“Шинэ өөрчлөлт” Төрийн бус байгууллагаас өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны талаар өөрсдийн хийсэн тооцоо судалгаагаа сэтгүүлчдэд танилцууллаа. Монгол Улсын иргэн бүр тус компанийн 536 ширхэг хувьцааг эзэмших эрхийг Засгийн газар олгосон байгаа. Нүүрсний асар их нөөцөөрөө дэлхий нийтийн анхаарлын төвд орсон том ордын хувьцааг иргэд эзэмшсэнээр чамгүй хөрөнгийн эзэн боллоо хэмээн үзэж буй. Харин “Шинэ өөрчлөлт” төрийн бус байгууллага иргэдийг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас их зүйлийг хүлээх хэрэггүй гэдгийг энэхүү мэдээллээр хүргэлээ. Учир нь иргэн бүрт тараасан хувьцааны ногдол ашиг жилд хоёр төгрөг 93 мөнгө байна гэдэг тооцоог тэд гаргасан байна. Үүнийг 536 ширхэг гээд бодохоор нийт 1575 төгрөг байх аж.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч долдугаар сараас борлуулалтаа албан ёсоор эхлүүлсэн. Тэгвэл “Шинэ өөрчлөлт” төрийн бус байгууллага хувьцааны ногдол ашгийн тооцоог гаргахдаа жилд нэг сая тонн нүүрс олборлон борлуулна хэмээн дээрх тооцоог гаргасан гэнэ. Одоогийн байдлаар нүүрсний үнэ 70 ам.доллар байгаа ба нэг сая тонн нүүрс 70 сая ам.долларын орлого оруулна. Ингээд нийтдээ нэг сая тонн нүүрс борлуулсныхаа 50 хувийг компанийн цэвэр ашиг гэж үзэж, ашгийнхаа 10 хувийг иргэн бүрт ногдол ашиг болгон тарааснаар дээрх тооцоо гарчээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Даваадорж “Бид энэ мэдээллээрээ аль нэг нам хүчин, Засгийн газар, УИХ-ыг буруутгах гэсэнгүй. Энгийн аргаар тооцож үзэхэд ногдол ашгийн хэмжээг гаргаж, иргэдийг төөрөгдөх хэрэггүй гэдгийг мэдэгдэх гэсэн юм” гэлээ.
Нүүрсний арвин их нөөцөөрөө дэлхийд алдаршаад буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг одоогоор тогтоогүй байгаа. Ямар үнэтэй байхыг андеррайтер компани тооцож гаргах бөгөөд олон улсын сонгон шалгаруулалтаар тунаж үлдсэн дөрвөн банкны бүрэлдэхүүнтэй компани “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийхээр ажиллаж буй. Юутай ч ирэх оны эхээр Лондон, ХонгКонг болон Монголын хөрөнгийн бирж дээр энэ ажлыг зохион байгуулна гэсэн мэдээлэл тархаад байна.
No comments:
Post a Comment