Монголын Үйлдвэрчний эвлэл болон Байгаль орчны төрийн бус байгууллага Хүний эрхийн комисс зэрэг байгууллагууд хамтран Өмнөговв аймгийн Тавантолгойн "Эрдэнэс МГЛ", "Энержи Ресурс", "Оюутолгой" зэрэг газруудад шалгалт хийсэн байна. Хүний эрхийн комисс цаашаа баруун аймаг, хил рүү шалгалтаа үргэлжлүүлэн явжээ. Харин МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар өчигдөр Улаанбаатарт ирсэн байна. Түүнээс шалгалтын талаар тодруулга авснаа хүргэе.
-Сайн явж ирэв үү. Өмнөговьд цас орсон байна уу?
Сайн явж ирлээ. Намайг онгоцонд суухад цас ороогүй байсан шүү.
-Шалгалтын үр дүнг танилцуулаач?
Олон байгууллагууд явсан учир МҮЭ дүгнэж хэлэх эрх байхгүй. Гэхдээ манайх бол ажлын хэсэгт орж ажилласан учраас бид ажилчдын хөдөлмөр, аюулгүй байдлын талаарх шалгалтын талаарх мэдээллийг өгөх нь зүйтэй байх. Тэнд ер нь бол онцолж хэлэхэд Оюутолгойн хувьд ажилчдын хөдөлмөр, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байгаа нь ажиглагдсан. Гэхдээ нэг асуудал байгаа нь Монгол ажилчдын тоо юм. Бид Оюутолгойн удирдлагуудтай уулзаж ярилцсан. Дараа жилээс Монгол ажилчдыг 90 хувьд хүргэж, тэгээд удирдах болоод инженер техникийн томоохон ажлуудыг хийлгэх талаар ярьсан. Үүнээсээ тэр мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэхэд сургалтын талаар хамтарч ажиллах зэрэг дөрвөн зүйл дээр ойлголцолд хүрлээ.
-Харин Тавантолгойн асуудалд ямар санал бодолтой байна вэ?
Бид илүү хүчтэй тэмцэх ёстой гэдгийг хатуу ойлголоо. Өнөөдөр Тавантолгойн талаарх мэдээлэл сэтгүүлч та, МҮЭ тэргүүн надад хүртэл байхгүй байна. Яагаад ингэж нууц байдалд бүрхэг байгаа нь өөрөө асуудалтай. Бид Оюутолгой дээр алдсан шиг дахин алдаа гаргамааргүй байна. Оюутолгой хоёр компанийн мэдэлд байдаг бол одоо Тавантолгой гадны таван компаний мэдэлд орох гээд байгааг мэдэж байна. Ингэж болохгүй. Мэдээлэл, гэрээний талаарх үнэн бодит зүйл бидэнд хэрэгтэй. Хэрвээ ингэхгүй бол МҮЭ ямар ч гэсэн зүгээр суухгүй, бид тэмцэнэ гэдгийг хэлмээр байна.
No comments:
Post a Comment