2011/09/23

Тавантолгойгоор хэдэн талх авч болох вэ


Тавантолгойгоор хэдэн талх авч болох вэ
Өнөөдөр нэг ширхэг талхны үнэ 650-1500 төгрөг. Үүнээс үнэтэй талх ч бий. Гэхдээ тэр өндөр үнэтэй талхыг жирийн иргэд иднэ гэж байхгүй. Жижигхэн булчик гэхэд дор хаяад гурван мянган төгрөгөөр үнэлэгддэг шүү дээ. Мэдээж амттай, амтлагч нь гайхалтай болоод тэр байх. 

Тэгвэл Монголын Тавантолгойг талхны үнэтэй харьцуулаад үзье. Одоогийн байдлаар уг ордын нөөц нь 6.4 тэрбум тонноор хэмжигдэж буй. Бодит үнэлгээг "Монгол 999 үндэсний нэгдэл"-ийнхэн багаар бодоход 450 тэрбум ам.доллар хэмээн зарлаж байсан. Харин Засгийн газар энэ талаар тодорхой мэдээлэл өгч байгаагүй. "Зах зээлийн үнэлгээг өнөөдрийн тооцоогоор эцэслэн зарлах боломжгүй" гэх үндэслэл л хэлдэг.

Энэ бүрхэг тайлбарын араас Тавантолгойн үнийг талхны үнэтэй харьцуулахад хэцүү. Гэсэн ч "Тавантолгой талхны үнэ хүрэх үү" гэдэгт хариу олох гээд оролдъё. Угаасаа "1+1=2" гэдэг математикийн томъёоллыг эцсийн үнэн гэж үздэг тэр үе ард хоцорчихсон шүү дээ. Харин энэ асуултад хариулахын тулд тоо бодох хэрэггүй. Тэр дундаа 450 тэрбум ам.долларыг нэг талхны үнэ болох 650-1500 төгрөгт хувааж, хэдэн ширхэг талх авч болохыг нь ч тооцох шаардлагагүй. 

Гагцхүү улстөрчдийн хийрхэл, пиар хөөсөн улстөржилт нь энэ ордыг талхны үнэд ч хүрэхээргүй үнэ цэнэгүй болгоход учир шалтгаан нь оршиж буй. Оюутолгойтой л нэгэн адил. Маргана, мэтгэлцэнэ, дахиад маргана, дахиад зөрчилдөнө...Эцсийн бүлэгтээ хөрөнгө оруулагчдаас мөнгө зээлэх эрх авсандаа баярлаж, талархана. "Гайхалтай их мөнгийг бид бага хүүтэй зээлчихлээ. Одоо ийм хэмжээний зээл өгдөг банк гэж байхгүй шүү дээ" гэж ирээд л бөөн реклам цацна. Энэ бол бодит үнэн. Тавантолгойг хямдруулах үндсэн шалтгаан нь. 

Уг ордын баруун Цанхийн хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэх хөрөнгө оруулагчдаас Монголын Засгийн газар тэрбум ам.долларын урьдчилгаа авахаа зарласан. Албан ёсны бус ч анхан шатны шалгаруулалтад үлдээд байсан Америк, Орос, Хятадын хөрөнгө оруулагчид ч дээрх зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөхөө амласан. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буцаасныг эс тооцвол дээрх гурван орны хөрөнгө оруулагчид Тавантолгойн тендерт дахин ялалт байгууллаа гэхэд зээл өгдгөөрөө өгнө гэсэн үг. Манайх ч авдгаараа аваад, тараадгаараа тараана. Тараалтаас хувь хүртэх субьект нь ард түмэн. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр ёсоор "Хүний хөгжил сан"-гийн мөнгөө тэрхүү зээлээс авна. Дараа нь Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орохоор иргэд өөрсдийн авах ёстой хувь хишгээсээ эргүүлж төлнө. Асуудал ингэж тойрог хэлбэрээр үргэлжлэх нь тодорхой. Үүнд л мөнөөх талхны үнийн учир оршиж буй.

Хэрэв "Хүний хөгжлийн сан"-гийн cap бүрийн 21 мянгаар зөвхөн талх авна гэж тооцвол сардаа 14-32 ширхэг талх авна. Харин сая 500 мянгыг бүхэлд нь талхны мөнгөнд зарцуулна гэж үзвэл 1000-2307 талхны үнэ болно. Энэ бол мөнөөх 450 тэрбум ам.долларын өртөгтэй гэх Тавантолгойгоос иргэдэд ирэх бодит ашиг нь. Мэдээж өнгөрсөн 2008 оноос 2012 оныг хүртэлх сонгуулийн жилийн хувьд авч үзвэл шүү дээ. 

Цаашид хэрхэн өсөхийг та бид тааварлах аргагүй. Зөвхөн улс төрийн намын удирдлагууд л мэдэж байгаа. Азаар ирэх онд энэ бүх оньсогоны хариулт тодорхой болж, та бид үүнээс ч илүү олон талхаар Тавантолгойгоо арилжих нь тодорхой.

Үүнд эрхэм уншигч та баярлаж байна уу. "Талх авах мөнгөтэй болгосон төрдөө баярлалаа" гэж хэлэх урам зориг дүүрэн байна уу... Энэ асуултыг улстөрчид та биднээс асууж, улмаар "Иргэд баяртай байгаа" хэмээн хариулсаар удаж буй. Угтаа Тавантолгой талхны мөнгө хүрэх нь үнэн. Үүнтэй харьцуулашгүй их гэдэг нь ч үнэн. Гэвч зөвхөн талх худалдаж авах төдий үр ашгийг л бид хүртэнэ. 

Тэгээд ирээдүйд худалдаж авах гурван талхныхаа мөнгөөр өнөөдөр нэг талх худалдан авч, Засгийн газрын тавьсан зээлийн хүүд золигт гарахаа мэдэхгүй "Төрийн минь хишиг" хэмээн хөөрцөглөвөл үүн шиг гутамшиг байхгүй.

Түүнчлэн арайхийн талхны үнэтэй харьцуулан Тавантолгойн ашгийг тооцоолж байх хооронд өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх засаглалын хийсэн бүх хэлэлцээр хүчингүй болчихсон. Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Тэргүүн шадар сайдаар ахлуулж буй ажлын хэсгийн ажлыг хамгийн сайн мэдэж байгаа. Өөрөө ч үүрэг чиглэл өгсөн нь тодорхой. Гэтэл Ерөнхий сайдын гишүүнчлэлтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Тавантолгойн төслийг, хэлэлцээрийнх нь хамт буцаачихсан. Үүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас ч, УИХ-ын даргаас ч ангид ганцаараа шийднэ гэж байхгүй. Тэгэхээр Ерөнхий сайд хэн нь сайн гэж магтаад, хэнд нь муу гэж шүүмжлээд байгааг ойлгоход хэцүү аж. 

Хамгийн гол нь тэдний улс төр Тавантолгойн үнэ цэнийг өргөхөөс илүүтэй унагах аюултайд эмзэглэх шалтгаан нь оршиж буй. Тавантолгойн өртөг талхны үнээс их бага, олон талх авч чадах, чадахгүйдээ гол бус. Гагцхүү уг ордыг дундуур нь хоёр хуваан баруун, зүүн Цанхи хэмээн нэрийдэж, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу иргэддээ олгох ёстой 10 хувийг зөвхөн нэг хэсгээс нь өгнө хэмээн хуурч байна. Үүнд хэдий хүртэл итгэсэн мэт ажиллаж, амьдрахыг бид мэдэхгүй. Харин итгэл алдрах үед нь өршөөл эрлээ гээд өршөөгдөхгүй гэм нүгэлтний тоонд орчихсон байх вий дээ.

Нэг ёсны Тавантолгой хийгээд талхны үнийн тооцоо энэ хүрээд дуусч болох ч талхаа худалдан авч дийлэхээ байсан тэр иргэдийг хэн, хэзээ номхруулах вэ гэдэг нь л өдгөө юунаас ч илүү чухал юм.

No comments:

Post a Comment