2011/09/02

“Эрдэнэс ТТ”-н орлогч 30000 ам.доллараар цалинжина


“Эрдэнэс МГЛ” нь 2010 оны арванхоёрдугаар сард  “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлыг тодруулах сонгон шалгаруулалтын тендерийг зарласан билээ. Тендерийг олон улсад нээлттэй зарлаж, гадны томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн цацсан нь дээрх албан тушаалд дэлхийн хэмжээний туршлагатай эрхмийг сонгох сонирхолтойн илэрхийлэл болж байлаа. Улмаар эцсийн шалгаруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн анхны хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан. Сонгон шалгаруулалтаар өндөр үнэлгээ авч, уг албан тушаалд томилогдохоор болоод байсан Рассел Норман Филлипс жилд 300-400 мянган ам.долларын цалинтайгаар ажиллана гэсэн нь манайханд үнэтэй санагдаж тендерийг түр хойшлуулсан. Улмаар  цаг хугацаа алдахгүйн тулд дээрх албан тушаалд “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбишийг түр хугацаагаар тохоон томилсон билээ.  Уг тендерийн асуудал өнөөг хүртэл хараахан эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.

Харин сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан Орлогч захирлыг томилох шийдвэр цэгцрэх тийшээ ханджээ. Өнгөрсөн наймдугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн ТУЗ-ийн хурлаар дээрх албан тушаалтныг томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд сард 30 орчим мянган долларын цалин амлах гэж байгаа аж. Уг албан тушаалд Дэлхийн банкны Уул уурхайн ахлах мэргэжилтэн,  салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслийн удирдагч Грэм Хэнкок сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа аж. Грэм Хэнкок нь уул уурхай, газрын шинжлэх ухаан, эдийн засгийн чиглэлээр Шинэ Зеланд болон Австралид боловсрол эзэмшсэн. Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт дөрвөн жил гаруй ажилласан төдийгүй Афганистан, Папауа Шинэ Гвиней, Индонези, Либери зэрэг улсад уул уурхайн техникийн туслалцааны төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай. Түүнийг  уул уурхайн салбарын менежмент төлөвлөлт, бизнесийн хөгжлийн төлөвлөлт, зохион байгуулалт, төслийн санхүүжилтын анализ ба дүгнэлт үнэлгээ хийх ур чадвар өндөртэй гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Дэлхийн банкны төслийн багийнхантай хамтран хийсэн “Өмнөд Монголын дэд бүтцийн стратеги” гарын авлага нь чухал ач холбогдолтой материалд тооцогддог.  Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард Сингапурт зохион байгуулагдсан  Asia Mining Congress буюу Азийн уул уурхайн хурлын үеэр “Монголын эдийн засгийн сүүлийн жилүүдийн болон өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт илтгэл тавьсан нь олны анхаарлыг татаж байсан юм.

Манай улсад цөөнгүй жил ажиллан, Монголын эдийн засгийн талаар мэдлэг мэдээлэлтэй болсон эрхмүүд ийнхүү уул уурхайн компаниудад топ менежерийн алба хаших болжээ. Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын өмнөх Тэргүүн асан Аршад Саед эдүгээ “Peabody Gobi” компанийн Захирлын албыг хашиж байгаа. Peabody нь Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтад оролцож буй билээ. Ноён Аршад Саед гол төлөв хилийн чанад дахь оффистоо ажилладаг ба газрын холоос компаниа удирдаж, үе үе Улаанбаатарт ирдэг аж.

No comments:

Post a Comment