2011/09/16

Тавантолгойн төсөл УИХ-ын тогтоолыг зөрчөөгүй



Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн төс­лийг Засгийн газарт ямар шалтгаанаар буцаасан талаар яриагаа эхэлье?

-Засгийн газраас Тавантолгойн тодорхой хэсэгт гадаадын хөрөнгө оруулагч, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай консорциумыг шалгаруу­лах талаар хэлэлцээд энэ талаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн. ҮАБЗ энэ асуудал дээр зарим асуудлыг тодруулах шаардлагатай байна гээд буцаасан.

-Ямар асуудал?

-Тухайлбал, консорциумд орж буй компаниудын хувь хэмжээний асуудал, үүнд Япон Солонгос улсыг ямар байдлаар оруулах зэрэг багтсан. Япон, Солонгосын талаас “Бид нарыг хасчихсан юм уу” гэдэг асуудал тавьж байгаа. Угтаа бол Монгол Улсын Засгийн газраас тэд нарыг хассан зүйл байхгүй л дээ. Солонгос, Япон нь ОХУ-тай, Солонгосын нэг компани нь Хятадтай нийлж консорциум болж орсон. Ер нь бол консорциумын гишүүдийн дунд ямар хувьтай байх талаар маргаан гарсан. Иймд энэ асуудлыг дахин тодруулж ярих нь зүйтэй гэж хэлсэн. Энэ дагуу нь ажлын хэсгийнхэн дахиад асуудлыг ярьж эхэлж байна.

-Тавантолгойн талаар УИХ-ын 39-р тогтоолтой Засгийн газ­рын шийдвэр зөрчилдсөн гэдэг үндэс­лэ­лийг ҮАБЗ гаргасан юм биш үү?


-УИХ-ын 39-р тогтоолтой зөрчилдсөн зүйл байхгүй. УИХ-ын тогтоолоор юуг зааж өгсөн юм гэхээр Тавантолгойн орд 100 хувь төрийн өмч байна. Үүнээс 10 хувийг ард иргэдэд өгнө, 30 хүртэлх хувийг нь олон улсын хөрөнгийн биржээр арилжина. Цаана нь үлдсэн 10 хувийг үндэсний аж ахуй нэгжид /ААН/ өгнө” гэж заасан юм. ААН-д 10 хувийг өгөх асуудал өнөөдөр шийдэгдээгүй байгаа. Харин ард иргэдэд хувьцааг өгч байгаа. Нэг иргэнд 365 ширхэг хувьцаа ногдож байгаа. ААН-д өгөх асуудалд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж “ингэж өгөх нь буруу, ард иргэддээ дахин нэмж өгвөл яасан юм бэ” гэх санааг гаргасан нь шийдэгдээгүй байгаа. 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааг ашиглах асуудлыг гадаадын зөвлөхүүд зөвлөөд явж байгаа. Яг хэдийд олон улсын бирж дээр гаргаж худалдаалах асуудлыг ярьж байгаа. Ирэх жилийн эхээс энэ ажил эхлэх байх.
Энэ бүхэнтэй зэрэгцүүлээд 39-р тогтоол дээр юуг зааж өгсөн бэ гэхээр “Тавантолгойн тодорхой хэсэгт гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компанийг нээлттэй шалгаруул” гэх үүрэг. Одоо яриад байгаа асуудал нь энэ зүйл дээр л гараад байгаа юм. Бусад зүйлүүд нь бүгд хэрэгжээд явж байгаа.

-Тэгээд үүнд ямар асуудал байна гэж?

-Хүмүүс ярихдаа энэ Зас­гийн газрынхан “хуваахгүй зүйлийг хуваачихлаа” гээд байна. Энэ нь угтаа хоёр зүйлийг андуураад байгаатай холбоотой. УИХ-ын тогтоолоор юу гэж хэлсэн бэ гэхээр “”Эрдэнэс МГЛ” компаниас “Эрдэнэс Тавантолгой” компа­ни руу Тавантолгойнхоо лицен­­зийг шилжүүл. Ийнхүү шилжүүлэхдээ хуваахгүйгээр шилжүүл” гэсэн юм. Үүнийг нь зарим хүмүүс “Тавантолгойн ордыг битгий хуваа гэж байхад нь хуваах гээд байна” гэж ойлгоод байгаа юм. Тавантолгойн орд дээр гадаад дотоодын консорциумыг шалгаруулна гэдэг чинь зайлшгүй аль нэг хэ­сэг дээр нь шалгаруулж таарна шүү дээ. Ийм л ойлголтыг зөрөө байгаад байна. Тавантолгойн лиценз “Эрдэнэс МГЛ” гээд том компани дээр байгаа. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” гээд жижиг нүүрсний компани тусдаа бий шүү дээ. Харин “Эрдэнэс МГЛ” нь Тавантолгой, Оюутолгойн 34  хувь, Эрдэнэт­ийн төрийн өмчийн уул уурхайн компаниудыг нэгтгэсэн төрийн компани шүү дээ.

-Тэгвэл Засгийн газар гадаадын консорциумуу­дад 36, 24, 40 зэргээр хувь тогтоохдоо ямар шаард­ла­гыг баримталсан хэрэг вэ?

-Гадаадын компаниуд хамт­раад нэг хэсэг дээр нь олборлолт явуулах гээд байгаа шүү дээ. Эдгээр консорциумд олгох хувийг хэлэлцээрийн дүнд тогтоосон. Тухайлбал, энэ нүүрсийг хэн, яаж авах юм, төмөр замыг барихад хэн, яаж оролцох, урьдчилгаа төлбөр хэдийг төлөх, аль боомтыг ашиглах зэрэг олон нөхцөлийг эдгээр консорциумтай ярьж тохирч байж тогтоосон хэрэг. Оросын 18 хувь, Монголын 18 хувь, Америкийн компанийн 24 хувь, Хятадын компанийн 40 хувь гэдгийг энэ хэлэлцээрийг явцад гаргасан. Энэ хэмжээгээрээ эдгээр консорциумууд хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн үг. Мөн ямар ойлголт нийгэмд гараад байна гэхээр Тавантолгойн ордыг бүхэлд нь гадаадынхан өгчихсөн юм биш үү гэх. Тавантолгойн том орд бол Монголынх. Тавантолгойн Зүүнцанхид “Эрдэнэс Тавантолгой” аль хэдийн олборлолтоо явуулаад нүүрсээ олборлоод эхэлчихсэн. Хөрсөө хуулаад нүүрсээ гаргаад эхэлчихсэн.

-Япон, Солонгос нь яагаад гэнэт орж ирэхээр болчихов?

-Манайх гээд нэг айл байна гэж бодоход ОХУ, Хятад гэх айл манай хашааг тойроод хашаатай байгаа шүү дээ. Бид гэрээсээ юм гаргаж зарахын тулд айлын хашаагаар дамжиж гарахаас өөр аргагүй болоод байгаа юм. Иймд гадна дотнын компаниудтай, тэр тусмаа хөрш улсын компаниудтай харилцахаас өөр аргагүй. АНУ-ын хувьд технологи нь хэрэгтэй. Харин Япон, Солонгос улсын хувьд манайхаас гаргах бүтээгдэхүүнийг худалдан авагч болох юм.

-Эдгээр улсууд ороод ирэхээр өмнө тогтоосон байсан хувь хэмжээ өөрчлөгдөх нь тодорхой. Танаж байж л тэдэнд хувь олгоно. Ингэхээр алиных нь хувь илүү буурах бол?

-Бид дахиж яриа хэлэлцээрээ эхлүүлэх тул хэд болох талаар мэдэхгүй байна. Ерөнхийдөө аль алиных нь хувь хэмжээ багасч л таарна.

-Тавантолгойн хэлэл­цээ­рийг оруулж ирэх гэж нилээд хугацаа өнгөрсөн. Дахиад хэлэл­цээр эхэлнэ гэхээр нилээд­гүй хугацаа алдах нь ээ?

-Нэгдүгээрт, Тавантолгойн ажил явдгаараа явж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ком­па­ни байгуулагдаж нүүрсээ олбор­лосоор байна. Цахилгаан, зам, төмөр зам барих ажил явдгаараа явж байна. Юу саатаж байна гэвэл нэг хэсэг дээр нь явагдах ажлын гадаад дотоодын хөрөнгө оруулагч консерциумуудын хувь хэм­жээ­ний асуудал. ҮАБЗ үүнд анхаар гэсний дагуу бид залруулах шаард­­лагатай зүйлээ залруулаад л дахин хэлэлцээрээ хийгээд явна.

-ҮАБЗ-д хэлэлцээрээ дахин оруулах хугацаа тогтоож өгсөн үү?


-Тодорхой хугацаа тогтоосон зүйл байхгүй. Дахин гэрээ хэлэлцээрийг хийнэ шүү дээ. Гэхдээ хүнд 30 хувьтай шүү гэж хэлчихээд дараа нь 20 болсон шүү гэж ярихад бас л цаг авах байх.

-Ингэхэд намын даргын хувьд асуух зүйл байна. Үндэсний зөвлөл­дөх хороо хуралдах тов гарсан уу?

-“Монгол хүн 2020” -ийн үр дүнг ярихын тулд Үндэсний зөвлөлдөх хорооныхон хурал­дана. Үлдсэн долоон аймагтаа энэ сард хэлэлцүүлгээ дуусга­чи­хаад энэ хурлаа хийнэ.

-ҮЗХ-ны хурлаар намын удирдлага, бүтэц­тэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэсэн үг үү, сонгууль ойртохтой зэрэг­цэн нам дотор ч бүлэг фракциуд “шаагилдаад” эхэлдэг шүү дээ?


-Одоохондоо шаагилдсан зүйл алга. Шаагилдвал “Монгол хүн 2020” гэж шаагилдаж байгаа байх.

-Сонгуулийн хуулийн талаар зөвшилцөлд найд­лага байна уу. Аль нэг талаас буулт хийхгүй л байна уу?


-Зөрүүд хоёр бух шиг хоёр тийшээ хараад суувал үр дүнд хүрэхгүй. Гэхдээ Ардчилсан нам бол буулт хийж 38:38 гэх хувилбарыг санал болгосон. Харин энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, одоогийн хуулиар УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуультай нэг өдөр хуралдахаар байгаа. Манай намынхан үүнийг өөрчлөх зүйл байхгүй шүү гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулийг өөрчлөх далимаар үүнд гар хүрч болохгүй гэсэн байр суурьтай байна. Би гэхдээ сонгуулийн хуулийн зөвшилцлийг ойртох байх л гэж найдаж байна.

-Ингэж явсаар байгаад сонгуу­лийн хуульд гар хүрч болохгүй байх хуга­цаанд хүрвэл яах вэ?


-Сонгуулийн хуулийг батал­на гэдэг тийм ч амар биш. Гэхдээ л бид үүнийг хийнэ гэж л найдаж байна. Энэ хууль яриа хэлэлцээр хийж, ойлголцож байж л гарна. Харин хэн нэгэнд нь ашигтай хууль гарна гэсэн зүйл байхгүй.

-Үндэсний шинэ нам нэрээ сольж, МАХН-тай эвсэж ирэх сонгуульд орохоо зарлалаа. Улс төрийн намуудын хөдөл­гөөн эрчимжиж буйг хэрхэн ажиглаж, дүгнэж байна?

-Миний хувьд ажиглаад байгаа зүйл алга. Өчигдөр энэ талаар сонссон. Намууд нэгдэж нийлж, зүсээ хувилгах нь тэд нарын асуудал.

-Хувь хүний хувьд ч гэсэн Н.Энхбаяр, М.Энхсайхан нар хамтран та бүхэнтэй өрсөлдөх болж бай­гааг анзаарахгүй гэж үү?

-Хэн нь хэнтэйгээ хамтрах нь тэр хүмүүсийн л асуудал. Тэр хүмүүс л хариулт өгөх хэрэгтэй байх. Хаа байсан ирэх оны зургаан сарын сонгуулийн талаар үзмэрч хүн шиг зүйл яриад яах вэ л гэж бодож байна.

-Ирэх сонгуулийн талаар ярих­гүй гэвэл, одоо­гийн хамтар­сан Зас­гийн газрын  талаар ярья. МАН-ын гишүү­дийн зү­гээс ч хамтарсан Зас­гийн газрын асуудлыг хөндөж байгаа шүү дээ?


-МАН-ын намын гишүүд юу бодож байгааг мэдэхгүй. Миний хувьд “өөрийнхөө дусаалыг яах вэ гэж байж хүний дусаалыг юу гэх вэ дээ” л гэж бодож байна. Бидний өмнө байгаа асуудлыг дийлэхгүй байж юуных нь МАН-ын зөрчлийг анзаарах вэ. Хөтөлбөр, шийдвэрлэх зүйлс олон байна. Бид гурван жил МАН-тай хамтраад засгийг барьж явж байна. Хамтарснаараа суурь олон асуудлыг хөдөлгөж чадсан.

-Хамтран ажилласнаас илүү хүчтэй сөрөг хүчин байсан нь дээр байсан гэдэг байх аа?


-Одоо харин хамтарсан засагт орж ажилласан нь дээр байж гэж хэлэх хүн олон байна. Хэн нь хэнийг төлөөлж ярьж байгаа вэ гэдгээс л болно доо. Аймаг, орон нутагт явж иргэдтэйгээ уулзахад олон хүн “анх хамтарсан засагт ороход дэмий юм байна гэж бодож байсан нь биш байж” гэж хэлж байна. Хамтарсан Засгийн газраас гарах цаг нь болсон, дэмий зүйл хийлээ гэх зүйл анх орох өдрөөс л эхэлсэн. Иймд би үүнийг шинэ зүйл гэж үздэггүй. Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны маргаашаас эхлэн огцруулах тухай яригдсан. Би Ардчилсан намын дарга хүн. Ардчилсан нам сөрөг хүчин байх гэдгээс нь залхсан хүний нэг. Сөрж гудамжинд байх нь Ардчилсан намын хувь заяа биш. Гэвч нэг үнэн зүйл бий. Тэр нь энэ хоёр нам дараагийн сонгуульд өрсөлдөгч байна гэдэг.

-Гавьяаг нь МАН, гайг нь та­найх үүрнэ гэж айхгүй байна уу?

-Анх хамтарсан засагт орох шийдвэрийг гаргахад олон хүн надад “Чи ч дэмий зүйл хийж байна даа. Наадах чинь ганц хоёр сарын настай юм биш үү” гэж байсан. Тэрнээс би айлгүйгээр хамтраад хийх нь зөв л гэж шийдсэн. Хамтраад хийсэн зүйлээ хамтраад хийсэн гэж ярих хэрэгтэй. Зарим нэг зүйл дээр ярихгүй жижигхэн шоу хийх гээд байна. Ингэхээр нь би “хэрэггүй шүү дээ” ч гэж хэлдэг. Тэд нарын хэлэх үгийг би заахгүй, бидний хэлэх зүйлийг тэд заахгүй. Бидний хийх зүйлийг тэд мэдэхгүй, тэдний хийх зүйлийг бид мэдэхгүй. Ингэхээр хийх зүйлээ ялгаатай ярих байлгүй.

-Хамтарснаар монголын нийгэм, эдийн засагт эерэг өөрчлөлт гаргаж чадсан уу?


-Хамтарснаас хийж чадаа­гүй олон зүйл бий. Гэвч хийж чадсан хоёр зүйл бий. Нэг­дүгээрт, Эдийн засгийн хямралыг хохирол багатай давж чадсан. Хоёрдугаарт, Эдийн засгийн гол суурь асуудлуудыг хөдөлгөж чадсан.

-Шууд асууя. Инфляци яг одоо хэдэн оронтой тоонд байгаа вэ?

-Нэг оронтой тоонд байгаа.

-Сүүлийн асуултыг цөмийн хаягдлын талаар гарч буй мэдээллүүдтэй холбож тавья. ҮАБЗ-ийн хуралдаан хүртэл явсан гэхээр нэг бол ортой байх нь, эсвэл энэ яриаг үнэхээр хэн нэгэн явуулж чадаж байна шүү дээ?

-Би нэг зүйлийг хариуц­лагатай хэлчихье. Нэгдүгээрт Засгийн газрын түвшинд ийм асуудал огт байхгүй. Хоёр­дугаарт, энэ асуудал нь хуулиар хориотой зүйл. Ийм зүйл ярьж, хэлсэн бол тэр хүн хуулийн хариуцлага хүлээнэ. Үүнийг сонин хэвлэлээр шуугиулж яриад байх ч шаардлага уг нь байхгүй. Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудалтай холбоотой газрын дарга нарыг авчирч ирээд яагаад энэ яриаг тайлбарлаж, нотлоод таслахгүй байгааг нь асуусан. Тэд “Бид нотолж тайлбарлаж байгаа ч яриа гаргаад буй хүмүүс нь үүнийг огт хайхрахгүй нь” гэж байна лээ. Ингэхээр ийм зүйлийг гаргаад байгаа нь ямар нэг шалтгаантай л юм байлгүй.

No comments:

Post a Comment