Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж Засгийн газраас Тавантолгойн ордыг ашиглах гэрээг ил тод явуулахыг шаардлаа.
Холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт Хятадын “Шинхуа” групп 40 хувь, Орос-Монголын консорциум 36 хувь, АНУ-ын “Пийбоди энержи” компани 24 хувийн оролцоотой эзэмшүүлэх тухай мэдээлэл ил тод бус байгааг шүүмжилсэн. Мөн хөдөлмөр эрхлэгч иргэдийн төлөөллийн байгууллага болон эрдэмтэн шинжээчдийн санал дүгнэлтийг тусгахгүй байгаа талаар шүүмжилсэн.
Уг нь Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн 1.3-т “Монгол Улсын хэмжээнд иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, амжиргааг дээшлүүлэхтэй холбоотой Тавантолгойн хөтөлбөр, төслийг боловсруулж хэрэгжүүлэхдээ Үйлдвэрчний эвлэлийн болон ажил олгогч эздийн байгууллагын оролцоог хангаж ажиллана” гэсэн заалттай байдаг юм байна. Тиймээс энэ заалтыг хэрэгжүүлэн дээрх дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн гэрээг байгуулах явцад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг оролцуулахыг ийнхүү шаардлаа.
Засгийн газар дээрх заалтыг биелүүлээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугнаар зүйлийн 115.1, 115,2-т заасны дагуу Үйлдвэрчний эвлэл Хамтын маргаан үүсгэж байгаагаа энэ үеэр дуулгасан. Түүнчлэн “Оюутолгой”-н гэрээг байгуулахад хэн зөвлөхөөр ажиллаж, одоогийн Тавантолгойн гэрээний төсөл дээр хэн хэн зөвлөхөөр ажиллаж байгааг ил тод болгохыг хүссэн. Учир нь “Муур багш”-ийн үлгэр шиг буруу хүнээс зөвлөгөө авсан байх вий гэж үйлдвэрчний эвлэлийнхэн болгоомжилж байгаа ажээ.
Юутай ч тэд өөрсдөө 23 зүйл заалт бүхий гэрээний санал боловсруулсан байгаа гэнэ. Үүнд ажлын байрны тоо болон монгол ажилчдын цалин хөлсний хэмжээг тусгасан байхыг оруулсан байна. энэ тухай тусгайлсан заалт оруулах болсон нь учиртай аж. “Оюутолгой”-н монгол ажилчдын жилийн цалин 13 сая төгрөг байхад гадаад ажилчдынх 145 төгрөг байдаг гэнэ. Мөн “Бороо гоулд”, Эрдэнэт үйлдвэрийн монгол, гадаад ажилчдын цалин маш хол зөрүүтэй байдаг учраас энэ зөрүүг Тавантолгой төсөл дээр давтахгүй байх үүднээс ийм заалтыг оруулахыг тэд хүсчээ. Мөн Тавантолгойн гэрээний төсөлд хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулах эрх олгохоос биш хувь эзэмших эрх олгохгүй байх саналыг тэд мөн гаргажээ.
No comments:
Post a Comment