2011/09/14

ҮЗЭЭГҮЙ, СОНСООГҮЙ, ХЭЛЭЭГҮЙ ЦАНХИЙН БАРУУНТАЙХ


Нөгөө их буян, өндөр заяагаа гайхан омогшцогоодог маань яалаа. Оюутолгой, Таван толгой, нэр нь хүртэл шүлэг шиг нээрэн хувь заяа ... гэж ирээд л. Эргэлтэд оруулж, эдийн засгийн үр шимийг нь хүр тэнэ гээд хамтарсан Засгийн ажилд ард олноороо амжилт ерөөн суугаа юмсан. Одоо тэгтэл Тавантолгойн галт тэрэг хөдлөх аядмагцаа таг чиг болчихдог юм байна. Найрлан зусдаг наадам дуустал хүлээв, их ажил эхлэхийг саравчилсаар чилэх тийш хандах нь. Омогшил төрүүлэгч их ордоос сураг тасарчээ. Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулах хэлэлцээ хагас жил үргэлжлэн өндөрлөснөөс хойш чилийсэн гурван сар өнгөрлөө.
Засгийн газар Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэл найруулгатай “зууралдсаар” байгаад УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн хугацаагаа хоёр сараар хожимдуулчихаад байна. ҮАБЗ өнгөрсөн долдугаар сард гэрээний төслийг үзээд нэгэнтээ буцааснаас хойш Тавантолгойн “өрөм” гэгддэг Цанхийн баруунтайх ажил хэрэг нам гүм дугжирч орхив. Засгийн газар дахь эх сурвалж “Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж дууссан. Олон нийтэд дэлгэх хараахан болоогүй. ҮАБЗ-д эхлээд танилцуулах ёстой” гэж учирлав. УИХ амарч байна. Амарч дуусаад, бас ҮАБЗ үзэж танилцсаны дараа УИХ-ын гишүүд Тавантолгойн төслийг хэлэлцэх дараалалтай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл УИХ-ын Байнгын хороодын ажил эхлэх энэ сарын 20-ноос өмнө уг төсөлтэй танилцаад албан ёсны байр сууриа илэрхийлэх болов уу гэсэн хүлээлт Засгийн газарт байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар төслийг Засгийн газрын гишүүдэд танил цуулсан долдугаар сарын 4-ний мэдээллээр бол, сонгон шалгаруулах хэлэлцээний дүнд Цанхийн баруун хэсэгт олон улсын консорциум хөрөнгө оруулах, оролцогч талууд буюу БНХАУ-ын “Шинхуа” групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос-Монголын хамтарсан консорциум 36 хувийг (18:18) хамтран эзэмшихээр болсныг дэлхий дахинд зарлаад байгаа. Манай Засгийн газрын хувьд урагш болон зүүн тийш төмөр зам тавихаар талууд тохиролцоонд хүрсэн, 600 мегаваттын цахилгаан станц, нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцсоноо хэлэлцээний гол үр дүн хэмээн онцолсон.
Хөрөнгө оруулагчид манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр болсон бөгөөд Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна лиценз эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орло гоос таван хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохиролцсондоо Ажлын хэсэг баахан олзуурхаж байсан. Засгийн газрын гишүүд Хөрөнгө оруулалтын гэрээний эхний төсөлтэй танилцаад Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягаар ахлуул сан Ажлын хэсгийг “сайн ажилласан” гэж үнэлсэн боловч ҮАБЗ-ийн шинжээч Б.АлтанОчир энэ төслийг “авах юмгүй” хэмээн дүгнэж байлаа. Шинжээчийн үг албан ёсны байр суурь биш хэдий ч ҮАБЗ ирэх долоо хоногт Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх биз ээ.
Тавантолгойн гэрээний тухайд хэвлэлийнхний таамаг өөр байсан билээ. УИХын гишүүд наадмын дараа ээлжит бусаар цуглах байх, Тавантолгойн гэрээний төсөлтэй танилцана хэмээн харж байв. Гэвч эрхэм гишүүд Тавантолгойд юу болж байгаа талаар огт сонирхолгүй зуссан бөгөөд өнөөдрийг хүртэл нэг нь ч асууж лавласангүй. УИХ ингэж налайчихаад дараа нь цаг хугацаанд хөөгдөн түргэн түүхий гэрээ батлах вий. Оюутолгойн гэрээний төслийг баталсан анхны туршлагаасаа УИХ-ын гишүүд суралцсан гэдэгт найдъя. Монголчуудыг ийн алгуурлаж, намрын шар наран дор найган ганхаж байх зуур Тавантолгойн ордод горилогч таван тивийн улс орнуудын тэвчээрийн хүлээс алдуурч байх шиг. Энэ нь бидний хувьд “Өөрийн юм өргүй” гэгч л юм даа. Тавантолгой бол зөвхөн монголчуудын орд учраас хэрхэн шийдэх нь гадаадын хөрөнгө оруулагчдын хэрэг биш. Гэхдээ тэдний оролцоо мэдээж бий.
Их Британийн “Ройтерс” агентлаг, “Файнэншл таймс” сонин, Япон, Солонгосын хэвлэлүүд Монгол Улсын Засгийн газрын сонгон шалгаруулсан БНХАУ, АНУ, ОХУ-ын компаниудаас УИХ Америкийн “Пибоди энержи”-ийг хасах магадлалтай гэсэн таамаг дэвшүүлсэн. Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоор сонгосон Аме рикийн компанийн орон зайд Австралийн “Экстрата”, Бразилийн “Валэ” хоёрын аль нэг орох боломжтойг ма най Засгийн газар дахь дээгүүр албаны хүн тэдэнд хэлсэн юм байх. Тавантолгойн хэлэлцээний дүнг зарлах мөчид “Монгол Улс, ОХУ-ын хамтарсан консорциум” гэсэн шинэ нэгдэл төрсөн нь цочир сонин болсон билээ. Оростой хамтарсан солонгосууд үүнд нэлээд бухимдаж, Японы компаниуд харьцангуй тэвчээр зааж байгаа.
Оросууд 18 хувиа чамлаж, Монголын хувийг өөрийнх дээрээ нүдээ анин нэмээд 36 болгон мэдэн будилж ч үзсэн. “Оросын төмөр зам” нийгэмлэг сонгон шалгаруулалтад Сибирийн нүүрс, эр чим хүчний компани болон Өмнөд Солонгосын POSCO, KEPCO, LG, “Daewoo”, Японы "Itochu", "Sumitomo", "Marubeni", "Sojitz" компанитай консорциум болж оролцсон бөгөөд Таван толгойг Америк, Хятадын консорциумтай хуваан ашиглах болсон нь Кремлийн санаанд огт нийцэхгүй байна. “Московские новости” сонины тоймч “Монголын Засгийн газрын Ажлын хэсэг тендерийн дүнг зарлахдаа санаатайгаар хэн ч ойлгохгүйгээр, будлиантай мэдээлэл зарласан билээ.
Ялагчдын дунд яагаад ч юм манай “Оросын төмөр зам”-тай хамтарсан Өмнөд Солонгосын компаниуд, Хятадын “Shenhua”-гийн япон түнш “Мицүи” зэрэг байсангүй” хэмээн халагласан. “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин “Бид өөрсдийн байр сууриа монголчуудад хэлсэн. Бид ямар ч санал, элдэв хувилбарыг дагахгүй. Яагаад гэвэл Монголын Засгийн газрын хувилбар ОХУ, Оросын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд таарахгүй гэж үзэж байгаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Үүнээс үзэхэд Оросын тал Хятад, Америктай хамтрах, Монголтой нэгдсэн консорциум болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй бололтой.

No comments:

Post a Comment