2011/09/08

Б.Энэбиш, Камерон Макрай хоёр юу ярив?


Б.Энэбиш, Камерон Макрай хоёр юу ярив?
Олон улсын хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” 9 дэх удаагийн чуулган Хүүхдийн ордонд үргэлжилж байна. 

Өнөөдрийн гол илтгэгчид нь “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон Макрай, “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар байлаа. Монголын төдийгүй дэлхийд тэргүүлэх ашигт малтмалын хоёр том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байгаа энэ хоёр эрхмийн үг хөрөнгө оруулагчдад хамгийн сонирхолтой байсан нь гарцаагүй.

“Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Дисковр Монголиа”-гийн индрээс нэг чухал мэдээлэл хийсэн нь олон хүний сонирхлыг татаад байна. Тавантолгойн нүүрсний ордод лиценз эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани болон өөр нэг лиценз эзэмшигч “Дайцүкэ” компанийг худалдаж авах талаар тус компанийн удирдлагуудтай хэлэлцээр хийж эхэлснийг Б.Энэбиш захирал онцолсон. 

“Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн ордод Уулын ажлын нэгдсэн төлөвлөгөөгөөр ажиллахад гарч байгаа хамгийн том саад бол тус ордод лиценз эзэмшдэг ч ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй “Дайцүкэ”, нөөц нь удахгүй дуусна хэмээн яригдаж байгаа “Тавантолгой” хувьцаат компани юм. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компани дээрх хоёр компанийн эзэмшиж буй талбайг худалдан авахаар ийн хэлэлцээр хийж эхэлсэн бололтой.

Харин “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Макрай өнөөдрийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдал Оюутолгойг эргэлтэд оруулахад нөлөөлөхгүй хэмээн ярилаа.

Оюутолгойн олборлолтын өртөг нэлээд бага түвшинд байгаа болохоор зэсийн үнэ өнөөдрийнхөөс уналаа гэхэд төдийлөн нөлөөлөхгүй хэмээн тэрбээр хэлсэн юм. Макрай захирал илтгэлээ дуусаад яаруу сандруу чуулганыг орхин гарсан. Учир нь яг энэ мөчид “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурал болж байгаа сурагтай. 

Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр ТУЗ-ийн хурал нэлээд “халуухан” өрнөж байгаа аж. Шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран цахилгаан станц барихаар нэлээд хэдэн сар хэлэлцээр хийгээд бүтэлгүйтэж, дангаараа цахилгаан станц барихаар болсон. Өнөөдрийн ТУЗ-ийн хурлаар уг цахилгаан станцыг барих асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд ТУЗ-ийн гишүүд нэлээд санал зөрөлдөж байгаа сурагтай.

No comments:

Post a Comment