мэдэхгүй л дээ. Гэхдээ асуудлыг үүнээс өөрөөр шийдэх боломжгүй болтол нь хатуу тавьсан биз. Яагаад гэвэл хүн өөрийнхөө улс орны үйлдвэрийн хувь заяаны талаар ярьж байна шүү дээ. Тэгэхээр олон улсын харилцааны асуудлыг ингэж хаяж болохгүй.

-Та ерөнхийдөө бүх ажлыг Монголчууд өөрсдөө хийж чадна гэж байна. Тэгвэл үйлдвэрийг хэн барих юм бэ, кокс, химийн үйлдвэр байгуулах хэрэгтэй. Тэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү дээ?
-Боловсруулах үйлдвэрийг барья гээд түрүүчээсээ төслөө хийчихээд бариад явж байна. Би ингээд үйлдвэр барья, хамтаръя, та нар яах гэж байна вэ гээд төслөө барьчихаад явж байна. Тоног төхөөрөмжөө авчирчихаж байна. Гаргах бүтээгдэхүүнийхээ стандартыг, үнийг ярьж байна. Тэгээд та нар дэмжээд өгөөч гэж байна шүү дээ. Гэтэл манайхан болохоор заавал гадны хүнээс зөвлөгөө аваад, гадны банкнаас зээл аваад, урьдчилгаа төлбөр болгоод л байдаг.

Д. Содном: Тавантолгойн асуудал улам ойлгомжгүй болж байна


Д. Содном: Тавантолгойн асуудал улам ойлгомжгүй болж байна
-”Тавантолгойн ордыг үндэсний хөрөнгө оруулагчдын хүчээр ашиглах хэрэгтэй” гэсэн байр суурь сүүлийн үед сэргэж эхэллээ. Та ч энэ үгийг хэлж байгаа. Иймд “Яагаад заавал үндэсний үйлдвэрлэгчид” гэдэгт та хариулт өгөхгүй юу?
-Тавантолгойг монголчуудынхаа хүчээр олборлох боломж өнөөдөр хангалтгай бүрдсэн байна. Хүний нөөцийн хувьд ч, машин техникиин тухайд ч адилхан. Манайхан өнөөдер хөрс хуулж, нүүрс олборлон чулуу, шорооноос нь салгаад экспортлоод явж байна. Тавантолгойг ашиглахад энэ туршлага хангалттай.
-Энэ дунд мөнгө гэж нэг том асуудал бий?
-Мөнгө олох хэрэгтэй нь үнэн. Тэр мөнгийг манай үндэсний компаниуд олоод ирж чадна. Одоо ч олоод л, ажиллаад л явж байна шүү дээ. Тавантолгойн хэмжээний том ордыг ашиглахад гадаадын санхүүгийн байгууллага, томоохон хөрөнгө оруулалтын банкууд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ ил тод зарлаж байна. Гол нь чадаж байгаа зүйлээ өөрсдөө хийх нь нь чухал биз дээ. Чадаж байгаа зүйлээ өөрсдөө хийгээд гарсан үр ашгийг нь өөрсдөө хүртдэг байхын төлөө л би энэ саналыг хэлээд байгаа юм.
-Гэхдээ Тавантолгой бол Нарийн сухайт, Адуунчулууны нүүрсний уурхай биш шүү дээ. Нэг ёсны Адуунчулууны нүүрсний уурхайг ашиглахаас хавьгүй их хүчийг Тавантолгой шаардах нь ойлгомжтой. Энэ тохиолдолд манайхны туршлага “балчирдаж” мэдэх юм?
-Илүү туршлага, чадвар нэхээд байна гэх юм энд байхгүй. Хэрэв далд уурхай байсан бол өөр хэрэг. Адилхан л ил уурхай. Тогтоцын хувьд харин ч их боломжийн. Олборлоход бусад нүүрсний уурхайгаас илүү хялбар.
-Үндэсний үйлдвэрлэгчид олборлох боллоо гэхэд ямар ч асуудалгүй гэж үү?
-Асуудал байхгүй.
-Гэсэн ч цахилгаан станц, төмөр зам гээд Тавантолгойг тойрсон дэд бүтцийг монголчууд өөрсдийн хүчээр шийдэж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ?
-Би олборлох, баяжуулахад гадныхныг битгий оролцуул. Өөрсдөө хий. Харин цахилгаан станц, кокс химийн үйлдвэр, төмөр зам гэх мэт дэд бүтцийн асуудалд гадаадын хөрөнгө оруулагчийг оруулах хэрэгтэй. Энэ хоёрыг бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй л дээ. Өөрсдийн чадах зүйлд заавал гадныхныг оролцуулж, олох ашгийг нь заавал гадныхантай хуваалцана гэдэг бол буруу.
-Хятад, Орос, Америк гэсэн энэ гурван нэгдэл Тавантолгой дээр консерциум болж ажиллаа гэхэд дэлхийн түүхнээ онцгой хамтрал болно хэмээн Засгийн газраас сурталчилж байгаа. “Дэлхийн хамгийн хүчирхэг гурван гүрнийг Монголын баялаг нэгтгэж чадлаа” гэх утгаар нь тайлбарлаж буйг та сонссон байх. Тийм үү?
-Гадны компаниудтай хэлэлцээр хийж, саналаа Засгийн газарт оруулж байгаа Тавантолгойг хариуцсан ажлын хэсгийнхэнд олон нийтийн өмнө тайлбар хийхэд их төвөгтэй нөхцөл байдал үүсчихээд байх шиг байна.
-Тухайлбал?
-Олон улсад зарласан тендерийн дагуу гадаадын компаниуд өөр хоорондоо нэгдэж, консерциум байгуулах замаар манайд саналаа ирүүлсэн. Гэтэл манай нөхөд хариу өгөхдөө консерциумын нэр дээр хариу өгөөгүй. Зөвхөн Орос, Хятад, Америк орны компанийн нэр дээр саналаа өгсөн шиг байна.
Ямар үндэслэлээр консерциумын саналыг дунд нь салгаж, компанийн санал болгож нэг тийш нь чиглүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Үүн дээр гадаадынхан том асуудал гаргаж байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар тэр компаниудын оролцооны хувийг ямар үндэслэлээр тогтоосон нь мөн л ойлгомжгүй байна. Хятадын тал юуны учир 40 хувийг эзэмшихээр болов. Америкт яагаад 24 хувийг үлдээж, Орос, Монгол нь нийлээд ямар учир шалтгаанаар 36 хувийг хамтарч эзэмших гэж байна гэдэгт тодорхой хариулт хэрэгтэй.
Энэ бүхэнд хариу өгөхөд ажлын хэсгийнхэнд их хэцүү байж магадгүй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу асуудлыг харах юм бол асуудал бүр л ойлгомжгүй болж ирж байна.
-Тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Улсын хөрөнгөөр хайгуул хийн илрүүлж, нөөцийг нь тогтоосон бол тухайн стратегийн ач холбогдол бүхий ордын 51-ээс дээш хувийг Монголын төр эзэмшинэ гэсэн утгатай заалт Ашигт малтмалын тухай хуульд бий. Гэтэл Тавантолгойд энэ хууль хэрэгжихгүй нь бололтой. Тэгвэл хэрэгжих боломжгүй тэр үндэслэлийг нь хэлэх хэрэгтэй. Цаашлаад үр ашгийнх нь тооцоог дэлгэх ёстой. Энэ бүх тодорхойгүй асуудал нь өөрөө мухардмал байдал руу түлхэж байна.
-Та өөрийнхөө хувьд энэ мухардалд гарц олж харж байна уу?
-Энэ янзаараа гадаадынхантай асуудлыг шийднэ гэдэг их төвөгтэй болно. Иймд нэгэнт манайхан өөрсдөө нүүрсээ олборлож чадах учраас ерөесөө шууд энэ шалгаруулалтыг зогсоох хэрэгтэй байж болох юм.
-Орос, Хятад, Америк гэсэн гурван том сонирхол Тавантолгойн төлөө нэгдэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүн шиг үндэсний группууд маань өөр хоорондоо нэгдэж, энэ орд дээр хамтран ажиллаж чадах болов уу?
-Хамтрахад чадахгүй гэх зүйл байхгүй. Хамтардаггүй юм гэхэд шууд аль нэг нь дангаараа ашиглаад явж болно. Эсвэл төрийн болон хувийн өмчит хамтарсан компани ч байгуулж болно. Миний хувьд ямар компани байх нь чухал бус. Ерөөсөө л монголчууд л ашиглах хэрэгтэй гэж бодож байгаа.
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Монголын талын 18 хувийг Төрийн өмчийн хороо эзэмшиж болно” гэж хэлсэн. Таны хувьд Монголын талд эзэмшүүлнэ гэж Засгийн газрын зарласан тэр 18 хувь манайхны оролцоог хангахад хангалттай тоо мөн үү?
-Би болж л өгвөл Монголын талд 100 хувь эзэмшүүлэх хэрэгтэй л гэдэг санал тавина. Бүр зайлшгүй гадаадынхныг оролцуулах хэрэгтэй гэж үзвэл ядаж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 51 хувиа Монголдоо үлдээх ёстой.
-Тавантолгойг зүүн, баруун Цанхи гэдгээр нь хувааж, Зүүн цанхид зөвхөн олборлолт явуулах гадаадын компаниин оролцоог нээлттэй болгож өгсөн. Ингэснээрээ Монголын талд байх ёстой тэр 51 хувийг нөхчихөөд байгаа юм биш үү. Энэ бодол Засгийн газрынханд бас их таалагдаж болох юм?
-Үгүй байх аа. Тэгж бодож болохгүй. Өөрсдөө ажиллаж байгаа хэсгээ Тавантолгойн 51 хувь гэж тайлбарлавал яаж ч бодсон болохгүй. Оролцооны хувь хэмжээний тухай асуудал баруун Цанхи дээр л яригдах ёстой.

Гэхдээ Тавантолгойг баруун, зүүн Цанхи гэж хуваасан нь нэг их буруу биш л дээ. Хамгийн гол нь Тавантолгойг тойрсон ордуудыг хамруулаад тал, талд нь цахилгаан станц байгуулаад байвал буруу л зүйл болно. Тэгэхээр нэгдсэн бүтэц, зохион байгуулалтад оруулах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм. Боловсруулах, баяжуулах үйлдвэр гэж байна.
“Энержи ресурс” боловсруулах үйлдвэрээ байгуулаад дуусч байгаа. Гэтэл баруун Цанхид дахиад цахилгаан станц барих тухай асуудал ярьж байна. Энэ бүхнийг нэг цогц байдалд шилжүүлээд комплекс байдлаар хөгжүүлэхгүй бол тархай, бутархай, эмх замбараагүй нөхцөл үүсэхийг үгүйсгэх аргагүй.
-Таныг энэ тухай ярихаар “Монголын алт” компанийн зорилгыг лоббидож байна гэж хардаж мэдэх юм?
-”Монголын алт” компанийг оруулахын тулд Содном ингэж яриад байна гэж хардах хэрэггүй. Манай компани анх Тавантолгойн стратегийн херөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерт саналаа өгсөн үү гэвэл өгсөн. Хариу нь манай талд гараагүй нь үнэн. Гэхдээ би зөвхөн “Монголын алт” компани л энд ажиллах ёстой гэж үзсэндээ хэлээд байгаа юм биш.
Бид Монголоо л бодох хэрэгтэй байна. Энэ бодлынхоо үүднээс хэлж байна.
-Та дээр хэдийгээр сонгон шалга-руулалтын эцсийн дүн гараагүй ч гэсэн одоогийн тендерийн явцыг хүчингүй болгох тухай дурссан. Энэ нь манай улсын нэр хүндийг дэлхий нийтэд унагах юм биш үү?
-Харин би үүнийг чинь хүсээгүй учраас энэ оны нэгдүгээр сараас эхлээд л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд захидал бичиж, санал бодлоо илэрхийлж ирлээ шүү дээ.
-Гэхдээ та өнөөгийн улстөрчдийг ойлгож байгаа биз дээ. Тэдэнд Тавантолгойг гурван ашиг сонирхлын дунд тавих шалтгаан байгаа шүү дээ. Нэг ёсны мухардал ч гэж хэлж болох юм?
-Шийдвэр гаргахад төвөгтэй болчихсон нь ойлгомжтой. Энэ нь улстөржсөн талаасаа ч ганц биш юм шүү. Олборлолтод гадаадынхныг оролцуулах нь зөв үү, үгүй юү гэдгийг л анхнаас нь бодох ёстой байсан. Гадаадынхныг оролцуулах нэг үндэслэл нь урьдчилгаа мөнгийг шагнал маягаар аваад түүгээрээ сонгуулийн амлалтаа биелүүлэх шаардлага байсан байх.
Тэр ч байж болох асуудал. Гэхдээ үүнээс чинь болоод л гадны улс орны дунд асар том зөрчилдөөн үүсчихлээ. Гадаадынхны зэрэгцээ Монголдоо бид зөрчилдөөнд орчихлоо. Ийм хоёр том зөрчилдөөн дунд гарц хайх хэрэгтэй. Тэр гарцыг л би үндэснийхээ хөрөнгө оруулагчдад олборлолтыг нь хариуцуулах гэж бодоод байгаа юм. Ядаж гадаадынхан “Тавантолгойг дотоодынхоо хүчээр олборлох боллоо” гэхэд өөр хоорондоо зөрчилдөж, манай руу асуудлыг хурцатгахгүй харьцангуй тайвнаар хүлээн авч мэдэх юм шүү дээ.
-Үндэсний хөрөнгө оруулагчид Тавантолгойг ашиглалаа гэхэл тэрбум төгрөгийн урьдчилгааг өгч чадахгүй гэдэгтэй та санал нийлнэ биз дээ?
-Өгөхгүй ээ. Ер нь урьдчилгаа гэдэг чинь зээл шүү дээ.
-Сонгуулийн амлалтын цаана хамгийн чухал нь улстөрчийн, улс төрийн намын нэр төр яваад байх шиг байдаг?
-Амлалтаа биелүүлэх нь зөв. Гэхдээ урьдчилгаа маягаар хүүтэй мөнгө зээлж, үүнийхээ төлөөсөнд ордоо ашиглуулах зарчимдаа буулт хийх шаардлагатай болно. Ийм юмнаас хол байх хэрэгтэй. Өөрсдөө л барьцаанд орно шүү дээ.
-Одоогийн байдлаар та “Засгийн газрыг барьцаанд орчихсон байна” гэвэл хүлээн зөвшөөрөх үү?
-Одоохондоо гарын үсэг зурж, гэрээгээ байгуулчихаагүй байна. Гарын үсэг зурсны дараа л барьцаанд орсон, ороогүй тухай ярина. Өнөөдрийн хувьд “Барьцаанд битгий орчихоорой” гэдэг үүднээс хэлж байгаа үгийг анхааралтай сонсч, сайтар зөвлөж, судлах хэрэгтэй. Энэ үүднээс л анхааруулж байгаа юм.
-Та өмнө нь Оюутолгойн төслийг эхлүүлэх үед “Гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж хэлж байсан. Харин Тавантолгойн тухайд “Дотоодын хөрөнгө оруулагч хэрэгтэй” гэх байр суурийг баримталж байна. Үүнийг зарим хүмүүс “Үзэл бодлын өөрчлөлт” гэж дүгнэхийг үгүйсгэх аргагүй болов уу?
-Оюутолгойн зэс Тавантолгойн нүүрс хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрүү бий. Оюутолгойн нөөцийн ихээхэн хэсгийг далд уурхайн хэлбэрээр ашиглах шаардлагатай.

Манайханд далд уурхайгаас ашигт малтмал ашиглах туршлага бараг байхгүй. Энд чадах чадахгүйн асар их зөрүү гарч ирж байгаа биз. Үүнийг бас ялгаж салгах хэрэгтэй. Дээр нь Ашигт малтмалын тухай хуульд хувийн херөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бол төр 34 хувийг эзэмших ёстой гэсэн заалт бий.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ заалт мөрдөгдсөн. Гэтэл Тавантолгойд төр 51 -ээс дээш хувийг эзэмших ёстой байтал тэр хувь нь байхгүй болчихоод байна. Энэ хоёр ордын гол ялгаа нь энэ учраас баримтлах бодлогын хувьд өөр байх шаардлагатай болчихоод байгаа юм.

2011/08/24

“Тавантолгой” компанийн ажилчдын дундаж цалин 450 мянга


“Тавантолгой” компанийн ажилчдын дундаж цалин 450 мянга
Тавантолгойн орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт байршдаг. Аймгийн төв Даланзадгадаас зүүн тийш 98 км, хотоос 550 км.Энэ орд газар нь улсын хэмжээнд хамгийн томоохонд тооцогддог төдийгүй дэлхийн 10 том уурхайн нэг юм. Одоогоор 169 га талбайд олборлолт явуулж байна. Анх 1966 онд байгуулагдсан түүхтэй бөгөөд 1995 онд хувьцаат компани болжээ. Тус уурхайн 51 хувь нь орон нутгийн өмч бол 49 хувь нь хувьцаа эзэмшгчидийнх. Хувьцаа эзэмшигчид дотроо хамгийн их хувь эзэлдэг нь “Ажнай” групп.

Олборлосон нүүрсээрээ зөвхөн Өмнөговь, Дундговь аймгийн хэрэгцээг хангадаг байсан Тавантолгой компани 2004 онд БНХАУ-д нүүрс экспортлох гэрээ хийж, олборлолтоо эрс нэмэгдүүлсэн байна. Түүхэндээ 2007 онд анх удаа өөрсдийн хүчээр нэг сая тонн нүүрс экспортод гаргажээ.

Өнгөрөгч 2010 онд гэхэд л тус компани 5.2 сая тонн нүүрс олборложээ. Энэ жил 4.7 саяыг олборлох төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор дөрвөн сая гаруй тонныг хэдийнээ олборлосон байна. 

Тавантолгойн ордын хэмжээнд нүүрсний нийлбэр зузаан нь 191 метрт хүрдэг, нийт нүүрсний 16 давхарга нь 74.9 метрийн зузаантай, нөөцийн хэмжээ нь зургаан тэрбум гаруй тонн, үүнээс хоёр тэрбум гаруй нь коксждог, өндөр чанартайд тооцогддог. 

Одоо тус компани 200 гаруй ажилтантай бол ажилчдынх нь 30 хувь нь орон сууцанд амьдардаг бөгөөд дэлхийд данстай энэ уурхайн ажилчдын дундаж цалин нь 450 мянга ажээ.

Ингээд Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяртай хийсэн ярилцлагыг хүргэе. 

-Орон нутгийн байгаль орчинд учруулж байгаа хор хохирол нь их өндөр юм. Байгаль орчны нөхөн сэргээлтэнд хэр анхаарч ажиллаж байна?
-Манай уурхай хамгийн их анхаарч ажиллаж байгаа. Бид Гашуун сухайт хүртэлх 256 км газар зам тавих үйл ажиллагаанд “Нүүрсний зам” компанийг байгуулалцахад анх оролцсон. Мөн энэ замд тавигдаж байгаа хяналт, цагдаа нарын үйл ажиллагааны болон бусад бүх зардлын 50 хувийг манайх, 50 хувийг нь “Энержи Ресурс” компани гаргадаг. Мөн байгаль орчин, агаар бохирдуулж байгаа учир нүүрсний тонн тутамд 1000 төгрөгийг татвар хэлбэрээр, улсын төсөвт төлж байна. Уг нь энэ мөнгө орон нутгийн төсөвт орох ёстой гэж бид боддог. Хамгийн анх нүүрсийг хучиж тээвэрлэх хэрэгтэй юм гэдэг санаачилгыг бид гаргаад, ажиллаж байгаа. Цаашлаад “Энержи Ресурс”-ын тавьсан замтай тэнцэхүйц хэмжээний бетонон хучилттай, өндөр даацын зам тавихаар зургийг нь хийлгээд шугамын маршрут тавих ажил руугаа ороод явж байна. Санхүүжилтийг бид аль болох өөрсдөөсөө гаргана. 

-Тухайн жилийнхээ орлого, ашгийн хэдэн хувийг байгаль орчны нөхөн сэргээлтэнд зарцуулж байна?
-Тавантолгойн уурхай жилдээ 250-260 тэрбум төгрөгний борлуулалт хийж байна. Энэ борлуулалтын 30  орчим хувь нь үйл ажиллагааны болон бусад зардлуудад, 30-40 хувь нь төсвийн бүрдүүлэлтэд зарцуулагдаж байна. Бид өнгөрөгч 2010 онд 70 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Өнгөрсөн жил миний тооцоолсноор 76 сая төгрөгийг байгаль орчны нөхөн сэргээлтэнд зарцуулсан. Үүнээс гадна Өмнөговь аймагт хийж байгаа байгаль орчны асуудал бүрт манайх оролцдог. Энэ бүх зардлыг оруулбал нэлээн өндөр тоо гарах байх гэж бодож байна.
Үүний зэрэгцээ манай компанийн нийт ашгийн 51 хувь нь орон нутагт ногдол ашгаар очдог. Энэ мөнгө Өмнөговь аймгийн үйл ажиллагаанд зарцуулагдах байх гэж ойлгож байна.

Сурв: Тавантолгой компани 2010 онд 70 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд энэ мөнгөний 51 хувь нь орон нутагт шилжсэн байх учиртай.

-Цогтцэций сумын нутаг дэвсгэрт танайх үйл ажиллагаа явуулдаг. Суманд танайх хэр тусалж байна?
-Орон нутаг гэвэл Цогтцэций дээр байрладаг. Гурван жилийн өмнө энэ сум өдөрт хоёрхон цаг тогтой байсан. Үүнийг бид тэр үед нь дөрвөн цаг болгоод, хоёр жилийн өмнөөс эхлээд 24 цаг тогтой болгосон. Энэ бол наад захын асуудал. Үүнээс гадна олон зүйл бий.

-Танай компани байгуулагдаад олон жил болсон. Гэтэл яагаад өнөөдөр л зам тавих асуудлыг ярьж байгаа юм бэ?

-Монгол Улсын түүхэнд байгаагүй 256 км урттай, дандаа хүнд даацын машин явдаг, тэгээд тэр олон машин нь вагон шиг үргэлжилдэг тийм замыг барина гэдэг мэдээж хүнд. Юун түрүүнд замын стандарт гэж юм байх хэрэгтэй. Бетон хучилттай, энэ хучилт нь 20 см-ийн зузаантай, ерөнхийдөө зам нь 1.2 метрийн зузаантай, 12 метрийн өргөнтэй зам байхгүй бол болохгүй гэж тооцоолж байна. Монгол улсад хүнд даацын машин явах замын стандарт гэж байдаггүй. Өдий хүртэл зам тавихгүй байгаа гол шалтгаан нь энэ бөгөөд орон нутгийн зам юм уу, олон улсын зам юм уу гэдэг асуудал шийдэгдэхгүй байсаар байгаад юм. 

-Танай зам “Энержи Ресурс” компанийн замтай зэрэгцээ баригдах уу?

-Бид ярилцаж байна. Зэрэгцэж явах уу, хоёр урсгалтай болгох уу. Нэг чиглэл рүүгээ ачаатай машинууд, нөгөө чиглэл рүүгээ ачаагүй машинууд явдаг ч юм уу. Жижиг тэрэгнүүд хаагуур явах юм гэх мэтээр. Хэрвээ холилдоод явна гэвэл жинхэнэ аюул осол тэнд болох гээд байна. 

-Яагаад заавал тус тусдаа зам гаргаж байгаа юм бэ. Хамтраад нэг сайн зам тавьж болдоггүй юм уу?

-Энэ бол ганц “Тавантолгой”, “Энержи Ресурс”-ын асуудал биш. Тиймээс энэ замыг улс бодлогоороо зохицуулах ёстой.
-Жолооч нар ачаа хэтрүүлж явдгаас зам ихээхэн эвдэрдэг гэж байна. Үүний шалтгаан нь юу вэ?
-Монгол компаниуд жолооч нарт рейсээр нь тооцож, цалинг нь өгдөг. Энэ тохиолдолд жолооч нар нүүрсний жинд анхаараад байхгүй. Харин хятад компаниуд нүүрсний тонноор нь тооцдог. Өөрөөр хэлбэл олон тонн нүүрс ачвал, илүү цалин авна. Ийм тохиолдолд жолооч нар нь машин дээрээ “хагартал” нь ачаад явахыг боддог. 

-Хятад жолооч нар Монгол жолооч нартай таарамж муутай байдаг юм байна. Хятад жолооч нар ч нэлээн их байдаг бололтой?
-Хятад жолооч нар байгаа. Гэхдээ тэд бүгд зөвшөөрөлтэй. Энд байгаа бүх зөвшөөрлөө хотоос авчихдаг байхгүй юу. Тэгээд нэгэнт зөвшөөрөлтэй юм чинь бид “та нар яв” гэж хэлж болохгүй л дээ. 

-Танай нүүрсний ордын нөөц хэр үлдсэн бэ?

-Одоо 70 орчим сая тонн нүүрсний нөөцтэй гэгдэж байгаа. 

Тавантолгойд Вашингтон амлалт нэхэж, Сөүл визээ бэлэглэнэ


Тавантолгойд Вашингтон амлалт нэхэж, Сөүл визээ бэлэглэнэ
Манай оронд буудалласан АНУ-ын дэд Ерөнхийлөгч, БНСУ-ын Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ, ашиг сонирхлыг гадаадын хэвлэлүүд өөр өөр өнцгөөс хөндсөн байна. “Thisday.com” цахим хуудаст АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлалыг ихээхэн дүн шинжилгээтэйгээр нийтэлжээ. AFP агентлаг ч энэхүү айлчлалын эргэн тойрон дахь ашиг сонирхлуудыг нэлээдгүй багцалсан байлаа. 

“Ашигт малтмалаараа дэлхийд гайхагдсан, нүүрсний нөөцөөрөө хөрөнгө оруулагчдыг даллаж буй, Хятадын хөрш Монголын төрийн удирдлагуудтай АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден уулзлаа” хэмээн AFP мэдээллээ эхэлжээ. Иймд энэхүү нийтлэлийг хүргэе. 

2005 онд экс Ерөнхийлөгч Ж.Бушийн айлчлалаас хойш энэ нь нэр хүнд бүхий бас ач холбогдол өндөртэй хэлэлцээнд тооцогдож байна. Залуу ардчилалтай энэ улс өнөөг хүртэл АНУ-тай ойр харьцаатай байсаар ирсэн төдийгүй Ирак, Афганистанд цэргүүдээ хүртэл Вашингтоны хүсэлтээр илгээсэн билээ. Монгол Улс эрчим хүчний асар их үүцээ дөнгөж нээгээд байгаа, хөрөнгө оруулагчид ч цэцгэнд татагдсан зөгий адил Төв Ази тийш зорьсоор байна. Харин энэхүү нөөц нь тэднийг бийлэгжүүлнэ гэсэн найдлагаар дотооддоо итгэж байгаа. Өнөөг хүртэл ашигт малтмалаараа томоохон гүрнүүдийн “хайр”-ыг булаасан энэ улс Азийн хөгжил буурай орнуудын тоонд багтсаар байгаа юм. 

Өнгөрсөн сард АНУ-ын уул уурхайн гигант “Пийбодий” компани “Дэлхийд нөөцөөр өндөр зэрэглэлд багтаж буй Тавантолгой уурхайг хөгжүүлэх компаниудын тоонд багтсан” хэмээн мэдэгдэж байлаа. Гэрээ хэлэлцээний төвшинд үргэлжилсээр байгаа билээ. Тавантолгой бол дэлхийн нүүрсний хамгийн том орд, 6,4 тэрбум тоннын нөөцийг агуулаад байгаа юм. Засгийн газрынх нь зүгээс ч хэлэлцээг хийхээр эрчимтэй ажилласаар байна. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Вашингтонд хийсэн айлчлалаараа Цагаан ордны тэргүүнд АНУ-ын компаниудад Монголын эрчим хүчний их хувьсгалд оролцох “тийз” өгөхөө амласан юм. 

“Монгол Улс бидэнтэй цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, энх амгалан тогтоох болон хүний эрхийг хамгаалах зэрэг олон чухал асуудалд өндөр үүрэгтэйгээр хамтран ажиллаж байгаа. Батлан хамгаалах болон аюулгүй байдлын тал дээр Монгол Улс маш хичээл зүтгэлтэйгээр ажиллаж байна” хэмээн АНУ-ын Улаанбаатар дахь Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Мөн Байден Хятадад хийсэн айлчлалаараа дэлхийн хамгийн том эдийн засаг өрийн асуудлыг нэг мөр шийдэж чадна гэдгээ Бээжинд баталсан хэрэг байв. 

Хятад улс АНУ-ын өрийн бичгийн хамгийн том эзэмшигч. Байден дэлхийн улс орнууд Вашингтонд найдлага тасраагүй, хөрөнгө оруулалтууд аюулгүй байдалд байгааг харуулахыг зорьжээ. Харин “Voice of America” цахим хуудаст “Өмнөд Солонгос болон Монгол Улс ашигт малтмалын салбарт сайн түншийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэсэн мэдээлэл тавигджээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах уулзалт нь АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн түр буудалласантай нь давхацлаа. 

Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагийн мэдээлснээр ноён Ли болон ноён Ц.Элбэгдорж нар эрчим хүч болоод ашигт малтмалын салбарт сайн түншийн харьцааг хөгжүүлэхээр ажиллаж байна. “Yonhap” мэдээллийн агентлаг энэхүү мэдээллээрээ хоёр улсын эрчим хүч хариуцсан сайд нар гэрээнд үсэг зурсан тухай дурджээ. 

“ЧАЙНАДЕЙЛИ”: БИД ТАВАНТОЛГОЙН 40 ХУВИЙГ ХОЖЛОО 

Хятадын өдөр тутмын “Чайна Дейли” сонинд “Шенхуа энержи” Тавантолгойн 40 хувийг хожлоо” гэсэн нийтлэл хэвлэгджээ. Урд хөршийн уул уурхайн хамгийн том компани “Шенхуа энержи” нүүрсний энэхүү хамгийн том төсөл Тавантолгойн 40 хувийг авах бол АНУ-ын “Пийбодий” компани 24 хувийг эзэмших юм. Үлдэж буй 36 хувийг ОХУ тэргүүтэй консорциум хуваан авах тухай албан ёсны мэдэгдэлд дурджээ хэмээн “ЧайнаДейли” нийтэлжээ. 

Харин мэргэжилтний хэлснээр Хятад улс энэхүү хувь эзэмшилд ялалт байгуулсан нь эрчим хүч болоод нүүрсний эрэлт нэмэгдэж байгаа энэ үед ихээхэн ач холбогдолтой гэснийг Бээжингийн өнөөх сонин мөн тэмдэглэв. “Ойрын жилүүдэд Хятадын компаниуд олон улсад эрчим хүчний салбарт илүү оролцоотой байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Тавантолгой бол ил уурхай бас ажиллахад аюул багатай” хэмээн тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний судалгааны газрын ерөнхийлөгч асан Зоу Дади хэлсэн. 

Цагаан хэрмийн эзэд өнгөрсөн жил нийт 47,27 сая тонн коксжих нүүрс импортолсон үүнээс 30 гаруй хувь нь Монголоос ирснийг “bsitecoal.comcn” вэб сайтын нүүрсний худалдааны ахлах шинжээч Даи Бинг ярилаа. Түүний үзэж буйгаар “Шенхуа” Тавантолгойд ажиллаад бүтээгдэх үүнээ үйлдвэрлээд эхлэхэд ирэх оны сүүлээс кокс нүүрсний ханш унах юм. Гэвч өнөөг хүртэл “Шенхуа”-гийн хувьд Тавантолгойн төлөөх сорилт хэвээр байгааг шинжээчид хэлсээр байна. “Хамгийн эхний том асуудал бол энэ их хэмжээний бүтээгдэхүүн болоод түүний тээвэрлэлт. Гэвч төсөл хэрэгжээд эхэлбэл энэ нь илүү ашигтай болж хувирах байх” гэж Зоу ярив. 

“ФОРБС”: ТАВАНТОЛГОЙ “ПИЙБОДИЙ”-Д ХАМГИЙН ЧУХАЛ 

“Форбс” сэтгүүлийн Кристофер Хелман Тавантолгойд өрсөлдөж буй “Пийбодий”-гийн өнөөгийн байдлыг нийтлэлдээ дурдсан байна. “Тонн коксжих нүүрс 300 ам.доллараар зарагдаж байгаа энэ нөхцөлд Тавантолгой бол “Пийбодий”- гийн хувьд чухлаас чухал” гэж эл нийтлэлд дурджээ. Учир нь Тавантолгойн нүүрс “Пийбодий”- гийн Вайоминг дахь гол нөөц уурхайнх нь нүүрсний үнээс 20 дахин өндөр ханшаар үнэлэгдэх юм. Өнөөдөр энэ төслийн 40 хувийг хятадууд эзэмшиж, 24 хувь нь АНУ-ын энэ компанид ирж магадгүй байна.

2011/08/23

ТАВАНТОЛГОЙГ БУДИЛУУЛАХ НЬ “ЭНЕРЖИ РЕСУРС”-Т АШИГТАЙ

Тавантолгойн ордыг ашиг­лах стратегийн хамтрагчийг сон­гон шалгаруулах ажил­лагаа будилаантаж, холбогдох ал­баныхан хэлсэн үгнээсээ эргэж буцан, “пааник”-т орсоор. Одоо­­гоор Засгийн газар нь Үн­­дэсний аюулгүй байдлын зөв­­лөлийн “амыг харж, харин Үн­­дэсний аюулгүй байдлын зөв­лөл Засгийн газрыг са­налаа оруулж ирэхийг нь хү­лээн “чилж” буй мэтээр хол­бог­дох албаны хүмүүсийн ам зөрөөд байгаа. Гэвч ийн бу­ди­лах тусам “Энержи Ресурс”-т ашигтай юмсанж. Яагаад гээч. Орос, Монголын хам­­тарсан консорциум 36 ху­­вийг эзэмшинэ гэж яриад эхэллээ. Үнэндээ ТӨХ-ны дарга ч Монголын кон­­сор­циум гэгчийг хэн, хэ­­зээ төрүүлчихсэнийг нь мэ­дэх­гүй яваа. Өөрөөр хэлбэл буд­лиа­ны эздийн зохиомлоор бий болгосон, Оросын та­лын дарамтаас эмээгээд амла­чих­сандаа л бантсан хэрэг. Энэ хэний эрх ашиг вэ. 

Монголд Төрийн тэргүүн, Засгийн газраас ч дээгүүр жаал­даг нэг л компани бий. Тэр бол “Энержи Ресурс”. Ма­най улсын хамгийн өнгөтэй өөдтэй, өндөр ашигтай сал­барыг сорчлон, шим шүү­сийг нь сорсныхоо дараа шаар шавхрууг нь бусдаасаа харам­лаж харамсан байж өгдөг ийм л зарчмаар өнгөрсөн 20 жилд бизнесээ эрхэлж ирсэн. Мэ­дээж ийм байр сууринд байхын тулд “өөрийн” том улс­төрчтэй байх хэрэгтэй. Тэр нь Ерөн­хий сайд асан С.Баяр юм. 

УИХ-ын 2008 оны сонгуу­лийн өмнөхөн, тухайн үеийн Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр Тавантолгойн ор­дыг бизнесийнхнээс бу­лаан авч, иргэдэд өгч буй дүр үзүүлэн жүжиглэн сонгогч­доос үнэмлэхүй өндөр үнэл­гээ авч байлаа. Хөөрхий гэ­нэн ард түмэн үндэсний ком­пани “Энержи Ресурс”-ыг сэм өмөөрч байв. Харин эдү­гээ “Энержи Ресурс” уг ор­дын хамгийн их нөөцтэй Ухаа худагийг эзэлсэн. Тэр ч бай­тугай хувийн төмөр замаа та­вихын тулд үндэсний эрх ашгаас урваж байсан ч түүх энэ компаниад бий. 

Одоогоос хоёр жилийн өм­нө, 2009 оны арваннэгдүгээр са­рын эхээр “Энержи Ресурс” компани Германы хөрөнгө оруулалтаар Ухаа худагаас Гашуун сухайт руу төмөр зам тавих болсноо зарласан. Тэр үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг асуудлыг хэлэлцээд “Монгол Улсын эдийн засгийн эрх ашигт нийцэхгүй” гэсэн шийдвэр гаргасан байдаг. 

Нийцэхгүй гэсэн шалтгаан нь тун энгийн. Тухайн үед БНХАУ-ын Тээврийн сайд Люу Зижунь Монголын хилийн найман боомт руу нарийн царигтай төмөр зам тавьж эхэлснээ мэдэгдчихээд байхад “Энержи Ресурс” өөдөөс нь угтуулан хувийн төмөр замаа тавих гээд байсан хэрэг. Хамгийн гол нь “Энержи Ресурс” хүссэн замаа тавибал манайх Хятадыг түүхий нүүрсээр хангах шантаажид орчихоод байв. Үүнээс болж өргөн, нарийн царигийн асуудлаар бүтэн жилийн турш маргаж, Ж.Оджаргал, Х.Баттулга нарын дунд С.Баяр “алцаганаж” байсан нь саяхан билээ. Мэдээж үүний цаана Орос, Хятадын харилцаа,  үндэсний эрх ашгийн маш том асуудал нуугдаж байв. Ингэж л “Энержи Ресурс” гэдэг нэгэн компанийн эрх ашиг монголчуудын нийтлэг эрх ашгийн дээр завилан суусаар ирсэн билээ.

Одоо Баруун Цанхийг эзлэхээр Монголын консорциум гэгч албан бус нэр томьёог бий болгон будлиан хутгасаар байна. Үүний цаана мөнөөх л С.Баяр буй. Тэрбээр оросуудтай сүжрэн “Энержи Ресурс”-ыг далдаас түлхүүрдэн Тавантолгойн ордын хамтрагчийг сонгох “симфони”-ийг сэм удирдаж сууна. Улс төрд С.Баяр, бизнест “MCS”, ард нь оросууд байхад яагаад ялахгүй гэж хэмээн тэр тооцоолсон. Тэр ч байтугай яг энэ багаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх наймаагаа тохирчихоод байгаа нь ч тодорхой болсон билээ. Энэ ч яахав маргаашийн явдал.
Харин өнөөдрийн хувьд Тавантолгойн ордын хамтрагчийн тухай асуудал хамгийн ихээр анхаарал татаж байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нар уралдан ирж байгаа нь дэлхийн улс орнууд ямар хэмжээний ашгийн төлөө Монголыг сонирхоод буйг харуулж байгаа хэрэг. Саяхан эдийн засгийн өсөлтөөр Монгол Улс дэлхийд гуравдугаарт жагсах болжээ гэсэн таатай мэдээлэл дуулдлаа. Дэлхийг ноёрхогч хэмээн цээжээ дэлддэг өмнөд хөршийг хүртэл ардаа орхисон гээд бод доо. Япон, Энэтхэг хүртэл жам ёсоор зайгаа тавьж өгсөн. Үнэндээ нэрийг нь ч бараг мэддэггүй Мьянмар тэргүүлж, Монгол гуравдугаарт жагсана гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. 

Энэ бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдсэнийх юм. Нөгөөтэйгүүр экспортын хэмжээ ч эрс өсч буй. Тухайлбал манай улс сүүлийн дөрвөн сарын байдлаар нийт 15 сая тонн нүүрс олборлосноос 9.4 сая тонныг нь экспортолж, 900 сая ам.долларын орлого оржээ. Харин өнгөрсөн онд ердөө 7.8 сая тонныг л экспортолж 300 сая ам.долларыг олсон байдаг. 

Ийм л учраас “Энержи Ресурс” үндэсний эрх ашиг хийгээд, төрийн эрх барих дээд байгууллагуудаас ч дээгүүр жаалж, санасан бүхэндээ хүрч, сарвайсан бүхнээ аваад сурчихжээ. Одоо хангалттай шүү дээ. Үндэсний эрх ашгаа бодъё л доо. Улс төрд С.Баяр, эдийн засагт “Энержи Ресурс” эрхэлж болоо юм биш үү. Өмнө нь өөрийн болгосноо улс орны сайн сайхны төлөө зориулж, бодитой ажил болгож ашгаа өгөөд, дараагийнх руу нь өнгөлзвөл ямар вэ. Тус компанийг эрхлүүлж, нийслэлийн хамгийн сайн байрлалтай газруудын нэгийг өгөөд, “Шангри-Ла”-гийн салбарыг сүндэрлүүлчихнэ гээд хүлээсэн. Хаана байна, тэр “Шангри-Ла”? Хэдэн жилийн дараа Ухаа худагийн нүүрс хаачсаныг мэдэхгүйд хүрч, MCS-ийн хувийн төмөр замаар өндөр үнээр зорчиж, шулуулснаар монголчуудын эрх ашиг Ж.Оджаргалын халаасанд багтдаг парадокс үргэлжлэх вий.

Өмнийн элсэн шуурга юу хэлнэ вэ?

Дэлхийд танигдаж, гадныхан шүлсээ “дуслуулж” буй Өмнөговь аймгийн Тавантолгойн ордыг хэн хүнгүй мэднэ. Томоохон хотынхоос ч цөөхөн хүн амтай биднийг байтугай хоёр, гурван үеэр маань тэжээж хүрэлцэхүйц хөрөнгө хойно аргагүй. Гэхдээ загасчны морь усгүй гэгчээр олборлосон нүүрсээ тээвэрлэх гэж байгал орчныг бусниулаад удлаа. Өмнөговийн Цогтцэций сумын түмэн иргэн буман зовлон тоочсоор бас бишгүй хугацаа өнгөрөв. Үр дүнд нь салбарын сайд тээвэрлэлтийн замыг хааж нэг үзээд, хэр их хэмжээний мөнгө алдаж буйг сонсоод буцааж нээв. Сайд ийм арга хэмжээ аваагүйсэн бол нутгийн иргэд энэ бүхний эсрэг жагсч, зам дээр тэгнээд хэвтэхээс энүүхэнд байж. Тиймээс л иргэдийг нь бодоод зам хаасан ч, ашгийг нь бодоод шийдвэрээ цуцлахаас өөр аргагүйд хүрсэн байх. Энэ хооронд юу болсныг хамтдаа харъя. 


Хаагуур нь явах вэ,  та минь ээ...

Цогтцэций сумын “Эрдэнэс МГЛ”, “Таван толгой”, “Энержи Ресурс” гэсэн зэргэлдээ орших гурван том уурхайгаас нүүрс ачсан хүнд даацын машин 245 км яваад Гашуунсухайтын боомтод хүрдэг. Нүүрс олборлож эхэлснээс хойш говийн эмзэг хөрсийг далхалсан 20 гаруй зам зурайжээ. Өөрөөр хэлбэл, тус сумаас Хятадыг зорих 20 гаруй нүүрсний машин зэрэгцээд явах боломжтой гэсэн үг. Говь л юм хойно, Өмнийн цэнхэр говь хэчнээн ч уудам юм. Харин одоо Өмнийн цэнхэр гэхээсээ илүүтэй, тоос, тоосжилт, түйрэнгийн говь болчихож. Зураасан зам зурайгаагүй газар гэж энд бараг л алга. Хаашаа л харна, тоос бужигнаж, түйрэн дэгдээстэй. Цогтцэций сум уурхайгаас 20 орчим км зайтай орших ч сумын иргэд  урин цагт цонх, хаалгаа онгойлгох аргагүй болтол шороо, тоос босдог аж. Өглөө малаа бэлчээхээр гарсан малчид хаашаа бэлчээх учраа ч олохоо байж. Хаашаа л харна зам. Хойшоо, урагшаа, зүүнтээ, баруунтай. Харин 100-120 тонн нүүрч ачсан машины дугуйнд талхлагдаагүй газар гэж үгүй. Ингээд малчид хаагуур малаа бэлчээж, хаашаа нүүхээ ч мэдэхээ байж. Уг нь бол бусад улс орны жишгийг харж байхд эхлээд дэд бүтцийн асуудлаа шийдчихээд уурхайн ажлаа эхэлдэг байх юм. Харин манайд яг эсрэгээрээ уурхайгаа ажиллуулж, экспортолсон нүүрсээрээ дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх юм гэнэ. 


Гиннесийн номд бичигдэхүйц амжилт...

...Жингийн цуваа явж л байдаг
Замын ноход хуцаж л суудаг...
 гэдэг үг Цогтцэций сумаар нүүрс тээвэрлэдэг жолооч нарын дунд “хит” болоод буй гэнэ. Монголчууд өнгөрсөн зуунд тэмээгээр түмэн газрын тэртээгээс торго, дурдан авчирдаг байсан ахуйд энэ үг гарсан биз. Гэсэн хэдий ч одоо хэр нь “мода”-ноос гарахгүй нь бололтой. Өмнийн нутгийн “хит парад”-д тэргүүлсээр явна. Орон нутгийн иргэд гомдол гаргах тоолондоо энэ үгийн утга, агуулга ямар гүн гүнзий болохыг мэдэрдэг гэнэ лээ. Бод л доо. Ердийн хөсөг тээвэрт хэрэглэж асан ахуйд 50-60 тэмээгээр жин тээвэрлэхэд мундаг баяны тоонд ордог байж. Тэгвэл энэ цагт, 40 гаруй компанийн 5200 машин Цогтцэций сумаас Хятад руу нүүрс тээвэрлэдэг тухай Засаг дарга Г.Цог-Өрнөх хэллээ. Нийслэлийн нийтийн том автобусны тоотой харьцуулбал тав дахин их хэмжээ. Нэг хүнд даацын машиныг дунджаар 20 метр урт гэж тооцвол 5200 машиныг цуваа болговол 104 километр зам хэрэгтэй болно. Ийм мундаг урт цуваагаар өөр аль ч улс “жин тээгээгүй” нь ойлгомжтой. Ер нь ч цаашид тэгж тээвэрлэх ч үгүй биз. Манайх шиг нүүрсийг машинаар тээвэрлэдэг улс байхгүй юм чинь. Удахгүй, ирэх есдүгээр сард энэ сумыг Гашуунсухайттай холбосон 245 километр урт, хатуу хучилттай замыг “Энержи Ресурс” компани ашиглалтанд оруулна. Түүгээр нь 100-120 тонн ачаатай мөнөөх машинууд зорчиж, шороон замын 30-40 км/цагийн хурдтай явдаг амжилтаа 60-70 болгож ахиулна. Барьсан замынх нь ачаалалт дийлэх аваас амжилтанд өөр садаа болох зүйлгүй.  

Дээр нь “Тавантолгой” ХК-ийн 12 метрийн өргөнтэй зам хажуугаар нь баригдахыг тооцох хэрэгтэй. Тэмдэглүүштэй амжилт шүү. Яг л чийдэн үйлдвэрлэгч нарыг үнэгүй гэрэл түгээж, шударга бус өрсөлдөж байна хэмээн лордуудад гомдол гаргаж, нөгөөдүүл нь бүх айлыг цонхгүй байшинтай байлгах шийдвэр гаргадаг шиг л бидний ирээдүйн төлөө, хүн бүхнийг ажилтай байлгахын төлөө тэр шүү дээ. 


Нөхцөл байдлын улмаас үүссэн илүү эрхтэн... 

Хүний сарвууны чигчий хурууны үүрэг улам бүр багасч, тэр хэрээр жижгэрсээр байгаа тухай хүн судлаачид хэлдэг. Хэрвээ дэлхий сөнөөд, хүн устчихгүй бол 3000 жилийн дараа бидэнд чигчий хуруу байхгүй болох юм гэсэн. Тэгвэл Өмнөговь аймгийн малыг судалсан доктор нэгэн хачирхалтай зүйлийг олж мэдэж. 
Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Цогтцэций сумын малд илүү “эрхтэн” ургасан аж. Имжний гэдсэнд үр, төлөө тээдэг уут байдаг шиг энэ сумын малын уушгин дотор “тусгай” уут үүсээд түүнд нь амьсгалаар дамжин орж ирсэн элс, шороо хадгалагддаг болсон гэнэ. Харин хүн амынх нь бие бялдарт хэрхэн өөрчлөлт гарсныг хэн нэгэн нь одоогоор судлаагүй байна. Цогтцэций сумын нэгэн иргэн идшэндээ хонь авчээ. Гэтэл уушгинаас эхлээд гэдэс дотор нь авах юмгүй болтлоо тас хар өнгөтэй болсон байсныг хуучилж суусан. Малын гэдэс дотор ийм болж байхад хүнийх яах нь ойлгомжтой. Сүүлийн үед тус суманд шинээр мэндэлсэн хүүхдүүд төрөлхийн астам, буюу уушгины архаг өвчтэй байгаа гэх эмгэнэлт мэдээг чихнийхээ хажуугаар өнгөрөөж боломгүй. Хэдийгээр эрдэнэс баялаг эрхэм байж болох ч иргэдийн маань амь нас, эрүүл мэнд түүнээс илүү үнэ цэнэтэй байх учиртайсан. 


Осол гарахгүй өдөр бараг үгүй

Эхэнд дурдсан олон замаар цааш нааш байнга машин явдгаас нүүрс тээвэрлэж буй жолооч нарт зам нь бүдэг бадаг харагддаг аж. Энэ шалтгаанаас үүдээд хоорондоо шүргэлцэх нь энүүхэнд. Осол гарахгүй өдөр бараг үгүй. Өнгөрсөн богинохон хугацаанд тэнд зургаан хүний амь үрэгдэв. Хамгийн сүүлд буюу энэ сарын 19-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багаас 10 км-т орших газарт нүүрс тээвэрлэдэг том оврын хоёр машин мөргөлдсөн осол гарч, нэг жолооч амь насаа алджээ. Яг энэ өдөр арай өөр газарт Хятад, Монголын нүүрс тээвэрлэж явсан том оврын хоёр машин мөргөлдөн хятад жолооч амиа алдсан гэх таагүй мэдээлэл байна. Энэ мэтээр машинаар “жин” тээх нь нутгийн иргэдэд төдийгүй жолооч нарын амь нас, эрүүл мэндэд ч заналхийлсээр... 


Эрх мэдлийн тулаан... 

Сүүлийн үед Өмнөговь аймгийн дугаартай номер машиндаа зүүх нь нэр төрийн хэрэг болсон гэлцэх. Бийлэгжүү нэгний бэл бэнчингээ харуулдаг бас нэг үзүүлэлт гэх үү дээ. Тэгвэл энэ хавраас эхлээд хоёр ч удаа хатуу хучилттай авто зам ашиглалтад оруултал нүүрс тээвэрлэхийг хориглосон. Харамсалтай нь тэр тоолонгоор гаргасан шийдвэрээ цуцлав. Энд маш их хэмжээний мөнгө яригдаж буй нь хэнд ч ойлгомжтой. 

Тиймээс ч замыг хаах шийдвэр гаргасан мэргэжлийн хяналтын байцаагч нарыг ажлаас нь түдгэлзүүлээд буй мэдээлэл бий. Байгаль орчныг нь сүйтгэж буй энэ явцыг зогсоох шийдвэр гаргасан хүмүүс яагаад ажлаасаа халагдахад хүрэв. Тэдэнд тийм эрх мэдэл байхгүй ч байж болох. Тэгвэл Цогтцэций сумын Засаг даргын замыг хааж, нүүрс тээвэрлүүлэхгүй байх тухай захирамж гаргасан байхад дур мэдэн нээсэн байцаагч нарын тухай асуудал яагаад “босч” ирэхгүй, бөх “унтав”. Зүй ёсоор бол Засаг даргын шийдвэрийг цуцлах эрхгүй байж том толгойлсон хүмүүст хариуцлага тооцох тухай ярих ёстой ч тэгсэнгүй. Мэдээж энэ үйлдэл хэн нэг байцаагчийн шийдвэр ч бус, төрийн томчуудын заавар, даалгавар байсан нь ойлгомжтой. Ийм л юм болоод байгаа юм даа. Тавантолгойг тойрсон үй олон асуултын ганцхан замыг тойрсон тавхан жишээ нь энэ. Өшөө цаашаа ухвал буман зовлон тоочиж, түмэн нэр дурдагдаж болохдог шүү.