
Тавантолгойн үйл явцын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаас хэдхэн хоногийн өмнө буюу долдугаар сарын 4-нд алдарт 39 дүгээр тогтоолыг өөрчлөх төсөл өргөн барьсан. Гол нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарах Эрдэнэсийн Тавантолгойн 10 хувийн хувьцааг “эргүүлэн татаж”, иргэдэд олгох “санаа”-г энэхүү төслөөр илэрхийлсэн. Мэдээж хэрэг, үүнийг 39 дүгээр тогтоолын гол зарчмыг алдагдуулсан гэж үзэж байгаа. Түүнээс гадна хамгийн гайхалтай бөгөөд ээдрээтэй гогцоо нь Тавантолгой орд газрыг нэг багц хэлбэрээр ашиглах ёстой гэсэн байр суурь. Гэтэл өнөөдөр Засгийн газар өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хороо “Эрдэнэс МГЛ” компани Зүүн Цанхийн хэсэгт олборлогч, Баруун Цанхийн хэсэгт стратегийн хөрөнгө оруулалтын тендер зарлачихсан. Хэдийгээр албан ёсоор зарлаагүй ч ялагчид нь бараг тодорхой болсон. Гэхдээ бас зарим нэг оролцогчийн нэрийг хаяж гээгдүүлсэн, гараанаас гараагүй “баг” барианд орчихсон гэх мэт шүүмжлэл бий. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нэлээд зуунги маягаар сануулснаар бол нэг багц байх ёстой гэдэг эхлэл дээрээ дахиад ирэх болно. Юун нөгөө хоёр жилийн турш хэл амтай явуулсан бүх ажил, тендер шалгаруулалт. Бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй болж байна гэсэн үг үү? Уг нь таван сайд тэргүүтний бүрэлдэхүүнтэй Тавантолгойн ажлын хэсгийнхэн УИХ-аас 2010 оны долдугаар сарын 7-нд гаргасан 39 дүгээр тогтоолыг ёстой л маань шиг давтаж, шүлэг шиг уншдаг. Тайлбар болгондоо 39 дүгээр тогтоолыг ширхэгчлэн дагаж байгаа гэдгээ тайлагнадаг. Гэхдээ ордын үнэ цэнийг алдагдуулахгүйн бүхэлд нэгтгэх байдлаар ашиглах гэдэг утга санааг болохоор хэдийгээр Баруун Цанхид стратегийн хөрөнгө оруулагч орох боловч “Эрдэнэс Тавантолгой”-н малгай дор төр өөрсдийн эзэмших хувиа эзэмших учир нэгдмэл байна” л гэсэн үг гэж тайлбарладаг.
Тавантолгойтой холбоотой аливаа асуудал дэлхийн анхааралд хэдийнэ орсон гэж хэлж болох. Тэгэхээр мэдээж хэрэг ҮАБЗ-аас Тавантолгойн гэрээний төслийг буцаасан нь тэдний чихийг сэртхийлгэсэн л байгаа. Ялангуяа одоо Тавантолгойн төлөө уралдаж байгаа “томчууд”-ын. Тэд ч гэсэн тодорхой мэдээлэл авахыг хүсэхийн дээдээр хүсч байгаа буй за. Тавантолгойг төр 100 хувь мэдэлдээ байлгах ёстой гэсэн хатуу байр суурьтай уралдаад одоо хувийн компанид байгаа лицензүүд төр буцааж авна гэсэн яриа бас дэгдээтхэж. Ер нь бол жижиг хэмээх орон нутгийн хөрөнгө оруулалттай “Тавантолгой транс” ХК-ийн олборлож буй хэсгийн нөөц бараг дууссан, ойрын 2-3 жилдээ л олборлолтоо хийнэ. “Дацүкү” хэмээх компанийн эзэмшиж буй лицензийг төр эргүүлэн авна гэсэн яриа байгаа юм билээ.
Монголчууд бүгд Тавантолгойн орд газраа яаравчлан ашиглаж эхлэхийг, бүр тодруулбал хувьцааныхаа ашгийг хүртэж эхлэхийг хүсч хүлээж байгаа. Гэтэл дээр дурдсанчлан бүхнийг тэгээс эхлэвэл яах бол гэж бодохоос ч аймшигтай. Үгүй дээ л наад зах нь Засгийн газрын хэзээ төслөө засч сайжруулаад ҮАБЗ-д дахин танилцуулж, түүнийг нь ҮАБЗ хэзээ хэлэлцэж шийд гарах бол гэсэн хүлээлт бий болов. Албаны эх сурвалжаас тодруулснаар бол ҮАБЗ-өөс Засгийн газар төслөө засахад нь яг хугацаа заасан зүйл үгүй, гэхдээ яаравчлах шаардлагатай гэсэн ерөнхий чиг өгсөн байгаа гэв. Гэвч бас дахиад л улиглахад хэр удах бол гэсэн бас нэг айдастай хүлээлт хэвээр...
Нэг иймэрхүү “айдсууд” Тавантолгойг дахин ороож эхэллээ. Гэхдээ бас энд зөрүүтэй буруутай ойлголт, эсвэл хэтийдсэн айдас болгоомжлол байж болох л юм. Тийм ч учраас албаны хүмүүс тухайлбал ажлын хэсгийнхэн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, сайд Ч.Хүрэлбаатар, сайд Д.Зоригт нар энэ бүх асуултад хариулаасай, яаралтай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар зөвлөмж чиглэл өгсөн, түүнийг яаж хэрхэн биелүүлэх боломжтой гэдэг талаар. Өөрөөр хэлбэл та нарын хоёр жил гаруй хийсэн ажил чинь юу вэ, юу болж орхив оо, одоо яах ёстой вэ гэдгийг хэлэх ёстой болж байна, даа Засгийн газрынхан.
No comments:
Post a Comment